Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 328

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

           улсын яллагч Р.Энхтуяа,

            шүүгдэгч Б.Дөлбадрах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

   Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Бямбасүрэнгийн Дөлбадрахад холбогдох 1708002080007 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1983 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Донесто бэкейр ХХК-д борлуулалтын жолооч ажилтай, ам бүл 7, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны Хандгайтын 29 дүгээр гудамжны 240 тоотод амьдардаг, урьд 2001 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 21 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Тайж овогт Бямбасүрэнгийн Дөлбадрах /РД:ХЙ83092818/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Дөлбадрах нь 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овооны 20 дугаар гудамжны 18 тоотод хамтран амьдрагч иргэн Б.Шүрэнцэцэгийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар, Б.Дөлбадрах нь 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны Алтан-Овоогийн 20 дугаар гудамжны 18 тоотод хамтран амьдрагч, иргэн Б.Шүрэнцэцэгийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

            Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан Б.Шүрэнцэцэгийн өргөдөл /хх-ийн 3х/

 

            Хохирогч Б.Шүрэнцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг 2017 оны 7 дугаар сарын 05-ны орой Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоогийн 20-11 тоот гэртээ 2 настай охин Мишээлийн хамт байж байхад гаднаас манай нөхөр Дөлбадрах согтуу орж ирээд хэрүүл хийгээд байхаар нь цагдаа дуудлаа гэсэн чинь олигтойхон цагдаа дуудаарай гээд намайг утсаар ярьж байхад гараараа миний шанаа руу 5-6 удаа цохиж, ам руу нэг удаа гараараа цохисон. Мөн элэг, бөөр лүү 10-аад удаа гараараа цохьсон. Тэгээд би ээжийг дуудтал Дөлбадрах гараад зугтаад явсан. Одоо бид хоёр эвлэрсэн. Надад гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Дөлбадрах өөрийнхөө буруу байдалд гэмшээд надаас уучлалт гуйгаад байгаа. Дөлбадрах бид хоёр одоо нэг гэртээ амьдарч байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6, 7, 38х/

 

            Гэрч Ж.Хандсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр охин Саранцэцэг, Шүрэнцэцэг нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоогийн 20-18 тоотод байх гэртээ байсан. Тэгээд орой 20 цагийн орчимд охин Саранцэцэгтэй хамт дэлгүүр орох гээд гарсан. Гэрт Шүрэнцэцэг үлдсэн. Тэгээд Саранцэцэг бид хоёр 30-аас 40 минут болоод буцаад гэр лүү орох гээд явж байсан Шүрэнцэцэг гэртээ ёооё гэж орилох чимээ гарсан. Тэгээд Саранцэцэг бид хоёр гэр лүүгээ яараад явсан. Дөлбадрах явж байхаар нь дуудсан чинь үг дуугүй зөрөөд явсан. Тэгээд Саранцэцэг бид хоёр гэртээ орж харсан чинь Шүрэнцэцэгийн ам хамраас нь цус гарсан угаагаад Дөлбадрах намайг зодчихоод явчихлаа гээд байж байсан. Тэгээд цагдаа дуудаад Шүрэнцэцэг мэдүүлэг өсгөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-10х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8750 тоот дүгнэлтэд: “...а/ Б.Шүрэнцэцэгийн биед дээд эрүүний буйл, уруул, нуруу, зүүн шанаанд хаван, цус хуралтуудтай гэмтэл тогтоогдлоо, б/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно, в/ Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, г/ Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно...” гэжээ. /хх-ийн 20х/

 

            Шүүгдэгч Б.Дөлбадрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ганц хоёр пиво ууж байгаад гэртээ харих замдаа эхнэр лүүгээ залгаад юу авах юм гэсэн чинь чи гэр орондоо юу авахаа мэддэггүй юм уу, юуг нь асуудаг юм гээд уурлаад өмнөөс янз янзаар хэлээд хараагаад байсан. Би орой 21-22 цагийн үед гэртээ ирээд чи юундаа хараал хэлж, элдвээр доромжлоод байгаа юм гээд эхнэр Шүрэнцэцэгийг алгадчихаад гараад явсан юм. ...Шүрэнцэцэгийн биед учирсан гэмтлүүдийг би л зодож учруулсан. Хэрүүл хийгээд хүн хэл амаар доромжлоод янз янзын юм яриад байсан. Шүрэнцэцэг хүнтэй эвээр харьцана гэж байхгүй дандаа гичий, нохой, пизда гэж харьцаад хүний уур хүргээд хаячихдаг юм. Тэгээд би нүүрэнд нь хэд хэдэн удаа алгадсан, нуруу руу нь ч уурандаа цохисон байхаа. Би нилээд уурласан. Надаас өөр Шүрэнцэцэгт гар хүрсэн хүн байхгүй....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 х/

            Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг гаргахгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Дөлбадрах нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн 8750 тоот дүгнэлт зэргээр давхар нотлогдох тул хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

   Иймд шүүгдэгч Б.Дөлбадрахыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Дөлбадрах нь урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 21 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдлоо. /хх-ийн 19, 34х/

 

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Б.Шүрэнцэцэг нь шүүгдэгч Б.Дөлбадрахтай эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 38, 39х/

 

Шүүхээс шүүгдэгч Б.Дөлбадрахад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогч Б.Шүрэнцэцэгийн гомдол, саналгүй, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний эрхэлсэн тодорхой ажилтай буюу орлогын эх үүсвэртэй /шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргаж өгсөн 1 хуудас баримт/ болохыг харгалзан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх буюу сар бүр 75.000 төгрөг төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч Б.Дөлбадрахын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Тайж овогт Бямбасүрэнгийн Дөлбадрахыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дөлбадрахыг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дөлбадрахад оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн, сар бүр 75.000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Дөлбадрах нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Дөлбадрах нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Дөлбадрахад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                   

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.АЛТАНЦЭЦЭГ