Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 34

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Солонго, Х.Нямдаваа нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дамба даргалж, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 153/ШШ2019/00201 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 1/24 айлын 21 тоотод оршин суух, Баатарынхан овогт Азхүүгийн Солонго /ПЮ91060302/, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 1/48 айлын 40 тоотод оршин суух, Бор овогт Хашаагийн Нямдаваа /ПМ81020304/ нарын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн 15 дугаар цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг түүний  өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “А.Солонго, Х.Нямдаваа нар нь үндсэн нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 11 шаардлагатай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага бүрээр тайлбарыг хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна.

Нэг: Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн арван тавдугаар цэцэрлэгийн эрхлэгчийн А.Солонгод сахилгын шийтгэл ногдуулах тухай 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/46 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах гэсэн шаардлага байгаа. Энэ Б/46 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, багшийн ёс зүйн дүрэм, байгууллагын дотоод журмын заалтуудыг тус тус үндэслэж сахилгын шийтгэлийг ногдуулсан байгаа. Сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Тухайлбал А.Солонгыг хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааг чанаргүй хариуцлагагүй явуулж ажлын шалгуур үзүүлэлтээр хангалтгүй үнэлгээ авсан гэсэн дүгнэлтийг хийсэн байдаг. Мөн хүүхэд хөгжүүлэх сургалтын ажлыг орхигдуулсан, анхаарал хайр халамж дутмаг байснаас хүүхдүүдийн дунд зөрчил үүсэж нэг нэгнээ бэртээж гэмтээсэн, эцэг, эх, багш, ажилчдын санал гомдол, даргаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, урдаас эсэргүүцэн хамт олны хурлыг үймүүлсэн, хэрэлдсэн, багш, ажилчдын дунд ёс зүйгүй үйлдэл гаргасан, хов зөөж багш нарыг хэрэлдүүлсэн гэх мэтээр багшийн ёс зүйн хэм хэмжээг давтан гаргасан гэдэг үндэслэлээр 2 сарын хугацаатай үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ тушаалыг хүчингүй болгуулахаар гомдол гаргах үндэслэл нь өнөөдрийг хүртэл 2017оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/46 дугаартай тушаалыг А.Солонгод албан ёсоор танилцуулаагүй гэдэг үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулинд заасан гомдол гаргах хугацаандаа шүүхэд гомдлыг гаргасан гэж нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч үзэж байгаа. Хэрэгт авагдсан баримтуудаас тушаал гардуулсан баримтуудыг харахад эрх нь зөрчигдөж байгаа тушаалыг хүлээн авах хүмүүсийн гарын үсэг байдаггүй. Бичиг баримт хариуцсан хүн нь гардуулав гээд өөрийнхөө гарын үсэг зурсан байгаа. Хүлээн авагчийн өөрийнхөн хүсэл сонирхлын илэрхийлэл гардан авсан гэсэн нотлох баримт байхгүй тохиолдолд гардуулав, гардуулав гээд ажил олгогчийн зүгээс өөрөө тэмдэглэгээ хийснийг гардаж авсан гэж тооцох хууль зүйн үндэслэл байхгүй. Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн арван тавдугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/46 дугаартай тушаалд хугацаандаа гомдол гаргаж байгаа гэсэн үндэслэлээ тайлбарлах нь зүйтэй. 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/46 дугаартай тушаалтай холбоотой байгууллагын дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.1, 6.3.2, 6.3.8 дэх заалтуудыг тус тус үндэслэн тушаах нь гэж тушаасан байгаа. 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн арван тавдугаар цэцэрлэгийн дотоод журам гэж ямар журам байсан вэ гэдгийг хариуцагч өөрөө нотлох үүрэгтэй. Ямар нэгэн байдлаар нотлох баримт оруулж ирээгүй. Хавтаст хэрэгт Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн арван тавдугаар цэцэрлэгийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан дотоод журам авагдсан байгаа. Ховд аймгийн Жаргалант сумын арван тавдугаар цэцэрлэгийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс байгууллагын дотоод журамтай болсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Өмнө нь дотоод журамтай байсан гэдгээ нотолж ямар нэгэн баримт оруулж ирээгүй байгаа. Байгууллагын дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.1, 6.3.2, 6.3.8-д ямар ямар заалтууд байсан үүнийг зөрчил гэж үзэх үү, үгүй юу гэдэгт дүгнэлт өгөх боломжгүй байгаа учраас байгууллагын дотоод журмыг үндэслэж сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна. А.Солонгод 2 сарын үндсэн цалингийн 20 хувийг суутгах гэсэн сахилгын арга хэмжээ авагдсан. А.Солонго нь хавтаст хэрэгт нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн өгсөн байгаа. Нийгмийн даатгалын дэвтрээс харахад 20 хувиар суутгасан зүйл харагдахгүй байгаа. Сахилгын зөрчил гэсэн тодорхойлолтод хууль зүйн үүднээс дүгнэлт хийхэд ноцтой зөрчил бол хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон байхыг шаардана. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д сахилгын зөрчлийг тодорхойлохдоо хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх, байгууллагын дотоод дүрэм журмыг зөрчих гэсэн байгаа. Ийм учраас тухайн үед байгууллагын дотоод журам байсан гэдэг нь нотлогдохгүй байна.

Хоёр: Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн арван тавдугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/38 дугаартай А.Солонготой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/38 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.3-д заасныг тус тус үндэслээд хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2, байгууллагын дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.2-ын Б заалтуудыг үндэслэн тушаасан. Ажлаас халах үндэслэл нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох сахилгын ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж багшийн ажлаас халсан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах хоёр үндэслэлийг зохицуулж өгсөн байдаг. 1-рт. Сахилгын зөрчлийг удаа дараа гаргах. Агуулга нь хоёр буюу түүнээс дээш удаа гэсэн үндэслэлээр тайлбарлагдана. 2-рт. Ноцтой зөрчил гаргах. Энэ тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцалж болох эрхийг нь зохицуулж өгсөн байгаа.

А.Солонгын хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож ажлаас халсан 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/38 дугаартай тушаалд тушаал гарах үндэслэл агуулгаа заагаад өгсөн байгаа. Хүүхдийн бие махбодод халдаж зодсон нь эрх бүхий байгууллагын шалгалт камерын бичлэгээр нотлогдон тогтоогдсон гэдэг. Үүнийгээ ноцтой зөрчил гэж дүгнэж хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан баримт дээр дүгнэлт хийж үзэхэд Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн арван тавдугаар цэцэрлэг нь А.Солонготой 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна талууд харилцан тохиролцвол хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болно гэсэн зохицуулалтын дагуу талууд хөдөлмөрийн гэрээгээ нэг жилийн хугацаатай байгуулсан. Хөдөлмөрийн гэрээн дээр ноцтой зөрчлийн тохиолдол бүрийг харилцан тохиролцон гэсэн хөдөлмөрийн тухай хуулийн шаардлагын дагуу хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-д заасныг тохиролцсон байгаа. Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-д байгууллагын дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.2-д заасан зөрчлүүдийг гаргасан бол гээд зөрчлүүдээ тохиролцсон байгаа. Хөдөлмөрийн гэрээгээ 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан атал байгууллагын дотоод журмаа 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан байгаа. Ирээдүйд бий болох байгууллагын дотоод журмын зүйл заалтуудыг үндэслэсэн байгаа. Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтаар хөдөлмөрийг гэрээг шууд ажил олгогчийн санаачилгаар зогсоох сахилгын ноцтой зөрчлийг тохиролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан заалтынхаа зарчим агуулга нэг бүрчлэн харилцан тохиролцох гэсэн хуулийнхаа зохицуулалтыг зөрчсөн. Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хууль нь ажил олгогч, ажилтны хооронд үүсэж байгаа бүх хөдөлмөрийн харилцааг зохицуулдаг. 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/38 дугаартай тушаалын хууль зүйн үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Гурав: Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн арван тавдугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/39 дугаартай тушаалын Х.Нямдаваатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулахаар шаардсан. Би үүн дээр давтан ярих шаардлага байхгүй. Х.Нямдавааг ажлаас халсан 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/39 дугаартай тушаал Б/38 дугаартай тушаалтайгаа хууль зүйн үндэслэл болон утга агуулгын хувьд адилхан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Зөрчлийг гаргасан байж болон энэ зөрчил ноцтой зөрчил үү, үгүй юу гэдгийг тогтоосон гэх хөдөлмөрийн дотоод журам болон хууль зүйн үндэслэлүүд хоорондоо зөрчилтэй байна.

Дөрөв, Тав: Нэхэмжлэгч А.Солонго болон нэхэмжлэгч Х.Нямдаваа нарыг Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн арван тавдугаар цэцэрлэгийн ахлах бүлгийн багш, туслах багшийн албан тушаалд эгүүлэн томилуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Нэхэмжлэлийн бусад шаардлага болох Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн арван тавдугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/38, Б/39 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулахтай холбоотой ажилдаа эгүүлэн томилуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Зургаа, Долоо: Нэхэмжлэгч А.Солонго, Х.Нямдаваа нар 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага байгаа. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 55 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу дундаж цалин хөлсөө тодорхойлон гаргасан байгаа. А.Солонго хөдөлмөрийн гэрээг цуцлахаас өмнөх буюу 2018 оны 09,10,11 дүгээр сарын дундаж цалин хөлс 7,761,646 төгрөг,11 дүгээр сард 564,249 төгрөгийн цалин авч байсан байна. 3 сарын дундаж цалин нь 1,700,854 төгрөг байгаа. А.Солонгын ажлаас халагдсан өдрөөс өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх нийт хугацаа 5 сар 12 хоног байгаа. Дундаж цалин хөлсөө 5 сараар үржүүлэхээр 3,504,270 төгрөг, нэг хоногийн дундаж цалин 31,857 төгрөг, үүнийгээ ажлын 12 хоногоор үржүүлэхээр 382,284 төгрөг, нийт 3,886,554 төгрөгийг цалин хөлс гаргуулах шаардлага гаргасан. Х.Нямдаваагийн 3 сарын дундаж цалин 529165 төгрөг үүнийгээ 5 сараар үржүүлэхээр 2,645,825 төгрөг, нэг хоногийн цалин 24022 төгрөг үүнийгээ ажлын 12 хоногоор үржүүлэхээр 288,624 төгрөг, нийт 2,943,449 төгрөгийг гаргуулна. Үндсэн цалинг нэхэмжлээгүй үр дүнгийн нэмэгдлийг оруулан тооцсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлд цалин хөлс гэсэн ойлголтыг тодорхойлж өгсөн байгаа. Үүнд: Үндсэн цалин, нэмэгдэл хөлс, үр дүнгийн урамшууллыг цалин хөлс гэсэн тодорхойлолтод багтааж өгсөн учраас сар бүр авч байсан үр дүнгийн нэмэгдлийг нийгмийн даатгалын дэвтрээр нийт цалин хөлс тооцогдож байгаа. Авч байгаа цалин хөлсөө олж байгаа орлого гэж тооцож байгаа учраас хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлд төлж байгаа учраас ингэж тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж тооцсон байгаа.

Найм, Ес: Нэхэмжлэгч А.Солонго, Х.Нямдаваа нар нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийг хангах эсэхээс шалтгаан эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх эсэх нь шийдэгдэнэ. Ажилгүй байсан хугацааны цалин олговрын хэмжээгээр тооцуулан нөхөн төлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Арав, Арван нэг: Нэхэмжлэгч А.Солонгын өөрийн мөнгөөр тус цэцэрлэгт хөрөнгө оруулалт хийсэн 999,250 төгрөг, нэхэмжлэгч Х.Нямдаваагийн өөрийн мөнгөөр тус цэцэрлэгт хөрөнгө оруулалт хийсэн 970500 төгрөгийг тус тус Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн арван тавдугаар цэцэрлэгээс гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нар өөрсдийнхөө мөнгөөр тус цэцэрлэгт хөрөнгө оруулалт хийж, тавилга, хүүхдүүдийн сурч боловсрох, хүмүүжих орчин нөхцөлд сайжруулалт хийсэн гэдэгтээ хариуцагч маргасан тайлбарыг өгөөгүй байгаа. Бид нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа хөрөнгийн жагсаалтуудыг гаргаж өгсөн. Шинжээчийн дүгнэлтээр үнэлгээ тогтоосон байгаа. Өөрсдийнхөн цалингийн хэмжээ, цэцэрлэгийн нөхцөл, авч байгаа цалингаасаа 20-иод хувийг нь хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалд төлдөг. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч нарын гэрлэлтийн гэрчилгээ болон хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагааг хавсаргасан байгаа. Өөрсдөө ар гэр, үр хүүхдүүдтэй хүмүүс байгаа. Амьжиргаагаа хэдий хэр мөнгөөр зохицуулах вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Нэхэмжлэгч нар нь ажиллах хугацаандаа цалингаасаа сар бүр тодорхой хэмжээний эд материалыг авч тавьж байсан. Нэхэмжлэгч нар нь өөрсдийн хөрөнгөөр авсан зүйлсээ хариуцагчаас нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлтэй. Ажил олгогч биеийн болон оюуны хөдөлмөрийг үнэлж цалин хөлс олгож байгаа. Хэрэгт авагдсан баримт болон нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн арван тавдугаар цэцэрлэг 2017-2018 онд 46 хүнд давтан болон давтан бусаар сахилгын шийтгэл оногдуулсан байгаа. Ёс зүйн зөрчил гэдгээ өөрсдөө тогтоогоогүй байгаа. Нэхэмжлэгч А.Солонго Х.Нямдаваа нарыг ажлаас халагдсаны дараа эцэг эхчүүд цуглаж уулзаж ярилцсан байдаг. Удаа дараа арга хэмжээ авагддаг нөхцөл байдлуудад бид нар өөрөөр дүгнэлт хийж байгаа гэдэг үндэслэлээр шүүхэд хүсэлтийг дамжуулж өгнө үү гэсэн. Ажил олгогчийн зүгээс ажилтны хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, байгууллагын дотоод журамдаа нийцүүлэн хөдөлмөрийн харилцааг явуулах хуулийн шаардлага байгаа. Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа гаргаж болзошгүй зөрчлүүдийг урьдчилан таамагласан байдлаар ноцтой зөрчлөө харилцан тохиролцох энэ нь хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох үндэслэл болж байгаа нь сахилгын шийтгэл ногдуулах болон ажлаас халж байгаа тушаалуудын үндэслэлийг зөвтгөх үндэслэл болохгүй. Хөдөлмөрийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би өмгөөлөгчгүй орсон учраас ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэдэг талаар тайлбарыг хэлж няцаалт өгнө. Шүүхээс надад боломж олгосон учраас хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг нэмэлт тайлбар хэлэх боломжит хугацаандаа хэлнэ. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн арван тавдугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/138 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах шаардлага байгаа. А.Солонготой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах тухай тушаал байгаа. Тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-д заасан үндэслэлээр ажлаас халсан. Тухайн цэцэрлэгт хүмүүжигч Э.Энхжин гэдэг хүүхдийн ар гэрээс 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр н.Нарандэлгэр гэдэг хүн гомдол гаргасан. Ховд аймгийн Прокурорын газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол гараад зөрчлийн хэрэг нээгээд шалгасан. Шалгах хугацаанд Э.Энхжин гэдэг хүүхдийг энэ хоёр багш гадуурхсан зодсон зүй бус харьцсан нөхцөл байдал тогтоогдсон гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 9-д зааснаар А.Солонго, Х.Нямдаваа нарыг тус тус 300000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. Шийтгэлийг ногдуулаад явж байхад тухайн цэцэрлэгийн камерын бичлэгийг хүүхдийн эрхийн байцаагч н.Мандалсүрэн гэдэг хүн шаардаж авсан. Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авагдсан зөрчил гаргасан гэдэг нь нотлогдсоноос гадна 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр тухайн бүлгийн хүүхдүүдийг бүлгийн багш болон туслах багш нар зодсон цохисон, биед нь халдсан нөхцөл байдал тогтоогдож байгаа. Шүүхэд нотлох баримтаар тооцуулахаар хүсэлт гаргаж шүүхээс үзлэг хийсэн. Үзлэгийн явцад хүүхэдтэй харьцдаг хүн бүгд жигшмээр байдал тогтоогдож байгаа. 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цаг 59 минутаас 17 цаг 59 минут хүртэлх 7 цагийн камерын бичлэгээс харахад А.Солонго 16 удаагийн үйлдлээр хүүхдийн биед халдаж, Х.Нямдаваа 6 удаагийн үйлдлээр хүүхдийн биед халдаж байгаа. Хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд ногдсон ажил үүргээ ном журмын дагуу гүйцэтгээгүй. Хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ноцтой зөрчил гаргасан байна гэдэг нь тогтоогдож байгаа. Бид нар бүтэн өдөржин сууж камерын бичлэгийг үзсэн. Зүгээр нэг нудраад өнгөрөх юм уу хүүхдийн хойноос гараараа түлхсэн хэсгийг цохисон зодсон байна гэж тусгаж бичээгүй. Хамгийн ноцтой үйлдэл нь ямар ч гэм хийгээгүй орондоо ороод сэрүүн хэвтэж байгаа хүүхдийг алгадсан зөрчил байгаа. Камерын бичлэг нь дуугүй байсан учраас үйл хөдлөлөөр харж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ноцтой зөрчлийг хоёр багш хоёулаа гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэл байгаа. Өөр нэг бичлэгээс харахад нэг хүүхдийг А.Солонго багш цохихоор нөгөө хүүхэд нь ярвайгаад далаа хавчихаар хойноос нь илж байгаа. Тэр хүүхдэд ямар мэдрэхүй төрөөд тэр багш өөрийнхөө үйлдлийг гэмшсэн үйлдэл гаргаж байгаа. Сурган хүмүүжүүлэгч тэр тусмаа сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа багш хүн хүүхдүүдийг эрхийг зөрчиж, халдаж байгаа ноцтой үйлдэл байгаа. Энэ үйлдлийг өөгшүүлж байх ёстой асуудал гэж үзэж болохгүй. Зарим хүмүүс Монгол хүүхдүүд алганы амт үзэж байж хүмүүждэг гэдэг байдлаар асуудалд ханддагийг би хүлээн зөвшөөрөхгүй. Монгол улсын үндсэн, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Иргэний хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Хүүхдийн эрхийн конвенц, түүнийг дагаж мөрдөх журмыг судалж үзсэн. Хүүхдийн эрхийн конвенц дотор миний анхаарлыг татсан нэг зүйл нь үл хайхрах гэдэг үг орж ирж байгаа. Үл хайхрах гэдэг эс үйлдэхүй харагдаад байгаа. Хүүхдүүдэд бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэгдээд байна. Монгол улсын үндсэн хуулинд Хүүхэд төрийн хамгаалалтад байна гэж заасан байгаа. Хүүхдийг эцэг эхчүүд нь анхаардаггүй юм байна. 10 эцэг эх миний хүүхдийг багш нь зодох нь зөв юм байна би хүүхдээ зүгээр л нэг цэцэрлэгт аваачиж өгөөд өөрөө ажил амьдралаа зохицуулаад л явж байвал боллоо миний хүүхдэд миний хайр халамж байх нь хамаагүй зүгээр л багшид нь аваачиж өгчихвөл болж байна гэдэг байдлаар тайлбар хийгээд ирүүлснийг ойлгохгүй байна. Хүүхэд нь цэцэрлэг дээр өөр орчинд очоод асран хамгаалагчийн хамгаалалтад байж байхдаа бие махбодын болон сэтгэл зүйн хүчирхийлэлд өртөөд байгаа нь эцэг эхчүүдэд хамаагүй юм байна. Зарим эцэг, эхчүүд нь хүүхдээ хаана сурдагыг нь мэддэггүй юм уу миний хүүхэд ажилдаа явахаа болчихлоо гээд бичсэн байна. 1-5 насны хүүхэд ажил хийдэг юм уу. 16 насанд хүрээд хөдөлмөр эрхэлж байгаа хүн байж болон энэ хүмүүсийнхээ талаар бичээд байгаа юм уу. Томчууд бид нар ийм хэмжээгээр хүүхдээ хайхрахаа больсон байна. Хүүхдээ битгий үл хайхраач хүүхдээ хайхраад өгөөч гээд дэлхий нийтээр тунхаглан зарласан байна. Хүүхдийн эрхийн конвенцид Монгол улс нэгдэж орсон. Би энэ хоёр багшийг Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулинд зааснаар асран хамгаалагч гэж үзэж байгаа. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлд сургуулийн өмнөх боловсролын зорилгыг заасан байгаа. Сургуулийн өмнөх боловсролын зорилго нь бага насны хүүхдийг асрах, хамгаалах, хүмүүжүүлэх, сургах цогц үйл ажиллагаагаар хүүхдийн бие бялдар, оюун ухаан нийгэмшихүйн хөгжлийг дэмжих сургуульд бэлтгэхэд оршино гэсэн байгаа. Хүмүүс хүчирхийлэгчээс хүчирхийлэгч л төрдөг гэж ярьдаг. 3-5 насандаа хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд том болоод хүчирхийлэгч л болж өснө. Нийгэм ямар болсон билээ энэ асуудлыг бид нар өнөөдөр хөндөж ярих ёстой. Энэ хоёр багш ажлаас халагдах ёсгүй түмний хүүхдүүдийг зодоод байж байх ёстой гэдэг байдлаар асуудалд хандаж болохгүй. Иргэний хууль дээр 0-7 насны хүүхдийг эрхзүйн бүрэн чадамжгүй этгээд гэж тодорхойлсон байдаг. Эрх зүйн бүрэн чадамжгүй этгээд нь байнгын хэн нэгний хараа хяналт, асран хамгаалалтад байж байх ёстой. Ийм хүүхдүүдэд бие махбодын болон сэтгэл санааны хохирол учруулсан байхад энэ хоёр багшийн зөв, ийм л арга барилаар хүүхдүүдийг хүмүүжүүлэх ёстой гэдэг байдлаар асуудалд хандаад ороод ирж байгааг би Монгол иргэн, эх хүн, хуульч хүнийхээ хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Яг ийм нөхцөл байдалд хүүхдүүд цэцэрлэгт явахаасаа татгалздаг. Миний амьдралд ч гэсэн энэ тохиолдол гарч байсан. Хууль бүгд ёс заншлаас урган гардаг. Монгол ёс заншлыг судлаад үзэхээр Хатан суу ухаан, Хаан суу ухаан гэж байна. Монгол ёс заншил дотор байгаа гол зүйл нь хүүхдийг 1-3 нас хүртэл "Хатан" мэт асар, 3-7 нас хүртэл "Хаан" мэт тахь, 7-14 насанд "Харц" мэт сурга гэж заасан байгаа. Хүүхдүүдийг зодсон, цохисон нөхцөл байдал тогтоогдоод Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авагдсан байгаа. Ажлаас халсан үндэслэл нь Зөрчлийн хэрэгтээ давхардуулж арга хэмжээ аваагүй. 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хүүхдүүдийг хүчирхийлсэн үйлдэлд арга хэмжээ авсан. Нэхэмжлэгч нарын гаргаад байгаа нэхэмжлэлийн үндсэн шаардлага буюу Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн арван тавдугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны Б/38 дугаартай А.Солонготой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаал, Мөн өдрийн Б/39 дугаартай Х.Нямдавааг ажлаас халах тухай тушаал үүнтэй уялдуулан гарсан цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг хариуцагчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үүднээс ярьж байна. Шүүхээс надад боломж олгосон учраас би хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хэлнэ. Би нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асууж байж тайлбар хэлмээр санагдаад байна. 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/46 дугаартай А.Солонгод сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/19 дугаартай А.Солонгод сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ хоёр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэмэгдүүлж гаргасан.

Нэхэмжлэгч Х.Нямдаваа өөрийн мөнгөөр тус цэцэрлэгт 970500 төгрөгийн хөрөнгө оруулалт А.Солонго өөрийн мөнгөөр тус цэцэрлэгт 999250 төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус тус хийсэн гэж байгаа. Үүнийгээ нэхэмжлэгч нар нотолж чадахгүй байгаа. Нөгөө талаасаа А.Солонго 999250 төгрөг гаргуулахаар нэхэмжлээд байгаа гэтэл хүүхдийн цэцэрлэгт 691000 төгрөгийн эд зүйл байгаа. Цэцэрлэг яаж үйл ажиллагаагаа явуулдаг техник төхөөрөмж бааз нь хаанаас бий болдог билээ гэдгийг бодолцох ёстой. Цэцэрлэгийн техник тоног төхөөрөмжийг төрийн санхүүжилтээр авч өгдөг. Төрөөс юу ч хийгээгүй энэ хоёр багшийг та хоёр нэг анги бий болго тэр ангиа та хоёр өөрсдөө тохижуулаад хүүхдээ аваад үйл ажиллагаагаа явуул гэж хэлээгүй. Энэ хоёр багш хүүхэд харах үйлчилгээ явуулсан мэт байдал харагдаад байгаа. Нэхэмжлэгч Х.Нямдаваа 970500 төгрөгийг нэхэмжлээд байгаа. Х.Нямдаваагийн хариуцаж байсан зүйл нь 680500 төгрөг байгаа. Хөрөнгө оруулалт хийсэн нь нотлогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү....2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/19 дугаартай тушаал, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/46 дугаартай тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлагыг гаргаад байгаа. Ажилтныг ажлаас халсан маргааны хэдий хугацаанд шүүхэд гаргах вэ. Сахилгын шийтгэл оногдуулсан маргааныг хэдий гаргах вэ. Ямар үндэслэлээр гаргах вэ гэдгийг хуульчлаад өгсөн байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2-д тодорхой заагаад өгсөн байгаа. Нэг нь жил хоёр сарын дараа, нөгөө нь жил 7 сарын дараа гаргасан учраас шүүхэд хандах хугацаагаа алдсан. А.Солонго зүгээр л хүч нэмэгдүүлж орж ирж байна.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 153/ШШ2019/00201 дугаар шийдвэрээр:”1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 128.1.11, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг баримтлан Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн арван тавдугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/19 дугаартай тушаал, Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн арван тавдугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/46 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ажилд орсноосоо хойш ажлаас чөлөөлөгдөх хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Х.Нямдаваагийн өөрийн мөнгөөр тус цэцэрлэгт хөрөнгө оруулсан 970,500 төгрөг, нэхэмжлэгч А.Солонгын өөрийн мөнгөөр тус цэцэрлэгт хөрөнгө оруулсан 999,250 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн арван тавдугаар цэцэрлэгээс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,839,920 /гурван сая найман зуун гучин есөн мянга есөн зуун хорь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Солонгод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 46,634 /дөчин зургаан мянга зургаан зуун гучин дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

4.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн арван тавдугаар цэцэрлэгээс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,916,480 /хоёр сая есөн зуун арван зургаан мянга дөрвөн зуун ная/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Нямдаваад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 26,969 /хорин зургаан мянга есөн зуун жаран ес/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

5.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч А.Солонго, Х.Нямдаваа нарын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн арван тавдугаар цэцэрлэгт даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн арван тавдугаар цэцэрлэгээс улсын тэмдэгтийнхураамж нийт 193,252 /нэг зуун ерэн гурван мянга хоёр зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Солонгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,600 /хорин найман мянга зургаан зуу/ төгрөгийг, нэхэмжлэгч Х.Нямдаваагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,850 /хорин долоон мянга найман зуун тавь/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Солонго, Х.Нямдаваа нараас шинжээчийн зардал 50,000 /тавин мянга/ төгрөгийг гаргуулан Хөрөнгө үнэлгээний төв ХХК-ийн Ховд салбарт оруулсугай гэж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн арвантавдугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/38 дугаартай А.Солонготой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаал, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/39 дугаартай Х.Нямдаваатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хууль зүйн дүгнэлт хийсэнгүй. Нэхэмжлэгч Х.Нямдаваагийн өөрийн мөнгөөр тус цэцэрлэгт хөрөнгө оруулалт хийсэн 970.500 төгрөгийг гаргуулах, нэхэмжлэгч А.Солонгын өөрийн мөнгөөр тус цэцэрлэгт хөрөнгө оруулалт хийсэн 999.250 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Нэхэмжлэгч нар нь шаардсан нэр бүхий эд зүйлүүдэд хариуцагч байгууллагад 44 нэр төрлийн эд зүйлс байсан болох нь хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Ховд салбарын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаартай албан бичгээр ирүүлсэн эд зүйлс үнэлсэн тухай тайлангаар нотлогдон тогтоогдсон байхад нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Шийдвэрийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулж, Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн арвантавдугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/38 дугаартай А.Солонготой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаал, мөн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/39 дугаартай Х.Нямдаваатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Шүүх маргааны агуулгын зарим хэсгийг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. А.Солонго, Х.Нямдаваа нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн арвантавдугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/38, Б/39 дугаартай тушаалуудын үндэслэл нь ажлын байрандаа хариуцсан анги бүлгийн хүүхдийн биед халдаж зодсон болох нь эрх бүхий байгууллагын шалгалтын дүн, камерын бичлэгээр нотлогдсон, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох сахилгын ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдсон.

 Шүүх хэргийн оролцогчдын гаргаж өгсөн баримтуудад дүгнэлт хийлгүй орхигдуулж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор харьцуулан үзэж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн.  

Ажил олгогч нэхэмжлэгч нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний тав дугаар заалтанд талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцохыг тусгасан байна. А.Солонго, Х.Нямдаваа нарын өөрийн асран хамгаалтанд байгаа бага насны хүүхдүүдийн биед удаа дараа халдаж байгаа үйлдэл нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил тул ажил олгогчийн А.Солонго, Х.Нямдаваа нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

             А.Солонго, Х.Нямдаваа нар нь Ховд аймгийн Жаргалант сумын “Цэцэгхэн” арван тавдугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/38  дугаартай А.Солонготой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаал, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/39 дугаартай Х.Нямдаваатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, А.Солонгыг Ховд аймгийн Жаргалант сумын  “Цэцэгхэн” арван тавдугаар цэцэрлэгийн ахлах бүлгийн багшийн ажилд эгүүлэн томилуулах, Х.Нямдавааг Ховд аймгийн Жаргалант сумын  “Цэцэгхэн” арван тавдугаар цэцэрлэгийн туслах багшийн ажилд эгүүлэн томилуулах, А.Солонго, Х.Нямдаваа нарын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус бүр Ховд аймгийн Жаргалант сумын “Цэцэгхэн” арван тавдугаар цэцэрлэгийн эрхлэгчид холбогдуулан гаргажээ.

            Нэхэмжлэгч А.Солонго нь Ховд аймгийн Жаргалант сумын “Цэцэгхэн” арван тавдугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны  05 дугаар сарын 24-ны өдрийн Б/19  дугаар тушаал, 2017 оны 12 дугаар сарын 26-ны Б/46 дугаар  “сахилын шийтгэл ногдуулах тухай ” тушаалыг хүчингүй болгуулах, өөрийн мөнгөөр тус цэцэрлэгт хөрөнгө оруулалт хийсэн 999.250 төгрөг, Х.Нямдаваа өөрийн мөнгөөр тус цэцэрлэгт хөрөнгө оруулалт хийсэн 970.500 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна./1 дүгээр хх-ийн 191 дугаар тал/

Шүүх нэхэмжлэгч нарын дээрх шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргасан байна. 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь Ховд аймгийн Жаргалант сумын “Цэцэгхэн” арван тавдугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/38 дугаартай А.Солонготой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаал, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/39 дугаартай Х.Нямдаваатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаалуудыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан нь “Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасныг зөрчөөгүй байна.” Гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Хэрэгт авагдсан баримтаар Ховд аймгийн Жаргалант сумын “Цэцэгхэн” арван тавдугаар цэцэрлэгийн эрхлэгчийн А.Солонготой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/38  дугаартай тушаал,  Х.Нямдаваатай  байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/39 дугаар тушаалууд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.3 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний дугаар зүйлийн 5.2 дахь заалт, Байгууллагын дотоод журмын 10.1.2.-ын  “Б” заалтуудыг тус тус үндэслэн “Ажлын байрандаа хариуцсан анги бүлгийн хүүхдийн бие махбодид халдаж цохиж зодсон болох нь бүхий байгууллагын шалгалтын дүн, камерын бичлэгээр нотлогдсон нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох сахилгын ноцтой зөрчил байх тул А.Солонготой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, багшийн ажлаас, Х.Нямдаваатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 01 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, туслах багшийн ажлаас халж” хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна. Ажилтан нар ажил олгогчийн дээрх тушаалуудыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Ажил олгогч нь ажилтан нэг бүртэй 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. Уг гэрээнд талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг гэрээний 5.2.-т тусгаж, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.1.2-т  заасны дагуу ноцтой зөрчил гаргавал “Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасны дагуу ажлаас халж хөдөлмөрийн гэрээг цуцална” гэж харилцан тохиролцжээ./1 дүгээр хх-ийн 51-54 дүгээр тал/

Ховд аймгийн Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журмын 10.1.2.-ын “Б”-д “Хүүхэд зодох айлган сүрдүүлэх,хараалын болон бүдүүлэг үг хэрэглэн хүүхэдтэй зүй бус харьцаж, хүүхдэд шийтгэлийн буруу арга хэрэглэж зодож уурлаж хашхирсан, айлгаж дарамт үзүүлсэн,нэр хоч өгч хүүхдийг доромжилсон, ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдон, хуулийн байгууллагаар шалгагдаж зохих хариуцлага тооцсон тохиолдолд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна.” Гэжээ.

Хэргийн 64-66 дугаар талд /1 дүгээр хавтас/ охин Э.Энхжингийн Эцэг Ц.Энхболд 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр эх Ж.Нарандэлгэр 2018 оны 9 дүгээр сарын 18, 21-ний өдөр тус бүр “охин Э.Энхжинг бүлгийн багш А.Солонго сандал бариад байж байхад байрандаа сууцгаа гээд камерын доор цохисон туслах багш Х.Нямдаваа ОО-ын өрөөнд самаа авчрахгүй яасан юм бэ? гээд нуруун дунд цохиж үснээс аймаар зулгааж самнасан байна.

Энэ хоёр багшийн харгис хэрцгий явдлаас болж хүүхэд айдастай байгаа” талаарх гомдлоо Ховд аймгийн Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгийн Захиргаанд гаргасан байна. /1 хавтас хх-ийн 64-66 дугаар тал/

Уг гомдлыг Ховд аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь хүүхдийн тусламжийн утас 108 дугаараас 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 08 цаг 20 минутад хүлээн авч 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр бүлгийн багш А.Солонго, Х.Нямдаваа нарт Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.20 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар зөрчлийн   1836000359 дугаар хэрэг нээсэн байна. /1 хавтас хх-ийн 138 дугаар тал/

 А.Солонго, Х.Нямдаваа нарт холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн тогтоолыг прокурорт танилцуулж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.20 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан хүүхдийн эрхийн зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна гэх үндэслэлээр Ховд аймгийн Цагдаагийн газарт харьяаллын дагуу шилжүүлжээ. /1 хавтас хх-ийн 150 дугаар тал/

Ховд аймгийн Цагдаагийн газар нь зөрчлийн хэргийг шалган зөрчилд холбогдогч А.Солонго, Х.Нямдаваа нарыг “Хүүхдийн бие махбодид халдсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байх тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.20 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар   А.Солонго, Х.Нямдаваа нарыг” тус бүр гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300.000 / гурван зуун мянган/ төгрөгөөр торгох шийтгэлийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр   оногдуулсан байна.  /1 хавтас хх-ийн 152,153 дугаар тал/

Зөрчилд холбогдогч нарын зөрчлийг хэрхэн шийдвэрлэсэн талаараа Ховд аймгийн Цагдаагийн газар нь Ховд аймгийн Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгийн захиргаанд мэдэгдэх үүргийг хуулиар хүлээгээгүй байна.

Учир нь тус цэцэрлэг нь хэргийн оролцогч биш тул А.Солонго, Х.Нямдаваа нарт холбогдох зөрчлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдэгдэх үүрэггүй юм. Гэвч 15 дугаар цэцэрлэгээс 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 50 дугаартай албан бичиг явуулсны дагуу 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Цагдаагийн газраас Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.20 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар зөрчилд холбогдогч А.Солонго, Х.Нямдаваа нарыг” тус бүр гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300.000 / гурван зуун мянган/ төгрөгөөр торгох арга хэмжээ авсан болохыг мэдэгджээ. /1 хавтас хх-ийн 47 дугаар тал/

Ховд аймгийн Жаргалант сумын15 дугаар цэцэрлэгийн захиргаа уг мэдэгдлийг хүлээн авсны дараа буюу 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажилчдын хурал хийж бүлгийн багш А.Солонго, туслах багш Х.Нямдаваа нарт ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн  131.3, дотоод журмын 10.1.2 /Б/ заалтуудыг үндэслэн ажилтан нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар мэдэгдсэн байна. /1 хавтас хх-ийн 67-71 дугаар тал/

Дээрх хуульд зааснаар ажил олгогч нь   2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/38  дугаартай тушаалаар А.Солонготой байгуулсан хөдөлмөрийн гэрээг, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/39  дугаар тушаалаар Х.Нямдаваатай  байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-дэх заалттай нийцсэн байна. Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.-т ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар А.Солонго, Х.Нямдаваа нар нь   талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.-т тухайлан заасан   ноцтой зөрчил үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд уг зөрчилд эрх бүхий байгууллагын албан тушаалтан Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсан  байна.

Иймд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-дэх заалтыг үндэслэн А.Солонго, Х.Нямдаваа нарт 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ажлаас халах тухай сахилгын шийтгэл оногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2.-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл оногдуулна.” Гэх заалтыг зөрчөөгүй байна.

Өөрөөр хэлбэл ажил олгогч нь зөрчилд холбогдогч нарын үйлдлийг эрх бүхий байгууллага шалган тогтоож шийтгэл оногдуулсны дараа нэг сарын дотор А.Солонго, Х.Нямдаваа нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь нэг зөрчилд сахилгын арга хэмжээг давхардуулан ногдуулсан гэж гомдол гаргаж маргаж байна.

А.Солонго, Х.Нямдаваа нарын холбогдсон зөрчлийн хэргийг эрх бүхий байгууллага шалгаж шийдвэрлэж шийтгэл оногдуулсан үйл баримт нь ажил олгогчоос ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.-д заасан сахилгын шийтгэлийг  ногдуулахдаа  мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3.-т заасан “сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй гэх заалтад хамааралгүй.Тодруулбал ажил олгогч нь ажилтан нарт сахилгын нэг зөрчилд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.-д заасан сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулж ногдуулаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн талын энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч А.Солонгын Ховд аймгийн Жаргалант сумын “Цэцэгхэн” арван тавдугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны  05 дугаар сарын 24-ны өдрийн Б/19  дугаар тушаал, 2017 оны 12 дугаар сарын 26-ны Б/46 дугаар  “сахилын шийтгэл ногдуулах тухай ” тушаалыг хүчингүй болгуулах, өөрийн мөнгөөр тус цэцэрлэгт хөрөнгө оруулсан  999.250 төгрөг, Х.Нямдаваагийн  өөрийн мөнгөөр  тус цэцэрлэгт хөрөнгө оруулалт хийсэн 970.500 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагын талаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан шаардлагын  дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч нарын  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн  үндэслэлтэй  болжээ.

Иймд дээрх үндэслэлээр А.Солонго, Х.Нямдаваа нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.Нэхэмжлэгч А.Солонгын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.839.920 төгрөг, Х.Нямдаваагийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2.916.480 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нараас гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д нийцнэ гэж үзнэ.

Хуульд зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Х.Нямдаваагийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27850 төгрөг, А.Солонгын төлсөн 28600 төгрөгийг тус бүр улсын орлогын дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 153/ШШ2019/00201 дугаар шийдвэрийн  Тогтоох хэсгийн 1,2,3,4,5,6 дахь заалтуудыг хүчингүй болгож, 1. “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1,46.2.-т зааснаар А.Солонго Х.Нямдаваа нар нь Ховд аймгийн Жаргалант сумын  “Цэцэгхэн” арван тавдугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/38  дугаартай А.Солонготой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж,ажлаас халах тухай тушаал, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/39  дугаартай  Х.Нямдаваатай  байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж,ажлаас халах тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, А.Солонгыг Ховд аймгийн Жаргалант сумын  “Цэцэгхэн” арван тавдугаар цэцэрлэгийн ахлах бүлгийн багшийн ажилд эгүүлэн томилуулах, Х.Нямдавааг Ховд аймгийн Жаргалант сумын “Цэцэгхэн” арван тавдугаар цэцэрлэгийн туслах багшийн ажилд эгүүлэн томилуулах, А.Солонго Х.Нямдаваа нарын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах,эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай”, А.Солонгын Ховд аймгийн Жаргалант сумын  “Цэцэгхэн” арван тавдугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны  05 дугаар сарын 24-ны өдрийн Б/19  дугаар тушаал, 2017 оны 12 дугаар сарын 26-ны Б/46 дугаар  “сахилын шийтгэл ногдуулах тухай ” тушаалыг хүчингүй болгуулах, өөрийн мөнгөөр тус цэцэрлэгт хөрөнгө оруулсан  999.250 төгрөг, Х.Нямдаваагийн  өөрийн мөнгөөр  тус цэцэрлэгт хөрөнгө оруулалт хийсэн 970.500 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” Гэж,

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нар нь гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг  дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар  нэхэмжлэгч А.Солонгоос 76.388 төгрөг Х.Нямдаваагаас 61.613 төгрөг гаргуулан улсын орлого болгож,  7 дахь заалтыг “3” гэж, 8  дахь заалтыг “4” гэж тус тус   өөрчлөлт оруулж, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авч,нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар  нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн А.Солонгийн 76.388 төгрөг, Х.Нямдаваагаас 61.613 төгрөгийг улсын орлогын дансанд хэвээр үлдээж,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3.-т зааснаар хариуцагч  тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ДАМБА

 

                                   ШҮҮГЧИД                                     Д.ЖАМБАЛСҮРЭН

 

                                                                                         Н.ТУЯА