Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 135/ШШ2016/00418

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2016/00256/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, *** дугаар хороолол, ***-р байрны *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, *** овогт *** нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум ***-р баг ***-р байрны *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, *** овогт ***,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум ***-р баг ***-р байрны *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, *** овогт *** нарт холбогдох

 

63 685 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 201оны 2 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, хариуцагч ***, *** нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний төрсөн дүү *** болон түүний нөхөр ***нар нь надтай уулзаж Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дүгээр баг *** дугаар байрны *** давхар дээр мансардны 16 орон сууц барих боллоо, гэтэл хөрөнгө мөнгө дутаад байна. та хөрөнгө оруулаач . энэ орон сууцыг барьж дуусгаад 8, 8-р нь хувааж авч борлуулъя гэсэн санал тавьсан юм. Би тэдэнд итгээд барилга барьж эхлэх үеэс нь буюу 2009-2013 оны хооронд нийт 63685000 төгрөгийн барилгын материал болон бэлэн мөнгө өгсөн юм. Тэд нар тухайн үед барилгын ажил эхлүүлэх ямар ч хөрөнгийн эх үүсвэргүй байсан бөгөөд тус барилгын 60-70 хувийг миний оруулсан хөрөнгөөр барьж дуусгасан билээ. Гэтэл тэд нар 2014 оны 10 дугаар сард барилгаа барьж дуусгаад 16 ширхэг орон сууцныхаа ихэнхийг борлуулаад үлдсэн хэсгийг өөрсдийнхөө нэр дээр шилжүүлсэн байна. харин надад байр өгнө, мөнгө шилжүүлж өгнө гэх мэтээр удаа дараа намайг хууран мэхэлсээр өдий хүрлээ. Байдлыг ажвал ***нь эхнээсээ намайг хууран мэхлэх, залилах зорилготой байжээ. Учир нь тэр надаас мөнгө, эд материал авахдаа өөрийн эхнэр болох миний төрсөн дүү ***оор дамжуулж авч байсан байна. би төрсөн дүүдээ итгээд зээлийн гэрээ байгуулах болон баримт сэлт цуглуулахгүйгээр тэдэнд итгээд шууд л мөнгө, эд материалыг өгдөг байсан юм. Иймд тус 16 орон сууцыг барихад миний оруулсан хөрөнгийн нийт үнэ болох 63 685 000 төгрөгийг ***, ***нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ***, түүний өмгөөлөгч *** нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2009 оны 3 сард ******* ирээд та хөрөнгө оруулаад өгөөч гэсэн санал тавьсан. Та эрээн яваад төмөр авчирч өгөөч гэхээр би Эрээн явж

1 м нь 25000 төгрөгийн үнэтэй 315 м урт 20-н швеллер төмөр бүгд үнэ 7875000 төгрөг,

4м урттай 40 ширхэг зузаан лист төмөр 4760 000 төгрөг,

Барилгын хар фанер 10 ширхэг бүгд 250 000 төгрөг,

Гагнуурын электрод 25 хайрцаг 750 000 төгрөг,

3 фазын 50 м урт цахилгааны кабель 250 000 төгрөг,

Эрээнд төмөр тайруулах, ачуулах болон ачааны хөлс, гаалийн татварт бүгд 1720 000 төгрөг бүгд 15 605 000 төгрөг,

 

Улаанбаатарт ирээд вагон татуулахад 80 000 төгрөг,

Вагоноос буулгахад 55 000 төгрөг,

Машинд ачуулахад 45 000 төгрөг,

Дархан явах машины хөлс 150 000 төгрөг бүгд 330 000 төгрөг,

 

***д бэлнээр өгсөн мөнгө

2009.03.29-нд 50 000 төгрөг,

2009.04.16-нд 480 000 төгрөг,

2009.04.21-нд 340 000 төгрөг

2010.05.04-нд 1 000 000 төгрөг

2010.05.12нд 2 000 000 төгрөг

2010.07.08-нд 500 000 төгрөг

2010 оны 6 сард иргэн *** 1 сая төгрөг сарын 6 хувийн хүүтэй зээлж өгсөн

2010 оны 6 сард кран өргөгчийн тросс, эд анги хотоос худалдан авч явуулахад 250 000 төгрөг зарцуулсан,

2010 оны 8 сард иргэн *** 10 сая төгрөг зээлж өгсөн,

2011 оны 6 сард гурвалжингийн гүүрний төмөрийн захаас ***ы хамт очиж 120 ширхэг С-1 төмөр 2 000 000 төгрөгөөр, боолт төмөрүүд 290 000 төгрөгөөр, ойролцоох төмөрийн цехээс зузаан лист төмөр худалдан авч гурвалжин хэлбэрээр жижиглэн нүх цоолж гаргуулах зэрэгт 570 000 төгрөг, машинд ачуулж Дарханд явуулахад 120 000 төгрөг нийт 2 980 000 төгрөг,

2012 оны 7 сард Дарханд өөрөө очиж 3 фазын счетчик, кабель худалдан авч татуулах зэрэгт 300 000 төгрөг зарцуулсан,

2013 оны 4 сард миний 1 сая төгрөгийн үнэтэй америк алтан бөгжийг авч ломбарданд тавьсан бүгд 18 900 000 төгрөг,

2012 оны 7 сард иргэн ******* нь ***, ***нарын 2010 онд зээлсэн мөнгийг надаас нэхэмжилснээр би шүүхийн шийдвэрийн дагуу 12 250 000 төгрөгийг өөрийн орон сууцаа борлуулж байгаад тэдний өмнөөс төлж дуусгасан.

 

Дараах мөнгийг ***ы Голомт банкны дансаар шилжүүлсэн болно Үүнд

2010.06.22-нд 1 000 000 төгрөг,

2010.07.05-нд 1 100 000 төгрөг,

2010.08.06-нд 1 000 000 төгрөг,

2010.08.11-нд 5 500 000 төгрөг,

2011.07.09-нд 500 000 төгрөг,

2011.08.02-нд 4 000 000 төгрөг,

2011.08.23-нд 500 000 төгрөг,

2012.09.04-нд 1 000 000 төгрөг бүгд 16 600 000 төгрөг

Ийнхүү ***, *** нар нь надтай ах дүүгийн холбоотойгоо болон миний итгэмтгий байдлыг ашиглан урдаас сайтар төлөвлөн заль зохиож надад бүгд 63 685 000 төгрөгийн хохирол учруулж намайг орон гэргүй гудамжинд гаргаад байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд миний бие нэхэмжлэлийн шаардлагаас 10 сая төгрөгийг хасч нийт 53 685 000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч *** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би төрсөн ахаасаа хувийн хэрэгцээндээ 16 600 000 төгрөг зээлж авсан нь үнэн. Бид хоорондоо бичгийн гэрээ хэлцэл хийгээгүй. Зээлсэн мөнгөнөөсөө 2012-2014 онд 5 675 251 төгрөг буцааж төлсөн. Барилгын материал буюу төмрийг ах өөрийн мөнгөөр авч ирсэн, замын зардлыг нь зөвшөөрч байна. Гэвч тэр төмөрүүд нь таарахгүй байсан тул буцаагаад ачаад явсан. С-1 төмөр 2 000 000 төгрөгөөр, боолт төмрүүд 290 000 төгрөгөөр авсан зөвшөөрч байна. Алтан бөгж нь надад байгаа өгнө, бусад шаардлага нь нотлогдохгүй байгаа тул зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч ***шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2009 онд Дархан-Уул аймгийн Захиргаан дээр шалгаруулалт явагдаж, аймгийн Засаг даргын захирамж гарч, улмаар мэргэжлийн байгууллагуудын зохих дүгнэлтүүд гарч мансардны барилга барих ажил эхлүүлсэн юм. Барилгыг өөрсдийн хөрөнгөөр барьж эхлүүлэн, явцын дунд мөнгө төгрөг дутагдахад 16,6 сая төгрөг төрсөн дүү ***д зээлсэн байдаг. Энэ нь төрсөн ах дүү хоёрын хооронд зээлсэн мөнгө юм. Харин барилга барих талаар хамтарч ажиллан хөрөнгө оруулах талаар бидний хооронд ямар нэгэн тохиролцоо байхгүй. Энэ талаар нотлох баримт байхгүй. Иймд би энэ хэргийн хариуцагч биш гэж үзэж татгалзаж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***, ***нарт холбогдуулан 63 685 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 53 685 000 төгрөг нэхэмжилжээ.

 

Хариуцагч нь би 16 600 000 төгрөг авсан нь үнэн 5 675 000 төлсөн үлдсэнийг нь төлнө, Эрээнээс авч ирсэн төмрийг авсан боловч буцаагаад ачуулсан тул зөвшөөрөхгүй, бэлнээр мөнгө авч байгаагүй тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хариуцагч *** нь нэхэмжлэгч ***ад нийт 5 675 000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч ***, хариуцагч ***, ***нар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дүгээр баг*** дугаар байрны *** давхар дээр мансардны орон сууц барихаар тохиролцсоны дагуу нэхэмжлэгч *** нь эд материал буюу барилгын төмөр, хавтан, электрод, цахилгааны кабель, мөнгийг шилжүүлж байсан болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хэдийгээр ажлын үр дүн буюу мансардны орон сууцыг барьж дуусгавар болгосон боловч хариуцагч ***, ***нар нь амаар тохиролцсон гэрээгээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч *** нь материалын үнэ, бэлнээр болон дансаар шилжүүлсэн нийт 63 685 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч *** нь шүүх хуралдаанд дансаар шилжүүлсэн 16 600 000 төгрөг болон Эрээнээс авч ирсэн төмөр, төмрийг ачуулахад гарсан зардал нийт 15 935 000 төгрөг, С-1 төмөр 2 000 000 төгрөгөөр, боолт төмрүүд 290 000 төгрөг, 1 сая төгрөгийн алтан бөгжийн авснаа хүлээн зөвшөөрч, үнийн тал дээр маргаагүй тул нийт 35 825 000 төгрөгнөөс ***ы шилжүүлсэн 5 675 000 төгрөгийг хасч үлдэх 30 150 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй.

 

Хариуцагч ***, ***нар нь төмрийг буцаагаад ачуулсан гэж маргаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч *** нь ***д бэлнээр 4 370 000 төгрөг, *** зээлсэн 1 сая төгрөг, 2010 оны 6-р сард кран өргөгчийн тросс, эд анги худалдан авч явуулахад зарцуулсан 250 000 төгрөг, лист төмрийн үнэ 570 000 төгрөг, ачуулсны хөлс 120 000 төгрөг, 3 фазын счетик, кабель худалдан авч татуулахад зарцуулсан 3 000 000 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага ...түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь *** 10 сая төгрөг зээлж өгсөн, үүнийг би төлөхөөр Баянзүрх дүүргийн шүүгчийн захирамж гарсан гэж нотлох баримт ирүүлсэн боловч энэ нь ***д хамааралгүй, хариуцагч ***, ***нар төлөх эрх зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл энэ мөнгийг авч хариуцагч нарт өгсөн гэж байгаа боловч энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч ***нь энэ нэхэмжлэл нь ах дүү хоёрын хоорондох зээлтэй холбоотой тул миний бие хариуцах үндэслэлгүй гэж маргаж байгаа боловч зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар мансардны орон сууц барих зорилгоор нэхэмжлэгчээс эд материал, мөнгө авч байсан тогтоогдож байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч ***, ***нараас 30 150 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ***ад олгож, 33 535 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 476375 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 308700 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА