Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 135/ШШ2016/00417

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 
Хэргийн индекс: 135/2016/00138/И
 
 
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
 
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Дархан сум *** дүгээр баг *** дугаар хороолол ***-р байрны *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, *** овогт *** нэхэмжлэлтэй
 
Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум ***-р баг ***-р хороолол ***-р байрны 57 тоотод оршин суух, регистрийн дугаар ***, *** овогт *** холбогдох
 
22 357 900 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
 
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, хариуцагч ***, нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг нар оролцов.
 
ТОДОРХОЙЛОХ нь:
 
Нэхэмжлэгч ***шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр өөрийн нэр дээр 10 000 000 төгрөгийн цалингийн зээл авч ***өгсөн. Учир нь тухайн үед ***нь ажил, гэр дээр ирж цалингийн зээл авч өгөөч *******аймагт цэцэрлэгийн барилгын тендер авсан нэг тэрбумын санхүүжилттэй удахгүй нэг сарын дараа урьдчилгаа санхүүжилт орж ирэх үед буцаагаад өгнө гэж гуйж шалаад байсан учир арга буюу 10 000 000 төгрөг түүнд зээлсэн. Тухайн үед зээл аваад хүүгүй өгч банкны төлөлтийг ***төлөхөөр тохиролцсон боловч амласан ёсоороо 1 сарын дараа зээлж авсан мөнгөө ч өгөхгүй банкны төлөлтийг төлөхгүй алга болсон. Миний зүгээс ***итгэх итгэлгүй болсон учир зээлийн гэрээ байгуулсан тухайн үед удахгүй өгнө жоохон хугацаа өгөөч гэж гуйсан учир зээлийн гэрээг 3 жилээр хийсэн. Одоо 1 жил 5 сар болж байгаа боловч хүүгээ өгөхгүй удаа дараа зөрчиж мөнгөө нэхэх үед уурлаж уцаарлах, утсаа авахгүй хэдэн сараар алга болдог болсон. Иймээс миний бие цаашид энэ хүнийг хүлээгээд хохирох хүсэлгүй байгаа тул зээлийн гэрээний 3 дугаар заалт болох Зээлдэгч сар бүр төлөх төлбөрийн хугацааг 1 ба түүнээс дээш удаа хэтрүүлсэн тохиолдолд зээлдүүлэгч нь зээлийн гэрээг дуусгавар болгож, үндсэн зээлийг хугацаанаас нь өмнө төлөхийг шаардах эрхтэй гэж заасны дагуу *** үндсэн зээл 10 000 000 төгрөг, түүний хүү 3 580 000 төгрөг, алданги 8 777 900 төгрөг нийтт 22 357 900 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
 
Нэхэмжлэгч ***, түүний өмгөөлөгч *** нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Банкны зээлийн гэрээ байгуулсан өдөр болох 2014.08.14-ний өдрөөс 2016.01.02-ны өдрийг хүртэл банкинд нийт 6 120 000 төгрөг төлсөн байдаг. Үүнээс хариуцагч *** нарын надад төлсөн зээл, зээлийн хүүнд өгсөн 2900.000 төгрөг байдаг. Нарийн тооцвол уг 2900.000 төгрөгөөс зээлийн хүүд 1 264 933,61 төгрөг, үндсэн зээлээс 1 635 066,39 төгрөг, үндсэн зээлээс хариуцагчийн төлсөн мөнгийг хасаад 10 000 000 1 635 066,39=8 364 933.61 төгрөг үлдсэн тооцоотой байна. Иймээс хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл болох 8 364 933,61 төгрөг, үүн дээр гэрээний дагуу алданги 5 000 000 төгрөг нийтдээ 13 364 933,61 төгрөг нэхэмжилж байна гэв.
 
Хариуцагч ***шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч ***ээс зээлийн гэрээний дагуу 10 сая төгрөг авсан. Гэхдээ эргэн төлөлтийг банкны зээлийн гэрээний дагуу төлөхөөр тохиролцсон. Хугацаа хэтрүүлсэн тохиолдол байгаа. Дансаар нийт 4 845 800 төгрөг төлсөн. Банкны зээлийн гэрээг дуусгаад үлдсэн мөнгийг нь хаахаар ярилцсан. Одоо банкны үлдэгдэл нь 5340,000 төгрөг байгаа. Би ойрын хугацаанд хаах болно гэв.
 
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
 
ҮНДЭСЛЭХ нь:
 
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
 
Нэхэмжлэгч ***нь хариуцагч ***холбогдуулан 22357900 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж үндсэн зээл 8364933,61 төгрөг, алданги 5000.000 төгрөг нийт 13364933,61 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
 
Хариуцагч ***нь бид банкны зээлийн гэрээний дагуу төлөхөөр тохиролцсон тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.
 
Нэхэмжлэгч ***, хариуцагч ***нар нь харилцан тохиролцож 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 10 000 000 төгрөгийг, 3 жилийн хугацаатай, сарын 1,5 хувийн хүүтэй зээлдүүлэх, гэрээнд заасан хугацаанд зээлийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувиар бодож алданги төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. / хх-ийн 4/
 
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө .....шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 232 дугаар зүйлийн 232.6-д хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
 
Хариуцагч нь дээрхи зээлийн гэрээний дагуу 2900.000+1945800 = 4845800 төгрөг төлсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан ХААН банк, Төрийн банкны дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.
 
Иймд хариуцагч *** нэхэмжлэлийн шаардлага 13 364 933.61 төгрөгнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баримтаар нотлогдсон 1 945 800 төгрөгийг хасч үлдэх 11 419 133,61 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***т олгож, 10 938 766,39 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
 
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч *** 11 419 133,61 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***т олгож, 10 938 766,39 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 269740 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** 179656
төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
 
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА