| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2015/00009/И |
| Дугаар | 135/ШШ2016/00412 |
| Огноо | 2016-03-09 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 135/ШШ2016/00412
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/00009/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дүгээр баг *** тоотод оршин суух *** овгийн *** /РД: ***, утас: ***/-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймгийн *** холбогдох
Ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлт, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
*** нь Аймгийн ЗДТГ-ын 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн *** тоот тушаалаар аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Мэдээлэл технологийн албанд компьтютер, техник хангамж, сүлжээ, бичиг баримт хариуцсан ажилтнаар анх томилогдон ажиллаж байсан бөгөөд халагдах хүртэл хугацаанд ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж арга хэмжээ авагдаж байгаагүй.
Гэтэл 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч *** дарга уулзаад чамайг Боловсрол соёлын газрын ажилтантай сэлгүүлэн ажиллуулахаар болсон гэхэд нь яагаад гэхэд хэлтсийн дарга нараас санал авахад чамайг ур чадвараар тэнцэхгүй гэсэн тул сэлгүүлэн ажиллуулахаар болсон гэсэн гэж хэлсэн. Тэгээд тус өдрөө б/81 тоот тушаал гаргасныг авахад тус тушаалд Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 заалт буюу харилцан тохиролцсоноор хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай заалтыг баримталсан байсан. Аймгийн ******* *** хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа харилцан зөвшилцсэн зүйлгүй, мөн Засаг даргын дэргэдэх харьяа агентлагт ТҮ-р цалинжиж ажиллаж байгаа ажилтаныг сэлгүүлэн ажиллуулах тухай заалт байхгүй. ТЗ-ны төрийн жинхэнэ албан хаагч нарыг сэлгүүлэн ажиллуулах тухай байж болно. Мөн энэ тушаалыг гаргаж байх үед *** нь төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг төрийн албаны хуульд болон Засгийн газрын 62 тоот тогтоолын дагуу гүйцэтгээгүй байсан тул гаргасан тушаал нь хүчинтэй бус гэж үзэж байгаа. Хэрэв төрийн жинхэнэ албан хаагчийг түр орлон гүйцэтгэх журмаар бол ЗДТГ-ын даргыг чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай тухайн байгууллагын зохион байгууллатын бүтцийн нэгжийн дарга орлох ёстой байдаг. Гэтэл төрийн албан хаагчийн шалгалт өгөөгүй, энэ журмыг зөрчиж үүрэг гүйцэтгэж байсан тул *** даргын гаргасан тушаал нь хууль бус. *** ажиллаж байх хугацаанд сахилгын зөрчил гаргаж байгаагүй энэ талаар баримтгүй болно. Мөн тайлбартаа мэргэжлийн хувьд ажилдаа тэнцэхгүй гэж байна. Гэтэл энэ талаар хэлэлцсэн болон тэнцэхгүй талаархи нотлох баримт байхгүй. Иймд *** тоот тушаал хууль бус тул *** аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Мэдээлэл технологийн албанд компьтютер, техник хангамж сүлжээ, бичиг баримт хариуцсан ажилтанаар эгүүлэн томилж, ажилгүй байсан хугцааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт зохих бичилтийг хийлгэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 05 дугаар тогтоолоор Засаг даргын дэргэд Мэдээлэл, технологийн албыг байгуулж, нэгдүгээр хавсралтаар тус албаны дүрэм, орон тоо, цалингийн санг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсан.
Мэдээлэл тенхологийн албаны дүрэмд заасны дагуу тус алба нь аймгийн ИТХ, Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт ажлаа тайлагнахаар /дүрмийн 1.3/ заасан ба Засаг даргын Тамгын газрын дарга батлагдсан бүтэц, орон тооны хязгаарт багтаан албан хаагчдыг томилж, чөлөөлөх бөгөөд тэдгээртэй үр дүнгийн гэрээ байгуулж ажиллахаар /дүрмийн 2.3/ заасан.
*** нь Мэдээлэл технологийн албаны Техник хангамж сүлжээ, бичиг баримт хариуцсан мэргэжилтнээр 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/32 дугаар тушаалаар томилогдсон. *** нь ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу төрийн байгууллагын нэгдсэн сүлжээг өргөтгөх, вэб сайт боловсруулах, компьютер техник хангамжийн ажиллагааг хариуцаж, хэрэглээг зохицуулах, бичиг баримт, сургалт судалгаа явуулах, хурлын заал, албаны бүхий л эд хөрөнгө хариуцах /нярав/.
*** талаар удаа дараа санал, гомдол ирж байсан, тухайлбал даваа гараг бүр зохион байгуулагддаг шуурхай хуралдааны үеэр өгсөн үүрэг даалгаварыг биелүүлдэггүй болон интернет, дотоод сүлжээ байнга доголддог талаар гомдол гаргадаг байсан. 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн болон агентлагийн дарга нараас интернетийн үйлчилгээ, засварын талаар санал авахад 11 хүнээс 9 хүн нь хангалтгүй гэсэн үнэлгээ өгсөн. Иймд ажилаас халахгүй өөр ажил албан тушаалд сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн. 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Мэдээлэл технологийн албаны мэргэжилтэн *** дуудаж уулзсан ба дээрх шийдвэрээ танилцуулсан. *** нь дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн тул ажилаас халах тухай Б/81 дүгээр тушаалыг мөн өдөр гаргасан. Тушаалд Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэхь заалт буюу талууд харилцан тохиролцсон гэснийг үндэслэсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг үндэслэх шаардлагагүй, талууд харилцан тохиролцсон тул *** тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Би *** хамааралтай бүх тушаал дээр гарын үсэг зурж хамаарч ажиллаж байсан. 2015 оны 11 дүгээр сарын 11-нд би ажилд томилогдсон тэр үед *** анх танилцаж байсан. Ажил үүргийн хувьд чадамжгүй, компьютер холбоод өг гэхэд за гэж хэлээд алга болсон. *** нь 1 сарын хугацаанд миний компьютерийг интернет, принтертэй холбож өгөөгүй. 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ажилчдаасаа санал хүсэлт авсан үүнд 9 хүн ***г ажлаа хангалтгүй хийж байгаа гэж мэдэгдсэн. ***д өөрөө ажил хий гэж хэлэхэд за гэж хэлээд алга болдог. Би ***д чамайг ажилгүй үлдээж байхаар өөр газар шилжүүлж ажиллуулъя гэж хэлсэн. *** өөрийн хүсэлтээр ажлаас гарна гэж тохирсон. Эхний тушаал дээр сэлгэн ажиллуулах тухай юм бичигдээгүй байна. Та Боловсрол соёлын газар шилжүүлж ажиллуул гэж тушаал дээрээ заагаад өгөөч гэж хэлсэн учир дахин тушаал гаргасан юм. Тушаал дээр Боловсрол соёлын газар ажиллахыг *** зөвшөөрсөн тул би тэр тушаалыг гаргасан. Удалгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. *** ажлаа хийх чадамжгүй, 2 удаа тушаал гаргасан нь үнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэв нэхэмжлэгч эвлэрнэ гэвэл ажлын байраар хангах боломжтой, гэхдээ энэ ажил дээр нь авахгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.*** нь Дархан-Уул аймгийн *******т холбогдуулан Ажилаас үндэслэлгүй халагдсан, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дараахь байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Л.*** нь Аймгийн ЗДТГ-ын 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн б/32 тоот тушаалаар аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Мэдээлэл технологийн албанд компьтютер, техник хангамж сүлжээ, бичиг баримт хариуцсан ажилтнаар анх томилогдон ажиллаж байсан буюу Хөдөлмөрийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар байнгын ажлын байранд ажиллаж байсан ажилтан байна.
Хариуцагч ажил олгогч Дархан-Уул аймгийн ЗДТГазрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ***нь Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн *** тоот тушаалаар батлагдсан Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журам-ын 2.6-д зааснаар Аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсүүдийн дарга, мэргэжилтнүүдийг томилж чөлөөлөх эрх хэмжээний хүрээнд ажилтан Л.***г аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Мэдээлэл технологийн албаны компьтютер, техник хангамж сүлжээ, бичиг баримт хариуцсан ажилтны албан тушаалаас Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан ... талууд тохиролцсон ... гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хариуцагч Дархан-Уул аймгийн *******, түүний төлөөлөгч ажилтан Л.***тай харилцан тохиролцож ажлаас чөлөөлөн аймгийн Боловсрол соёлын газарт сэлгүүлэн ажиллуулсан гэх талаархи буюу татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд тайлбарлахдаа энэ талаархи нотлох баримтгүй гэж байгаа болно.
Мөн б/81 тоот тушаалд нэхэмжлэгч Л.***тай харилцан тохиролцсоны үндсэн дээр ажлаас чөлөөлсөн гэж дурдсан атлаа шүүх хуралдаанд ... хэлтэс, тасгийн дарга нараас санал авахад ур чадвараар тэнцэхгүй гэсэн санал ирүүлсэн, ажлын байрны хүрээнд хийвэл зохих ажлыг бүрэн хийдэггүй, техникийн бүрэн байдлыг хангадагүй тул тушаалыг дангаараа гаргаагүй, Хууль зүйн хэлтэс болон аймгийн БСГазрын даргатай зөвшилцсөн ... гэж тайлбарлаж байгаа боловч мөн энэ талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгч Л.*** нь Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Мэдээлэл технологийн албанд компьтютер, техник хангамж сүлжээ, бичиг баримт хариуцсан ажилтны хувьд ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заагдсан ажлын байрны үндсэн зорилтын хүрээнд хийгдэх ажлыг зохих шалгуурын дагуу гүйцэтгээгүй эсэх, мөн ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан эсэх талаар шууд харьяалан ажиллах хэлтэс, албаны хуралдаанаар хэлэлцсэн эсэх, энэ талаар гарсан зөрчилд зохих арга хэмжээ авсан талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгч Л.***г ажлын шаардлага, хэлтэс, агентлагийн дарга нарын хүрээнд ажлын байрыг өөрчлөн Аймгийн Боловсрол соёлын газарт сэлгэн ажиллуулж байгаа бол Дархан-Уул аймаг дахь Засаг даргын дэргэдэх агентлаг, Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дэргэдэх хэлтэс, албаны ажилтаныг шилжүүлэн ажиллуулах эрх хэмжээ Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын даргад хуулиар болон хөдөлмөрийн дотооод журмаар олгогдоогүй байна.
***нь ажилтан Л.***г ажлаас чөлөөлөх үедээ Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч байсан бөгөөд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн б/46 тоот *** ажилд түр томилох тухай захирамжид Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 35 тоот тушаалаар батлагдсан Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журам, Засгийн газрын 2011 оны Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх тухай 62 тоот тогтоолд заасан ... эрх бүхий албан тушаалтан төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагчийн хэрэгжүүлэх эрх хэмжээг тусгайлан зааж болно ... гэсний дагуу түр орлон гүйцэтгэгчийн эрх үүргийг хязгаарлаагүй тул үүрэг гүйцэтгэгч байхдаа ажилтныг ажлаас чөлөөлсөн гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Мөн түүнийг Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн б/46 тоот захирамж Төрийн албаны хуулийн 21 дүгээр зүйл, Засгийн газрын 62 дугаар тогтоолыг зөрчиж гарсан тул түүний ажилтныг чөлөөлсөн тушаал хууль бус гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгаа боловч Дархан-Уул аймгийн Засаг даргын б/46 тоот захирамж хууль бус, *** хууль бусаар томилсон гэх талаар зохих байгууллага шалган тогтоогоогүй, захирамж хүчин төгөлдөр байх тул энэ талаархи тайлбар үндэслэлгүй байна.
Иймд ажилтан Л.***тай харилцан тохиролцоогүй атлаа өөр ажил албан тушаалд ажиллах болсон гэсэн үндэслэлээр түүнийг Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Мэдээлэл технологийн албаны компьтютер, теник хангамж сүлжээ, бичиг баримт хариуцсан ажилтнаас чөлөөлсөн, энэ талаархи нотлох баримтгүй, мөн шүүх хуралдаанд тайлбарласнаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь зохих эрх бүхий байгууллагаас тогтоогдсон эсэх нь нотлогдоогүй, Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн б/81 тоот Л.***г ажлаас чөлөөлөх тухай тушаал 2 байгаа, аль нь хүчинтэй эсэх нь тодорхойгүй байх тул *** Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Мэдээлэл технологийн албаны компьтютер, техник хангамж сүлжээ, бичиг баримт хариуцсан ажилтны албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 09 хүртэлхи хугацааны цалинг Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас гаргуулан олгож, олговол зохих цалингаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын санд нэг удаа шимтгэлийг тооцон авч төвлөрүүлэн, бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар *** Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Мэдээлэл технологийн албаны компьтютер, техник хангамж сүлжээ, бичиг баримт хариуцсан ажилтны албан тушаалд эгүүлэн томилсугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацаа буюу 2015 оны 12 дугаар сарын 11-нээс 2016 оны 03 дугаар сарын 09-нийг хүртэлхи хугацааны цалин 1,554,745 төгрөгийг Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулж ажилтан нэхэмжлэгч Л.***д олгосугай.
3.Л.***гийн ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож даатгуулагчийн ажилдаа эргэж орсоноос хойш хуульд заасан хугацаанд нэг удаа даатгалын зохих санд төвлөрүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилтыг хийх учрыг хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгасугай.
4.Нэхэмжлэгч Л.*** нь Улсын тэмдэгтийн хураамжын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас тэмдэгийн хураамж 70,200 төгрөг гаргуулан төрийн сангийн орлого болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ