Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол

2016 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 135/ШШ2016/00405

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 
Хэргийн индекс:135/2015/01116/И
 
Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Д.Оюундарь, М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ***-р хороо, *** тоотод оршин суух *** овогт *** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* **-р баг, *** хороолол, *** байр *** тоотод оршин суух *** овогт *** холбогдох
Гэм хорын хохирол 4,420,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч *** итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч ***ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, иргэдийн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
 
Нэхэмжлэгч ***, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ *** миний бие 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Франц улсаас Тоёота приус 20 маркийн автомашиныг Алтанбулагийн хилээр өөрөө жолоодон оруулж ирсэн юм. 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 16 цаг 30 минутын үед Дархан-уул аймгаар дайран өнгөрөхдөө *******ын 5-р багийн нутаг дэвсгэр болох Ус суваг ХХК-ийн баруун талын дөрвөн замын орчим төв замаар Шинэ Дарханы зүгт 30км/цаг хурдтай явж байтал хариуцагч *** нь туслах замаар төв замруу эргэхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 12.10-т заасныг зөрчиж миний унаж явсан автомашиныг мөргөж осол гаргасан. *** нь автомашинд учирсан хохиролыг төлнө гэсэн боловч одоо болтол хохиролыг төлөхгүй байна. ...*** буруутай үйлдлийн улмаас миний машины копут чихэгдсэн, урд буфер хагарч бутарсан, баруун урд крыло нугарч чихэгдсэн, баруун урд гэрэл хагарсан, усны радиотар хагарсан, буферийн дотор төмөр, хөөсөнцөр хугарсан, улсын дугаарын суурь хугарсан, буферийн сетка комоороо хагарсан, буферийн тогтоогч зам хугарсан, буферийн нэмэлт гэрэл хагарсан, баруун урд лонжром гулзайсан, зүүн урд лонжром гулзайсан, урд карказ гажсан, усны савний чих хугарсан, зүүн урд шанаа нугарч хонхойсон, баруун урд шанаа хонхойж тахийсан. Энэ бүх хохирол хохирол үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхэд 3,061,000 төгрөгөөр үнэлсэн. Эвдэрсэн автомашиныг Улаанбаатар хотод тээвэрлэн аваачиж эвдэрсэн эд ангиудыг ECCO ХХК-ийн Jexus кузов засварын газраас худалдан авч засвар үйлчилгээ хийлгэхэд дээрх үнэлгээнээс илүү зардал гарч нийт зардал 4,420,000 төгрөгийн бодит зардал гарсан юм. ... Автотээврийн төвөөс гаргасан лавлагаагаар осол болох цаг хугацаанд Батболдын жолоодож явсан *** улсын дугаартай автомашин нь ***ХХК-ийн эзэмшилд байсан учир энэ гэм хорын хохиролыг хамтран хариуцах ёстой гэж үзэж байна. Иймээс ***ХХК, *** нараас автомашинд учирсан бодит хохирол болох 4,420,000 төгрөгийг нэхэмжилж байна, өөр бусад зардлаа бид нэхэмжлээгүй. гэжээ.
Хариуцагч ***, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа *** миний бие 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 16 цаг 30 минутын орчимд ажлаа тараад гэр рүүгээ орох гэж Ус сувгийн зүүн талын уулзвар руу ортол Шинэ Дарханаас Биржийн чиглэлд явж байсан приус маркийн автомашин хурдтай ирж зогсох арга хэмжээ авалгүй мөргөсөн. Үүний улмаас миний машинд мөн эвдрэл үүссэн. ... Нэхэмжлэгч *** нь Ашид билгүүн компанийн үнэлгээг эс зөвшөөрч Улаанбаатар хотын Приус засварын газруудад байгаа сэлбэгийн үнээс өндрөөр үнэлсэн тул миний бие 4,420,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрөхгүй. ... Нэхэмжлэлийн шаардлагаас 3,061,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Гэхдээ тухайн осол болох үед Батболдын жолоодож явсан автомашин нь ***ХХК-ийн нэр дээр шилжсэн байсан учир гэм хорын хохиролыг ***ХХК хариуцах үндэслэл байгаа гэж үзэж байна. гэжээ.
Хариуцагч ***ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... хариуцагч *** нь 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр *** улсын дугаартай тоёота гранд марк-2 суудлын авто машины гэрчилгээг манай байгууллагын нэр дээр шилжүүлж, автомашинаа унаж явахаар барьцаалж 2 сая төгрөгийг 6 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлдэгч *** нь зээлээ хугацаанд нь төлөхгүй хугацаа хэтрүүлж улмаар 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 2,367,400 төгрөгийг төлж зээлийн гэрээгээ хааж машинаа өөрийн нэр дээр буцаан шилжүүлэн авсан. ***ХХК-ийн ***той байгуулсан гэрээний 2.1.1-д зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн автомашиныг зээлдэгч энэхүү гэрээний хугацаанд ашиглаж болохоор заасан. Иймээс 2015 оны 09 дүгээр сарын 05-ны осол болсон өдөр тухайн автомашин нь зээлийн гэрээний дагуу ***ын эзэмшилд байсан бөгөөд ***ХХК нь гэм хорын хохиролыг хариуцах үндэслэлгүй, манай байгууллага энэ хэрэгт огт хамааралгүй гэж үзэж байна. Иймд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
 
ҮНДЭСЛЭХ нь:
 
Нэхэмжлэгч *** нь хариуцагч *** болон ***ХХК-нд холбогдуулан өөрийн эзэмшлийн автомашинд учруулсан эвдрэл, гэмтэл гэм хорын хохиролд нийт 4,420,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбоотой үйл баримтыг тодруулбал, хариуцагч *** нь Тоёота марк-2 *** улсын дугаартай автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ буюу 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн *******ын 8 дугаар багийн нутаг дэвсгэр, Ус суваг ХХК-ийн 4-н замын уулзвар дээр Замын хөдөлгөөний дүрмийн 12.10 Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөнөөс ***гийн эзэмшлийн Тоёота приус-20 маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан байна.
Зам тээврийн осол гарч, хариуцагч ***ын буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч ***гийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд эвдрэл, хохирол үүссэн нь мөрдөн байцаалт, прокурорын шатанд тогтоогдсон гэж үзсэн боловч уг зам тээврийн ослын улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл, эд хөрөнгөнд үлэмж хэмжээний хохирол учраагүй үндэслэлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1241 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна.
Хариуцагч нар нь ийнхүү зам тээврийн осол гарсан талаар болон ***гийн автомашинд эвдрэл, гэмтэл үүсгэсэн үйл баримтын талаар маргадаггүй боловч хохиролын хэмжээ, энэ хохиролыг хариуцах этгээд нь хэн байх талаар маргажээ.
Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... гэм хорын улмаас учирсан хохирол 4,420,000 төгрөгийг гэм хор учруулсан этгээд *** болон тухайн үед тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан ***ХХК-аас нэхэмжилж байна ... гэж, хариуцагч ***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ... тухайн үед тээврийн хэрэгсэл ***ХХК-ийн нэр дээр шилжсэн байсан учир *** хариуцах үндэслэлгүй ... , ***ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ... зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн автомашиныг зээлдэгч энэхүү гэрээний хугацаанд ашиглаж болохоор заасан, 2015 оны 09 дүгээр сарын 05-ны осол болсон өдөр тухайн автомашин нь зээлийн гэрээний дагуу ***ын эзэмшилд байсан бөгөөд ***ХХК нь гэм хорын хохиролыг хариуцах үндэслэлгүй, манай байгууллага энэ хэрэгт огт хамааралгүй ... гэж маргажээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээрээ гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч *** нь болгоомжгүй үйлдлээрээ нэхэмжлэгчийн авто машинд учруулсан хохиролыг бүрэн хариуцах ба мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1. дэх хэсэгт зааснаар хохиролыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагаас авто машинд учирсан бодит хохирол эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон 3,061,000 төгрөгийг хариуцагч ***оос гаргуулж, нэхэмжлэгч ***д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Учир нь нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг бөгөөд нэхэмжлэгч ***ас машины эд анги худалдаж авсан гэх зарлагын баримтуудад хүлээн авагчийн гарын үсэг, худалдан авагчийн нэр бичигдээгүй тул энэ хэрэгт хамааралтай баримт гэж үзэх боломжгүй, тухайн автомашины эд ангийг худалдаж авсан баримт мөн эсэх нь тодорхойгүй байна.
Харин шүүхийн шатанд ослын улмаас үүссэн эвдрэл, хохиролын зах зээлийн үнэлгээг тогтоосон хөрөнгө үнэлгээний эрх бүхий этгээдийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэж нэхэмжлэгчид учирсан бодит хохиролын хэмжээг тодорхойлох нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хариуцагч *** нь ***ХХК-тай 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж 2 сая төгрөгийг 1 сарын хугацаатай зээлж авч, үүргийн гүйцэтгэлд *** улсын дугаартай тоёота марк-2 автомашинаа барьцаалж, автомашины эзэмших эрхийг зээлдэгчийн нэр дээр шилжүүлжээ. Хариуцагч *** нь гэрээгээр хүлээсэн үүргээ 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр биелүүлж, зээлээ хаасан байна.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар зээлдэгч нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг буцаан өгөх үүргийг хүлээдэг ба мөн хуулийн 235.4-д зааснаар шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авснаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болдог.
Нөгөө талаар Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д зааснаар тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр өмчлөх эрх үүсэхээр заасан ба дээрх тохиолдолд хариуцагч ***ХХК нь автомашиныг шилжүүлэн авахгүйгээр зөвхөн үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүднээс автомашины эзэмших эрхийг өөрийн дээр шилжүүлэн авсан байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар нэхэмжлэгч ***д учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэг ***ХХК-нд үүсэхгүй гэж үзэж холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 87,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***оос нэхэмжлэлийн хангасан дүн болох 3,061,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ***оос 3,061,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ***д олгож, *** ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 85,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***оос тэмдэгтийн хураамж 63,926 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
 
 
 
 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
 
ШҮҮГЧ Ц.ОЮУНДАРЬ
М.ОЮУНЦЭЦЭГ