| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2015/01311/И |
| Дугаар | 135/ШШ2016/00403 |
| Огноо | 2016-03-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 135/ШШ2016/00403
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2015/01311/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, *** дугаар баг, *** дүгээр гудамжны *** тоотод оршин суух, *** овогт *** /регистрийн дугаар ***, утас ***/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, *******, *** дүгээр баг, *** дугаар хороолол, бурхант *** дугаар гудамжны *** тоотод оршин суух, *** овогт *** /регистрийн дугаар ***, утас ***/-д холбогдох ,
26,320,000 төгрөг гаргуулах тухай
үлдэгдэл төлбөр 13,776,335 төгрөг гаргуулах, төлбөр төлөгдөж мөшиныг нэр дээр нь шилжүүлэх хүртэл уг авточ машиыг битүүмжлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, хариуцагч ***, хариуцагчийн өмгөөлөгч ***, гэрч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Банзрагч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...миний бие *** нь 2005 онд Орхон аймгийн нефть хангамжийн салбар Петровис ХХК-д жолоочоор ажиллаж байсан ба 2015 оны эхээр ажлаас гарсан юм. Тухайн компанид ажиллаж байхдаа хамт ажилдаг жолооч нараас Дарханы нефть хангамжийн салбарын захирал ***д түлш зөөдөг автошистери байгаа тухай сонсоод уг машиныг би сонирхсон юм. Тэгээд би ***той 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр харилцан тохиролцсон болно. *** машинаа 40,000,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд надад ийм их хэмжээний мөнгө байхгүй байсан тул эхлээд 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 15,120,000 төгрөгийг, 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 2,000,000 төгрөгийг нийт 17,120,000 төгрөгийг Дархан нефть хангамжийн салбарын захирал ***д дансаар нь шилжүүлсэн болно.
Орхон НХС-ийн Петровис ХХК-д тээвэр хийж ажлын хөлсөөрөө үлдэгдэл мөнгийг төлөхөөр харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ хийсэн юм. Дархан НХС-ын Петровис ХХК-д 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Сэлэнгийн сумуудаар тээвэрт явсан юм.
Анх түлш зөөдөг автошистерийг худалдаж авчихаад анхны тээвэрлэлтээр Хөвсгөлийн Мөрөн сумаас ачаагаа буулгаж яваад Орхон аймаг руу явж байтал машины маань тахир гол нь гэнэт хугарч Булган аймгаас Орхон НХС Петровис ХХК-ий Норд гэдэг машинаар чирүүлж авчирсан юм.
...Тэгээд би өөрийнхөө мөнгөөр Улаанбаатар хотын Өгөөмөр захаас шинээр мотор 9,200,000 төгрөгөөр авч тавьсан.
Иймд Дархан Нефть хангамжийн салбарын захирал ***гоос дансаар шилжүүлсэн 17,120,000 төгрөг, машинд нь мотор авч тавьсан 9,200,000 төгрөг нийт 26,320,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч *** нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
...машины мөнгө гүйцэт төлсөн нөхцөлд нэр шилжүүлнэ гэж тохирсон бөгөөд НИК ХХК нь хувь хүний эзэмшлийн машинд гэрээ хийдэггүй зөвхөн байгууллагын эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй гэрээ хийдэг учир Урансайжрах ХХК-ий нэр дээр бүртгүүлсэн байсан. НИК ХХК нь шатахууны борлуулалт буурсан учир гадны тээврийн хэрэгсэл явуулахыг хориглосон шийдвэр гаргасан тул ачаанд явуулахыг хориглосон.
Машины эвдрэл нь тухайн жолоочийн ур чадвараас хамаардаг ба нэгэнт хүлээж аваад ажил гүйцэтгэж байхад эвдэрсэн тохиолдлыг хүлээн авах боломжгүй юм.
Анх энэ талаар эвдрэл гэмтлийн болон машинтай холбоотой ямар нэгэн асуудал гарахад *** өөрөө хариуцна надад ямар ч хамааралгүй гэж тохиролцсон болно. Машин анх аваад явахад нь түлшгүй, түлшний мөнгөгүй гэсэн учраас банкыг нь дүүргээд Эрдэнэт явуулсан. Цагдаагийн постоор гаргаад өгөөч гэхээр нь өөрийн жолоочоор бариулаад Хараагийн гүүр гаргаж өгсөн.
Уг нь мөнгөө нэхэж хүсэлт гаргах хүн нь би байтал ийм нэхэмжлэл гаргаж байгаад би гайхаж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.
Хариуцагч *** нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
...*** нь 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр жолооч Г.Баттулгатай хамт ирж уулзсан ба бид өмнө нь Орхон НХС-т хамт ажиллаж байсан юм. Миний хувийн эзэмшлийн 23 тн-ы даац бүхий ASIO маркийн *** улсын дугаар бүхий авто цистерныг худалдаж авъя гэхээр нь яг байгаа байдлаар нь бэлэн мөнгөөр нь 40 сая төгрөгөөр худалдана. Тээвэр хийх явцад нэг удаагийн ачилтаар тэр үеийн зах зээлийн үнээр 37-45 сая төгрөгийн шатахуун ачдаг ба хэрэв ямар нэгэн осол гэнэтийн зүйл тохиолдоход эрсдэл үүсч өндөр төлбөр торгууль төлөхөд хүрдэг. Тийм учраас төлбөрийг бүрэн төлөөд машинаа ав дараа нь маргаан гарвал хэцүү гэж хэлэхэд ямар ч асуудал болсон өөрөө хариуцна, одоо бүгдийг нь төлөх боломжгүй харин одоо бэлэн байгаа 20 сая төгрөгийг өгье үлдсэнийг нь 2 сарын дотор төлнө гээд гуйгаад байхаар нь зөвшөөрөөд төлбөр төлөгдөж дуусмагц бичиг баримтыг нэр дээр нь шилжүүлэхээр амаар тохиролцон машиныг хүлээлгэн төлсөн болно. Хүлээлгэн өгөхдөө уг машинд их засвар хийж мотор сольсон бүх накладыг сольж шинээр хадсан, техникийн үйлчилгээ хийгээд тавьсан байгаа сайн үзээрэй эргээд хариуцах асуудал байхгүй шүү гэхэд асааж унаж үзээд нум регсорыг нь харахад эдэлгээнд бага орсон гайгүй машин байна нэгэнт авсан бол би эвдэрсэн ч бүх асуудлаа өөрөө даана эргэж ярих зүйлгүй гэсэн.
...*** нь Орхонд очоод 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 15,120,000 төгрөг шилжүүлээд дутуу мөнгийг нэхэхэд манай эхнэр хүнд 5,000,000 төгрөгөө зээлээд авч чадахгүй байна удахгүй шилжүүлнэ гэсэн. Харин 120,000 төгрөг нь *** компорт зочид буудалд байна гэхээр нь уулзаагүй удсан юм жаахан ярьж сууя гэж бодоод очтол найзуудтайгаа байна мөнгөгүй боллоо мөнгө зээлээч гэж хэлэхээр нь өөрт байсан мөнгөө өгөөд ярилцах боломжгүй болохоор нь буцаж авсан бөгөөд энэ зээлсэн мөнгөө буцааж нэмж шилжүүлсэн байсан.
Сар гаран болоход эхлээд өгнө гэсэн мөнгөнөөс дутуу шилжүүлсэн 5 сая төгрөгөө шилжүүлэхгүй болохоор нь утсаар залгаад үлдэгдэл мөнгөө өгөхийг шаардахад хувийн тээвэр бага байна төлөх мөнгө алга харин НИК ХХК-тай гэрээ хийж өгөөд тээврийн хөлсийг бүтнээр нь машины үнэнд суутгаж ав гэсний дагуу компаний удирдлагуудтай уулзаж зөвшөөрүүлээд гэрээний нөхцлийг танилцуулсан. Үүнд: Гэрээг хувь хүнтэй хийхгүй зөвхөн компанитай гэрээ хийдэг, ачаа тээврийн болон жолоочийн хариуцлагын даатгал хийлгэх, үзлэг оношлогоонд бүрэн хамрагдсан , машинд байх галын багаж хэрэгсэл гэх мэт шаардлагууд тавьж байна. Эдгээрийг бүрдүүлбэл болох юм байна гэж хэлэхэд би мөнгө шилжүүлье гээд 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр эхнэрээрээ 2 сая төгрөг миний дансанд шилжүүлүүлсэн. Энэ мөнгөнөөс нь тэр өдөрт нь Монгол даатгал ХХК-тай ачаа тээврийн даатгал хийж 418,680 төгрөгийн хураамж төлсөн. Мөн жолоочийн хариуцлагын даатгал, татвар, үзлэг оношлогоонд мөнгө төлсөн. Мөн жолоочийн хариуцлагын даатгал даатгал, татвар үзлэг оношлогоонд мөнгө төлсөн. Бүх баримтуудыг машинд байнга авч явах шаардлагатай байдаг тул ***т эх хувиар нь өгсөн.
Баримтуудыг нь компани руу явуулж 2014 оны 09 дүгээр сарын 22-нд НИК ХХК, Урансайжрах ХХК-ий хооронд *** тоот Шатахуун тээвэрлэлтийн гэрээг байгуулсан. Сүүлд 2014 оны 10 дугаар сарын 24-нд *** тоот гэрээний дагуу бодогдсон хөлсийг Орхон НХС-аас Урансайжрах ХХК-ий дансаар 509,898 төгрөгийг шилжүүлж авсан. Үлдэгдэл мөнгийг өгөхийг шаардахад ажил олдохгүй хэцүү байна. Тээвэр хийж төлөхөөс өөр арга байхгүй гэхээр нь 2015 оны 01 сараас эхлэн өөрийн хариуцдаг Дархан НХС-т ачаа тээвэрт хэдий гэрээний хугацаа 2015 оны 02 дугаар сарын 01-нд дууссан ч гэсэн 07 сар хүртэл явуулсан.
...өөрийнх нь хүсэлтээр ямар нэгэн байгууллага хувь хүнтэй гэрээ хийн тээврийн хөлсийг авах замаар төлбөрийг барагдуулах боломжгүй болсон тул төлбөрийн үлдэгдэл болох 13,776,335 төгрөгийг хариуцагч ***аас гаргуулах хүсэлтэй байна.
...Уг машин нь одоо Урансайжрах ХХК-ий нэр дээр байгаа бөгөөд нэг удаагийн тээвэрлэлтээр өөрийн торхны багтаамж болох 23,260 литр шатахуун ачдаг. Ийм шатахууны нийт үнэ нь одоогийн ханшаар 35 сая орчим төгрөгийн үнэтэй болно. Хэрэв тээвэр хийж яваад зам тээврийн болон асгах галд өртөх зэрэг бусад нөхцөлөөр эрсдэлд орох, ачааг зориудаар дутаах зэргээр тээвэрлүүлэгчид хохирол гарвал эзэмшигч байгууллага холбогдох төлбөрийн үлдэгдэл бүрэн төлөгдөөгүй байхад худалдсан машины бүрэн бүтэн байдал алдагдах зэрэг эрсдлүүд байгаа тул уг машиныг битүүмжлүүлэх хүсэлтэй байна. гэжээ.
Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
...23 тнны АСIO маркийн *** улсын дугаартай автоцистер нь миний өмчлөлд шилжээгүй болно.
Машиныг хүлээлгэж өгөхдөө их засвар хийж мотор боосон бүх накладыг шинээр тавьсан гэдэг нь худлаа ба эвдэрсэн тохиолдолд өөрөө хариуцна, эргэж буцахгүй гэж ярьж байгаагүй юм.
...Миний шилжүүлсэн 2,000,000 төгрөгнөөс машины даатгал жолоочийн хариуцлагын даатгал, татвар, үзлэг оношлогооны мөнгийг төлсөн байдаг. Энэ бүхэн нь надад төлж байгаа юм биш өөрийнхөө өмчлөлийн тээврийн хэрэгсэлд хийж буй хөрөнгө оруулалт гэж бодож байна. Би тээвэрт яваад миний ажлын хөлсийг маань Урансайжрах ХХК-ий дансанд шилжүүлж авдаг байсан.
Би Зоригоод машинаа буцааж ав гэрчилгээ нь ч надад шилжээгүй байгаа юм чинь гэж хэлж байсан.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үүгэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** нь ...би эрхэлсэн ажилгүй болсон, энэ машины үлдэгдэл төлбөрийг төлөх надад ямар чадвар байхгүй байна. мөн энэ машины гэрчилгээ миний нэр дээр шилжүүлээгүй ч үгүй байгаа учир би дээрх машиныг худалдан авахаас татгалзаж, ***д машины үнэд өгсөн 17,120,000 төгрөгийг буцаан авах, машины мотор эвдэрсэн, шинэ мотор авч тавьсан бөгөөд моторын үнэ 9,200,000 төгрөгийг мөн гаргуулах, нийт 26,320,000 төгрөгийг ***гоос гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан болно.
Хариуцагч *** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, нэхэмжлэгчид холбогдуулан машины үлдэгдэл төлбөр 13,776,335 төгрөгийг гаргуулах, төлбөр төлөгдөж машиныг нэр дээр нь шилжүүлэх хүртэл уг автомашиныг битүүмжлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***гоос түлш зөөдөг авточистер машиныг 40,000,000 төгрөгөөр худалдаж авахаар 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр тохиролцож, ***гийн дансанд 2014 оны 07 дугаар сарын 29-ны өдөр 15,120,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 2000,000 төгрөгийг, нийт 17,120,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үлдэх төлбөрийг дээрх машинаар ажил хийж, ажлын хөлсөөр төлөхөөр тохиролцсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ, 263 дугаар зүйлийн 263.1-т хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах худалдан авах гэрээг бичгээр хийнэ, 263.4-т энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд худалдан авагч...гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө..., 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан гол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно гэж тус тус заасан байна.
Зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу дээрх авточистер машиныг нэхэмжлэгч ***ын өмчлөлд шилжүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа ба уг машины өмчлөгч нь Урансайжрах ХХК болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-11/-гээр нотлогдож байна.
Урансайжрах ХХК-ний нэрийн өмнөөс хариуцагч *** нь дээрх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч *** нь өгсөн зүйлээ буцаан шаардах эрхтэй болно.
Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***гоос 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 120,000 төгрөгийг зээлсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байх тул түүний машины үнэд өгсөн 17,120,000 төгрөгөөс 120,000 төгрөгийг хасаж, үлдэх 17,000,000 төгрөгийг ***гоос гаргуулан нэхэмжилэгчид олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч *** нь шүүх хуралдаан дээр ***д гэрээ байгуулахад нь 1 сая төгрөгийг өгсөн гэж тайлбарлаж байх боловч энэ талаар хэрэгт нотлох баримт байхгүй, энэ талаар шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч *** нь шинэ моторын үнэ 9,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн боловч уг мотор тавьсан машин нь Урансайжрах ХХК-ний өмчлөлийн машин тул хариуцагч ***гоос дээрх моторын үнийг гаргуулах хуульзүйн үндэслэл байхгүй болно.
Иймээс хариуцагч ***гийн гаргасан машины үлдэгдэл төлбөр 13,776,335 төгрөгийг гаргуулах, төлбөр төлөгдөж машиныг нэр дээр нь шилжүүлэх хүртэл уг автомашиныг битүүмжлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т зааснаар хариуцагч ***гоос 17,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***т олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага 9,320,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ***гийн гаргасан машины үлдэгдэл төлбөр 13,776,335 төгрөгийг гаргуулах, төлбөр төлөгдөж машиныг нэр дээр нь шилжүүлэх хүртэл уг автомашиныг битүүмжлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдаж, хариуцагч ***гоос улсын тэмдэгтийн хураамж 249,950 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 226,832 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА