Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 329

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

           улсын яллагч О.Пүрэвсүрэн,

            хохирогч О.Цогбадрах,

            шүүгдэгч Ч.Нэргүй, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

   Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчу овогт Чойжилсүрэнгийн Нэргүйд холбогдох 201726010718 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1956 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 61 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сангийн техникч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 11 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух хаягтай, 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 409 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Харчу овогт Чойжилсүрэнгийн Нэргүй /РД:УУ56100415/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ч.Нэргүй нь согтуурсан үедээ 2017 оны 3 дугаар сарын 27-ны орой 17:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 11 дүгээр гудамжны 2 тоот гэртээ иргэн О.Цогбадрахын толгойн тус газарт нэг удаа цохиж “дагзны хуйханд шарх” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын гаргасан хүсэлтийн дагуу дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судаллаа. Үүнд: 

Шүүгдэгч Ч.Нэргүйгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг

 

Хохирогч О.Цогбадрахын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Нэргүй ахаар хоол хийлгэх зорилгоор хоолны материал оруулж өгсөн. Би Нэргүй ахыг 2002 оноос хойш таньдаг, хуурай ах, дүү нар байсан. Хэрэг болсон өдөр би Нэргүй ахын гэрт 17 цагийн үед хоол хийсэн юм уу гээд орсон чинь Нэргүй ах орон дээрээ согтуу сууж байгаад миний шүд рүү шууд өшиглөөд авсан. Тэгээд би шүдээ дараад доошоо тонгойх үед миний толгой руу архины шилээр цохисон. Би мөрдөн байцаалтын шатанд 200.000 төгрөг нэхэмжилсэн. Харин Нэргүй ах надад 30.000 төгрөг өгсөн байгаа. Одоо 170.000 төгрөгөө Нэргүй ахаас нэхэмжилж байна ” гэсэн мэдүүлэг

 

Хавтаст хэргээс:

            Хохирогч О.Цогбадрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 27-ны өглөө 08 цаг өнгөрч байхад би гэрт байсан хярамцагийг аваад Нэргүй ахын гэрт нь ороод та хоол хийж бай, орж ирж иднэ шүү гэж хэлчихээд хярамцагаа үлдээчихээд би гэрээс нь гарсан. Тухайн үед Нэргүй ах Тулгаа гэх хүний хамт гэртээ эрүүл байдалтай байсан ба намайг хярамцаг оруулж өгөхөд хоол хийж байхаар болоод үлдсэн. Тухайн үед бид хоёр маргалдаж зодолдсон зүйл байхгүй сайхан л харьцаатай байсан. Тэгээд 17 цагийн үед гэрт нь ороод хоолоо хийгээгүй байгаа юм уу гэж хэлтэл Нэргүй үгийн зөрүүгүй шууд миний хамар луу өшиглөөд авсан ба хамраас цус гарахаар нь тонгойгоод хамраа дартал Нэргүй ах архины шилээр миний толгойд нэг удаа цохиод авсан. Тэгээд Нэргүй ах дахиж цохиж авах гээд над руу ирсэн чинь Тулгаа араас нь тэвэрч аваад салгасан. Тэгээд миний толгой хагарчихсан ба цус гараад, мөн хамраас бас цус гараад байсан учир би цусаа тогтоох гээд гараараа дараад байж байхад Тулгаа ах усанд явахаар гарч явсан. Тэгэхэд Нэргүй ах гэнэт ухаан орсон юм уу, яасан юм “яасан ахын дүү хэдэн төгрөг авмаар байна” гэхээр нь би гар утсаа гаргаж ирээд цагдаа руу дуудлага өгсөн. Тэгээд би гэрээс нь гараад өөрийн гэртээ орсон. Нэргүй миний нэхэмжилж байгаа 200.000 төгрөгийг төлсөн, надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15, 16х/

 

Гэрч Ц.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 27-ны өглөө сэрээд байж байтал 09 цагийн орчимд Цогбадрах орж ирээд хярамцаг оруулж ирж өгчихөөд хоол хийгээд байж бай, би гарчихаад ирье гээд гараад явсан. Тэгээд би тэр хярамцагаар нь будаатай, шөлтэй хоол хийчихээд Цогбадрахад үлдээчихээд бид хоёр хоолоо идсэн. Тэгээд өдөр 12 цагийн орчимд Нэргүй бид хоёр 0.75 литрийн стандарт архи 1 шилийг аваад бид хоёр хувааж уусан. Дахиж уух гээд мөнгө ч байхгүй байсан учир бид хоёр нэмж архи уугаагүй. Тэгээд би нилээн согтсон байсан ба тасарчихсан юм шиг байна. Юу ч санахгүй байгаа юм. Нэргүй ч нилээн согтсон байсан санагдаж байна. Тэгээд нэг мэдэхэд Цогбадрах ороод ирчихсэн байсан. Би бодохдоо Нэргүйтэй юм яриад байгаа юм болов уу гэж бодсон. Гэхдээ юм ярьж байсан эсэх, хэрэв ярьж байсан бол юу ярьсан байсан болох талаар нь сайн хэлж мэдэхгүй байна. Нэг мэдэхэд Нэргүй байшингийн зүүн талд байх хаалганы хажуу талд нилээн согтуу байдалтай гуйвчихсан зогсож байсан. Цогбадрах байшингийн урд талд байх орон дээр суугаад тонгойчихсон толгойноос нь цус дуслаад байж байсан санагдаж байна. Ямар ч байсан санаж байгаагаар бол Цогбадрах Нэргүй рүү “та миний толгойг хагалчихлаа шүү дээ” гэхэд Нэргүй Цогбадрах руу уурлаад цохиж авах гээд байгаа бололтой ууртай байдалтай дөхөж очих гэхээр нь би салгаад хойш нь болгосон. Тэгтэл Цогбадрах “Нэргүй намайг алахнээ пизда чинь’ гэж хэлчихээд гараад явж байсан...” гэсэн мэдүүлэг гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18х/

 

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4476 тоот дүгнэлтэд: “...а/ О.Цогбадрахын биед дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо, б/ Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, в/ Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, г/ Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй, д/ Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд болсон байх боломжтой...” гэжээ. /хх-ийн 21х/

 

         Шинжээч М.Золжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Түүний хуйханд учирсан шарх гэмтэл нь гараар цохих үед үүсэх боломжгүй. Харин шилээр цохи үед үүсэх боломжтой гэмтэл байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22х/

        

         Гэрч Д.Хүрэлбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...Ч.Нэргүй нь хүн чанар сайтай, хүнд тусархуу хүн байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19х/

 

         Ч.Нэргүйн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, мэргэжлийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 33, 50-51х/

 

Шийтгэх тогтоол, шүүгчийн захирамж /хх-ийн 67-69х/

 

            Шүүгдэгч Ч.Нэргүйгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 27-ны өглөө Цогбадрах нь орж ирээд хярамцаг өгөөд хоол хийчих гэж хэлчихээд би буцаад ороод ирнэ гэж хэлсэн. Тэгээд би тэр хярамцагаар нь шөлтэй хоол хийсэн ба Цогбадрах нь орж ирээгүй. Тэгээд би дүүгийн найз Тулгаагийн хамт гэртээ 0.75 литрийн 1 шил архи аваад хувааж уусан. Тэгээд би тасарчихсан ба түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Тулгаа дараа нь хэлэхдээ Цогбадрах толгойгоо бариад гарсан гэж хэлж байсан. Тэрнээс зодсон цохьсон гэж хэлээгүй. Би бол Цогбадрахыг цохьсон талаараа санахгүй байна....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28, 29, 30, 83 х/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлтийн талаар:

            Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар, тодруулбал, Ч.Нэргүй нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 3 дугаар сарын 27-ны 17:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны Баянцагааны 11 дүгээр гудамжны 2 тоот гэртээ иргэн О.Цогбадрахын толгойн тус газарт архины шилээр нэг удаа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

            Хохирогч О.Цогбадрахын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 27-ны өглөө 08 цаг өнгөрч байхад би гэрт байсан хярамцагийг аваад Нэргүй ахын гэрт нь ороод та хоол хийж бай, орж ирж иднэ шүү гэж хэлчихээд хярамцагаа үлдээчихээд би гэрээс гарсан. Тухайн үед Нэргүй ах Тулгаа гэх хүний хамт гэртээ эрүүл байдалтай хоол хийж байхаар болоод үлдсэн. Тэгээд 17 цагийн үед гэрт нь ороод хоолоо хийгээгүй байгаа юм уу гэж хэлтэл Нэргүй үгийн зөрүүгүй шууд миний хамар луу өшиглөөд авсан ба хамраас цус гарахаар нь тонгойгоод хамраа дартал Нэргүй ах архины шилээр миний толгойд нэг удаа цохиод авсан. Тэгээд Нэргүй ах дахиж цохиж авах гээд над руу ирсэн чинь Тулгаа араас нь тэвэрч аваад салгасан. Би Ч.Нэргүйгээс 30.000 төгрөг эм тариа авахаар авсан, одоо үлдэгдэл 170.000 төгрөгөө нэхэмжилж байна. Надад 200.000 төгрөг өгөхөөр тохиролцсон юм. Гомдол санал бол байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15, 16х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Гэрч Ц.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нэг мэдэхэд Цогбадрах ороод ирчихсэн байсан. Би бодохдоо Нэргүйтэй юм яриад байгаа юм болов уу гэж бодсон. Гэхдээ юм ярьж байсан эсэх, хэрэв ярьж байсан бол юу ярьсан байсан болох талаар нь сайн хэлж мэдэхгүй байна. Нэргүй байшингийн зүүн талд байх хаалганы хажуу талд нилээн согтуу байдалтай гуйвчихсан зогсож байсан. Цогбадрах байшингийн урд талд байх орон дээр суугаад тонгойчихсон толгойноос нь цус дуслаад байж байсан санагдаж байна. Ямар ч байсан санаж байгаагаар бол Цогбадрах Нэргүй рүү “та миний толгойг хагалчихлаа шүү дээ” гэхэд Нэргүй Цогбадрах руу уурлаад цохиж авах гээд байгаа бололтой ууртай байдалтай дөхөж очих гэхээр нь би салгаад хойш нь болгосон. Тэгтэл Цогбадрах “Нэргүй намайг алахнээ пизда чинь гэж хэлчихээд гараад явж байсан...” гэсэн мэдүүлэг гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18х/

 

      Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4476 тоот дүгнэлтэд: “...а/ О.Цогбадрахын биед дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо, б/ Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, в/ Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, г/ Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй, д/ Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд болсон байх боломжтой...” гэжээ. /хх-ийн 21х/

 

      Шинжээч М.Золжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Түүний хуйханд учирсан шарх гэмтэл нь гараар цохих үед үүсэх боломжгүй. Харин шилээр цохих үед үүсэх боломжтой гэмтэл байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22х/

 

            Шүүгдэгч Ч.Нэргүйгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 27-ны өглөө Цогбадрах нь орж ирээд хярамцаг өгөөд хоол хийчих гэж хэлчихээд би буцаад ороод ирнэ гэж хэлсэн. Тэгээд би тэр хярамцагаар нь шөлтэй хоол хийсэн ба Цогбадрах нь орж ирээгүй. Тэгээд би дүүгийн найз Тулгаагийн хамт гэртээ 0.75 литрийн 1 шил архи аваад хувааж уусан. Тэгээд би тасарчихсан ба түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Тулгаа дараа нь хэлэхдээ Цогбадрах толгойгоо бариад гарсан гэж хэлж байсан. Би уг зүйл ангийг зөвшөөрч байна....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28, 29, 30, 83 х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.

            Шүүгдэгч Ч.Нэргүй нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж биеэ авч явах, хянах  чадваргүй байх үедээ хохирогч О.Цогбадрахтай маргалдан улмаар түүний нүүр лүү өшиглөх, толгой руу архины шилээр цохих зэргээр хүч хэрэглэсэн үйлдэл хийсний улмаас хохирогчийн толгойн хуйханд шарх бүхий гэмтэл учирсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон байх ба шинжээчийн дүгнэлт, мэдүүлгээр уг гэмтэл нь хөнгөн гэмтэлд хамаарагдсан байх тул Ч.Нэргүйг хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэхээр байна.

  

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

 

   Иймд шүүгдэгч Ч.Нэргүйг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Нэргүй нь урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 409 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 586 дугаартай шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн  1 жил 1 сар 5 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол болон шүүгчийн захирамжийн хуулбар, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт зэрэг баримтууд авагдсан байна. /хх-ийн 34, 67-70 х/

 

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч О.Цогбадрах нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу эмчилгээний зардал гэж шүүгдэгч Ч.Нэргүйгээс 200.000 төгрөг нэхэмжилсэн байх боловч хэрэгт 54.400 төгрөгийн эмчилгээ хийлсэн талаарх баримт гаргаж өгсөн байна. /хх-ийн 40-42х/

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Цогбадрах нь шүүгдэгчээс 30.000 төгрөг  авсан талаар мэдүүлсэн тул шүүдэгч Ч.Нэргүйгээс  дээрх мөнгөний зөрүү болох 24.400 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

Харин хохирогч О.Цогбадрах нь хиймэл шүд хийлгэсэн гэх 40.000 төгрөгийг мөн цаашид эмчилгээ хийлгэх зардлаа нэхэмжлэнэ гэх тул баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэйгээр үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ч.Нэргүйн үйлдсэн хэрэг нь хөнгөн хэргийн ангилалд хамаарагдсан, тэрбээр 61 настай, ганц бие,  сард 300.000 төгрөгийн тэтгэвэр авдаг  зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан торгох ял болон хохирол төлбөр төлөх хугацаа болон төлөх хэмжээг дараах байдлаар тогтоов. Үүнд:

  • 24.400 төгрөгийн хохиролыг 2 сарын дотор, сар бүр 12.200 төгрөг төлөхөөр,
  •  450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ялыг 1 жилийн хугацаагаар, сар бүр 37.500 төгрөг төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч Ч.Нэргүйгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Харчу овогт Чойжилсүрэнгийн Нэргүйг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нэргүйг  450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нэргүйд оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд сар бүр 37.500 /гучин долоон мянга таван зуу/ төгрөг төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ч.Нэргүй нь торгох ялыг биелүүлээгүй бол түүний биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Ч.Нэргүйгээс 24.400 /хорин дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөгийг 2 сарын дотор сар бүр 12.200 /арван хоёр мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөр тогтоосны дагуу гаргуулж, хохирогч О.Цогбадрахад олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч О.Цогдбадрах нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан цаашид гаргах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг  дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Нэргүйд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.АЛТАНЦЭЦЭГ