Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 35

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Номин-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дамба даргалж, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2019/00209 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн ТОСК-ын Б байрны 23 тоотод оршин суух, Ширээт овогт Ганзоригийн Номин-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Ховд их сургуульд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнэ /онлайнаар/ түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, Ж.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэг түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг, Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие 2016 оны 6 дугаар сард Ховд их сургуулийн Төрийн захиргааны менежментийн ангийг төгссөн. Улмаар 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн түүх, нийгмийн ухааны тэнхимд Төрийн захиргааны менежментийн гэрээт багшаар ажилд орсон. Гэрээт багш гэдэг нь гэрээний хугацаанд магистр хамгаалсан тохиолдолд дадлагажигч багшаар дэвшүүлэн ажиллах учиртай. Би гэрээний хугацаанд багшлахын зэрэгцээ 2017 оны 6 дугаар сарын 9-нд төрийн захиргааны удирдлагын магистр хамгаалсан. Ингээд Ховд их сургуулийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн Б/138 дугаартай тушаалаар дадлагажигч багш болсон. Гэтэл Ховд их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч В.Сайнбаяр 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай тушаалаар Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 сарын 05-ны өдрийн Б/138 дугаартай тушаалыг хүчингүй болгож миний Монгол улсын үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Би тус сургуульд багшлах хугацаандаа багшийн ёс зүй болон Ховд их сургуулийн дотоод дүрэм, журмыг зөрчөөгүй, ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээгээгүй. 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай тушаалыг гаргахдаа намайг Ховд их сургуулийн багшид тавигдах нийтлэг шаардлага хангаагүй, сонгон шалгаруулалтад ороогүй гэх үндэслэлээр амарч байх хугацаанд ажлаас халсан. Би Ховд их сургуулийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/138 дугаартай тушаалаар дадлагажигч багш болсон тул багш сонгон шалгаруулалтад орох хууль зүйн үндэслэл байхгүй байна.Тус сургуулийн Төрийн захиргааны Менежментийн ангид 4 жил суралцаж төгссөн. Гэрээт багшаар ажиллаж байх хугацаандаа төрийн захиргааны менежментийн магистрийн зэрэг хамгаалсан. Намайг авто осолд орж 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Ач заяа эмнэлэгтт хэвтэн эмчлүүлж байх үед 2017 оны 8 дугаар сарын 23-нд намайг ирж уулз гэж дуудуулсан байсан. Би эмнэлэгт хэвтэж байгаа очих боломжгүй гараад очиж уулзана гэж хэлсэн. Гэтэл Ховд их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч В.Сайнбаяр 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаар тушаалаар намайг ажлаас халсан. Иймд Ховд их сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

                Хариуцагчийн хариу тайлбар: Г.Номин-Эрдэнэ нь Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/137 дугаартай тушаалаар дадлагажигч багшаар томилогдсон байх бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр магистрийн зэрэг хамгаалсан нь дадлагажигч багшаар томилогдох үедээ магистрийн зэрэг хамгаалаагүй, их дээд сургуулийн багшид тавигдах шаардлага хангаагүй гэж үзэж байна. Их дээд сургуулийн багш нь багшлах эрхийн үнэмлэхтэй, магистраас доошгүй зэрэгтэй байх ёстой.Мөн нэхэмжлэгч нь ямар нэгэн сонгон шалгаруулалтанд орохгүйгээр Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/137 дугаар тушаалаар дадлагажигч багшаар томилогдсон. Хөдөлмөрийн тухай хуульд ажилд авах, сонгон шалгаруулалт явуулах талаар тодорхой заагаагүй учир салбарын яамны сайдын тушаалаар баталсан зааврын дагуу Ховд их сургууль нь өндөр мэргэшил, мэргэжилтэй хүнийг урилгаар, бусад багш ажилтныг Ховд их сургуулийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журмын дагуу жил бүрийн хичээлийн шинэ жилийн эхэнд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, зарын сонин бусад мэдээлэл түгээх хэрэгслээр сонгон шалгаруулалт зарлаж, шалгалтын дүнг үндэслэн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн ажилд авдаг. Нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнэ өөрт ногдох амралтыг эдэлсэн. Багш шинээр авах асуудлыг Ховд их сургуулийн захирлын тушаалаар шийдвэрлэнэ. Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д Их дээд сургууль, дээд сургууль, коллежийн багшийн албан тушаал нь профессор, дэд профессор, ахлах багш, багш, дадлагажигч багш байна., 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар магистраас доошгүй зэрэгтэй хүний сонгон шалгаруулалтын оноог үндэслэн, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулдаг онцлог бүхий ажлын байр юм. Гэтэл нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнэ нь дээрхи хуулийн шаардлыг хангаагүй. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага мөн адил үндэслэлгүй юм гэжээ. 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2019/00209 дугаар шийдвэрээр:“ 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд их сургуульд холбогдох, Ховд их сургуулийн захирлын 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай Тушаал хүчингүй болгох тухай тушаалын Г.Номин-Эрдэнэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ховд их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх, нийгмийн ухааны тэнхимийн дадлагжигч багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 17,526,733 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнэ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэ байна. Шүүх нь Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлахгүйгээр, Захиргааны ерөнхий хуулийг баримтлан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэх хуулийн заалтыг зөрчиж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.Монгол улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай тогтоолд хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т заасан ажил, албан тушаалыг хэвээр хадгалах гэдэг нь энэ хэсэгт заасан үндэслэл, шалтгаан арилсан буюу хугацаа дууссаны дараа ажилтан урьд нь ажиллаж байсан ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд ажил олгогч тухайн ажил, албан тушаалд түүнийг ажиллуулах үүрэгтэй байхыг хэлнэ. Энэхүү хүсэлтийг ажил олгогч хүлээж аваагүйгээс үүссэн маргааныг энэ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан гомдолтой адилтган шүүх хянаж шийдвэрлэнэ гэжээ. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр    хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан  шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнэ нь Ховд Их Сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” тухай шаардлагыг Ховд Их Сургуульд холбогдуулан гаргажээ.

Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдаанд Ховд Их Сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай “тушаалыг хүчингүй болгох тухай” тушаалын Г.Номин-Эрдэнэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ховд Их Сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх,нийгмийн ухааны тэнхимийн төрийн захиргаа менежментийн дадлагажигч багшийн ажилд эгүүлэн томилуулах,2017 оны оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны нөхөх олговор 17.526.733 төгрөг гаргуулах,ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” гэж шаардлагаа тодруулсан байна./2 дугаар хх-ийн 44-45 дугаар тал/

Шүүх нэхэмжлэгчийн дээрх шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна. 

Нэхэмжлэгч нь “намайг ямар нэгэн зөрчил гаргаагүй, ээлжийн амралттай байхад миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, ажилд томилсон тушаалыг хүчингүй болгосон нь намайг ажлаас халсантай адил байна.”гэж тайлбарлажээ. Хариуцагчийн төлөөлөгч нь шаардлагын үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ Г.Номин-Эрдэнэ нь дадлагажигч багшаар томилогдох үедээ магистрын зэрэг хамгаалаагүй, дадлагажигч багшийн сонгон шалгаруулалтад ороогүй, багшлах эрхийн үнэмлэхгүй байсан гэж тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан баримтаар Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/138 дугаар тушаалаар Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Нийгмийн ухааны танхимд Г.Номин-Эрдэнийг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн дадлагажигч багшаар ажиллуулахаар томилжээ Мөн тус сургуулийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаар тушаалаар Г.Номин-Эрдэнийг Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Нийгмийн ухааны танхимд ажиллуулах тухай дээрх тушаалыг хүчингүй болгосон байна.

Ажил олгогч нь ажилтаныг ажилд томилсон 2017 оны 06 дугаар сарын 05-ны  өдрийн Б/138 дугаар тушаалыг хүчингүй болгохдоо “Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4.-д ”боловсролын байгууллагын багш,ажилтаны цалин хөлсний хэмжээг тогтоох, байгууллагын дотоод журам боловсруулж мөрдүүлэх”, гэсэн заалт, БСШУ-ны сайдын  2003 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 139 дугаар “нийтлэг журам батлах тухай” тушаал, Ховд Их сургуулийн дүрэм-ийн 3.15, Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.2,5.1.3-ын “а”, Ховд Их сургуулийн багшийн ажлын журмын 3.1.1, 3.5.8,8.2 дахь заалтыг"  үндэслэл болгожээ.

Талуудын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш хөдөлмөрийн харилцаа үүссэн байх бөгөөд улмаар Г.Номин-Эрдэнийг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Нийгмийн ухааны танхимд дадлагажигч багшаар ажиллуулахаар томилсон болох нь ажил олгогчийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/138 дугаар тушаалаар нотлогдож байх тул талуудын хооронд   хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл ажилтаныг дадлагажигч багшаар томилсон дээрх тушаал нь талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсэх хууль зүйн үр дагаврыг бий болгосон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.-д “ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй.” гэж хуульчилжээ. Гэрээт багшаар ажиллаж байсан ажилтанг дадлагажигч багшаар томилсон ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулж, түүний ажиллах ажлын байр, албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг, цалингийн хэмжээ зэргийг тохиролцох, ажилтны хийж гүйцэтгэвэл зохих ажил үүргийг тодорхойлж өгөх үүрэгтэй, түүнчлэн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг ажилтнаас шаардах эрхтэй байна. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон талуудын тайлбараар Г.Номин-Эрдэнийг Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Нийгмийн ухааны танхимд дадлагажигч багшаар ажиллуулахаар томилсон үйл баримт тогтоогдсон байна.

Талууд энэ талаар   маргахгүй байна. Ажил олгогчийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/138 дугаар тушаал гарснаар ажил олгогч ажилтантай “хөдөлмөрийн гэрээ” байгуулах үүрэгтэй байжээ. Ажил олгогч нь дээрх хуульд заасан “хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилтанаас хөдөлмөрийн гэрээгээр хийж гүйцэтгэхээр тохиролцсон ажил үүргээ биелүүлэхийг шаардах” зэрэг эрх үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйд ажилтан Г.Номин-Эрдэнэ буруутгах боломжгүй байна.

Ховд Их сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаар тушаалаар Г.Номин-Эрдэнийг дадлагажигч багшаар ажиллуулахаар томилсон 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/138 дугаар тушаалыг хүчингүй болгосон тул ажилтаныг ажил олгогчийн санаачилгаар талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөнтэй адилтган үзнэ.

             Ажилтаныг ажил олгогчийн санаачилгаар ажлаас   чөлөөлөхөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-40.1.7.-д заасан үндэслэлүүдийн аль тохирох заалтыг баримтлан тушаал гаргахаас гадна мөн зүйлийн 40.5. дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх зэрэг хууль зүйн үр дагавартай.

            Гэтэл ажилтаныг дадлагажигч багшийн ажилд томилсон дээрх тушаалыг хүчингүй болгосон ажил олгогчийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй байх тул хууль ёсны зарчимд  нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Дээд боловсрол тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-д “Их сургууль, дээд сургууль, коллежид мэргэжлийн хичээлийг магистр, түүнээс дээш зэрэгтэй багш заана...” гэж хуульчилжээ. Ховд Их сургууль нь Г.Номин-Эрдэнийг дээрх хуульд зааснаар “боловсролын магистрын зэрэг хамгаалаагүй” гэх үндэслэл нь гэрч Б.Цэрэндаваагийн “Г.Номин-Эрдэнийг магистр хамгаалах үед би Ховд их сургуулийн захирлын үүргийг гүйцэтгэж байсан. Ховд их сургуулийн журамд багш нь магистр мөн багшлах эрхтэй байх ёстой гэсэн шалгуур тавьдаг. Г. Номин-Эрдэнэ нь 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр магистр хамгаалсан. Багшлах эрхийн сургалтанд сууж бүрэн дүүргэсэн дипломоо авах боломжтой.” Гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. /2 дугаар хх-ийн 217 дугаар тал/

 Түүнчлэн Г.Номин-Эрдэний шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаар түүнийг магистрын зэрэг хамгаалсан болох нь нотлогдсон байна. / 1 дүгээр хх-ийн 9-10 дугаар тал/

            Ховд Их сургуулийн багшийн ажлын журмын 3.1.1-д “Ховд их сургуульд мэргэжлийн болон тусгай шаардлага хангасан багшийг нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж ажилд авна.” Гэж зохицуулсан байна. /1 дүгээр хх-ийн 84-93 дугаар тал/ Хариуцагч нь нэхэмжлэгчийг шаардлагын үндэслэлийг энэ журамд заасан шаардлагыг хангаагүй гэж татгалзжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар Г.Номин-Эрдэнэ нь багшлах эрхийн үнэмлэхгүй, дадлагажигч багшийн сонгон шалгаруулалтад ороогүй үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд Ховд их сургууль нь Г.Номин-Эрдэнийг дадлагажигч багшийн ажилд томилохдоо түүнийг их дээд сургуульд дадлагажигч багшаар ажиллах шаардлагыг хангасан эсэхийг шалгах үүргээ хэрэгжүүлээгүй байна.  Ажил олгогчийн энэ үүргээ хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруутгах боломжгүй байна.

Ховд Их сургуулийн захирлын 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаар тушаал нь нийтийн эрх зүйн хүрээнд, захиргааны эрх зүйн хэм хэмжээг баримтлан гаргасан эрх зүйн акт биш, хувийн эрх зүйн хүрээнд буюу хөдөлмөрийн харилцааны явцад ажил олгогчоос гаргасан тушаал байх тул анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь оновчгүй болжээ.

 Анхан шатны шүүх маргааны үйл баримтад тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг тайлбарлан хэрэглэхгүйгээр өөр зорилготой Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг тайлбарлаж хэрэглэсэн нь    шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд Их Сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаар   тушаалын Г.Номин-Эрдэнэд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Г.Номин-Эрдэнийг Ховд Их Сургуулийн Ховд Их Сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх,нийгмийн ухааны тэнхимийн төрийн захиргаа менежментийн дадлагажигч багшийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг гаргуулж түүнд олгож,   нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Ажилтан Г.Номин-Эрдэний ажилгүй байсан хугацааг 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр буюу анхан шатны шүүх хуралдаан хүртэл 1 жил 8 сар 28 хоног ажилгүй байжээ. Ажилтаны ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг ажил олгогчийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/138 дугаар тушаалд заасан сарын цалин 841728 төгрөгөөр тооцвол нэг өдрийн дундаж цалин хөлсний хэмжээ 841728:21.5=39150 төгрөг байх бөгөөд олговрын нийт хэмжээ /841728х1 жил 8 сар+39150х28 хоног=/16.834.560+1096200= 17930760 төгрөг болж байна.

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан бүх хугацаанд урд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 17.526.733 төгрөгийн шаардлага гаргасан байх тул шүүх түүний шаардлагын хүрээнд Ховд Их Сургуулийн санхүүгээс 17.526.733 төгрөг гаргуулан Г.Номин-Эрдэнэд олгох нь зүйтэй гэж үзлээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчид олгох 17.526.733 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж, түүний нийгмийн даатгалын дэвтэрт сар бүр шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг   Ховд Их сургуульд даалгах нь зүйтэй байна. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан Ховд Их сургуулийн санхүүгээс (245583+70200)315783 төгрөг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж шийдвэрлэв. Хуульд зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2019/00209 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7,  69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1,46.2.-т заасныг баримтлан Ховд их сургуулийн захирлын 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаар тушаалын  Г.Номин-Эрдэнэд  холбогдох хэсгийг хүчингүй болгож, Г.Номин-Эрдэнийг Ховд Их Сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх, нийгмийн ухааны тэнхимийн төрийн захиргаа менежментийн дадлагажигч багшийн ажилд эгүүлэн томилж,ажилгүй байсан хугацааны олговор 17.526.733 /арван долоон сая таван зуун хорин зургаан мянга долоон зуун гучин гурван/ төгрөгийг  Ховд Их Сургуулийн санхүүгээс гаргуулан нэхэмжлэгч  Г.Номин-Эрдэнэд олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг  хариуцагч Ховд Их Сургуульд даалгасугай.”гэж,

2 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3. гэснийг хасч, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж (245583+70200)=315783 /гурван зуун арван таван мянга /төгрөг гаргуулан төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, Ж.Энхжаргал нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5.-т зааснаар нэхэмжлэгч тал нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ДАМБА

 

                                                  ШҮҮГЧИД                                  Д.ЖАМБАЛСҮРЭН

 

                                                                                                    Н.ТУЯА