Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 121/2017/0005/з |
Дугаар | 221/MA2017/0546 |
Огноо | 2017-08-02 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 221/MA2017/0546
2017 оны 8 сарын 02 өдөр Дугаар 221/МА2017/0546 Улаанбаатар хот
Д.*******ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Д.******* нарыг оролцуулан хийж, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, Д.*******ийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.*******ийн “Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн б/11 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Нэгдүгээрт, Цагдаагийн газрын даргын тушаалд Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 4.1.6-д заасан нь албан ажил үүрэгтэй хамааралгүй, цэвэр гэр бүлд үүсдэг маргаан хүний хувийн амьдралд гарч болох асуудал байсан.
Хоёрдугаарт, Цагдаагийн газрын даргын тушаалд надад албаны шалгалт явагдаагүй байтал Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 4.4.1 гэх заалтыг хэрэглэсэн нь давж заалдах үндэслэл байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг дахин хянаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.*******ийг “бусадтай зүй бус харьцан айлган сүрдүүлж танхайран Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 4.1.6, 4.4.1, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12.12-т заасныг тус тус зөрчсөн” гэж үзэж төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулж, цагдаагийн ахлах ахлагч цолыг хураасан, нэхэмжлэгчээс “... албаны шалгалт явуулаагүй, ... албан ажил үүрэгтэй хамааралгүй, гэр бүлийн хооронд үүссэн маргаан буюу хувийн сэдэлттэй болсон асуудалд үндэслэн ажлаас чөлөөлсөн” гэж маргажээ.
Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар нь нэхэмжлэгч Д.*******ийн “Говьсүмбэр аймгийн Уянга сумын Засаг даргын хууль бус алт олборлолтыг таслан зогсоох үйл ажиллагааны талаарх ярилцлагын үеэр “идэх хоол унд шийдэж өгөөгүй” гэж чанга дуугаар хэлж олон нийтийн дунд таарамжгүй нөхцөл байдал үүсгэсэн”, “иргэн Б.Дуламын гэрт орж уурлан, хэрүүл маргаан үүсгэж, улмаар хутгаар айлган сүрдүүлсэн” зэрэг үйлдлүүдэд албаны шалгалт явуулж, шалгалтаар Д.******* нь дээрх зөрчлүүдийг гаргасан болох нь тогтоогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан сахилгын шийтгэл ногдуулсан болох нь хэрэгт авагдсан 21745003, 21745004 дугаартай албаны шалгалтын материал болон Өвөрхангай аймгийн Прокурорын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” 106 дугаар тогтоолоор тус тус нотлогдож байна.
Энэ нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 869 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 3 дугаар зүйлд цагдаагийн алба хаагчийн сахилгын зөрчил гаргасан эсэхийг “...албаны шалгалт явуулж, тогтоох”-оор, 5.2-т “... албаны шалгалт явуулж ... шууд нотлох баримт, үндэслэл бүхий мэдээ, мэдээлэл, бусад баримтад тулгуурлан сахилгын зөрчлийг шалгах шийдвэрлэх, гаргасан зөрчилд тохирсон шийтгэл ногдуулах...”-аар заасантай тус тус нийцжээ.
Түүнчлэн нэхэмжлэгч Д.******* нь “эхнэр Б.Дуламтогтохтой маргалдаж, улмаар иргэн Б.Дуламын гэрт орж, эхнэр Б.Дуламтогтох, Б.Дулам нар 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хаана, юу хийж явсан болохыг асуухад мэдэхгүй гэсэн хариу хэлсэнд уурлаж хэрүүл маргаан үүсгэн нулимж, хутгаар айлган сүрдүүлсэн” үйлдлээ албан ажил үүрэгтэй хамааралгүй, гэр бүлийн хооронд үүссэн маргаан гэж тайлбарлах боловч Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 4.1.6-д “цагдаагийн алба хаагч нь ажлын бус цагаар Цагдаагийн байгууллагын нэр хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл гаргах ...” нь цагдаагийн алба хаагчийн ёс зүйн зөрчил болохоор тусгайлан журамласан байна.
Өөрөөр хэлбэл, цагдаагийн ахлах ахлагч Д.******* нь ажлын бус цагаар бусдын гэрт орж, айлган сүрдүүлж, амгалан тайван байдал алдагдуулан зохисгүй үйлдэл гаргасан нь цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн байх тул түүнд Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцжээ.
Түүнчлэн Д.*******ийн 2 үйлдэлд холбогдуулан тус тусад нь албаны шалгалт явуулсан материал хэрэгт авагдсан байх тул “...албаны шалгалт явуулаагүй атлаа Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 4.4.1 дэх заалтыг хэрэглэсэн” гэх гомдол үндэслэлгүй байна.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН