Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 148

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй,

Монгол Улсын Ерөнхий сайд, Төрийн албаны зөвлөлд

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                      Л.Атарцэцэг

                                     Д.Мөнхтуяа

                                     П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 171 дүгээр, мөн өдрийн “Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” 172 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, Төрийн албаны зөвлөлийн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд зарласан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах тухай.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0895 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2018/0084 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Т.Т,

Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, өмгөөлөгч Э.Э нар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д-гийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0895 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 5 дугаар зүйлийн 5.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.7, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдуулан гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 171 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б-г Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоож. 2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Б-гийн нэг сарын үндсэн цалинг 978,427 төгрөгөөр тооцож 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл тооцоолон олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж. 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-гийн Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” 172 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан “Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд зарласан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0084 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0895 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 171, 172 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлөөс Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарласныг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б-г Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэж өөрчлөн, “Тогтоох” хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, “Тогтоох” хэсгийн 4 дэх заалтын дугаарыг 3 болгон, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол Улсын Засгийн газраас 35100 төгрөг, хариуцагч Төрийн албаны зөвлөлөөс 35100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

        Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэж заасан. Монгол Улсын Засгийн газар хамтын шийдвэр гаргадаг бөгөөд гаргасан шийдвэр нь тогтоол хэлбэртэй байдаг. Харин Ерөнхий сайдаас гарч буй шийдвэр нь тогтоол хэлбэртэй бус захирамж хэлбэртэй байдаг. Өөрөөр хэлбэл Б.Б-гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн хариуцагч нь Ерөнхий сайд бус Засгийн газар байх бөгөөд хариуцагч биш албан тушаалтанд холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, захиргааны байгууллагаас гаргасан захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь жинхэнэ хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Гэвч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн уг алдааг залруулаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

4. Нэхэмжлэгчтэй Батлан хамгаалахын сайд тохиролцсон бөгөөд тохиролцсоныхоо дагуу түүнийг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлж, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн захирлаар томилохоор Засгийн газраас шалтгаалах бүх ажиллагаа хийгдсэн боловч нэхэмжлэгчийн өөрөөс нь шууд хамаарах шалтгааны улмаас өнөөдрийг хүртэл асуудлыг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон. Тодруулбал, Батлан хамгаалах яамнаас нэхэмжлэгч Б.Б-г Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирлаар томилохоор шийдвэрлэж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй”, 23.5-д “нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Б.Б өөрөө урьдчилсан мэдүүлгээ гаргасан бөгөөд түүнийг нь Батлан хамгаалах яамны 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 1в/439 тоот албан бичгээр Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн. Уг 1в/439 тоот албан бичиг, Б.Б-гийн өөрийнх нь мэдүүлсэн “нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн ХЭГ/312 тоот албан бичгүүд нь түүнийг өөртэй нь тохиролцсоны дагуу өөр албан тушаалд шилжүүлэх гэж байсан гэдгийг бүрэн нотолж байгаа юм. Харин Авлигатай тэмцэх газрын 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 05/2048 тоот албан бичгээр Үндэсний батлан хамгаалах их сургуулийн захирлын ажлын байрны шаардлагыг хурандаа Б.Б хангахгүй байгаа талаар ирүүлсэн албан бичгээс шалтгаалан түүнийг өөр албан тушаалд томилох асуудалд хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон.

5. Түүнчлэн нэхэмжлэгч Б.Б нь эрүүгийн 20170100.... тоот хэрэгт шалгагдаж дуусан бөгөөд одоо Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдан, шийдвэрлэгдэх шатандаа байгаа нь түүнийг өөр албан тушаалд томилох асуудалд мөн хүндрэл үүсгээд байгаа болно. Өөрөөр хэлбэл захиргаанаас бус нэхэмжлэгчээс өөрөөс нь шалтгаалж Үндэсний батлан хамгаалах их сургуулийн захирлаар томилох ажил удааширсаар байгааг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүй “тохиролцсоноо нотолж чадахгүй байна” гэж дүгнэж байгаа нь холбогдох нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

6. Түүнчлэн нэхэмжлэгчтэй урьдчилан тохиролцсон байсан хэдий ч түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөөгүй байсан тул Батлан хамгаалах яамны төлөвлөгөөт ажлын шугамаар гадаадад, томилолтоор албан тушаалын үүргээ гүйцэтгэж явах нь зүй ёсны бөгөөд төрийн алба тасралтгүй байх зарчимд нийцэх юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 171 дүгээр тогтоолоор Б.Б-г “өөр ажилд шилжин ажиллах болсонтой холбогдуулан” гэх үндэслэлээр Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн, мөн өдрийн “Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” 172 дугаар тогтоолоор Х.Б-г Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Захиалга хүргүүлэх тухай” ХЭГ/2028 дугаар албан бичгийг үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс “Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалт”-ыг зарласан, нэхэмжлэгч Б.Б нь “...ОХУ-д албан томилолтоор ажиллах хугацаанд өөр ажилд шилжин ажиллах болсон гэж ажлаас халсан нь хууль бус, өөр ажилд шилжин ажиллах нөхцөл байдал үүсээгүй, ...сул орон тоо гараагүй байхад түр орлон гүйцэтгэгчийг томилж хууль зөрчсөн, ...миний өргөдөл гаргасныг мэдсэн, сул орон тоо үүссэн эсэхийг нягтлалгүйгээр сонгон шалгаруулалт зарласан нь үндэслэлгүй” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ “нэхэмжлэгч Б.Б нь түүнийг ажлаас чөлөөлсөн шийдвэртэй маргаж, энэхүү шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан, Монгол Улсын Засгийн газрын газрын 2016 оны 172 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлөөс зарласан “Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалт”-ын талаар маргах эрхгүй, нэхэмжлэл гаргах этгээд биш” гэж үндэслэлгүй дүгнэлт хийж, эдгээр захиргааны актуудыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан бүрэн эрхийн хүрээнд давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг хянан үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх өөрчлөлтийг шийдвэрт оруулахдаа хэрэглэвэл зохих хуулиудын холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

9. Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нотлох баримт буруу үнэлсэн” гэх үндэслэлээр гаргасан гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив.

10. Нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэлдээ хариуцагчаар Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд, Төрийн албаны зөвлөлийг тодорхойлж, Засгийн газар 2016 оны 171, 172 дугаар тогтоолуудыг гаргаж, Төрийн албаны зөвлөл ...сонгон шалгаруулалт зарлаж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн гэж үзсэн, анхан шатны шүүх түүний нэхэмжлэлдээ заасан Ерөнхий сайд болон Төрийн албаны зөвлөлд холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн байна. Хариуцагчаар татагдсан Ерөнхий сайдаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Засгийн газрыг төлөөлж оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг томилж, тэдгээр нь Ерөнхий сайдыг бус Засгийн газрыг төлөөлөх төлөөллийг хэрэгжүүлж, Засгийн газрын өмнөөс хариу тайлбар бичих, хүсэлт шийдвэрлүүлэх, нотлох баримт гаргах, мэтгэлцэх зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.

11. Шүүх захиргааны хэрэг үүсгэхдээ нэхэмжлэлд заасан Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар таталгүй, Ерөнхий сайдад холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хуульд заасан журам зөрчсөн алдаа гаргасан боловч Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин нэгдүгээр зүйлийн 1-д “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна”, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-д “Засгийн газар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс бүрдэнэ. Засгийн газрыг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлнэ” гэж тус тус зааснаар Ерөнхий сайд Засгийн газрыг удирдан тэргүүлэх чиг үүргийн дагуу татагдаж оролцсон, энэ нь шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлөөгүй учир хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...жинхэнэ хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

12. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлага, хариуцагчийн татгалзлаа үндэслэж байгаа нотлох баримтуудыг хуулиар тогтоосон журмын дагуу үнэлжээ.

13. Нэхэмжлэгч Б.Б нь Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдохдоо “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу зарлагдсан сонгон шалгаруулалтад орж, нэр нь дэвшигдэн уг албан тушаалд томилогдсон, үүнтэй хариуцагч маргаагүй, маргаан бүхий захиргааны актад үндэслэл болгосон “өөр албан тушаал”-д буюу хариуцагчийн тайлбараа үндэслэж буй Батлан хамгаалах яамны харъяа Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирлын албан тушаалд “шилжин ажиллах болсон” гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна.

14. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 8-д “яамны Төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 351 дугаар зүйлд заасны дагуу Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө”, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуульд зааснаас өөр үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах, захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулахыг хориглоно” гэж тусгайлан заажээ.

15. Маргааны үйл баримтад холбогдуулан хуулийн дээрх зохицуулалтыг авч үзвэл, Төрийн нарийн бичгийн даргыг “өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах”-аар уг албан тушаалаас чөлөөлөхөд хариуцагч Засгийн газар нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасанд нийцүүлж, хэрэгжүүлэх учиртай.

16. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар, нэхэмжлэгч Б.Б нь өөр /ямар нэгэн/ ажилд шилжин ажиллах болсноо мэдээгүй, хариуцагчаас “албан ажлын шаардлагаар өөр ажилд шилжүүлэн ажиллуулах” болсныг мэдэгдээгүй, одоог хүртэл “өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах” нөхцөл бүрдээгүй, “өөртэй нь тохиролцсон байх” урьдчилсан нөхцөл хангагдаагүй зэрэг нь тогтоогдсон, үүнээс үзвэл нэхэмжлэгчийг “өөр ажилд шилжин ажиллах болсонтой холбогдуулж” гэх үндэслэлээр Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн Засгийн газрын 2016 оны 171 дүгээр тогтоол нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

17. Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэгчээс өөрөөс нь шалтгаалж Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирлаар томилох ажил удааширсаар байгааг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүй, тохиролцсоноо нотолж чадахгүй байна гэж буруу, дутуу үнэлсэн” гэх гомдол үндэслэлгүй, Засгийн газрын 2016 оны 172 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлөөс зарласан “Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалт”-тай холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргаагүй учир энэ асуудлаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

18. Эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн Т.Д-гийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2018/0084 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д-гийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ