Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 418

 

Д.Б, С.О, Т.У нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, өсвөр насны шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч З.Хүрэлсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 19 дүгээр магадлалтай, Д.Б, С.О, Т.У нарт холбогдох 1716001010050 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч М.Энхзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 2002 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 16 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, Номч овогт Д.Б.

2.Монгол Улсын иргэн, 2002 оны 10 дугаар сарын 3-ны өдөр төрсөн, 16 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, Тайчууд овогт С.О.

3.Монгол Улсын иргэн, 2003 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 15 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Т.У нар нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т хэсэгт заасан “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан” гэмт хэрэгт холбогджээ.

Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Б, С.О, Т.У нарыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

С.О, Т.У нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жил хорих ял, Д.Б-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жил 2 сар хорих ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.О, Т.У нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж, эдлэх ялыг 1 жил хорих ялаар,

Д.Б-д оногдуулсан 1 жил 2 сар хорих ялыг 2 дахин багасгаж 7 сар хорих ялаар тогтоож, Д.Б, С.О, Т.У нарт оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлэхийг дурдаж шийдвэрлэжээ.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 48 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Т.У, С.О нар нь Д.Бтой бүлэглэж үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, Т.У, С.О нарыг цагаатгасугай” гэсэн нэмэлт заалт оруулж,

шийтгэх тогтоолын 1 дэх заалтаас “С.О, Т.У нарыг бүлэглэн” гэснийг хасч,

шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “1 жил 2 сарын хугацаагаар” гэснийг “1 жилийн хугацаагаар” гэж өөрчилж,

шийтгэх тогтоолын 3 дахь заалтын 1 жил 2 сарын хугацаагаар” гэснийг “1 жилийн хугацаагаар” гэж, “7 сарын хугацаагаар” гэснийг “6 сарын хугацаагаар” гэж тус тус өөрчилж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд өсвөр насны шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч М.Энхзаяа  гаргасан гомдолдоо: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтанд 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр өөрчлөлт орж, энэ хуулийг 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс дагаж мөрдөж байгаа тул дээрх нэмэлт өөрчлөлтөнд орсон заалтыг шүүгдэгч Д.Б-д хэрэглэж, өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон өсвөр насны шүүгдэгч Д.Буянтогтохын өмгөөлөгч З.Хүрэлсүх хэлсэн саналдаа: “...Өмгөөлөгч М.Энхзаяагийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч Д.Б нь ээж Дулмаагийн хамт Говь-Алтай аймгийн Цээл суманд амьдардаг. Дулмаа нь анх насанд хүрээгүй, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон боловч биеийн байдал нь муудаж, улмаар түүний төрсөн дүү Түвшинбаяр нь анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон. Өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч нарын үйлдэл хангалттай нотлогдож, тогтоогдсон. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялыг багасгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлийг хэрэглэх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өсвөр насны шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч М.Энхзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн Д.Б, Т.У, С.О нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Д.Б-ыг 2017 оны 9 дүгээр сарын 22-ны шөнө Говь-Алтай аймгийн Цээл сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Баянцээл дэлгүүр, цайны газрын цонхоор орж бэлэн мөнгө, эд зүйл хулгайлж, хохирогч Б.Энхмаад нийт 120.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Харин өсвөр насны шүүгдэгч Т.У, С.О нарыг Д.Б-той бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар Т.У, С.О нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байна гэж үзэв.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн хангажээ.

Анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жил 2 сар хорих ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх 1 жил хорих ял болгон хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 дахин багасгаж, эдлэх ялыг 6 сар хорих ял болгон өөрчилсөн нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон байна.

Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өсвөр насны хүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн” ялын төрөл, хэмжээг сонгох нь зүйтэй.

Хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэсний дараа Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно.” гэсэн өөрчлөлт орсны дагуу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах хууль зүйн зохицуулалтыг шинээр хуульчилсан байна.

Шүүгдэгч Д.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэх үедээ болон одоо насанд хүрээгүй, түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг судалж үзэхэд түүнийг нийгмээс тусгаарлан хорьж хүмүүжүүлэх зайлшгүй шаардлага үүсээгүй байх тул Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлд орсон нэмэлт өөрчлөлтийг шүүгдэгчид ашигтайгаар буцаан хэрэглэж, түүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах талаар өмгөөлөгч М.Энхзаяагийн гомдол болон өмгөөлөгч З.Хүрэлсүхийн гаргасан саналыг хүлээж авах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 19 дүгээр магадлалын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан өсвөр насны шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд шүүгдэгчид хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

                                        ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                                        ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН