| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 135/2015/01084/И |
| Дугаар | 135/ШШ2016/00378 |
| Огноо | 2016-03-02 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 135/ШШ2016/00378
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2015/01084/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, *******, ***-р баг, *** дугаар гудамж, *** тоотод оршин суух *** овогт *** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн *** холбогдох үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан тус төвийн даргын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 16 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ***, хариуцагчийн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ Тус төвийн даргаар ажиллаж байсан *** нь ажлаа өгснөөс хэд хоногийн дараа өөрийн өмчлөлийн эд зүйлээ авахаар ачааны машинтай ирж автовокзалын доод зоорь болон хоёр давхарын 205 номерийн өрөөнөөс эд зүйлээ зөөж ачих болсон. *** дарга манайд харуулаар ажилладаг ***гэсэн хүмүүстэй ирээд эд зүйлээ авсан. Энэ үед байгууллагын менежер *** ч харж байсан. Эдгээр хүмүүс эд зүйл зөөх үед би бас зарим зүйлийг зөөхөд туслаж ачилцаж өгсөн. Эд зүйл ачиж дуусахад зоорийн түлхүүр болон 205 тоот номерийн өрөөг цоожилж түлхүүрийг хүлээж авсан. Үүнээс хоёр хоногийн дараа *** дарга нь нийт ажилчдын хурал дээр намайг *** даргатай үгсэн бүлэглэж байгууллагын эд хөрөнгө хулгайлсан гэж хэлсэн. Ингээд надад 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тушаалаар 3 сар цалингийн 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Би хуучин дарга өөрийнхөө эд зүйлийг авч байгаа гэдгийг мэдэж байсан учраас хүн чанарын үүднээс юмнаас нь зөөлцөж өгсөн.
... ***ын авч явсан эд хөрөнгө байгууллагын эд хөрөнгийн бүртгэлд байхгүй эд хөрөнгө болох талаар албан тоот хэрэгт байгаа. ***ыг эд зүйлсээ зөөж байхад менежер ***, харуулын хоёр ажилтан гээд 5-6 хүн хамт хараад байж байсан. ... 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр *** нь манай байгууллага дээр хоёр удаа ирсэн. Эхний удаа 11 цагийн үед дараа нь 14 цаг өнгөрч байхад ирээд дарга *** болон албаны хүмүүстэй өрөөнд нь орж уулзчихаад гарч явахдаа надад би 205 тоот өрөөнд болон зооринд байгаа өөрийн эд зүйлээ машин олж ирж авна шүү, энэ талаар даргад чинь хэлсэн байгаа гэж хэлчихээд гарч явсан юм. Тэгээд ч орой 17 цаг өнгөрч байхад ачааны портер машинтай ирээд эд зүйлээ ачих үед байгууллагын дарга ***, менежер *** нар ажил дээрээ байсан, дарга *** мөн өрөөндөө байсан ба 19 цаг өнгөрч байхад ажлаас гарч явсан. Эд зүйл авсан 205 номерийн өрөө нь даргын өрөөтэй ижил нэг давхарт байрладаг. *** явахдаа 205 тоот өрөөний түлхүүрийг менежер ***д өгсөн учир би энэ талаар дарга, удирдлагыг мэдэж байгаа гэж үзсэн. Дарга, удирдлагууд энэ талаар сайн мэдэж байсан учир би мэдэгдэх шаардлагагүй гэж үзсэн. Иймд надад сахилгын шийтгэл ногдуулсныг буруу гэж үзэж байгаа тул 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаартай тушаалыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч *** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Ажил олгогчийн зүгээс иргэн ***тай 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан харуул, сахиулын албан тушаалд ажиллуулж эхэлсэн. Тус албан тушаалд ажиллаж байгаа ажилтан нь албан байгууллага болон түүний доторх үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг 24 цагийн туршид хамгаалах, хяналт тавих, шаардлагатай үед холбогдох мэдээллийг удирдах ажилтанд цаг алдалгүй түргэн шуурхай өгөх үндсэн үүрэгтэй болох талаар түүнтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хавсралт болох ажлын байрны тодорхойлолтод тусгасан. Гэтэл харуул *** нь 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өөрийн хариуцсан харуул хамгаалалтын бүсэд байгууллагын удирдах ажилтны зөвшөөрөлгүйгээр, удирдлагуудад мэдэгдэлгүйгээр гадны хүн нэвтрүүлж, байгууллагын агуулахаас угсардаг төмөр шат, тушаа төмрийн хамт, 6 метрийн урттай 2 ширхэг круг төмөр, 3 ширхэг хөөсөн хавтан, 4 ширхэг цементэн хавтан, байгууллагын 205 тоот өрөөнөөс 2 ширээ, 1 шүүгээ, буйдан зэргийг дур мэдэн гаргуулсан буруутай үйлдэл гаргасан болно.
... 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 11 цаг 30 минутын үед Ш.*** нь надтай ирж уулзсан. Би түүнд тооллого хийх гэж байгаа 205 тоот өрөөнд байгаа өөрийн эд зүйлээ аваад өөр байгууллагын эд зүйл байгаа бол хүлээлгэж өгөөд өрөөний түлхүүр өгөөрэй гэж хэлсэн. *** нь хот явах ажилтай ирээд юмаа аваад түлхүүр өгнө гэж хэлээд гарсан.
Ийнхүү өөрт олгогдсон эрх хэмжээг хэтрүүлэн байгууллагын агуулахаас эд хөрөнгө гаргах үйлдлийг таслан зогсоогоогүй, удирдах ажилтанд мэдээлээгүй зэргээр хөдөлмөрийн гэрээ болон байгууллагад мөрдөгдөж буй дүрэм, журмуудыг зөрчсөн буруутай үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий өргөдлийг байгууллагын захиргаанд өгсөн байдаг. Миний бие Авто тээврийн үндэсний төвийн нийтлэг дүрмийн дагуу олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн харуул ***т Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т зааснаар үндсэн цалинг 3 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Шүүх зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** нь хариуцагч Дархан-Уул аймгийн ***холбогдуулан сахилгын шийтгэл үндэслэлгүй буруу ногдуулсан гэж үзэж тус төвийн даргын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргажээ.
Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ***ыг өөрийн хариуцсан харуул хамгаалалтын бүсэд байгууллагын удирдах ажилтны зөвшөөрөлгүйгээр, удирдлагуудад мэдэгдэлгүйгээр гадны хүн нэвтрүүлж, байгууллагын эд зүйлийг зөвшөөрөлгүйгээр гаргасан гэж маргажээ.
Шүүх зохигчдын хооронд бий болсон үйл баримтыг бодитойгоор үнэлж, хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон тэдний шүүхэд гаргасан тайлбар, мэдүүлэгт үндэслэж хэргийг тал бүрээс нь хянан үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч байгууллагын даргын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 126 дугаартай тушаалаар ***ыг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр харуулын үүргээ гүйцэтгэж байхдаа байгууллагын эд зүйлийг гадны этгээд авч байхад таслан зогсоогоогүй, энэ талаар удирдлагад мэдэгдээгүй гэж үзэж Хөдөлмөрийн дотоод журмын 11.7.1 Байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан дүрэм, журам, зааврыг зөрчсөн, ёс зүйн болон сахилгын зөрчил гаргасан, Автотээврийн үндэсний төвийн ажилтны Ёс зүйн дүрэм-ийн 2.3.1 Шударга зарчимч байх зарчим-ыг зөрчсөн, 3.1.14 Ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг биечлэн хангах гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж 3 сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Урьд нь тус төвийн даргаар ажиллаж байсан гэх Ш.*** нь 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгууллага дээр хоёр удаа ирсэн, дарга ***той уулзаж 205 номерийн өрөө, зоориноос өөрийн эд зүйлээ авах талаар ярилцаж тохироод явсан талаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шүүх хуралдаанд тайлбар, мэдүүлэг өгч энэ талаар хэн аль нь маргадаггүй боловч Ш.***ын тухайн өдөр байгууллагаас эд зүйл ачиж явсан үйл баримтын талаар байгууллагын удирдлагад мэдэгдэх үүргээ гүйцэтгээгүй гэж үзэж нэхэмжлэгчид сахилгын арга хэмжээ авчээ.
Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан харуулын рапортын тэмдэглэл болон нэхэмжлэгчийн .... Ш.*** 17 цаг өнгөрөөгөөд ачааны машинтай ирсэн, ... эд зүйл ачиж байхад менежер *** байсан, дарга *** 19 цаг өнгөрөөгөөд ажлаас гарч явсан ... , хариуцагчийн төлөөлөгчийн ***гийн ... би тэр өдөр 19 цаг өнгөрөөгөөд ажлаас гарч явсан ... гэх тайлбар болон энэ хэрэгт гэрчээр дуудагдсан Ш.***ын ... би ганцаараа ирсэн, харуул ***, оношлогч техникч *** нарыг гуйж эд зүйлээ ачуулсан, харуул Пүрэвжав ээлжиндээ ажиллаж байсан учраас надад тусалсан. Намайг 205 номерийн өрөөнөөс эд зүйлээ зөөж байхад байгууллагын менежер *** орж ирсэн. ***ийг байлгаж байгаад би бүх эд зүйлээ зөөж дууссаны дараа 205 номерийн өрөөний түлхүүрийг Атарт өгөөрэй гэж хэлээд ***д өгсөн ... гэх мэдүүлэг, гэрч Т.***ийн ... *** дарга 205 тоот өрөөний эд зүйлийг гарга гэсний дагуу гаргачихлаа, түлхүүрийг нь ав гэхэд нь би түлхүүрийг авсан ... гэх мэдүүлэгүүдээр Ш.*** гэж хүн тус байгууллагын 205 номерийн өрөө, зоорьноос эд зүйлээ ачиж явсан талаар байгууллагын удирдлага мэдээгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, тухайн цаг хугацаанд байгууллагын менежер, дарга *** нар нь ажлын байран дээрээ байсан, эд зүйл ачиж байгааг өөр бусад ажилтан албан хаагчид мэдэж байжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна гэж заасан.
Гэтэл *** нь хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээ зөрчсөн ямар үйлдэл гаргасан нь тодорхой бус байх бөгөөд зөрчлийг шалгасан талаар, хэлэлцсэн хурлын тэмдэглэл зэрэг ач холбогдол бүхий баримт хэрэгт байхгүй байна.
Сахилгын арга хэмжээ авсан тушаалд ***ыг ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн талаар Хөдөлмөрийн дотоод журмын заалтыг баримталсан байх ба түүний ажлын байрны тодорхойлолтод заасан өдөр тутмын үйл ажиллагааны хэвийн байдал алдагдах үед цагдаа, түргэн, гал команд, нэгжийн удирдлагад яаралтай мэдээлж, дуудах нөхцөл байдал үүссэн гэж үзэх нөхцөл байдал, нэгжийн удирдлагад мэдэгдэх шаардлага бодитойгоор бий болсон нь тогтоогдохгүй байна.
Хавтаст хэргийн 4-р хуудсанд авагдсан Дархан-Уул аймгийн *** нягтлан бодогчийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн тодорхойлолтод Автотээврийн төвийн даргаар ажиллаж байсан Ш.***ын Автовокзалын 205 тоот өрөөнөөс авсан ширээ, диван, тээш хадгалах өрөөнөөс авсан барилгын угсардаг шат бусад эд материал, хуучин оношлогооны гаражаас авсан *** автомашин зэрэг нь манай үндсэн хөрөнгөд бүртгэлгүй өөрийнх нь хөрөнгө болно гэсэн байх бөгөөд ***ын гэм буруутай үйлдлээс үүдэж байгууллагад ямар нэгэн эд хөрөнгийн хохирол учирч, бүртгэлтэй хөрөнгө дутсан эсэх, Ш.*** гэх хүний ачиж явсан эд зүйл нь байгууллагын өмч болохыг нотолсон баримт хэрэгт байхгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хариуцагч биелүүлээгүй байна гэж үзлээ.
Иймд шүүх ***т сахилгын шийтгэлийг үндэслэлгүй, буруу ногдуулсан гэж үзэж Дархан-уул аймгийн *** даргын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1., 116, 118, 119, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 заасныг баримтлан *** овогт **** сахилгын шийтгэл ногдуулсан Дархан-уул аймгийн *** даргын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3., 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Дархан-уул аймгийн *** тэмдэгтийн хураамж нийт 70,200 төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод тушаасугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН