Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 135/ШШ2016/00376

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 
Хэргийн индекс: 135/2016/00190/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
 
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******* дүүрэг ***-р хороо ***-р хороолол *** байр *** тоотод оршин суух, регистрийн дугаар **** овогт *** нэхэмжлэлтэй
 
Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум *** байр *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, *** овогт *** холбогдох
 
16500.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
 
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нар оролцов.
 
ТОДОРХОЙЛОХ нь:
 
Нэхэмжлэгч ***, итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би *** 2013.11.01-ний өдөр 20 сая төгрөгийн зээлийн гэрээг, мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар түүний өмчлөлийн *** улсын дугаартай *** маркийн чирэгч автомашиныг *** улсын дугаартай чиргүүлийн хамт барьцаалан барьцааны гэрээг тус тус байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Энэхүү зээлийн гэрээний дагуу *** нь зээлийн мөнгийг 2014.03.01-ний өдөр бүрэн төлж дуусгахаар харилцан тохиролцсон боловч тэрээр зээлийн гэрээ байгуулснаас хойш 500.000 төгрөгийг л төлсөн байсан. Ингээд гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй байсан тул түүний амьдарч байсан хаягаар нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа оршин суухгүй хаяг тодорхой бус болсон тул шүүхээр эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргаж Тахарын албанаас хаягийг тодорхой болгож өгсөн. Ингэж Тахарын албаар эрэн сурвалжлуулсны
дараа 2016.01.11-ний өдөр *** миний дансанд 3 сая төгрөг хийсэн байна. Иймд *** гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үлдэгдэл 16.500.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 15.500.000 төгрөг болгож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
 
Хариуцагч ***, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэлд дурьдсан зүйлд би түүнтэй 20 сая төгрөгийн зээлийн гэрээ болон автомашин барьцаалж барьцааны гэрээг анхнаасаа байгуулаагүй юм. Анх *** нь энэ машинаа ***, *** гэдэг 2 хүнтэй 35 сая төгрөгийн урьдчилгаа аваад гэрээ хийгээд зарсан байсан. Би *** 35 сая төгрөг өгөөд *** намайг холбож өгөөд би үлдсэн мөнгөө бага багаар өгөхөөр болсон. Ингээд 2013.11 сард 1 сая, 2013 оны 3 сарын 23-нд 500.000 төгрөг, 2013.11 сард 20 сая төгрөг өгсөн. 2013.11 сард Батбилэг надтай уулзаад 19500000 нэхэмжлээд би 16500.000 төгрөг үлдсэн гэдэг. *** 3 сая төгрөг дутуу авснаа надаас нэхээд байгааг зөвшөөрөхгүй. Саяхан 2016.03.08-нд 3 сая төгрөг төлсөн. 13500.000 төгрөг байгаа.
Бид анх энэ машиныг 73 сая төгрөг гэхэд нь *** 35 сая төгрөг өгсөн. *** холбоотой байсан. Дараа нь 2013 оны 11 сард 20 сая төгрөг өгөөд үлдсэн 20 сая төгрөг дээр гэрээ хийсэн. Гэрээний дагуу 3500.000 төгрөг төлсөн. Одоо 13500.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. 3 сая төгрөгийг зөвшөөрөхгүй гэв.
 
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
 
ҮНДЭСЛЭХ нь:
 
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ***нь хариуцагч ***т холбогдуулан 16 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ***нь хариуцагч *** нар нь 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 20.000.000 төгрөгийг 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлж дуусгах хугацаатайгаар, хүүгүй, алданги тооцохгүйгээр зээлийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. /хх-ийн8/
 
Талууд зээлийн гэрээний дагуу тухайн өдөртөө буюу 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр барьцааны гэрээ байгуулж ***ын өмчлөлийн 75 сая төгрөгийн үнэ бүхий ***, ДАЕ FM 95-4800 зүтгүүр, *** чиргүүлийн хамт барьцаалсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 9/
 
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд ...автомашины үлдэгдэл 20 сая төгрөгнөөс хариуцагч нь 4500.000 төгрөгийг шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 15.500.000 төгрөг болгож нэхэмжилж байна гэснийг, хариуцагч бид анхнаасаа 73 сая төгрөгийн машин худалдаж авсан. 13.500.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, 2 сая төгрөгийг төлөхгүй гэж татгалзжээ.
 
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа *** автомашин худалдан авсан, урьдчилгаанд бэлнээр *** дамжуулан 35 сая төгрөг, дараа нь *** 20 сая төгрөг өгч үлдэгдэл 20 сая төгрөг дээр зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарлаж энэ талаар маргаагүй тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийн хүлээнэ гэсэн Зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
 
Хариуцагч *** нь зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч *** 2013.04.02-нд 1 сая төгрөг, 2015.03.23-нд 500.000 төгрөг, 2016.01.08-нд 3 сая төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 23-26/
 
Нэхэмжлэгч нь автомашины үлдэгдэл 15.500.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байна.
 
Иймд хариуцагч ***оос 15.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** олгож, 1 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
 
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 397950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***оос 15.500.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 235450 төгрөг, төрийн сангийн орлогоос нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 157500 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
 
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч ***оос 15 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** олгож, 1 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 397950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***оос 235450 төгрөг, төрийн сангийн орлогоос 157500 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
 
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА