Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Давагийн Алтантуяа |
Хэргийн индекс | 135/2015/00228/И |
Дугаар | 135/ШШ2016/00367 |
Огноо | 2016-03-01 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 135/ШШ2016/00367
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/00228/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Дархан сум ***-р баг *** дугаар хороолол, *** дүгээр байр, *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, *** овогт *** нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сумын *** сургуульд холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие боловсролын байгууллагад тасралтгүй 36 жил ажилласан. Энэ сургуульд 18 жил ажиллаж байгаа. Бага боловсролын сургалтын менежерийн ажлыг 14 жил тасралтгүй хийсэн. Боловсролын тэргүүний ажилтан, Боловсрол судлалын магистр, клиник профессор, Монгол Улсын Зөвлөх багш зэрэгтэй. Ажиллах хугацаандаа эрхэлсэн ажилдаа хоёргүй сэтгэлээр хандан удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай биелүүлж ажиллаж ирсэн. Ажиллах хугацаандаа ямар нэгэн доголдол, дутагдал гаргаж байгаагүй, арга хэмжээ авсан ямар нэгэн эрхийн акт байхгүй. Намайг хууль бус тушаалаар ажлаас ямар ч үндэслэлгүйгээр халсанд гомдолтой байна. Уг тушаалд халсугай гэсэн үг байгаа учир би энэ үгийг хэрэглэлээ. Уг тушаалд хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн, мөн хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэжээ. Гэтэл хуулийн заалтаар 40-р зүйл дотроо 7 өөр заалттай байна. Хөдөлмөрийн гэрээ нь 9 зүйлийн 49 заалттай яг юуг зөрчсөн нь тодорхойгүй байна. Хүний амьдрал, хувь заяа, ажил хөдөлмөрийг шийдэж байгаа тушаал маш тодорхой, хуулийн ямар заалтын, ямар хэсгийг биелүүлээгүй зөрчсөнийг заах ёстой. Иймд хууль зөрчсөн үндэслэлээ заагаагүй, энэ тушаал өөрөө хууль бус болох нь тодорхой юм байна гэж ойлголоо. Мөн намайг халсан нь ямар ч үндэслэлгүй юм. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажилгүй байсан хугацааны цалин 2015 оны 12 дугаар сарын 17-ноос шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2770531 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ***сургуулийн захирал ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
***г халах тушаалыг хууль ёсны, шударга шийдвэр гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
Нэхэмжлэгч *** нь Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан. Хөдөлмөрийн гэрээний 4.1.2-т албан байгууллага, багш, сурагчдын эрх ашгийг зөрчсөн үйлдэл хийсэн бол хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээний 9.2-т зааснаар ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөхөөр заасан. *** нь багш *******,******* нарыг дарамталсан. Хөдөлмөрийн дотоод журмын 11.5-д хөдөлмөрийн гэрээний нөхцлийг ноцтойд тооцогдохоор зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан тул тушаал үндэслэлтэй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** нь Дархан-Уул аймаг Дархан сумын ***сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч *** нь Дархан-Уул аймаг Дархан сумын ***сургуулийн захиралтай 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хөдөлмөрийн гэрээ байгуулан бага боловсролын сургалтын менежерийн албан тушаалд ажиллаж байгаад тус сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн *** тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна. / хх-ийн 4, 7/
Хариуцагч Дархан-Уул аймаг Дархан сумын ***сургуулийн захирал *** тушаал үндэслэлтэй гэж маргажээ.
Нэхэмжлэгч *** нь ажлаас чөлөөлсөн тушаалыг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гардан авч 2016 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гаргана гэсэн хуулийн хугацааг зөрчөөгүй байна.
Хариуцагч Дархан-Уул аймаг Дархан сумын ***сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн *** тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, Хөдөлмөрийн дотоод журмын заалтыг тус тус үндэслэн *** нь хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн тул үүрэгт ажлаас халсугай гэсэн тушаал гаргасан байх бөгөөд шүүх хуралдаанд *** нь Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан. Хөдөлмөрийн гэрээний 4.1.2-т албан байгууллага, багш, сурагчдын эрх ашгийг зөрчсөн үйлдэл хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч тушаалын үндэслэл, тайлбар зөрүүтэй, мөн ноцтой зөрчил гаргасан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Хариуцагч нь ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл заалтыг баримтлаагүй, Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн гэж байгаа боловч ямар зүйл заалтыг нь зөрчсөн талаар дурьдаагүй Хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ***г Дархан-Уул аймаг Дархан сумын ***сургуулийн бага боловсролын сургалтын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй.
Нэхэмжлэгч ***гийн ажилгүй байсан хугацааны цалинг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д дундаж цалин хөлстэй тэнцэх олговор-ыг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны *** тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухай ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэсний дагуу хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2015 оны 9, 10, 11 сарын цалингаас дундаж цалинг тооцож 1215691+1073445+1072845=3361981:3=1120660 төгрөг,
2015 оны 12 дугаар сарын 17-ноос 2016 оны 03 дугаар сарын 01 хүртэл 2 сар 10 хоногийн цалин 1120660х2=2241320, 2241320+91430=2332750 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, 437781 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч ***г Дархан-Уул аймаг Дархан сумын ***сургуулийн бага боловсролын сургалтын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин 2 332 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, 437781 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагчид нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж суутган бичилт хийхийг даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Дархан-Уул аймаг Дархан сумын ***сургуулиас улсын тэмдэгтийн хураамж 52274 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА