Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Давагийн Алтантуяа |
Хэргийн индекс | 135/2015/00228/И |
Дугаар | 135/ШШ2016/00366 |
Огноо | 2016-03-01 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 135/ШШ2016/00366
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/00228/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Дархан сум *** дүгээр баг *** дугаар хороолол, *** дүгээр байр, *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, *** овогт *** нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум ***-р баг Төмөр замын ***-р байрны *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, *** овогт *** холбогдох
8 850 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч ***, нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***, итгэмжлэгдсэн төлөөлөгч ***нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие ***2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлж 5 000 000 төгрөгийг зээлсэн юм. ***гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч элдэв, шалтаг, зовлон ярьж үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч ***аас зээлүүлсэн 5 000 000 төгрөг, хүү 900 000 төгрөг, алданги 2 950 000 төгрөг нийт 8 850 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ***шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би анх ***аас түүнтэй цуг ажилдаг байсан ***гэдэг хүүхнээр дамжуулан сарын 10 хувийн хүүтэйгээр 3 сая төгрөг зээлж авсан. Би сар болгон хүүгээ тогтмол төлж байгаад 2013 оны 5 сард *** эгч 1 сая төгрөгөө авна машин авна гэсний дагуу 1 сая төгрөг хүү 300.000 төгрөг нийт 1300.000 төгрөгийг *** эгчийн дансанд хийсэн. Ингээд сар бүр 200.000 төгрөг тогтмол хийж явсан. Мөнгөө *** дансанд, бэлнээр ажил дээр нь аваачиж өгч байсан. Гэтэл 2013 оны 8 сард би ерөөсөө энэ***гэдэг хүнтэй өөрөө яриад шууд данс руу нь хийж байя гэж бодоод 88378855 гэдэг утас руу нь яриад данс руу нь 200 000 төгрөг хийтэл***надаас чи хэдэн төгрөг зээлсэн бэ гэхэд би 3 сая төгрөг 10 хувийн хүүтэй зээлсэн, сар бүр тогтмол 300.000 төгрөг төлж байгаа. Чамайг машин авна гэхээр нь би 1300.000 төгрөг өгсөн гэхэд би 10 хувь биш 6 хувийн хүүтэй зээлсэн гэхээр нь би 2013 оноос 6 хувийн хүү өгч байгаад дахин 500.000 төгрөг нэмж авсан. 2014 оны 11 сард 1 750 000 төгрөгийг данс руу нь хийсэн. Би сар бүр тогтмол 200,0-300,0 төгрөг төлдөг байсан. Бүтэн 3 жил гаран энэ хүнд мөнгө төлсөн. Нийт 12-13 сая төгрөг төлсөн. Энэ хүнийг нэг ч удаа хохироогоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***холбогдуулан үндсэн зээл 5 000 000 төгрөг, хүү 900 000 төгрөг, алданги 2 950 000 төгрөг нийт 8 850 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ***би анх 2012 оноос ***аас зээл аваад түүнээс хойш нэмж авсаар 5 400 000 төгрөг болсон. Түүнээс хойш 1700.000, 1300.000, 500.000 төгрөг шилжүүлсэн мөн сар бүр тасралтгүй хүү төлсөн. Нийт 12-13 сая төгрөг төлсөн, бид тухайн үед зээлийн гэрээ байгуулаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч ***, хариуцагч ***нар нь 2014 оны 4 сарын 19-ний өдөр 5 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй, үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд 0.5 хувийн алданги тооцохоор гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 3/
Хариуцагч *** хүсэлтээр нэхэмжлэгч ***ын ХААН банкны *******дансны 2013.01.01-ээс 201512.01-ний хоорондох дэлгэрэнгүй хуулга ирүүлсэн бөгөөд ******т дансаар 2013 оноос 2015 оны 11 сарын 21 хүртэл мөнгө шилжүүлж байсан нь тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...хариуцагч ***нь анх 2 сая төгрөг зээлсэн түүнээс хойш нэмж мөнгө зээлээд 3500.000 төгрөг авах ёстой байсан, дахин 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 1500.000 төгрөг зээлсэн тул өмнө авсан зээлийг нэмээд 5000.000 төгрөг гаргуулах гэрээ хийсэн гэж тайлбарлаж байгаа бөгөөд талууд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ....шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ гэсэн хуулийн шаардлагыг зөрчиж гэрээ байгуулсан байна.
Өөрөөр хэлбэл талууд 2012 оноос хойш 2-3 удаа мөнгө зээлсэн хүүг нь өгч байсан гэж тайлбарлаж байгаа боловч тухай бүр нь зээлийн гэрээ байгуулаагүй, зөвхөн амаар хүү тооцож байсан бөгөөд зээлийн үлдэгдлийг нэмж дахин гэрээ хийсэн гэж тайлбарлаж байгаа нь хуулийн шаардлагыг зөрчсөн тул дээрхи гэрээний дагуу нэхэмжлэгч нь шаардах эрхгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан ***ын нэхэмжлэлтэй ***холбогдох 8 850 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 156550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА