| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2015/01424/И |
| Дугаар | 135/ШШ2016/00365 |
| Огноо | 2016-03-01 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 135/ШШ2016/00365
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2015/01424/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дүгээр баг, *** дугаар хороо, шинэ хороолол, *** дүгээр байрны *** тоотод оршин суух, *** овогт *** /регистрийн дугаар ***, утас ***/-ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь *** холбогдох ,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...би банкны системд тасралтгүй 23 жил ажиллаж байсан юм. Гэтэл 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр намайг ажлаас халах тушаал гаргасан байна. Намайг ажлаас халсан захирлын тушаал нь бодит үнэнд нийцэхгүй үндэслэлгүй тушаал гарсан гэж үзэж гомдолтой байгаа тул энэ нэхэмжлэлийг гаргаж байна.
Ажлаас халсан тушаалд ***нь Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж бичсэн байна.
1.***би 2015 оны 08 дугаар сард ***төв рүү ажил үүргийнхээ дагуу муу мөнгө тоолж шилжүүлсэн билээ. Энэ мөнгөнүүд дотор серийн дугаар нь 2 өөр дугаартай /гэмтэж урагдаж тасарсан мөнгийг эвлүүлж наахдаа 2 өөр мөнгөний талыг наасан/ 1 ширхэг 50 төгрөг байсан байдаг.
2 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр *******наас над руу утсаар ярьж хуурамч 1 ширхэг 20,000 төгрөгийн дэвсгэрт илэрлээ, та ирж үзнэ үү гэсэн юм. Иймд би *******инд очиж тус хуурамч 20,000 төгрөгийг мөнгө бүсэлсэн нарийн цаас, нүүрний хамт авч Монголбанкныхаа хамт олонд үзүүлэх захиралд хэлэх зорилгоор авч очсон юм. Би ажил дээрээ очоод ажилчиддаа тэр хуурамч мөнгийг үзүүлж сэрэмжлүүлж байсан юм.
...Тэр үедээ захиралд хэлж үзүүлэх гэтэл захирал ажил дээрээ байхгүй байсан болно. Гэтэл үүний дараа захирал намайг өрөөндөө дуудаж оруулаад чи надад хэлэхгүй яасан юм бэ чамайг нуусан гэж үзэж байна ажлаас халагдах өргөдлөө бич гэж тулган сүрдүүлж дарамт үзүүлсэн. Тэгэхээр нь би хуурамч мөнгө илэрсэн болохоор байгууллага хамт олон болон арилжааны банкуудад сэрэмжлүүлэх гэж үзүүлсэн шүү дээ гэхэд тэгвэл та нар хамт олноороо нийлж нуусан байна чи халагд гэж дарамтлаад байхаар нь би хуурамч 20,000 төгрөгийн тэмдэгтийг ажилчид болон банкуудад үзүүлж, зааварлаж сэрэмжлүүлж байгаа нь камерын бичлэгт харагдаж байгаа гэсэн.
...Захирал намайг зөвхөн хувийнхаа ашиг сонирхлын дагуу үндэслэлгүйгээр халж хүний хөдөлмөрлөх эрхийг дорд үзэж увайгүй муу үйлдэл хийсэн гэж үзэж байна.
...Би ямар нэгэн хохирол учруулаагүй бөгөөд харин ч улс олон нийтэд хэрэгтэй гэх үүднээс байгууллагынхаа хамт олон болон бусад бүх арилжааны банкуудад тэр хуурамч мөнгийг үзүүлж сэрэмжлүүлсэн байхад намайг ажлаас шууд халсан явдалд би гомдолтой байна. Би банкны системд тасралтгүй 23 жил ажиллахдаа буруу зөрүү алдаатай зүйл хийж байгаагүй ажлаа чин сэтгэлээсээ хийж байсан. Гэтэл энэ ***гэдэг хүн ажилд орсноос хойш миний эрх зөрчигдөж эцэстээ ажлаасаа халагдаад байна.
...*** ёс зүйгүй үйлдлүүдийг манай хамт олон эсэргүүцэж ***банкинд хандаж 2 ч удаа өргөх бичиг өгч байсан.
Би ажил үүрэгтэйгээ холбогдуулан хуурамч мөнгөн тэмдэгтийн талаар яриа таниулга сургалт хийдэг юм. Би Сэлэнгэ аймаг, Дархан-Уул аймагт сургалт хийсэн.
Би ээлжийн амралтынхаа дутуу хоногийг амрахаар явахдаа тэр хуурамч мөнгийг будаг нь арилаад байхаар нь цаасанд хийгээд дэргэд ажилладаг ажилтандаа хэлээд ширээний шургуулганд хийгээд явсан юм. Захирал тэр мөнгийг аваад хуурамч мөнгө гээд Цагдаагийн газарт албан бичгээр хүргүүлэн өгсөн байсан.
...Иймд иргэн миний хохирсон байдлыг харгалзан үзэж ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин 300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү . гэжээ.
Хариуцагч Дархан-Уул аймаг дахь ***хэлтэс нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
...***нь ***кассын ажиллагааны журмын 2.8.2-т нярав мөнгөн тэмдэгтийг эмх цэгцтэй хадгалж тэдгээрийн бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэгтэй гэсэн заалтыг, Мөнгөн тэмдэгт хүлээн авах, хадгалах, тээвэрлэх журам-ын 2.21-т нярав бэлтгэл сангийн мөнгөн тэмдэгтийг тоолж нягтлан хүлээн авах, хүлээлгэн өгөх, бүртгэл хөтлөх ажлыг хариуцах бөгөөд бэлтгэл санд байгаа мөнгөн тэмдэгтийн бүрэн бүтэн байдлыг хариуцна гэсэн заалтыг тус тус зөрчсөн нь ***мөнгөн тэмдэгт үнэт зүйлсийн газар, мөнгөн тэмдэгтийн хэлтсийн 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар актаар тогтоогдож эрхэлсэн ажилдаа алдаа дутагдал гаргасан тул 2015 оны 09 дүгээр сарын 11-нйи өдөр хэлтсийн захирлын Б-35 дугаар тушаал гаргаж сануулах сахилгын шийтгэл оногдуулсан.
...2015 оны 10 дугаар сарын 09-нйи өдөр *******ны Дархан салбарын захирал *** тоот хүчингүй болон хуурамч мөнгөн дэвсгэртийн талаар ирсэн албан бичгийг нярав *** 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр танилцуулж тухай өдөр бичгээр тайлбар гаргаж өгсөн байна.
...Хуурамч мөнгөн тэмдэгт илэрсэн талаар нярав ***нь хэлтсийн захирал мэдэгдээгүй бөгөөд энэ талаар *******ны Дархан салбараас ирүүлсэн албан бичгийн дагуу тодруулж мэдээлэл авсан мөн мөнгөний нүүр, бүсийг өөрт байхгүй алга болгосон гэсэн тайлбар өгч байгаа нь ***кассын ажиллагааны журам-ын 4.3, ***ажилтны ёс зүйн дүрмийн 3.2.4, ***ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны *** дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Гүйлгээнээс илэрсэн хуурамч мөнгөн тэмдэгтийг хүргүүлэх, бүртгэх, хадгалах, устгах журмын 2.2 тус тус заалтуудыг зөрчиж өөрийн гаргасан алдааг нуун дарагдуулах үйлдэл гаргаж байгаа нь камерын бичлэг болон өөрийнх нь гаргаж өгсөн тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.
***нь Монголбанкны зээлийн мэдээллийн лавлагаагаар Мобиком ХХК-д 313,597.39 төгрөгийн муу зээлийн үлдэгдэлтэй байгаа нь Монголбанкны Хөдөлмөрийн дотоод журам-ын 3.3.1Е-д чанаргүй зээл, зээлийн хүүгийн өртэй байхыг хориглоно гэсэн заалтыг, мөн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.1-д Төв банкны тухай хуулийн 29 дүгээр зүйл, ***хөдөлмөрийн дотоод журмын 3.3-т заасныг тус тус зөрчсөн байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***нь Дархан-Уул аймаг дахь *** няравын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар
Дархан-Уул аймаг дахь *** захирлын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.3 дахь заалт, Монголбанкны хөдөлмөрийн дотоод журам-ын 4.1.1 дэх заалт, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.1, 3.2.5 дахь заалтыг тус тус үндэслэн
Дархан-Уул аймаг дахь *** нярав ***нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаж, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр *******ны теллерийн тоолж байсан мөнгөн тэмдэгтээс хуурамч 20,000 төгрөг илэрснийг тухайн өдөр очиж хуурамч 20,000 төгрөгийн дэвсгэртийг мөнгөний нүүр бүсний хамт авч явсан нь *** кассын ажиллагааны журам-ын 4.3, Монгол ажилтны ёс зүйн дүрэм-ийн 3.2.4 дэх заалт, Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны *** дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Гүйлгээнээс илэрсэн хуурамч мөнгөн тэмдэгтийг хүргүүлэх, бүртгэх, хадгалах, устгах журам-ын 2.2 дахь заалтыг зөрчсөн, зээлийн мэдээллийн сангийн лавлагаагаар Мобиком корпораци ХХК-д 313,597.39 төгрөгийн муу зээлийн үлдэгдэлтэй байгаа нь ***хөдөлмөрийн дотоод журам-ын 3.3.1 дэх заалт, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.1 дэх заалтыг тус тус зөрчсөн тул 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ.../хх-4/
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 40.1.5.мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлана, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т ажлаас халах сахилгын шийтгэл ноогдуулна, Монголбанкны хөдөлмөрийн дотоод журмын 4.1.1-т Ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулинд заасан үндэслэлээр Монголбанкны Ерөнхийлөгч, орон нутаг дахь хэлтэс/салбар/-ын захирлын тушаалаар ажлаас чөлөөлнө, Хөдөлмөрийн гэрээний 3.2.1-т ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарт заасан зорилго, зорилт, чиг үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг тогтоосон хугацаанд нь үр дүнтэй хангах, 3.2.5-т Хөдөлмөрийн хууль, Монголбанкны хөдөлмөрийн дотоод журмын дагуу ажлын цагийг бүрэн, үр бүтээлтэй ашиглах ёс зүйн хэм хэмжээг мөрдөнө гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгч *** Дархан-Уул аймаг дахь *** захирлын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б35 дугаартай тушаалаар ...Хэлтсийн нярав ***нь Монголбанкны кассын ажиллагааны журам-ын 2.8.2, Мөнгөн тэмдэгт хүлээн авах, хадгалах, тээвэрлэх журам-ын 2.21 дахь заалтыг зөрчсөн нь Монголбанкны Мөнгөн тэмдэгт үнэт зүйлсийн газар, мөнгөн тэмдэгтийн хэлтсийн 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар актаар тогтоогдсон тул сануулах сахилгын шийтгэл ноогдуулсан байна./хх-27/
Нэхэмжлэгч ***нь Дархан-Уул аймгийн *** няравын ажил эрхэлж байхдаа 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр *******ны теллерийн тоолж байсан мөнгөн тэмдэгтээс хуурамч 20,000 төгрөг илэрснийг тухайн өдөр очиж хуурамч 20,000 төгрөгийн дэвсгэртийг мөнгөний нүүр, бүсний хамт авч явсан үйлдэл нь ***Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2013 оны *** дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Гүйлгээнээс илэрсэн хуурамч мөнгөн тэмдэгтийг хүргүүлэх, бүртгэх, хадгалах, устгах журам-ын 2.2-т Банк, санхүүгийн байгууллагын ажилтан нь хуурамч мөнгөн тэмдэгтийг илрүүлсэн тохиолдолд гүйлгээг зогсоож, цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж, холбогдох баримт сэлтийг хүлээлгэнэ өгнө гэсэн заалтыг зөрчсөн болох нь
*******ны Дархан салбарын 2015 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн ***тоот албан бичигт ...*******ны Дархан салбар нь 2015 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр Дархан-Уул аймаг дахь *** 200 сая төгрөгийн зузаатгал авсан. Тус зузаатгалаар ирсэн мөнгөөс 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Дархан салбарын өргөтгөл дээр задалж АТМ-д цэнэг бэлдэхээр тоолох үед 1 ширхэг хуурамч 20,000 төгрөгийн дэвсгэрт илэрсэн. Үүнийг *** нярав *** мэдэгдэхэд Дархан салбарын өргөтгөлд ирж камерийн бичлэгийг үзэн хуурамч 20,000 төгрөгийг авч явсан байна. Улмаар 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ***20,000 төгрөг төлсөн байна. уг дэвсгэртийг өгч явуулсан теллерт сануулах бөгөөд журмын дагуу ******* нь хуурамч дэвсгэртийг Цагдаагийн газарт хүргүүлэх ёстой батал Монголбанкны нярав журам зөрчсөн үйлдэл гаргасан байна /хх-36/, *** 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гаргасан тус хуурамч дэвсгэртийг сургалтанд ашиглах санаатай хураан авсан тул хэлтсийн удирдлагад мэдэгдээгүй, цаашдын сургалтандаа ашиглаад л байх зорилготой байсан болно... гэсэн тайлбар /хх-38/, хариуцагчийн ...***нь хуурамч 20,000 төгрөг илэрсэн талаар удирдах албан тушаалтанд мэдэгдээгүй, *******наас албан бичиг ирсэн үед л мэдсэн... гэсэн тайлбар зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.
Хариуцагчийн өмгөөлөгч *** шүүх хуралдаан дээр ...***нь бусдын сайн сайханы төлөө хамт ажилладаг ажилтнууд болон тухайн өдөр Монголбанк дээр байсан бусад банкны ажилтнуудад энэхүү хуурамч 20,000 төгрөгийн талаар мэдэгдэж, таньж олуулах талаар сургалт хийсэн...*** дээрх үйлдэл нь ноцтой зөрчил биш, ******* нь дээрх 20,000 төгрөгийг цагдаагийн газарт мэдэгдэх үүрэгтэй байсан, энэ үүргээ биелүүлээгүй... гэсэн тайлбарыг гаргасан болно.
Ажилтны хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь сахилгын зөрчил болох тул нэхэмжлэгч *** удирдах албан тушаалтанд мэдэгдэлгүйгээр дур мэдэн *******иас хуурамч 20,000 төгрөгийн дэвсгэртийг авсан, хуурамч мөнгөн дэвсгэртийн талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүрэгээ биелүүлээгүй, хуурамч мөнгөний нүүр болон бүсийг алга болгосон зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчил гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах , захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтад бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтныг хамруулах тул *** эрхэлж байсан Дархан-Уул аймаг дахь *** няравын ажил дээрх албан тушаалтанд хамаарна.
Иймд ***хэлтсийн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.4, 40.1.5-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлаж, *** Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтсийн няравын ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч *** гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч ***нь шүүх хуралдаанд оролцохгүй, эзгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2 дах хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *** гаргасан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч *** улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай..
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА