Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2023/03492

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2023/03492

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ? дүгээр хороо, ? дугаар байр,? тоотод оршин суух, УЗ регистрийн дугаартай Б ын А ,

Хариуцагч:Хан-Уул дүүргийн ? дүгээр хороо, Шинэ өргөө хороолол, ? дүгээр байр, ?тоотод оршин суух, СР......... регистрийн дугаартай Д ийн М д холбогдох, 

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 10.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.А ,

Хариуцагч Д.М ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Х  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А  хариуцагч Д.М д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Д.М гийн хүүхэд болон миний төрсөн дүү Д.С  нар найзууд бөгөөд түүгээр дамжуулан Д.Мг мэддэг болсон. Д.М нь миний төрсөн дүү Д.С т Буянт-Ухаа   хороололд түрээсийн орон сууцанд оруулж өгнө, урьдчилгаа нэг хүний 5.000.000 төгрөг болно гэж хэлсэн байсан. Ингээд Д.М тай уулзахад түрээсийн орон сууцанд оруулах боломж байгаа, эхний ээлжинд 5.000.000 төгрөг өгчих гэж хэлсэн. 2019 оны 2 дугаар сард Д.М д 3 удаагийн шилжүүлгээр 10.000.000 төгрөг шилжүүлсэн. Дүү Д.С ийн өмнөөс болон би өөрөө тус байранд орох бодолтой байсан тул өөрийн 5.000.000 төгрөг, нийт 10.000.000 төгрөг шилжүүлсэн. Д.М тай байнга утсаар холбогдож асуухад удахгүй оруулна хүлээж бай гэж хэлдэг байсан ба сүүлдээ утсаа авахаа байж, миний утсыг блоклосон. Цаана нь өөр хүн байгаа талаар огт хэлдэггүй байсан ба сүүлдээ н.Г т мөнгийг өгсөн гэж хэлдэг. н.Г ийн гэрийн хаягыг заагаад өг, би өөрөө очиж уулзая гэхээр ерөнхий тойм хаяг хэлж өгөөд би өөрөө зааж өгнө гэж хэлээд утсаа салгаад алга болсон. Аргаа бараад Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хэргийг хаасан. Д.М  мөнгийг буцааж өгнө, удахгүй өгнө, Чингэлтэй дүүрэгт малын хашаа, дүүгийн машин байгаа зараад өгнө гэж хэлж худлаа ярьж өдийг хүргэсэн ба сүүлийн үед н.Г ос мөнгөө олж ав гэж хэлдэг болсон. Миний бие н.Г гэгчийг огт танихгүй бөгөөд мөнгөө Д.М д өгсөн тул түүнээс нэхэмжилж байна. Миний бие Д.М г н.Г той нийлж залилсан гэж хардаж байна. Иймд Д.М аас 10.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.М  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 онд Төрийн орон сууц корпорацийн барьсан нисэхийн 10 дугаар хороонд байрлах орон сууцанд Сууц өмчлөгчдийн холбооны даргаар ажиллаж байх үедээ борлуулалт хариуцсан хэсгийн ахлахой танилцаж байсан.  нь миний хүргэн ахын үеэл дүү, аавынх нь ажил явдлаар очиж байсан тул Б.А  намайг өмнө нь харж байсан. Мөн миний бие болон түүний төрсөн дүү Д.С  христийн сүмд явдаг, миний хүүтэй найз, манай гэрээр байнга орж гардаг тул Б.А ийг сайн мэднэ, намайг танихгүй, харж байгаагүй гэдэг худлаа. Миний хүү одоо 25 настай тухайн үед найз охинтой болсон тул тусдаа гаргах бодлоор хямд төсвийг нь харж н.Г той холбогдсон. Учир нь Төрийн орон сууцны 3 жилийн барилгын хугацаа дуусаад Сууц өмчлөгчдийн холбооны харьяалалд очдог ба н.Г т түрээсийн орон сууцанд миний хүүхдийг оруулах боломж байна уу гэхэд н.Г болно, бүтнэ гэх хариуг өгсөн. Буянт ухаа ? хороолол нь 4 сарын урьдчилгаа өгөөд сар бүр түрээсийн мөнгө төлж, 15 жил болоод өөрийн болгож авдаг онцлогтой юм. Тухайн үед 1 м.кв нь 1.350.000 төгрөг байсан. Ингээд хүүгээ байртай болгохын зэрэгцээ найз Д.С т нь туслая гэж бодоод хэлтэл ах Б.А а хэлж, Б.А  нь надтай уулзаж, түүний данснаас миний данс руу 10.000.000 төгрөг орж ирсэн. Уг мөнгийг н.Г той холбогдож бэлнээр болон дансаар өгч байсан. Бэлнээр 10.500.000 төгрөгийг Баруун 4 замд байрлах, Хаан банкнаас авч өгсөн, н.Г т өөрийн мөнгөтэй цуг бэлнээр авч өгсөн. н.Г  уг мөнгийг ямар чиглэлтэй авч байсныг сайн мэдэхгүй, тухайн үед байрны түрээснээс урьдчилгаа авч байна гэж бодсон. н.Г той анх уулзахад ямар ч асуудалгүй боломжтой гэж хэлсэн тул итгэсэн ба тухайн үед ажлаа хийж байсныг асуугаагүй. Гэтэл 2018 онд Борнуурт түрээсийн орон сууцны үйлчилгээ үзүүлдэг байруудыг хүмүүсийн мөнгийг дамжуулан авсан гэх үндэслэлээр ажлаасаа халагдсан байсан. н.Г  мөнгийг буцааж өгнө хүлээж бай гэж хэлдэг байсан болохоор мөнгийг авчихаад Б.А т өгнө гэж бодож хүлээж бай, удахгүй өгнө, хашаа, машин зараад өгнө гэж хэлж байсан нь үнэн. Гэвч н.Г мөнгийг өгөөгүй, намайг бас хохироож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, таньдаг хүмүүс учраас тус больё гэж бодсон болохоос мөнгийг нь авч залилах бодол огт байгаагүй гэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, Хаан банкны дансны хуулга, 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн тоот хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Прокуорын газрын тогтоол зэрэг баримтуудыг,

 

Хариуцагчаас хариу тайлбар, Хаан банкны дансны хуулгыг нотлох баримтаар тус тус гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Б.А хариуцагч Д.М аас үндэслэлгүй хөрөнгөжсөн 10.00.000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

3.Нэхэмжлэгч Б.А  өөрийн төрсөн дүүгээр дамжуулж Д.М тай танилцсан, Буянт-Ухаа 2 хороололд түрээсийн орон сууцанд оруулж өгнө гэж урьдчилгаа нэг хүний 5.000.000 төгрөг болно гэхэд нь итгэж, өөрийн болон дүүгийн өмнөөс Хаан банкны дансаар 10.000.000 төгрөг шилжүүлсэн, гэтэл байранд оруулаагүй, мөнгийг буцааж төлөөгүй тул 10.000.000 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.

 

4.Хариуцагч Д.М  2012 онд Төрийн орон сууц корпорацийн барьсан Нисэхийн 10 дугаар хороонд байрлах орон сууцанд Сууц өмчлөгчдийн холбооны даргаар ажиллаж байхдаа тус корпорацийн борлуулалт хариуцсан хэсгийн ахлах н.Г гтой танилцсан ба хүүгээ түрээсийн орон сууцанд оруулмаар байна гэж хандахад боломжтой гэж хэлсэн. Хүүгийн найз Д.С т мөн тус больё гэж бодож хэлэхэд ах Б.А ийн данснаас миний данс руу 10.000.000 төгрөг орж ирсэн нь үнэн, уг мөнгийг н.Г т өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагы хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.Д.М  нь Төрийн орон сууц корпорацийн борлуулалт хариуцсан хэсгийн ахлах н.Г ийг таньдгийн хувьд Буянт-Ухаа 2 хороололын түрээсийн орон сууцанд хүүгээ оруулмаар байна гэхэд боломжтой, урьдчилгаанд 5.000.000 төгрөг шилжүүлчих гэсэн, улмаар хүүгийн найз Д.С т туслах зорилгоор дээрх саналыг хэлэхэд зөвшөөрч Д.С ийн ах Б.А ийн Хаан банкны 5........ тоот данснаас Д.М ийн Хаан банкны 5. ........ дансанд 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 5.000.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 2.500.000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 2.500.000 төгрөг шилжиж орсон болох нь зохигчдын тайлбар, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт, Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримтаар тогтоогдож байна.

 

7.Хариуцагч Д.Мө дээрх мөнгийг хүлээн авсан тухайд маргаагүй, харин мөнгийг цааш нь н.Г т өгсөн тул төлөхгүй гэж маргасан.

 

8.Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1-т ...Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд шаардах эрхтэй... гэж, 492.1.1-т ...Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол... гэж заажээ.

 

9.Хэргийн баримт, зохигчдын тайлбараас үзэхэд Д.М  нь Буянт-Ухаа 2 хороололын түрээсийн орон сууцанд оруулах эрх бүхий этгээд биш, бусдын үгэнд итгэж, орон сууцанд оруулах боломжтой гэж Б.А аас урьдчилгаа мөнгийг авсан нь үндэслэлгүй, Б.А  Д.М д шилжүүлсэн 10.000.000 төгрөгөө шаардах эрхтэй байх тул Д.М аас 10.000.000 төгрөгийг гаргуулж, Б.А т олгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

10.Д.Мөнхтуяа нь мөнгийг цааш шилжүүлсэн гэх н.Г ос жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.М аас 10.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.А т олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175.750 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.М аас 175.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.А т олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН