| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2023/03067/И |
| Дугаар | 183/ШШ2023/03794 |
| Огноо | 2023-11-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 183/ШШ2023/03794
| 2023 оны 11 сарын 17 өдөр | Дугаар 183/ШШ2023/03794 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 00 дүгээр хороо, Горькийн 1000 тоотод оршин суух, ХГ0000 регистрийн дугаартай, Б овогт Д ын Н ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Сөүл гарден, 000 дугаар байр, 00 тоотод оршин суух, НЩ00000 регистрийн дугаартай, И овогт Б ийн М т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 18.354.870 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н, хариуцагч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Хосням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Б.М ийн хүсэлтээр түүнд 3 хоногийн хугацаатай 20.000.000 төгрөг зээлүүлсэн. Анх 20.000.000 төгрөгийг 35.000.000-40.000.000 төгрөг болгож өгье, яаралтай хэрэг болоод гэж гуйсны дагуу Б.М ийн Хаан банк ХК-ийн 50??????? тоот данс руу шилжүүлсэн. 2022 оны 12 дугаар сард 11.500.000 төгрөг төлснөөс хойш нэг ч төгрөг төлөөгүй, 9.500.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Мөн Б.М кассын нярав хийж байхдаа компанийн хөрөнгийг хувьдаа хэрэглэн хүнсний мөнгө болох 3.379.550 төгрөгнөөс 1.800.000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 1.579.550 төгрөгийг өгөөгүй. Компанийн хүнсний мөнгө нэхэгдсэн тул миний бие өөрийн утасны аппликшнээс 1.579.550 төгрөгийг авч, Б.М т зээлүүлсэн. Мөн надаас 144.700 төгрөгийн үнэтэй японы гоо сайхны бараа зээлж авсан. Ингээд нийт 11.254.100 төгрөгийг зээлийн үлдэгдэлтэй. Мөн анх 20.000.000 төгрөг зээлж авахдаа хүүтэй нь буцааж өгнө гэж тохирсон ба нэг жилийн хугацааны хүү бодож 7.130.620 төгрөг нэмэж, нийт 18.354.870 төгрөгийг хариуцагч Б.М ээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Н бид хоёр нэг компанид хамт ажилладаг, найзууд байсан. Миний бие нэхэмжлэгч Д.Н аас 20.000.000 төгрөг зээлж авсан нь үнэн. Учир нь хамаатны хүмүүс мөнгө өсгөх боломж байна, мөнгө хэрэгтэй байна гэхээр нь Д.Н аас авч өгсөн. Банкнаас мөнгөө авахын тулд урьдчилан долларын зөрүү өгөх ёстой гээд цуглуулж өгсөн. Аваад 5 минутын дараа н.Н гэх хүний данс руу шилжүүлсэн. н.Н гэх хүнд хоёр ахтайгаа нийлээд 1.0 тэрбум орчим төгрөг өгсөн. Өнөөдөр маргааш гэж хойшлуулсаар 12 дугаар сар болоход нэг ч төгрөг авч чадаагүй. Д.Н аас авсан мөнгөнөөс ээжийнхээ тэтгэврийн зээлийг авч, бага багаар төлж байсан. Миний бие 20.000.000 төгрөгнөөс 9.500.000 төгрөгийг төлсний дараа Д.Н дахин 16.000.000 төгрөгийг өг гэж хэлсэн. Би эхлээд зээлсэн мөнгөө өгье, 16.000.000 төгрөг одоо өгч чадахгүй гэдгээ хэлэхэд ажлын хамт олонд миний талаар хувийн чанартай зүйл ярьж миний төрд халдаж аргагүйн эрхэнд ажлаасаа гарсан. Хоёр сар гартал ажил хийгээгүй төлөх ямар ч боломжгүй байсан. Компанид төлөх хүнсний мөнгө 1.579.550 төгрөгийг Д.Н н аппилкшнээс авч, зээлж авсан нь үнэн, мөн 144.700 төгрөгийн үнэтэй гоо сайхны барааг цалин буухаар өгч болно гэхээр нь зээлж авсан. Гэтэл цалингаа авч чадалгүй ажлаасаа гарсан тул төлөх ямар ч боломжгүй болсон. Үндсэн зээлийн үлдэгдэл 9.500.000 төгрөг, хүнсний мөнгө 1.579.550 төгрөг, гоо сайхны барааны үнэ 144.700 төгрөг төлөхийг зөвшөөрч байна, одоо ажилгүй байгаа тул бага багаар төлөх боломжтой. Харин хүүний мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х ХК-ийн шилжүүлгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас хариу тайлбар ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Н хариуцагч Б.М т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18.354.870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч дараахь байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Д.Н хариуцагчийг 20.000.000 төгрөг зээлж авснаас 2022 оны 12 дугаар сард 11.500.000 төгрөг төлж, өөр төлөлт хийгээгүй, төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 9.500.000 төгрөг, компанид төлөх хүнсний мөнгө 1.579.550 төгрөг болон гоо сайхны бараа зээлж аваад төлөөгүй үнэ болох 144.700 төгрөг, зээлийн хүүнд 7.130.620 төгрөг, нийт 18.354.870 төгрөг гаргуулна гэж тайлбарласан..
3.Хариуцагч Б.М , Д.Н аас 20.000.000 төгрөг, компанид төлөх хүнсний мөнгө 1.579.550 төгрөг болон 144.700 төгрөгний үнэтэй гоо сайхны бараа зээлж авсан нь үнэн, дээрх төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, харин хүү төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Д.Н , Б.М ийн хүсэлтээр 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 20.000.000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай зээлүүлсэн болох нь Х банкны шилжүүлгийн баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
6.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т ...Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ... гэж заасан ба Д.Н нь Б.М т бэлнээр /20.000.000+1.579.550/=*******.579.550 төгрөг, 144.700 төгрөгний үнэтэй гоо сайхны бараа зээлүүлсэн, хариуцагч мөнгийг, барааг хүлээн авсан талаар маргаагүй зэргээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
7.Хариуцагч Б.М гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, 11.500.000 төгрөг төлснөөс өөрөөр төлөлт хийгээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
8.Иймд хариуцагч Б.М ээс үндсэн зээлийн үлдэгдэл 9.500.000 төгрөг, компанид төлөх хүнсний мөнгө 1.579.550 төгрөг болон гоо сайхны барааны үнэ 144.700 төгрөг, нийт 11.224.250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Н д олгох нь зүйтэй.
9.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 ...Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана... гэж заасны дагуу талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул зээлийн хүүнд 7.130.620 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагаас 7.130.620 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.М ээс 11.224.250 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Н д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7.130.620 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249.725 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.М ээс 194.538 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Н д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН