Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/990

 

                                                  Я.Б, Б.С, Б.Э  нарт

     холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнх-Амгалан,

хохирогч Б.Г-н өмгөөлөгч Ц.Оргил,

хохирогч Ч.М-н өмгөөлөгч Б.Мөнхбат,

яллагдагч Б.С,

яллагдагч Б.С, Б.Э нарын өмгөөлөгч С.Чинзориг,

яллагдагч Я.Б-н өмгөөлөгч Я.Баярсайхан,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЗ/2217 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 51 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Я.Б, Б.С, Б.Э  нарт холбогдох эрүүгийн 1906 05119 1733 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Х овгийн Я-н Б, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .. аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрүүл ахуйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ............ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........./,

2. Г овгийн Б-ны С, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ......... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............/,

3. О овгийн Б-н Э, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ........... аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, вагоны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ............ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........../

 Б.С нь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт зуслан, модон заводын задгайд байрлах иргэн Б.С-н эзэмшлийн газарт 100 м.кв амины орон сууцны барилгын ажлыг хийж гүйцэтгэнэ гэж иргэн Б.Сүхбаатарыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Про ван оффисын 701 тоотод байрлах оффис дотор бэлэн 60.000.000 төгрөг, “Содон Хаус проперти” ХХК-ийн Голомт банкны 1415112132 тоот дансаар 3.400.000 төгрөг шилжүүлэн авч, барилгын ажлыг дутуу орхиж 45.650.903 төгрөгийн хохирол учруулсан,

Б.С, Я.Б нар нь бүлэглэн “Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 273 м.кв амины орон сууцны барилгын ажлыг хийж гүйцэтгэнэ” гэж иргэн Ч.М-г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жоби 72 худалдааны төвд байрлах Хаан банкны салбараас 123.720.000 төгрөгийг Голомт банкны 1415112132 тоот дансаар шилжүүлэн авч, барилгын ажлыг дутуу орхиж 95.800.700 төгрөгийн хохирол учруулан залилсан,

Б.С, Я.Б нар нь бүлэглэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын богинод байрлах иргэн Б.Гантулгын эзэмшлийн газарт 19 дүгээр хороо, орон сууцны барилгын ажлыг хийж гүйцэтгэнэ гэж иргэн Б.Г-г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн яамны өөдөөс харсан Голомт банкны салбараас 52.000.000 төгрөгийг “Содон Хаус проперти” ХХК-ийн Голомт банкны дансанд 3 хувааж шилжүүлэн авч залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан,

Б.С, Б.Э нар нь бүлэглэн фейсбүүкийн “Содон Хаус проперти” пэйж хуудсаар “барилгын ажлыг 50 хувийн урьдчилгаатай, 50 хувийг хүүгүй 2 жил төлөх компанийн лизингийн нөхцөлтэйгөөр хаус барьж өгнө” гэсэн зар тавьж, зарын дагуу ирсэн иргэн Б.Б-г “Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн Хадатын аманд амины орон сууц барьж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, 71.964.500 төгрөгийн урьдчилгаа авч, барилгын ажлыг дутуу орхиж 20.088.300 төгрөгийн хохирол учруулсан,

Б.С, Б.Э нар нь бүлэглэн фейсбүүкийн “Содон Хаус проперти” пэйж хуудсаар “барилгын ажлыг 50 хувийн урьдчилгаатай, 50 хувийг хүүгүй 2 жил төлөх компанийн лизингийн нөхцөлтэйгөөр хаус барьж өгнө” гэсэн зар тавьж, зарын дагуу ирсэн иргэн Ч.Б-г “Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Түргэний аманд 135 м.кв талбай бүхий 2 автомашины гарааштай, 1 давхар хаус барьж өгнө” гэж хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жоби 72 хотхоны 301 тоотод ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, 71.200.000 төгрөгийн урьдчилгаа авч, барилгын ажлыг дутуу орхиж 18.528.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Я.Б, Б.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, Б.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, тус зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заажээ.

Мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “1.1. гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/; 1.2.гэмт хэргийг хэн үйлдсэн; 1.3. гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр; 1.4.Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал; 1.5.гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” гэсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих дор дурдсан зарим байдлыг гүйцэд тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Учир нь:

 1. “Виннер вэй” ХХК-ийн гаргасан 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Х/Ү-73 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг мөрдөгчийн тогтоолоор бус хохирогч Ч.Бу-н захиалгаар, дутуу гүйцэтгэлтэй амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нь зөвхөн түүнээс гаргаж өгсөн баримт материалыг үндэслэн гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлд зааснаар шинжилгээ хийлгэх үед оролцогч нь шинжээчийг татгалзан гаргах хүсэлт гаргах, шинжээчид нэмэлт асуулт тавих, шинжээчид нэмэлт баримт бичиг өгөх, тайлбар гаргах, мөрдөгч, прокурорын зөвшөөрлөөр шинжилгээ хийхэд байлцах зэрэг эрхийг ноцтой зөрчжээ.

Мөн “Итгэлт эстимэйт” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 53-01 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 225 дугаартай дүгнэлт, “Дамно” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн СБ20-577 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан зэргийг зөвхөн хохирогч нараас гаргаж өгсөн баримт материалыг үндэслэн гаргасан нь нэг талыг барьсан буюу эргэлзээтэй байх тул дээр дурдсан дутуу гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг гаргуулахаар дахин шинжилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай юм.

Түүнчлэн “Дамно” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн СБ20-577 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлантай яллагдагч Б.С танилцах үедээ барилгын материал, цалин, хүнс, тээвэр, механизмын 21 сая төгрөгийн зардал гаргасан учраас тухайн шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэсэн байхад нэмэлт шинжилгээ хийлгүүлэх агуулгатай уг хүсэлтийг шийдвэрлэлгүй, хэргийн оролцогчид хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэхээр, мөн яллагдагч нарт чухам ямар шинжээчийн дүгнэлт танилцуулсан болох нь тодорхойгүй байна.

2. Яллагдагч Я.Б, Б.С, Б.Э  нарыг тэдгээрийн холбогдсон нийт 5 үйлдэл тус бүрд хоёр, хоёроороо бүлэглэн бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэж мөрдөгчийн яллагдагчаар татах тогтоолуудад болон прокурорын яллах дүгнэлтэд тусгасан зэргээс үзэхэд яллагдагч тус бүрээр хэргийн хохирлын хэмжээг тооцож тогтоогоогүй байгааг тэдгээрийн хэн нь чухам ямар хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт яллагдаж байгаагаа урьдчилан мэдэх эрхийг нь зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд эдгээр мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд тэдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, нэгэнт хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан учир шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт зарим яллагдагч болон яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтүүдийн үлдэх хэсгийг анхаарах нь зүйтэй.  Дээрх үндэслэлүүдээр Б.С, Я.Б, Б.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан шийдвэрлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Т.Мөнх-Амгалан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

Хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн байцаалтын үр дүнд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянан үзэж, эх сурвалжийг нь харьцуулах, нотлох, үгүйсгэх зэргээр нэгтгэн дүгнээд Я.Б, Б.С, Б.Э  нар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэргийг шүүхэд шилжүүлэх явцад яллагдагч Б.С, Б.Э нарын өмгөөлөгч С.Чинзоригоос Баянзүрх дүүргийн Ерөнхий прокурор, Нийслэлийн Ерөнхий прокурор, Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргасан бөгөөд гомдлыг хянаж хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэдэгт шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд буюу тухайн шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх тогтоолын аль нэгийг гаргахад шууд нөлөөлж болохуйц, эсхүл хэргийг прокурорт буцаахгүйгээр тухайн асуудлыг шүүхийн шатанд шийдвэрлэх, эргэлзээг тайлах боломжгүй тохиолдлыг хамааруулан үзэх нь зүйтэй.

Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг хэт нэг талыг барьсан буюу эргэлзээтэй гэж дүгнэн дахин шинжилгээ хийлгэхээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаан шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүх, прокурорт шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгах талаар хуульд заасан байна. Прокурорт эл хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдэд огт эргэлзээ төрөөгүй бөгөөд шүүх хэрэв эргэлзээтэй бол шүүхийн шатанд дахин шинжилгээ хийлгэхээр томилох эрхтэй субъект юм.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2217 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогч Б.Г-н өмгөөлөгч Ц.Оргил тус шүүх хуралдаанд гаргах “тайлбаргүй” гэв.

Хохирогч Ч.М-н өмгөөлөгч Б.Мөнхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэргийн хугацаа ихсэх тусам хохирогчид учирсан хохирлын хэмжээ ихсэж байна. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт нотлох баримт шинжлэн судлах боломжгүй учир шинжээчийн дүгнэлтийг шинжлэн судлуулаагүй. Гэтэл шүүгчийн захирамжид “Итгэлт эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа зөвхөн хохирогч нарын гаргасан баримтыг үндэслэн гаргасан нь үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийсэн. Хэрэв шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гарсан гэж үзвэл урьдчилсан хэлэлцүүлгээр бус шүүх хуралдааны шатанд шинжлэн судлаад дахин шинжээчийн дүгнэлт гаргуулж болохоор байсан. ... Нэгэнт залилаад авсан тохиолдолд залилсан мөнгийг цааш нь хэрхэн зарцуулсан нь хэрэгт хамааралгүй. Захирамжид заасан асуудлаар хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Б.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Прокурорын шатанд гаргасан хүсэлтүүдийг хүлээн авахгүй байгаад гомдолтой байна. Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

 Яллагдагч Б.С, Б.Э нарын өмгөөлөгч С.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэрэг прокурорт шилжихэд буюу 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн Ерөнхий прокурор Ц.Батболдод гомдол гаргасан. Гэтэл Ерөнхий прокурор Ц.Батболд нь яллах дүгнэлт үйлдсэн гэсэн үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзсан. Үүнийг хүлээн зөвшөөрөөгүй учраас Нийслэлийн прокурорын газар гомдол гаргасан. Нийслэлийн прокурорын газраас “таны гомдол хүлээн авах боломжгүй, учир нь Баянзүрх дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор яллах дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн буюу таны гомдол хангагдсан байна” гэсэн. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас асуухад хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд шилжүүлсэн гэсэн. Мөрдөн байцаагчтай уулзахаар очиход байдаггүй, прокурор нь олон удаа солигдсон. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд яллагдагч нарын өмгөөлөгчид хэргийн материалыг танилцуулалгүйгээр прокурорт шилжүүлсэн. Энэ талаар дахин гомдол гаргасан. Цаг хугацаанд нь хариу өгөлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлэхийн өмнө буюу яллах дүгнэлт үйлдсэний дараа гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгдөг. Прокурорын эсэргүүцэл нь хууль зүйн үндэслэлгүй. Гомдлоо хэнд, хаана хандаж гаргах, хэнээр шийдвэрлүүлэх нь ойлгомжгүй болсон. Гадаадын хөрөнгө оруулалттай компани болон Үржинсүрэн нартай холбогдох асуудлыг огт шалгаагүй. Тухайн үед хэргийг мөрдөж байсан мөрдөгч Баттөмөр нь нотлох баримт гаргаж өгөхөөр хэрэгт хавсаргадаггүй, хүсэлт гаргахаар шийдвэрлэдэггүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Я.Б-н өмгөөлөгч Я.Баярсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхийн тулд зайлшгүй хийж тогтоох ёстой ажиллагаанууд дутуу хийгдсэн. Яллагдагч Я.Б тухайн компанид 127.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байтал залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Б.С, Б.Э, Я.Б нар нь ямар хэлбэрээр бүлэглэн, яаж, хэрхэн залилсан болох нь тодорхойгүй. Эрүүгийн хэрэг мөн эсэх, эсхүл иргэд хоорондын гэрээнээс үүдэлтэй харилцаа юу гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоогүй. Хэт яллах талыг барьж хэргийг шалгасан. Эдгээр асуудлыг нэмэлт ажиллагаагаар шалгаж тогтоон, хэн, хэнд хэдэн төгрөгийн хохирол учруулсан асуудлыг нарийвчлан тогтоох ёстой. Яллах дүгнэлтэд Б.Э, Б.С нар 20.088.300 төгрөг, Я.Б, Б.С нар 52.000.000 төгрөгийг хувааж төлнө гэсэн байдаг. Я.Б нэг ч төгрөг аваагүй гэдэг нь дансны гүйлгээнээс харагддаг. Хохиролтой холбоотой асуудлыг нарийвчлан тогтоох шаардлагатай. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.

            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Я.Б, Б.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, Б.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “... Энэ зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу томилно ...” гэж заасан бөгөөд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэгт “... хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах ...” эрхийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид олгохоор хуульчилсан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд тус дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай захирамжаар Ерөнхий шүүгчийг эзгүйд түүнийг түр орлон ажиллах шүүгчээр шүүгч Т.Шинэбаярыг томилсон /6 хх 215/ шийдвэрийг албажуулсан байна. 

Гэтэл шүүгч Ч.Алтанцэцэг нь Ерөнхий шүүхийн шүүгчийн 2021/ЕШЗ/1236 дугаартай захирамжаар Я.Б, Б.С, Б.Э  нарт холбогдох хэргийн шүүх хуралдааны даргалагчаар шүүгч С.Өсөхбаярыг томилсон шийдвэрийг албажуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

 Хууль бус бүрэлдэхүүнээр шүүхийн шийдвэр гаргах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Я.Б, Б.С, Б.Э  нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцтэл яллагдагч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЗ/2217 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Я.Б, Б.С, Б.Э  нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл Я.Б, Б.С, Б.Э  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                       

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                     ШҮҮГЧ                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                         ШҮҮГЧ                                                                 М.АЛДАР