Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2023/00922

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 21 өдөр Дугаар 183/ШШ2023/00922 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, ***** тоот хаягт байрлах, С ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, С.Шаравын гудамж, ***** тоот хаягт оршин суух, М  ХХК /********/-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 103 395 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: 

нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Б ,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С ХК нь хариуцагч М  ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 103 395 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: С  ХХК нь хариуцагч М  ХХК-тай 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр №343-11/1 дугаартай замын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан хамтран ажилласан. Тус ажлыг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Авто замын ажлын хүлээлцэх актыг талууд үйлдэж, нэхэмжлэгч тал гэрээт ажлыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр дуусгасан. 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн талуудын тооцоо нийлсэн актаар хариуцагч М******** ХХК-иас 103 395 200 төгрөгийн ажлын гүйцэтгэлийн авлагатай болсон. Гэрээний дагуу ажлыг хүлээлгэн өгч, талууд тооцоо нийлж баталгаажуулсан атал хариуцагч компанийн зүгээс төлбөрийг төлнө гэдгээ илэрхийлдэг боловч ямар ч арга хэмжээ авахгүй өнөөдрийг хүрсэн. Иймд М  ХХК-иас гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 103 395 200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдаанд хэргийн баримттай гүйцэд танилцаагүй учраас тайлыар гаргах боломжгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.06.02-ны өдрийн 343-11/21 дүгээр Замын ажил гүйцэтгэх гэрээ, авто замын ажлын хүлээлцэх акт, тооцооны үлдэгдлийн баталгаа, дансны хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 2-14 ху, 60-81 ху/

 

4. Хариуцагчаас: итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 17-18 ху, хх 94-96 ху/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч М ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 103 395 200 төгрөг гаргуулахаар шаардаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Хариуцагч М  ХХК-тай 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр №343-11/1 дугаартай замын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан, гэрээнд заасан ажлыг 100 хувь гүйцэтгэж, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр авто замын ажлын хүлээлцэх актаар хариуцагчид хүлээлгэн өгсөн. 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр M ХХК-иас 103 395 200 төгрөгийн авлагатай талаар талууд тооцоо нийлж, акт үйлдсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Иймд М ХХК-иас гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 103 395 200 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч М ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаар тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлээгүй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хэргийн баримттай гүйцэд танилцаагүй тул тайлбар гаргахаас татгалзаж, ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг улсын комисс хүлээн авсан эсэх нь тодорхойгүй байна гэж тайлбарлаж байна.

 

4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 2,3 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1 2021.06.02-ны өдөр М ХХК, С  ХХК нарын хооронд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буян-Ухаа дахь Онцгой байдлын ерөнхий газрын харъяа агаараас эрэн хайх аврах ангийн хелипортын ажлын зураг төсөлд заагдсан ангарын барилгын суурийн газар шорооны ажил, шугаман суурийн нүх ухах, тэгшилгээ, явгалах зам, нисдэг тэрэг хөөрөх буух талбай, тусгай үйлчилгээний авто зогсоол, нисдэг тэрэгний зогсоол, авто зогсоол, цементбетон хучилттай авто замын далан суурь бүтцийн ажил, асфальтан хучилттай зам автозамын далан суурь бүтцийн ажил, асфальтан хучилттай зам, явган хүний зам, гадаргуугийн ус зайлуулах зэрэг ажлыг 45 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр, гэрээний үнэ 590 000 000 төгрөгийн үнэтэй байхаар тохиролцсон, 343-11/21 дугаартай замын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, /хх 6-12 ху/

 

4.2 2021.11.02-ны өдөр авто замын ажил хүлээлцэх акт үйлдэж, 2021.06.02-ны өдрөөс 10.01-ний өдрийн хооронд ажлыг чанар, стандарт ажлын тоо хэмжээнд тохируулж хийж гүйцэтгэсэн гэж дүгнээд хүлээн авсан, /хх13 ху/

 

4.3 Зохигч 2021.06.04-ний өдрөөс 2021.10.04-ний өдрийн хугацаанд өгч, авалцсан зүйлээ нэгбүрчлэн нийлж, М  ХХК нь 103 395 200 төгрөгийн өртэй болохыг баталсан тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 14 ху/

 

4.4 Хэргийн 46-47, 60-80 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй, хуулбар баримтууд байх тул нотлох баримтаар үнэлээгүй.

 

5. Зохигч гэрээний хүчин төгөлдөр байдал, үлдэгдэл төлбөрийн үнийн дүн зэрэгт маргаангүй, ажлын үр дүнг улсын комисст хүлээлгэн өгсөн эсэх талаар маргаантай.

 

5.1 Шүүх зохигчийн маргаантай, маргаангүй үйл баримтыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд дүгнэсэнийг дурдах нь зүйтэй.

 

6. Зохигчийн хооронд байгуулагдсан 2021.06.02-ны өдрийн 343-11/21 дугаар Замын ажил гүйцэтгэх гэрээ нь гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасанд хамаарахаар байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д захиалагч гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүргийг хүлээнэ гэж тус тус заасан байна.

 

Өөрөөр хэлбэл, гүйцэтгэгч гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэх, захиалагч ажлын үр дүнг хүлээн авах, үр дүн доголдолгүй гэж үзээд хүлээн авсан тохиолдолд хөлсийг төлөх үүрэгтэй байхаар дээрх хуульд зохицуулжээ.

 

Хэргийн баримтаар, 2021.11.02-ны өдрийн авто замын ажил хүлээлцэх актаар гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагч чанарын шаардлага хангасан гэж дүгнээд хүлээн авсан болох нь нотлогдох бөгөөд гүйцэтгэгч талд захиалагч 103 395 200 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй талаар талууд тооцоо нийлж баталгаажуулсан байна. Иймд нэхэмжлэгч үлдэгдэл ажлын хөлсийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тухайд тодорхой тайлбарыг шүүхэд ирүүлээгүй, хэргийн баримттай танилцаагүй үндэслэлээр тайлбар гаргахаас татгалзсаныг шүүх үндэслэл бүхий татгалзал гэж үзээгүй. Учир нь:

 

Шүүх, 2022.11.01-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлтээр, 2023.02.01-ний өдөр хариуцагчийн өмгөөлөгчийн хэргийн баримттай танилцах хүсэлтээр, 2023.03.03-ны өдөр болон 2023.03.10-ны өдөр тус тус хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын эрүүл мэндийн шалтгааны улмаас хуралдаанд оролцох боломжгүй үндэслэлээр хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

 

Мөн, 2023.03.21-ний өдрийн шүүх хуралдааны товыг хуульд заасан зохих журмын дагуу хариуцагчид мэдэгдсэн ба өмгөөлөгчөө солих боломжит хугацаа байгаагүй гэх хүндэтгэн үзэх шалтгаан хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул өмгөөлөгч солих хүсэлтээр хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангахгүй орхиж, харин хэргийн баримттай танилцах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 30 минутын хугацаагаар завсарлаж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчихгүй гэж дүгнэсэн болно.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул хариуцгчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт хариуцагч М ХХК-иас 103 395 200 /нэг зуун гурван сая гурван зуун ерэн таван мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 674 926 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч М  ХХК-иас 674 926 төгрөг гаргуулан С  ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ