Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2021/ДШМ/723

 

                                                              С.М-д холбогдох

                                                 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Б.Зориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Гүнсэл,

шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Ц.Гансүх, Э.Ганбат,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/289 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Ц.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн С.М-д холбогдох эрүүгийн 2010 01654 0104 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн С-н М, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт .......... дугаар байрны 303 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........../;

С.М нь Хан-Уул дүүргийн ........... дугаар байрны 303 тоотод байх өөрийн гэртээ 2019 оны 8 дугаар сард үл ялих зүйлээр шалтаглан эхнэр С.Д-ийн зүүн гар луу нь цохиж, 2020 оны 8 дугаар сарын 9-ний өдөр “кодоо яагаад сольчихов, хэнээр солиулсан юм” гэж гараараа болон хөлөөрөө гар, толгой хэсэгт цохиж, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр “танай эгч намайг ингэж хэлдэг, хэн бэ” гэж толгойн тус газар нь гараараа цохиж зодон, гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

........... тоотод байх өөрийн гэртээ 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр үл ялих зүйлээр шалтаглан эхнэр С.Д-ийн толгойн тус газар нь гараараа олон удаа цохиж зодон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, дух, зүүн чихний дэлбэн, хоёр бугалга, зүүн шуу, дунд хуруу, хоёр шилбэ, шагайны үений гадна хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн .............. тоотод байх өөрийн гэртээ охин М.Н-г 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр гэртээ байхдаа “хичээлээ хийсэнгүй, хоол хийж өгсөнгүй” гэж гараараа цохиж,

2020 оны 8 дугаар сарын 9-ний өдөр гэрийн ажил хийсэнгүй гэж тэлээгээр ороолгож, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь зүүн нүдний зовхи, цээж, баруун бугалга, зүүн мөр дал, хоёр далны хооронд бүсэлхий, зүүн ташаа, хоёр гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хоёр хүнийг” зодож, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, С.Д, М.Н нарын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: С.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.М-г  “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар, мөн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж” үйлдсэн гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцож, С.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож, 30 хоногийн буюу нэг сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 7 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-д оногдуулсан 7 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Д, насанд хүрээгүй хохирогч М.Н, түүний хууль ёсны төлөөлөгч С.Б нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... . ...” гэв.

Шүүгдэгч С.М-н өмгөөлөгч Ц.Гансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... .  ...” гэв.

Шүүгдэгч С.М-н өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “......” гэв.

Прокурор Б.Гүнсэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... . ...” гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч С.М нь ............. тоотод байх өөрийн гэртээ 2019 оны 8 дугаар сард үл ялих зүйлээр шалтаглан эхнэр С.Д-ийн зүүн гар луу нь цохиж, 2020 оны 8 дугаар сарын 9-ний өдөр “кодоо яагаад сольчихов, хэнээр солиулсан юм” гэж гараараа болон хөлөөрөө гар, толгой хэсэгт цохиж, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр “танай эгч намайг ингэж хэлдэг, хэн бэ” гэж толгойн тус газар нь гараараа цохиж зодон, гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

............... дугаар байрны ... тоотод байх өөрийн гэртээ 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр үл ялих зүйлээр шалтаглан эхнэр С.Д-ийн толгойн тус газар нь гараараа олон удаа цохиж зодон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, дух, зүүн чихний дэлбэн, хоёр бугалга, зүүн шуу, дунд хуруу, хоёр шилбэ, шагайны үений гадна хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн ......... дугаар байрны 303 тоотод байх өөрийн гэртээ охин М.Н-г 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр гэртээ байхдаа “хичээлээ хийсэнгүй, хоол хийж өгсөнгүй” гэж гараараа цохиж, 2020 оны 8 дугаар сарын 9-ний өдөр гэрийн ажил хийсэнгүй гэж тэлээгээр ороолгож, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь зүүн нүдний зовхи, цээж, баруун бугалга, зүүн мөр дал, хоёр далны хооронд бүсэлхий, зүүн ташаа, хоёр гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хоёр хүнийг” зодож, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, С.Д, М.Н нарын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            хохирогч С.Д-ийн “... . ...” /1 хх 73-74/,

            Насанд хүрээгүй хохирогч М.Н-н “... . ...” /1 хх 79-81/,

            гэрч С.П-ын “... . ...” /1 хх 82-83/,

гэрч С.А-н “... . ...” /1 хх 88-89/,

гэрч С.Х- н “... . ...” /1 хх 91-92/,

гэрч С.Х.д-н “... . ...” /1 хх 95-96/,

гэрч Б.Э-н “... С.Д-ийн зүүн талын хэнгэргэн хальс төв хэсэгтээ цоорсон байсан. ... Үрэвслийн шинжтэй цоорсон гэж үзэхээргүй механик шинжтэй шинэ цооролт байсан. ... алгадалтаас үүсдэг цооролт байж болохоор байсан.  ...” /1 хх 97/

шинжээч Ц.Бадралын “... С.Д-ийн биед учирсан хэнгэргэн хальс цоорсон гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ... мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. ... Н-н биед учирсан гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэгт тогтоогдохгүй бөгөөд нийлээд хөнгөн зэрэгт хамаарна. ...” /1 хх 114-116/ гэсэн мэдүүлгүүд,

            ЭМЖЖ чих, хамар  хоолойн эмнэлгийн хохирогч С.Д-ийн өвчний түүх, шинжилгээний материалууд /1 хх 54-57/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... С.Д-ийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, дух, зүүн чихний дэлбэн, хоёр бугалга, зүүн шуу, дунд хуруу, хоёр шилбэ, шагайн үений гадна хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн 9240 дугаартай дүгнэлт /1 хх 105-106/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... М.Н-н биед зүүн нүдний зовхи, цээж, баруун бугалга, зүүн мөр, дал, хоёр далны хооронд, бүсэлхий, зүүн ташаа, хоёр гуянд цуст хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн 9242 дугаартай дүгнэлт /1 хх 110-111/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч С.М-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг, мөн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж” уг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хэргийн үйл баримтын талаар хохирогч, насанд хүрээгүй хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар С.М нь дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв.

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч С.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож, 30 хоногийн буюу нэг сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 7 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо “... Эгч дүүс нийлж худлаа мэдүүлэг өгсөн, миний эсрэг зориуд худал мэдүүлж байна. ... С.Д нь чихний эмчид “алгадуулсан” гэж худал хэлж шинжээчийн дүгнэлт гаргуулсан. ...” гэсэн, мөн түүний өмгөөлөгч Ц.Гансүхийн “... шүүгдэгч С.М нь 31 хоногийн турш үргэлжилсэн гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэрэг гарсан цаг хугацааг тогтоогоогүй,  2019 оны 8 дугаар сард хохирогчийн гар луу цохисон гэх нөхцөл байдал нотлогдохгүй байгаа... зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь, Энэ хэргийн хохирогч С.Д, насанд хүрээгүй хохирогч М.Н, гэрч С.П, С.Х, С.А нарт хууль сануулж мэдүүлэг авсан, тэдгээр нь хувийн сонирхлоор хандаж мэдүүлэг өгсөн, бусдыг гэмт хэрэгт гүтгэсэн гэсэн үндэслэл, баримт нотолгоо хэрэгт тогтоогдсонгүй.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч нь шүүгдэгч өөрийг нь удаа дараа   цохиж зодсон талаар хөдөлбөргүй мэдүүлдэг, уг мэдүүлэг нь гэрч Б.Э-н “... С.Д-ийн зүүн талын хэнгэргэн хальс төв хэсэгтээ цоорсон байсан. ... Үрэвслийн шинжтэй цоорсон гэж үзэхээргүй механик шинжтэй шинэ цооролт байсан. ... алгадалтаас үүсдэг цооролт байж болохоор байсан.  ...” /1 хх 97/, шинжээч Ц.Бадралын “... С.Д-ийн биед учирсан хэнгэргэн хальс цоорсон гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ... мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. ...” /1 хх 114-116/ гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн С.Д-ийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, дух, зүүн чихний дэлбэн, хоёр бугалга, зүүн шуу, дунд хуруу, хоёр шилбэ, шагайн үений гадна хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, ...” гэсэн 9240 дугаартай дүгнэлт /1 хх 105-106/ зэргээр давхар нотлогдож байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэж үзэхэд тухайн цаг хугацаанд хохирогч С.Д-д учирсан гэмтлийг шүүгдэгч С.М учруулсан болох нь тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “... 2019 оны 8 дугаар сард болсон гэх үйлдэлд хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх талаар шүүх дүгнэлт хийгээгүй. ...” гэсэн давж заалдах гомдлын хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заажээ.

Шүүгдэгч С.М-н 2019 оны 8 дугаар сард хохирогчийн гар луу цохисон, 2020 оны 8 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд хохирогчийг цохиж, зодсон үйлдлүүд нь үргэлжилсэн нэг гэмт хэргийн шинжийг агуулж байх ба түүний сүүлийн үйлдлээс хойш Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хугацаа өнгөрөөгүй байхад яллагдагчаар татсан тул гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй.

 Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө тус хуульд тусгайлан зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр хуульчилсан бөгөөд С.М-н үйлдсэн гэмт хэргүүд нь Өршөөлийн тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Иймд шүүгдэгч С.М-д Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31ий өдрийн 2021/ШЦТ/289 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг тус тус өршөөн хэлтрүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31ий өдрийн 2021/ШЦТ/289 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт                                “... С.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар тус тус өршөөн хэлтрүүлсүгэй. ...” нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

  3. Шүүгдэгч С.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч, түүний өмгөөлөгч Ц.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            М.АЛДАР