Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 345

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Х.Дашням,

           улсын яллагч Т.Отгонтөгс,

            шүүгдэгч Д.Танихгүй нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

   Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сахалт овогт Дондогийн Танихгүйд холбогдох 1708000690019 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн байцаалт

Монгол улсын иргэн, 1980 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 37 настай, эмэгтэй бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 38-41 тоотод оршин суух, урьд нь 2012 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 380 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дах хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Сахалт овогт Дондогийн Танихгүй /МЬ80052809/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Танихгүй нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 6 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Есөн баялаг” нэртэй зочид буудлын караокед хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Хонгорзулын нүүрэн тус газар шилний хагархайгаар цохиж түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэх хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар Д.Танихгүй нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна. Тодруулбал,

 Д.Танихгүй нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 6 дугаар сарын 17-ны 01:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Есөн баялаг” зочид буудлын караокед иргэн Б.Хонгорзулыг шилний хагархайгаар нүүрэн тус газар нь цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

            Хохирогч Б.Хонгорзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 20 цагийн үед ээжийнхээ найз Булган эгчийн ажил болох Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Есөн баялаг” нэртэй зочид буудлын кароекед ажилд нь туслахаар ирсэн. Тэгээд тэндээ ажиллаж байх үед 23:00 цагийн үед гаднаас үл таних 30 орчим насны халамцуу эмэгтэй хүн орж ирээд надаас гар утасны цэнэглэгч асуухаар нь би “надад байхгүй, та өөр газраас асуу” гэж хэлээд гаднаас орж ирсэн хүнд үйлчилж байхад нөгөө эмэгтэй “чи намайг хүндэлсэнгүй, би одоо танайхаас архи пиво авбал чи цэнэглэгч өгнө биз дээ” гэхээр нь би “надад угаасаа цэнэглэгч байхгүй” гэж хэлээд үйлчлэгч Даваасүрэн гэх эгчийг “наад хүнээ гарга” гэж хэлсэн чинь Даваасүрэн эгч тэр хүнийг кароекеноос гаргасан. Удалгүй 2, 3 минутын дараа нөгөө эмэгтэй дахин орж ирээд үйлчлүүлж байсан нэг эрэгтэй хүний хажууд нь очиж суугаад ууж байсан пивийг нь булааж уусан чинь нөгөө хүн нь уурлаад “энэ хүнээ гаргаач” гэхээр нь Даваасүрэн эгч бид 2 нийлж байгаад тухайн эмэгтэйг гаргасан. Тэгсэн чинь буцаж орж ирээд тэнд байсан хүмүүс рүү дайраад нэг эрэгтэй хүнийг цохиод авсан. Тэгсэн тэр ах уурлаад “гаргаач” гээд байхаар нь би тухайн эмэгтэйтэй зууралдаад хоёр гарнаас нь татсан чинь нэг гараа надаас татаж аваад намайг нэг удаа алгадаад авах шиг болсон чинь Даваасүрэн эгч дундуур ороод салгасан. Би доошоогоо суутал миний хацраас цус гарч эхэлсэн. Тэгэхээр нь гар луу нь харахад тэр эмэгтэйгийн гарт нь бор өнгийн пивоны шилний хагархай барьчихсан байхаар нь намайг алгадаагүй шилээр зүссэн юм байна гэж мэдсэн. Нөгөө эмэгтэй үйлчлүүлж байсан хүмүүстэй маргалдаж байгаад гараад явсан, би түргэн тусламж дуудуулж гэмтлийн эмнэлэгт очиж хацрандаа оёо тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21х/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8220 тоот дүгнэлтэд: “...1/ Б.Хонгорзулын биед зүүн хацарт шарх, дагзанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2/ Дээрх гэмтэл нь ир үзүүр, ирмэгтэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4/ Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 26х/

 

Гэрч Б.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ажлаа хийж байхад манай жижүүр намайг дуудаад “каракоед зөөгч охинтой согтуу хүүхэн маргалдаад байна, та очоодох” гэсэн. Тэгээд очсон чинь дунд зэргийн махлаг 35-40 орчим настай хүүхэн маргалдаад байсан намайг зөөгч охин, нэрийг нь сайн санахгүй байна энэ хүүхнийг гаргаатах гэхээр нь дагуулаад миний дүү хашаа явах юм бэ гээд таксийнд суулгаж өгөөд ажил руугаа орсон. Түүнээс хойш юу болсоныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24х/

 

                  Гэрч Д.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэр өдөр хяналтын дэлгэцээ харж байтал караокед үл таних 30-35 орчим насны эмэгтэй караоке дотор нааш цааш холхиод байсан. Тэгсэн нэг харсан тэкэн дээр очоод зөөгч Хонгорзулыг цамцнаас нь зуураад заамдаж байсан. Би хяналтын дэлгэцээр харчихаад караоке руу яваад ортол үл таних согтууруулах ундаа хэрэглэсэн 30-35 орчим насны эмэгтэй Хонгорзулыг заамдахаа больсон байсан. Тухайн үед 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 01 цаг болж байсан байх. Хонгорзулаас юу болсон талаар асуутал гар утас цэнэглэж өг гээд байна гэсэн. Тэгсэн тэр танихгүй эмэгтэй тэкнээс холдоод ширээнд очиж суусан. Тухайн үед ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй зүгээр байсан. Тэгээд гайгүй хэвийн тайван болчихоор нь би зочид буудал руу буцаад орсон. Үл таних эмэгтэй караокед байхдаа хүмүүс сууж байсан ширээнүүд дээр очоод суугаад байсан гэсэн. Тэгээд Хонгорзул болохгүй гэж сануулсан гэсэн. Зочид буудлын үүдэнд сууж байтал Хонгорзул гаднаас гар утас цэнэглэж өг гээд байсан 30-35 орчим насны үл таних эмэгтэй миний нүүрийг зүсчихлээ гээд ороод ирсэн. Юугаар зүссэнийг тухайн үедээ надад хэлээгүй би хараагүй учир мэдээгүй. Тэгээд түргэн тусламж болон цагдаа дуудсан. Тэр үед нөгөө үл таних эмэгтэй зугтаасан би суусан таксиных нь хойноос таксинд суугаад араас нь очиж барьж авсан. Сүүлд хяналтын камерийн бичлэгийг харахад үл таних эмэгтэй гаднаас орж ирэхдээ гартаа бор өнгийн зүйл бариад орж ирэн Хонгорзулын зүүн хацрыг зүссэн байсан. Хонгорзулд өөр гэмтэл бэртэл байгаагүй. Дараа нь тухайн хэрэг болсон гэх хэсгийг цэвэрлэж байхад пивоны цус болсон шил байсан. Цэвэрлэгээ хийгээд хаячихсан. Хяналтын камерийн бичлэг устсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36х/

 

                  Шүүгдэгч Д.Танихгүйгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 19 цагийн орчим Зоригоо залгаад уулзахаар болсон. Тэгээд Зоригоо бид хоёр 21 дүгээр хорооллын орчим байх Шөнийн захын хажууд уулзаж Зоригоо бид хоёр “Есөн баялаг” караокены хажуугийн буудалд 2,5 литрийн хэмжээтэй Боргио гэх пиво авч орсон. Эхний пивоо ууж дуусгаад дахин 2,5 литрийн хэмжээтэй Боргио пиво Зоригоо бид хоёр авч уусан. 2 пивоо ууж дуусгаад 20 цаг өнгөрөөгөөд буудлын өрөөнөөс гараад гэртээ харихаар болж Зоригоо бид хоёр салсан. Би ганцаараа буцаад найз Туяанаагийн гэр лүү буцаад орсон. Туяанаагийн гэрт хэсэг байж байгаад 22 цаг өнгөрөөгөөд гэрлүүгээ харихаар болоод ганцаараа гэр лүүгээ явсан. Тэгэж явах замдаа замд байх Есөн баялаг зочид буудлын хажуугийн нэрийг нь санахгүй караокед ганцаараа орсон. Караоке нь нийтийн караоке байсан. Караокед ороод 1 шил Боргио пиво захиалан уусан. Тухайн үед гар утас маань цэнэггүй болсон байсан учир зөөгч Хонгорзул /сүүлд нэрийг нь мэдсэн/ гэх эмэгтэйгээс гар утасны цэнэглэгч асуусан. Тэгтэл зөөгч Хонгорзул намайг согтуу байна, согтуу хүнд үйлчлэхгүй гар гэсэн. Би авсан пивоо ууж дуусгаад гаръя гэхэд уурласан. Тэгээд би хэсэг маргалдаж байгаад караокеноос гарсан. Караокеноос гарчихаад буцаад 5-10 минутын дараа тамхи татчихаад караокед орсон. Караоке руу ортол Хонгорзул гэх эмэгтэй над руу дөхөж ирээд намайг арагш түлхээд унагаасан. Би гаднаас орохдоо 1 шил пиво уугаад бариад орсон байсан учир унахад пивоны шил хагарсан. Тэгээд би босч ирээд уурлаад гартаа барьсан байсан хагарсан пивоны шилээр Хонгорзулын нүүрэн тус газар цохисон. Гэхдээ би согтуу байсан учир бүрэн дүүрэн тод санахгүй байна. Тэгтэл Хонгорзул гэх эмэгтэйн зүүн хацарнаас цус гарсан. Өөр цохьж зодсон зүйл байхгүй. Тэгээд би айсандаа гараад гүйсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.

 

            Шүүгдэгч Д.Танихгүй нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж биеэ авч явах, хянах чадваргүй байх үедээ хохирогч Б.Хонгорзулын тавьсан зүй ёсны шаардлагыг эсэргүүцэн маргалдаж улмаар түүний нүүрний зүүн хэсэгт өөрийн барьж явсан пивоны шилний хагархайгаар зүсэж гэмтэл учруулсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон байх ба  шинжээчийн дүгнэлтээр уг гэмтэл нь хөнгөн гэмтэлд хамаарагдсан байх тул Д.Танихгүйг хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутай гэж дүгнэхээр байна. 

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийг ялллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Танихгүйд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

Иймд шүүгдэгч Д.Танихгүйг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

Д.Танихгүйн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Д.Танихгүй нь урьд 2012 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 380 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дах хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29х/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 48-51х/  зэрэг баримт,

            -Д.Танихгүй нь 2001 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Т.Тэнгис, 2010 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Б.Номин нарын хамт амьдардаг тухай Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтууд авагдсан байна. /хх-ийн 45 дугаар хуудас, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримт/

 

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Д.Танихгүй нь хохирогч Б.Хонгорзулд эрүүл мэндийн хохирлын төлбөрт 400.000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлсөн, хохирогч нь “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 30, 33х/

 

Шүүгдэгч Д.Танихгүйгийн бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч Д.Танихгүйн үйлдсэн хэрэг нь хөнгөн хэргийн ангилалд хамаарагдсан, Д.Танихгүйн хувийн байдал, тэрбээр өрх толгойлсон, насанд хүрээгүй 2 хүүхдийн хамт амьдардаг, хувиараа барилгын засал чимэглэл хийдэг, өрхийн сарын орлого 600.000-800.000 төгрөгийн хооронд байдаг гэх шүүгдэгчийн мэдүүлэг авагдсан байх тул дээрх нөхцөл байдлыг харгалзан Д.Танихгүйд торгох ялыг оногдуулах нь үндэслэлтэй байх ба оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацаа болон төлөх хэмжээг 6 сарын хугацаагаар хэсэгчлэн, сар бүр 75.000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Д.Танихгүйгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Сахалт овогт Дондогийн Танихгүйг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Танихгүйг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Танихгүйд оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн, сар бүр 75.000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Танихгүй нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Танихгүй нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Танихгүйд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                   

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.АЛТАНЦЭЦЭГ