Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 38

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Гаурагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШШ2019/00263 дугаар шийдвэртэй Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хус арал багт оршин суух, ЕП78070304 тоот регистрийн дугаартай, Төлек кадир овогт Сабиханы Гаурагийн нэхэмжлэлтэй, Ховд их сургуульд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэг түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг, нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие Ховд их сургуулийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/138 дугаартай тушаалаар Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад Ховд их сургуулийн захирлын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/74 дугаартай тушаалаар салбарын захирлаар жинхлэн томилогдсон юм.

Миний бие тус сургуулийн захирлаар ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, зөрчил дутагдал гаргалгүй удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай гүйцэтгэн ажиллаж байсан. Миний бие ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байтал Ховд их сургуулийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/124 дугаартай тушаалаар албан тушаал бууруулж 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгон Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, тус сургуулийн Боловсрол судлал, арга зүйн танхимд ахлах багшийн зэрэглэлд ажиллуулах тушаал гаргаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ингээд миний бие тус тушаалыг хүчингүй болгуулахаар 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч миний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Миний ажиллаж байсан албан тушаалыг бууруулж байгаа үндэслэлээ гаргасан тушаалдаа дурдахдаа “Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг хангалтгүй удирдаж, урьд хяналт шалгалтаар тогтоогдсон зөрчил дутагдлыг арилгаагүй, ажлын байрны тодорхойлолтод заасан шалгуур, шаардлагыг хангаагүй, менежерийн үр дүнгийн гэрээгээр D буюу дутагдалтай дүгнэгдсэн” гэжээ. Миний бие тухайн албан тушаалд 3 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд ажлын байрны тодорхойлолтод заасан шалгуур, шаардлагыг бүрэн хангасан. Тухайн ажлын байранд ажиллахдаа менежерийн үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учир D үнэлгээ авсан гэдэг нь үндэслэлгүй юм. Надтай холбогдуулан гарсан санхүүгийн акт, шийдвэр, ажлаа сайжруулах тухай заавар, зөвлөмж ирүүлээгүй. Миний бие тус сургуулийн захирлаар томилогдсон үеэсээ сургуулийн ажлыг чанартай авч явахын тулд бүхий л боломжоо ашиглан, өөрийгөө дайчлан ажиллаж байсан. Ховд их сургуулийн захирал В.Сайнбаяр нь миний ажлыг дэмжихгүй байсаар эцэст нь намайг ажилгүй болгож хохироож байна.

Би Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлаар ажиллаж байхдаа сарын 1,116, 820 төгрөгийн цалинтай ажиллаж байсан бөгөөд 2018 оны 6, 7 дугаар сард амралтын мөнгө авсан, харин 2018 оны 8, 10 дугаар сард цалин огт аваагүй. Би 2018 оны 9 дүгээр сард Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд ахлах багшийн цалингаар, 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 5 дугаар сарыг дуустал Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт мэргэжилтнээр ажилласан тул мэргэжилтний цалингаар цалинжсан. Иймд би ахлах багш болон мэргэжилтнээр ажиллаж байхдаа цалин авч байсан учир сургуулийн захирлын цалингийн зөрүүг гаргуулахаар нэхэмжилсэн. Үүнд 2018 оны 8 дугаар сарын захирлын ажлын байр дахь цалин 1,116,820 төгрөг, 9 дүгээр сард ахлах багш, захирлын цалингийн зөрүү 70,885 төгрөг, 10 дугаар сард цалин огт аваагүй тул захирлын цалин 1,116,820 төгрөг, 11 дүгээр сар, 12 дугаар сард мэргэжилтний цалин захирлын цалингийн зөрүү 316,364 төгрөг, 2019 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарыг дуустал мэргэжилтний ажлын байрны цалин захирлын ажлын байрны цалингийн зөрүү 285,578 төгрөг, нийт 4,365,143 төгрөгийг Ховд их сургуулиас гаргуулах хүсэлтэй байна. Мөн миний 2018 оны 8, 10 дугаар сард нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй учир энэ хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна. Харин миний бие шүүхэд гаргасан Ховд их сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/191 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд миний гомдлыг хянан үзэж, Ховд их сургуулийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/124 дугаартай тушаалыг хүчингүй болгож, С.Гаура намайг Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, албан тушаалын цалингийн зөрүүг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлаар ажиллаж байсан С.Гаураг 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр албан тушаал бууруулж, багшийн зэрэглэлд ажилуулах тушаал гарсан. Уг тушаал гарах болсон үндэслэл нь С.Гаурагийн ажил сургалт, эрдэм шинжилгээ, гадаад харилцаа, элсэлт, эдийн засаг болон сургуулийн санхүү зэрэг нь ажлууд доголдолтой байсан. Шаардлагын хэмжээнд хүрэхгүй байсан. Ажлын байранд заасан тодорхойлолтыг бүрэн хэрэгжүүлж чадаагүй, эдгээр байдлуудыг үндэслэж албан тушаал буруулсан. Энэ талаар 2017 онд захирлын тушаал гарч С.Гаурагийн ажлыг шалгаад, үүрэгт ажлаа сайжруулах үүрэг чиглэл өгсөн. Үүний дагуу 2018 оны 5 дугаар сард шалгалтын мөрөөр дахин очиж шалгахад ажил сайжраагүй байдалтай байсан. Иймд С.Гаураг захирлын ажлаас албан тушаал бууруулах тушаал гарсан. С.Гаура нь Баян-Өлгий аймаг дахь сургуулийн сургалт, элсэлт хангалтгүй хэмжээнд байсан. Дээд боловсролын тухай хуульд зааснаар дээд боловсрол болон дунд сургуулийн урт хугацааны боловсролд чиглэн төлөвлөгөө боловсруулж ажиллах ёстой. Гэтэл С.Гаура эдгээр төлөвлөгөөг боловсруулж ажиллаагүй. Сургуулийн мастер төлөвлөгөөг хамт олондоо танилцуулж хэрэгжүүлж, төлөвлөгөөг боловсруулж ажиллагаагүй. Бага ангийн багш, сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэхээр сургалтын үнэлгээний зөвлөлтэй гэрээ хийсэн боловч гэрээнд заасан хугацаанд тайланг бичиж хүргүүлээгүй байсан. Сургалтдаа хөндлөнгийн үнэлгээг тогтворжуулах болон оюутны сэтгэл ханамжийн судалгаа авдаггүй. Энэ нь Ховд их сургуулийн дотоод ажлын тогтолцооны журамд энэ талаар зааж өгсөн байгаа.

Түүнчлэн 2017-2018 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх тоо 199 байхад салбар сургууль 69 оюутан элсүүлсэн. Элсэлт 31,5 хувьтай байсан бөгөөд хангалтгүй үзүүлэлттэй байсан. Салбар сургуулийн элсэлтийг нэмэгдүүлэх бодлого хөтөлбөртөө хүрч ажиллаагүй ямар нэг санаачилгатай ажил хийгээгүй. Багшийг хөгжүүлэх, багш нарын эрдмийн цол зэргийг ахиулах талаар сургалт бодлого төлөвлөж ажилладаггүй. Төв сургуулийн оюутан хөгжлийн зээлд хамруулах тоо 190 байхад салбар сургууль 9 оюутан хамруулсан.

Ийм хангалтгүй үзүүлэлтүүд байсан. Баян-Өлгий аймгийн салбар сургууль нь эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хамтын ажиллагааны чиглэлээр идэвх санаачилгатай ажилладаггүй. Казахстаны их сургуультай казах хэл, уран зохиолын багшийн 2+2 хамтарсан хөтөлбөр, Казахстан улсын Алмата охидын сургуультай 1+3 хамтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төв сургуульд мэдэгдэхгүйгээр хамтын гэрээнд гарын үсэг зурсан.

Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дугаар зүйлд зааснаар салбар төлөөлөгчийн газар нь хуулийн этгээдийн эрхгүй байхад салбар төлөөлж гарын үсэг зурсан байсан. Шалгалтаар үзэхэд сургуулийн данснаас нягтлан Жанболат 1,500,000 төгрөг бэлнээр гаргаад няравын данс руу шилжүүлсэн. Энэ нь мөнгөн кассын журмын 2.2 дугаар зүйлийг зөрчсөн. Мөн хандив туслалцаа авахын өмнө удирдлага аль эвсэл удирдлагаас зөвшөөрөл авахгүйгээр 1 оюутнаас 25,000 төгрөг хандив авсан бөгөөд нийт 1,375,000 төгрөг бүртгэл тэмдэглэлгүй хадгалж байсан нь шалгалтын явцад илэрсэн. Энэ нь нийтийн албанд хувийн ашиг сонирхлоор хандсан гээд Ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн. Мөн Боловсролын тухай хуулийн 36 дүгээр зүйлийн 12.3 дугаар зүйл, 39 дүгээр зүйл болон Дээд боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1.15 дугаар зүйлийг зөрчсөн. Мөн Баян-Өлгий аймгийн салбар сургууль нь хуулийн эрхгүй этгээд юм. Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль нь дулааны эрчим хүчнээс ирсэн нэхэмжлэлийг төв сургуульдаа мэдэгдэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэр гаргах ажиллагаанд хариуцагчаар оролцсон. Мэргэжлийн салбаруудын хүрээнд тусгай зөвшөөрөл авсан мэргэжлүүдээр бакалавр, магистр, докторын зэргийн сургалт зохион байгуулах хяналт тавих, сургалт сурталчилгааны ажлын нэгдлийг хангах, сургалт судалгааны чиглэлээр гадаад дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах үндсэн чиг үүрэгтэй. Гэтэл энэ үндсэн чиг үүргүүдээ огт хэрэгжүүлээгүй талаар тодорхой ярьсан. Ажлын байрны гол үйл ажиллагаа нь Ховд их сургуулийн дүрэм журмын хүрээнд факультетын дүрэм журмыг удирдах ажиллагааг байнга хийж байх ёстой. Сургуулийг хөгжүүлэх хэтийн бодлого төлөвлөлтөд байнга хяналт тавьж түүнд шаардагдах төсвийн хөрөнгийг бүрдүүлж зориулалтын дагуу зарцуулж хяналт тавих ёстой байтал төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, орлого бүрдүүлэлтэд анхаарч ажилладаггүй. С.Гаураг Ховд их сургуулийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 2.7, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу албан тушаал бууруулсан. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. Баян-Өлгий аймгийн салбар сургуулийн монгол хэлний багшийн орон тоо болон цагийн тооцоог хийж үзэхээр монгол хэлний багш 36,36 кредит цаг гүйцэтгэх цагийн нөөцтэй байгаа. Ховд их сургуулийн 1 багшийн хичээл заах цагийн тооцоо нь 17 кредит байдаг учраас тухайн 36,36 кредит цагийн хичээлийг 2 багш заах учраас нэг багшийг чөлөөлж орон тоог цөөрүүлэх шаардлага гарсан. Иймд С.Гаурад мэдэгдэх хуудас өгөөд 2018 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс ажлаас чөлөөлөхөөр гаргасан тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал шийдвэр гарсан. Иймд С.Гаурагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШШ2019/00263 дугаар шийдвэрээр:“ 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Ховд их сургуулийн захирлын 2018.6.20-ны өдрийн Б/124 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Гаураг Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай. 2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Ховд их сургуулиас нэхэмжлэгч С.Гаурагийн ажилгүй байсан хугацааны цалин, цалингийн зөрүү нийт 4,423,145 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Гаурад олгосугай. 3.Нэхэмжлэгч С.Гаура нь Ховд их сургуулийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/191 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай. 4.Хөдөлмөрийн тухай хуулийн 46.1, 46.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Гаурагийн 2018 оны 8, 10 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр тооцож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Ховд их сургуульд даалгасугай. 5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Гаура нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ховд их сургуулиас улсын тэмдэгтийн хураамж нийт 155,920 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай гэж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн нэхэмжлэгч С.Гаурагийн Үр дүнгийн гэрээг дүгнэсэн илтгэх хуудас гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг дүгнэж “D” үнэлгээ тавьсныг С.Гаура өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Зохигчдын маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа нотлох баримтыг шүүх үгүйсгэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн байна. Ховд их сургуулийн захирлын тушаалаар С.Гаураг захирлын үүргээс чөлөөлж, ахлах багшийн зэрэглэлд багшаар ажиллуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч С.Гаурагийн Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан эрхийг хөндөөгүй болно. Хэрэгт хариуцагч талын гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлээгүй бөгөөд энэ талаар шийдвэртээ тусгаж өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, татгалзах эрхийг хуульчилсан. Нэхэмжлэгч нь шаардлагаа ихэсгэх, шаардлагаасаа татгалзах тохиолдолд бүрд шүүгчийн захирамж гарах, шүүх хуралдааны явцад гаргасан хүсэл зоригийн илэрхийлэлийн хувьд шүүхийн шийдвэрт тусгаж өгөх ёстой.

            Анхан шатны шүүхийн шийдвэрт энэ талаар дүгнээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд зөв дүгнэлт хийж шийдвэрлээгүй хэмээн үзэж байна. Учир нь С.Гаура нь удирдлагаас өгсөн хугацаат үүрэг даалгаврыг биелүүлж чадаагүй ба энэ нь түүний үр дүнгийн гэрээгээ дүгнүүлэхдээ хангалтгүй буюу “D” үнэлгээ авснаар нотлогдож байна. Мөн сургуулийн санхүүгийн байдалд ашиг сонирхлоор хандаж удаа дараа санхүүгийн зөрчил гаргаж байсан бөгөөд энэ талаар  хуулийн байгууллагад шалгуулсан боловч гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэхээс татгалзсан хэдий ч С.Гаура нь сургуулийн эд хөрөнгө санхүүгийн байдалд ашиг сонирхлын үүднээс хандаж байсан өөрийн хамаарал бүхий этгээдүүдтэй хамтран үр ашиггүй хувьдаа шахуу зарцуулсан байдал нь сургуулийн ажилчдын шүүхэд өгсөн мэдүүлгээс тодорхой байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангасан байна.

Нэхэмжлэгч С.Гаура нь Ховд Их сургуульд холбогдуулан Ховд их сургуулийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/124 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, албан тушаалын цалингийн зөрүүг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч нь хэрэг хэрэг хянан шийдвэр ажиллагааны явцад Ховд их сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/191 дугаартай “хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/191 дугаартай “хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсан байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан бөгөөд үндэслэлээ “С.Гаура нь Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлаар ажиллаж байхдаа байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг хангалтгүй удирдсан, хяналт шалгалтаар тогтоогдсон зөрчлөө арилгаагүй, менежерийн үр дүнгийн гэрээгээр “D” буюу дутагдалтай дүгнэгдсэн” гэж тайлбарлажээ.

            Нэхэмжлэгч С.Гаура нь 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлаар ажиллаж байгаад 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/124 дугаартай “албан тушаал бууруулах тухай” тушаалаар Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байна.

            Мөн уг тушаалаар С.Гаураг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн Боловсрол судлал, арга зүйн тэнхимд ахлах багшийн зэрэглэлд ажиллуулж үндсэн цалинг ТҮМБ-7 шатлалын 909509 төгрөг эрдмийн зэргийн нэмэгдэл 136426 төгрөг нийт 1045935 төгрөгөөр тогтоосон байна.

            Дээр дурдсан тушаалын хууль зүйн үндэслэлийг хянавал.

Ажил олгогч нь 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/124 дугаартай “албан тушаал бууруулах тухай” тушаалаар ажилтан С.Гаураг Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлын үүрэгт ажлаас ажил олгогчийн санаачилгаар чөлөөлсөн байна. Гэтэл ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлд хэрхэн хамаарч буй нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй болжээ.

            Мөн Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн гэрээ байгуулах, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэл, хөдөлмөрийн гэрээг ажилтны болон ажил олгогчийн санаачилгаар цуцлах, ажлын зайлшгүй шаардлагаар өөр ажилд түр шилжүүлэх гэсэн хууль зүйн ойлголт, нэр томъёог зохицуулсан байна.

            Гэтэл ажил олгогчийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/124 дугаартай “албан тушаал бууруулах тухай” тушаал, Ховд их сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 4.2.7 дахь заалт нь Хөдөлмөрийн тухай хуульд байхгүй байх тул уг тушаал нь ойлгомжгүй, тушаалын хууль зүйн үндэслэл тодорхойгүй болжээ.

            Өөрөөр хэлбэл ажил олгогч нь хуульд байхгүй нэр томъёог хэрэглэж, ажилтны Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т заасан “...хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах” эрхийг зөрчсөн байна.

            Иймд Ховд их сургуулийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/124 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Гаураг Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэг, бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд Ж.Хиналган нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШШ2018/00263 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Хиналган нарын давж заалдах гомдлыг давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг тус тус баримтлан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Хиналганы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ТУЯА

 

                   ШҮҮГЧИД                                    Б.ДАМБА

                                                                     

                                                                                   М.НЯМБАЯР