| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 183/2022/04024/И |
| Дугаар | 183/ШШ2022/03745 |
| Огноо | 2022-12-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 183/ШШ2022/03745
2022 оны 12 сарын 15 өдөр Дугаар 183/ШШ2022/03745 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ** тоот хаягт байрлах *** ББСБ ХХК /РД:***/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ** тоот хаягт оршин суух Ш овогт Л.Ц /РД:***/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 46,139,976.87 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О,
Хариуцагч Л.Ц, хариуцагчийн өмгөөлөгч О.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цацрал нар оролцов.
Нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр *** ХХК, иргэн Л овогтой Ц нар харилцан тохиролцсоны дагуу *** дугаартай зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөг нэг сарын 3,5 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Зээлдэгч Л.Ц нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны *** дугаартай зээлийн эргэн төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар **** улсын дугаартай, **** арлын дугаартай, ** маркын, ногоон өнгөтэй, 2003 онд үйлдвэрлэсэн, ачааны зориулалттай автомашиныг эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний дагуу зээлдүүлэгчийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлж, зээлдэгч нь унаж явах эрхтэйгээр зээл авсан. Зээлдэгч нь төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зээл авсан сараасаа зөрчсөн. Төлбөрийн үүргийг гүйцэтгэлийг шаардсан ч холбогдох арга хэмжээ аваагүй зэрэг хүндрэлүүд гарсан тул шүүхэд хандаж байгаа болно. Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1-д зээлдэгч Л.Ц нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Мөн хуулийн 453-р зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаан нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Иймд хариуцагч Л.Ц-ын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 46.139,976.87 төгрөгийг гаргуулж, хариуцагч уг төлбөрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд зээлийн үүрийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн фидуцийн гэрээний зүйл болох Л.Ц-ын эзэмшил, ашиглалтад буй *** улсын дугаартай, **** арлын дугаартай, *** Aмаркийн ногоон өнгөтэй, 2003 онд үйлдвэрлэсэн, ачааны зориулалттай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү.
2.Хариуцагч Л.Ц шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч О.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь энэ компаниас 2021 оны 01-р сард нийт 30,000,000 төгрөг зээлдэн авсан. Надад байсан зээлийн гэрээг одоо хаана байгааг мэдэхгүй байна. Одоо бодоход 1 сарын 3,5 хувийн хүүтэй зээлдэж авсан саагдаж байна. Энэхүү 30,000,000 төгрөгийг зээлэх гэрээ хийгээд дээр нь нэмж би өөрөө 30,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. *** ХХК-наас дээрх 30,000,000 төгрөгийг өөрийн ** дахь * тоот дансаар дамжуулж авсан нь үнэн. Тэр даруйдаа би *** ХХК-ийн ажилтнаас өөрөөс нь *** маркын ****улсын дугаар бүхий автомашиныг худалдан авсан. Гэрээний хуваарийн дагуу эргэн төлөлтөө хийж байгаад ковид өвчний улмаас том оврын автомашины ажил зогсч 2021 оны 08 дугаар сараас эхлэн эргэн төлөлтөө хийж чадахаа больсон. 2022 оны 04 сард би эргэн төлөлтөө хийж чадахгүй боллоо. Машинаа буцаагаад өгье та нарт 43,000,000 төгрөгөөр үнэлж өгьщ надад зөрүү 8,000,000 төгрөг өгөөрэй гэж захирал руу нь утсаар хэлсэн. Намайг эзгүй байхад 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гэрийн хашаанаас ирээд дээрх машиныг эдийн засагч нь аваад явсан байсан. Би *** ХХК-иас машинаа зарж байна уу, юу болж байна гэж байнга асуудаг байсан. Тэгээд яг зарсан үгүй мэдэхгүй, сүүлд асуухад таны хүүг согсоох гээд шүүхэд өгчихсөн л гэсэн. Машинаа хураалгачхаад би мөнгө төлөх ёсгүй ш дээ гэж захирал руу нь ярихад намайг өөдөөс битгий хуц солиор, машин чинь зарагдахгүй байн, идсэн мөнгөө төлөөрэй, битгий ажилчид дарамтлаад утсаар яриад бай гэхээр нь би хэл амаар доромжлоод байгааг чинь цагдаад өгнө гэж хэлээд л утсаа тасалсан. Миний машиныг аваад 5 сар гаруй хугацаа өнгөрсөн байн. Иймд миний машиныг авчихаад дээрээс нь мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байн. Намайг Монгол банк руу хар дансанд оруулна гэсэн, цалингийн зээлээ ч авч чадахгүй болсон. Ийм учраас би төлөхгүй, харин тухайн үеийн ханш миний машин 43,000,000 төгрөг байсан, тэр үеийн ханшаар үнэлж зөрүү мөнгийг нэхнэ. гэжээ.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-3/, төлбөрийн даалгавар /хх-05/, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаартай зээлийн гэрээ /хх-7-9/, Үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх-10-11/, бэлэн мөнгөний зарлагын баримт /хх-12/, Цын өргөдөл /хх-13/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-14-16/, зээлийн эргэн төлөлтийн тооцоо /хх-17/, *** автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээл төлөлтийн дансны хуулбар /хх-31/,
Хариуцагчаас хариу тайлбар /хх-26/, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-27/, Nissan автомашины зарыг хэвлэсэн хуудас /хх-30/ зэргийг гаргаж өгсөн.
Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр флаш дискэнд үзлэг хийж, *** автомашины тээврийн хэрэгслийн талаарх дэлгэрэнгүй лавлагааг Автотээврийн үндэсний төвөөс гаргуулж, ийг гэрчээр асуусан.
Шүүх хэрэгт авагдсан бичгин нотлох баримт болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь хариуцагч С.Ц-д холбогдуулан 46,139,976,87 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүх хуралдаанд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагаасаа татгалзжээ.
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Л овогтой Ц нар харилцан тохиролцсоны дагуу *** дугаартай зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөг нэг сарын 3,5 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Зээлдэгч Л.Ц нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаартай зээлийн эргэн төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *** улсын дугаартай, **** арлын дугаартай, ** маркын, ногоон өнгөтэй, 2003 онд үйлдвэрлэсэн, ачааны зориулалттай автомашиныг эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний дагуу зээлдүүлэгчийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлж, зээлдэгч нь унаж явах эрхтэйгээр зээл авсан. Л.Ц нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буюу төлбөрөө хугацаанд нь төлөөгүй. Иймд хариуцагч Л.Ц-ын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 46,139,976.87 төгрөгийг гаргуулж, хариуцагч уг төлбөрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд фидуцийн гэрээний зүйл болох *** улсын дугаартай, **** арлын дугаартай, *** маркийн тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. гэв.
3.Хариуцагч Л.Ц нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Ковид өвчний улмаас эргэн төлөлтөө төлж чадаагүй. Иймд машинаа 43,000,000 төгрөгийн хэмжээнд тооцож буцаая, зөрүү 8,000,000 төгрөгийг надад өгөөрэй гэж захиралд нь би хэлсэн. *** ББСБ ХХК-иас 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гэрийн хашаанаас ирээд машин аваад явсан. Миний машиныг аваад 5 сар болж байна. Дээрээс нь мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нь зүйтэй. гэжээ.
4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
*** ББСБ ХХК, Л.Ц нарын хооронд байгуулагдсан 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаар Зээлийн гэрээ-ээр зээлдүүлэгч *** ББСБ ХХК нь 30.000.000 төгрөгийг нэг сарын 3,5 хувийн хүүтэй, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаатай зээлдэгч Л.Цд шилжүүлэхээр тохиролцсон талаар зохигчид маргаагүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох тухай гэрээг талууд байгуулжээ.
Уг гэрээний дагуу зээлдүүлэгч *** ББСБ ХХК нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 30.000.000 төгрөгийг зээлдэгч Л.Ц-ын өмчлөлд шилжүүлсэн нь бэлэн мөнгөний зарлагын баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна.
Мөн зээлдэгч Л.Ц нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл, түүнийг хүүг хугацаанд нь буцаан төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд зээлийн үндсэн төлбөр 29,715,827.69, зээлийн хүү 14,103,214.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,320,934.82 төгрөг, нийт 46,139,976.87 төгрөг болсон талаар талууд маргаагүй.
*** улсын дугаартай, **** арлын дугаартай, *** маркийн тээврийн хэрэгсэл нь Л.Цын өмчлөлийнх байсан бөгөөд тэрээр *** ББСБ ХХК-тай байгуулсан 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаартай зээлийн гэрээний үүргийг хангахаар *** дугаартай Үүргийн гүйцэтгэлийн хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулан *** ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн болох нь тус гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Тээврийн хэрэгслийн лавлагаа, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч Б.Ц нь тус автомашиныг *** ББСБ ХХК-ийн ажилтнаас худалдан авсан, машин авахад тус банк бус санхүүгийн байгууллага зээлийг гаргаж өгсөн гэж тайлбарлаж байх боловч тус үйл явдал нь эрх зүйн зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч Б.Ц *** ББСБ ХХК-иас зээл авсан, үүргийн гүйцэтгэлийг хангахаар фидуцийн гэрээ байгуулсан үйл баримттай зөрчилдөхгүй байгааг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Б.Цаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа зээлийн үлдэгдэл төлбөрт *** маркийн тээврийн хэрэгслийг өгч, зөрүү 8,000,000 төгрөгийг авах тухай санал гаргаж, хариуцагч *** ББСБ ХХК-ийн ажилтан тээврийн хэрэгслийг очиж авсан тул төлбөрийг төлөхгүй гэж тайлбарласан.
Гэвч хариуцагчийн саналыг нэхэмжлэгч *** ББСБ ХХК хүлээн зөвшөөрсөн буюу талууд дээрх тохироог хийсэн эсэх нь тогтоогдохгүй байна. Учир нь нэхэмжлэгч *** ББСБ ХХК-иас хариуцагчийг төлбөрөө төлөхгүй удсан тул тээврийн хэрэгслийг хураан авсан гэх тайлбар гаргасан.
Иймд хариуцагчаас зээлийн үлдэгдэл төлбөрийг тээврийн хэрэгслээр тооцуулан *** ББСБ ХХК төлж барагдуулсан гэж үзэх боломжгүй.
Нэхэмжлэлийн өмгөөлөгч О.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үүргийн гүйцэтгэлийн талуудын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаартай байгуулсан Үүргийн гүйцэтгэлийн хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний зүйлээр хангуулах нь зүйтэй гэх тайлбарыг гаргасан. Талууд зээлийн гэрээг байгуулахдаа үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө барьцаалсан хэдий ч нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлээ дангаар, эсхүл барьцаа хөрөнгөөр хангуулах эсэхээ сонгох нь нэхэмжлэгчийн эрхэд хамаарах тул *** ББСБ ХХК зээлийн гэрээний үүргээ дангаар шаардсаныг буруутгах үндэслэлгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар хариуцагч Л.Ц-аас 44,754,334 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.
Харин Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй. гэж заасан тул нэмэгдүүлсэн хүүг тооцон 1,385,642 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 388,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Цаас улсын тэмдэгтийн хураамжид 381,721.67 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Л.Ц-аас 44,754,334 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1,385,642 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 388,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Цаас улсын тэмдэгтийн хураамжид 381,721.67 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА