Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/856

 

Ч.Мид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Мөнхтүвшин,

шүүгдэгч Ч.Мийн өмгөөлөгч Б.Отгончимэг,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/633 дугаартай шийтгэх тогтоолд гаргасан шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч Б.Отгончимэг нарын давж заалдах гомдлуудыг үндэслэн Ч.Мид холбогдох 2008025551249 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овогт Ч-ийн М /РД:/, 1..... оны .... дүгээр сарын .....ны өдөр ....... аймгийн ........... суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үед ажилтай байсан, ам бүл ...., эцэг, эхийн хамт .......тоотод оршин бүртгэлтэй,

Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ял,

Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 41/А дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1-д зааснаар 8 сарын хорих ял, өмнөх тогтоолоос 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 8 сарын хорих ял шийтгүүлсэн;

Шүүгдэгч Ч.М нь 2020 оны 8 дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, дунд сургуулийн хөлбөмбөгийн гадаа талбайн хаалганы үүдэнд ....................г "чи танихгүй хүний цэнэглээд үлдээсэн гар утсыг хулгайлсан байна" гэх шалтгаанаар түлхэж унагаагаад хүзүү хэсэгт нь гараараа цохих, толгой хэсэг рүү олон удаа цохиж, өшиглөн амь насыг нь хохироож алсан гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

   Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ч.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ч.Мийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Ч.Мийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мийг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Ч.Мийн цагдан хоригдсон 294 /хоёр зуун ерэн дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 4 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.М бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.   

Шүүгдэгч Ч.М давж заалдах гомдолдоо: “...Н.Ч бид 2 эртний танил найзууд бөгөөд түүнийг гэр оронгүй, ажил төрөлгүй, архи ууж тэнэж явахад нь 3 жил гаруйн өмнө тааралдаж, гэр орондоо байлган хооллож, хувцас хунарыг нь миний өндөр настай ээж маань угааж цэвэрлэж өгдөг, түүнийг миний адил халамжилдаг байсан. Хэрэг гардаг өдөр талийгаач манай ажил дээр ирээд хөл бөмбөгийн талбайд тоглож байсан залуусын нэг нь миний ажлын өрөөнд гар утсаа цэнэглээд орхисон байсныг хулгайлан авч гарсан байсан тул би бухимдан түүнд уурлан цохиж зодсон. Тухайн үедээ түүнийг үхчихнэ гэж бодоогүй, алах санаа зорилго ч байгаагүй, тэр надтай хэрэлдэн "Юун сүртэй юм бэ, яадгийн тэр утсыг чинь маргааш олоод өгчихнө, чамайг дараа алнаа" гэх мэтээр хэрүүл хийж өдөөд байсан. Тэгээд би түүнийг яв зайл гэж хөөсөн, тэр байж байгаад цүнхтэй хувцсаа үүрээд явсан. Түүнээс хойш хэд хоногийн дараа түүнийг нас барсан тухай цагдаагийн албан хаагч ирж хэлсэн, би түүнийг зодож цохисон тухайгаа цагдаагийн албан хаагчид хэлж мэдүүлсэн. Би өөрийн гэм буруугаа шударгаар хүлээж мөрдөн байцаалтанд ямар нэгэн саад учруулаагүй. Би эрдэнэт хүний амь насыг хохироосон гэмт үйлдэлдээ маш их харамсан гэмшиж байна.    

Би одоо 51 настай, зүрхний хэм алдагддаг өвчтөй бөгөөд өндөр настай эцэг эхийн хамт амьдардаг байсан. Эцэг Ч маань 76 настай, уушигны хавдартай байнгын асаргаанд байдаг. Би эцэг эхдээ дэм болж ажил хийж эцгийнхээ эм тариаг залгуулан амьдарч байсан. Гэтэл дээрх шалтгаанаас би гэмт хэрэгт холбогдож 10 жилийн хорих ял шийтгүүлсэнд ар гэрийнхэнд болон надад маш хүндээр тусч байна. Эцгийнхээ толгойг түших хувь надад байсангүй. Гэхдээ өндөр настай эхийгээ үлдсэн насанд нь харж хандан асарч тойлохыг би хүүгийнх нь хувьд хүсэж байна. Надад оногдуулсан хорих ялын хугацааг Эрүүгийн хуульд заасан үндэслэлээр багасгаж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгончимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд ...шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.4-д заасан "хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн"-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж өгсөн.

...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирлын баримт гаргаж өгөөгүй ч шүүгдэгчийн зүгээс хохирол төлөх талаар ямар нэгэн санаачлага гаргаагүй, хохирол төлсөн зүйлгүйг харгалзан хохирлыг төлсөн гэж үзэн хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэж, миний үйлчлүүлэгч Ч.Мид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасан “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж ... , болно” гэснийг хэрэглээгүй нь хуульд нийцэхгүй байна.

Учир нь, Ч.М нь үйлдсэн гэмт хэргээ анхнаас нь шударгаар хүлээж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлээгүй нь шүүгдэгчид хамааралгүй байхад шүүгдэгчийн зүгээс хохирол төлөх ямар нэгэн санаачлага гаргаагүй хохирол төлсөн зүйлгүйг харгалзан, хохирлыг төлсөн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэн хорих ялыг хөнгөрүүлээгүй нь шүүх таамаглалд үндэслэн хэт нэг талыг барьж шүүгдэгчийг хохироосон шийдвэр гаргасан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Шүүгдэгчийн тухайд хохирогч тал оршуулгын зардал болох хохирол төлбөрийг нэхэмжлэхгүй шалтгаан үндэслэлээ дурьдан мэдүүлэг өгсөн байхад түүнийг хохирол төлөх ямар нэгэн санаачлага гаргаагүй гэсэн хийсвэр дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулан ялтан Ч.Мид холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасны дагуу түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хохирол төлбөргүй зэргийг харгалзан үзэж тус хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Мөнхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ч.Мид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд зүйлчлэлийг өөрчлөн хөнгөрүүлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Ч.Мид холбогдох 2008025551249 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Ч.М нь 2020 оны 8 дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, "Өнөр" цогцолбор дунд сургуулийн хөлбөмбөгийн гадаа талбайн хаалганы үүдэнд Н.Чг "...танихгүй хүний цэнэглээд үлдээсэн гар утсыг хулгайлсан..." гэх шалтгаанаар түлхэж унагаагаад хүзүү хэсэгт нь гараараа цохих, толгой хэсэг рүү олон удаа цохиж, өшиглөх зэргээр зодож, Н.Чгийн биед “...зүүн зулай, чамархайгаас доош суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, хугарлын харалдаах хатуу хальсны дээрх цусан хураа /170мл/, баруун тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн аалзавчийн доорх голомтлог цус харвалт, баруун зүүн чамархайн булчин, дух, зулайн хуйхны цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, мөр, гуя, баруун өвдөгт цус хуралт гэмтлүүд...”-ийг учруулж, улмаар Ч.Мийн учруулсан гавал тархины гэмтлийн улмаас тархи нь дарагдаж, төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж Н.Ч нас барсан болох нь:

цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1729 дүгээр шинжилгээний дүгнэлт: “1.2.3. Талийгаач Н.Чгийн цогцост хийсэн шинжилгээгээр зүүн зулай, чамархайгаас доош суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, хугарлын харалдаах хатуу хальсны дээрх цусан хураа /170мл/, баруун тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн аалзавчийн доорх голомтлог цус харвалт, баруун зүүн чамархайн булчин, дух, зулайн хуйхны цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, мөр, гуя, баруун өвдөгт цус хуралт гэмтлүүд тогтоогдпоо. Дээрх гавал тархины гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь нас барахаас өмнө 48 цагийн дотор үүсч болох шинэ гэмтлүүд байна. 5.6. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй, шээсэнд 2.2 промилли спиртийн агууламж илэрсэн ба талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ. 7.8. Талийгаач нь ходоодны архаг үрэвсэлтэй байсан нь үхэлд нөлөөлөөгүй байна. 9. Талийгаач нь 2 дугаар бүлгийн цустай байна. 10. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ.” /1хх 120-131/,

Шинжээч эмч Г.Ханхүүгийн: “...Амь хохирогч нь тархины гэмтлийн улмаас нас барсан тухай дүгнэлтэд дурдсан. ...гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байсан. Шинэ гэмтэл гэдэг нь 72 цагийн дотор үүссэн гэмтлийг ойлгож болно. Амь хохирогч Н.Чг нас барахад хүргэсэн гол гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байсан. Гэмтсэн даруйд эмнэлгийн тусламж авч, мэс заслын эмчилгээ хийлгэсэн бол амь нас аврагдах боломжтой байсныг үгүйсгэхгүй. Талийгаач шууд нас бараагүй, дээрх хүнд гэмтлийн хүндрэлээр нас барсан байна...” /1хх 136-139/,

хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 318 дугаар шинжилгээний дүгнэлт: “...Амь хохирогч Н.Чгийн биед зүүн зулай, чамархайгаас доош суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, хугарлын харалдаах хатуу хальсны дээрх цусан хураа /170мл/, баруун тал бөмбөлөгийн дух, чамархайн дэлбэнгийн хатуу хальсны доорх цусан хураа /50мл/, баруун чамархайн дэлбэнгийн аалзавчийн доорх голомтлог цус харвалт, баруун, зүүн чамархайн булчин, дух, зулайн хуйхны цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, мөр, гуя, баруун өвдөгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Амь хохирогч Н.Ч нь гавал тархины гэмтлийн улмаас тархины судас гэмтэж цус шүүрэн тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Амь хохирогч Н.Ч нь гэмтсэн даруйд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж, мэс засал хийлгэсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой. Гавал тархины гэмтлийн улмаас тархины судас гэмтэж цус шүүрэн тархи дарагдах хүртэл амьд явах боломжтой.” /2хх-64-68/,

шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн: “...Гавал тархины гэмтлийн улмаас тархины судас гэмтэж тархи дарагдах хүртэл янз бүрийн хугацаатай байдаг. Тархины том судас, эсвэл жижиг судас гэмтсэн үү, эсвэл жижиг хэмжээний, том хэмжээний гэмтсэн эсэхээс хамаарч 1 цаг, 24 цаг, 1 сар ч хүртэл амьд явах боломжтой. Задлан шинжилгээний гадна үзлэг, гавал тархины үзлэгт толгойн дагзны ар хэсэгт гэмтэл, шарх тогтоогдоогүй. Хавтаст хэргийн 41 дүгээр хуудас дахь хэвлэмэл зургийг харахад хохирогчийн толгойн дагзны хэсэгт цус мэт зүйлээр бохирлогдсон, гэмтсэн байж болзошгүй гэх дүрс нь хэвлэмэл зурган дээр гэрэл ойсны улмаас цус мэт зүйл гарч байгаагаар харагдсан байна. Задлан шинжилгээний үеийн зургийг харахад тухайн хэсэгт ямар нэгэн гэмтэл байхгүй байна. Амь хохирогчийн биед учирсан тархины гэмтэл нь шууд үхэлд хүргээгүй, уг гэмтлийн улмаас тархины судас гэмтэж аажмаар цус шүүрч, тархи дарагдаж нас барсан...” /2хх-72-75/,

гэрч П.Долгорын: “...2020 оны 8 дугаар сарын 19-ний үүрээр 5 цагт орцоо цэвэрлэж байтал 7 дугаар давхарын хог хаядаг хэсэгт нэг эрэгтэй хүн цүнхээ дэрлээд унтаж байсан. Сэрээх гээд сэрэхгүй байхаар нь Амартүвшингийн хамт өргөж гаргаад орцны гадаа сандал дээр тавьсан. Их хүчтэй амьсгалаад их чанга хурхираад байсан...” /1хх 67-73/,

гэрч Ч.Амартүвшингийн: “...өглөө 06 цагийн үед “дээр согтуу хүн байна гаргалцаад өг” гэхээр нь 7 давхарт гарахад нэг хүн дээшээ хараад хурхираад цүнхээ дэрлээд унтаж байсан. Сэрээх гээд хацар луу нь алгадсан чинь сэрэхгүй байсан. Би цээжнээс нь бариад Долгор ээж хөлнөөс нь бариад гадаа гаргаад сандал дээр хэвтүүлсэн. Өглөө 8 цаг 30 минутад гараад явахад тэр хүн хэвтэж л байсан...” /1 хх-74-77/,

гэрч О.Анхбаярын: “...камерын бичлэгийг шүүж үзэж эхлэхэд М манай найз Ч хэд хоногийн өмнө надаас салж яваад сураггүй байгаа гэсэн. Камерын бичлэгт М нь Чг зодож байгаа бичлэг байсан тул хэлтэс дээр ирээд мэдүүлэг авахад манай ажил дээр цэнэглэж байсан хүний гар утсыг хулгайлсан болохоор нь Чг зодсон гэдгээ хэлж байсан...” /1 хх-85-86/,

гэрч Н.Бямбадоржийн: “...34а байрны 1 дүгээр орцны үүдэнд байрлах сандал дээр толгойн зүүн хойд дагз хэсэг нь хавдсан, бага зэргийн цус мэт зүйл гарсан байдалтай, баруун гарын ядам хуруу нь шалбарсан 50 орчим насны эрэгтэй хүн дээшээ хараад хэвтэж байсан. Ухаангүй хурхираад унтаад байх шиг байсан. Түргэн тусламж ирээд аваад явахад хурхирсан чигтээ л байсан...” /1 хх-87-88/,

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, “Өнөр” цогцолборын 83 дугаар сургуулийн хөл бөмбөгийн талбайн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Бичлэгийг шүүх үзэхэд 23 цаг 02 минут 00 секундэд амь хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай алхаж ирээд хашааны хаалгыг онгойлгон дотогш орно. 23 цаг 03 минут 37 секундэд манаач нь цүнх мэт зүйл барин хаалгыг онгойлгож гаргаж хаяад дахин нэг цүнх гаргаж хаясны дараа амь хохирогчийг 23 цаг 05 минут 26 секундэд түлхэн гаргана. 23 цаг 07 минут 03 секундэд амь хохирогчийн бие рүү баруун хөлөөрөө нэг өшиглөөд, толгой хэсэг рүү баруун гараараа цохиход амь хохирогч газар унахад очоод баруун хөлөөрөө элэг рүү 1, дээрээс нь 1, мөр хэсэг рүү 1, толгойн хэсэгт зүүн хөлөөрөө 2 удаа өшиглөөд эргэж харан хяналтын камерын зүүн доод талаас гартаа ямар зүйл нь харагдахгүй биет барин баруун гараараа толгой хэсэгт цохиод зүүн гартаа шилжүүлж бариад толгой хэсэгт 1 цохисны дараа барьсан биетээ эргэж харан газар хаяна. 23 цаг 08 минут 31 секундэд хаясан биетээ дахин аваад гараараа далайж очиж бие рүү нь 1, хавирга руу нь 1 өшиглөөд барьсан зүйлээрээ далайна. 23 цаг 13 минут 55 секундэд баруун гараараа зүүн шанаа руу нэг удаа алгадна. 23 цаг 14 минут 06 секундэд зүүн хөлөөрөө нүүр лүү нь нэг өшиглөөд нөгөө хаясан биетээ баруун гартаа аваад эргэж алхаж очин 3 удаа толгой хэсэгт нь цохичхоод барьсан зүйлээ хаяад амь хохирогч дээр очно. Буцаад нөгөө биетээ баруун гартаа авч очин баруун хөлөөрөө нүүрэн тус газарт нэг өшиглөөд доош явган сууж, босоод дахин 2 удаа баруун хөлөөрөө нүүр хэсэгт өшиглөөд, дээрээс нь 2 удаа дэвсэнэ. Цааш нүүр хэсэгт баруун гараараа хэд хэдэн удаа ойрхон давтамжтай цохиод цаагуур явж байсан хүнтэй муудалцаад. ...амь хохирогч хэсэг зуур сууж байгаад 23 цаг 30 минут 14 секундэд хоёр гартаа цүнхээ бариад цааш гуйваад алхаж байгаа... бичлэгт үзлэг хийх ажиллагааг дуусгав.” /1хх-44-48/,

шүүгдэгч Ч.Мийн яллагдагчаар мэдүүлсэн: “...Орой 19 цаг өнгөрч байхад Ч орж ирээд сууж байтал манай өрөөнд нэг залуу утсаа цэнэглээд үлдээсэн. 20 цаг болохоор нь талбайд байсан хүмүүсийг “Цаг дууслаа” гэж хэлчихээд жижүүрийн байрандаа ирэхэд Ч “хүнтэй уулзаад ирье” гээд гарсан. Утсаа цэнэглээд орхисон залуу утсаа авах гэтэл алга болсон байсан. 22 цаг өнгөрч байхад Ч нэлээн согтуу ажил дээр ирэхээр нь би уурлаад асуухад би аваагүй гэсэн. Ажлын өрөөнд байсан  цүнхтэй хувцсыг нь хашаанаас гаргаад шидсэн. Хашааны хаалга түгжих гэж байхад Ч намайг өдөж “Юун сүртэй юм бэ, чамайг дараа ална аа” гээд байхаар нь Чг 1 өшиглөн, гараараа цохиход газар унасан. Толгой, цээж рүү нь хэд хэдэн удаа өшиглөн, сууж байгаад толгой руу нь хэд хэдэн удаа цохисон. ...Дахин Чгийн толгой хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөөд, нүүрээ дараад хэвтэхээр нь дэвсэж, дахин толгой руу нь хэд хэдэн удаа өшиглөж зодсон. ...2-3 минутын дараа босоод 2 цүнхээ бариад хойшоо яваад өгсөн. Түүнээс хойш уулзаагүй. ...” гэх мэдүүлэг /1хх 219-221, 2хх 84-87/,

шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 898 дугаартай дүгнэлт: “1. Ч.М нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож удирдах чадвартай байна. Ч.М нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. 2. Ч.Мид хэргийн дараа сэтгэцийн эмгэгтэй болсон гэх шинж, баримт үгүй байна. 4. Ч.М нь үйл явдлыг тусган ойлгох чадвартай байна. 5. Ч.Мид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлаггүй байна. 6. Ч.М нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” /1хх-134-135/,

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 34А байрны 1 дүгээр орц болон лифт рүү амь хохирогч Н.Ч орж зорчиж байгаа, бууж байгаа, түүнийг дамжлаад гаргаж байгаа камерын бичлэг, тэмдэглэл / хэрэгт хавсаргасан СД дээрхи бичлэг, 1 хх 32-33, 39-41/,

хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 6-11/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 12-16/,

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 17-23/,

 хүний бие, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 24-27/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ. 

Анхан шатны шүүхийн хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.

Шүүгдэгч Ч.Мийн “....Миний ажил дээр цэнэглээд үлдээсэн хүний гар утсыг орж ирээд хулгайлсан байна...” гэсэн шалтгаанаар  иргэн Н.Чг зодсон, уг зодолтын улмаас үүссэн гавал тархины гэмтлээс шалтгаантайгаар Н.Чгийн амь нас хохирсон ба Н. Мийн тус  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэсэн гэмт хэргийн “..хүнийг алсан...” гэсэн шинжийг бүрэн агуулжээ.   

Шүүгдэгч Ч.Мийн амь хохирогч Н.Чг зодсон үйлдэл нь амь хохирогчийн хууль бус үйлдэлд дургүйцэж тухайн цаг хугацаанд шууд хийгдсэн, өөрийн үйлдлийн харгис хэрцгий  үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн шинжгүй байх тул Ч.Мийн үйлдсэн “Хүнийг алах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “онц харгис хэрцгийгээр” гэж прокуророос хүндрүүлэн зүйлчилснийг анхан шатны шүүх хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүхээс оногдуулж буй ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд  гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байхаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

“Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн этгээдэд найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ялыг оногдуулахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан.

Шүүх шүүгдэгч Ч.Мийг 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн “Хүнийг алах” гэмт хэргийн хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэрэгт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч Б.Отгончимэг нарын хорих ялыг хөнгөрүүлэх талаар талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Алтанцог “...Моос мөнгө төгрөг нэхэмжлэхгүй...” /1хх 65-66/ гэсэн байх тул шүүгдэгч Ч.Моос гаргуулах төлбөргүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.   

Шүүгдэгч Ч.М нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/633 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатын шүүхээр хэргийн хянан хэлэлцсэн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 105 хоног цагдан хоригдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/633 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч Б.Отгончимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТЗОРИГ

              ШҮҮГЧ                                                         М.ПҮРЭВСҮРЭН

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ