Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 0253

 

 

 

 

 

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж 

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Сүхбаатар

Улсын яллагч Л.Оюунтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул

Хохирогч О.Эрдэнэчимэг

Гэрч Т.Батням, А.Энхтуяа, Д.Энхжаргал

Шүүгдэгч Ц.Ууганцэцэг нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Цолмонгийн Ууганцэцэгт холбогдох 201714000062 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Боржигон овгийн Цолмонгийн Ууганцэцэг, Монгол Улсын иргэн, 1960 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нэхэгч мэргэжилтэй, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ий Эмнэлэг сувилалын албанд жижүүр ажилтай, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-7-67 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. РД:ФА60122869

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

 

1. Шүүгдэгч Ц.Ууганцэцэг нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Эмнэлэг сувилалын албанд жижүүрээр ажиллаж байхдаа ажлын өрөөнөөсөө О.Эрдэнэчимэгийн 750 000 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. 2017 оны 1 сарын 12-ны өглөө би ээлжнээсээ буухдаа хүнд өгөх гэж байсан 750 000 төгрөгийг улаан хүрэн өнгийн тэмдэглэлийн дэвтрийнхээ завсар хийгээд хувцасны сейфэнд хийж цоожлоод буусан. Ингээд 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өглөө ажил дээрээ очиод сейфээ онгойлгоход мөнгө тэмдэглэлийн дэвтэр алга болсон байсан. Энэ тухай Гантөмөр инженерт хэлсэн чинь Батням гэдэг залуу ямар өнгийн тэмдэглэлийн дэвтэр байсан бэ гэхээр нь улаан хүрэн өнгийн дэвтэр, мөн 750 000 төгрөг байсан гэж хэлсэн. Тэгтэл өчигдөр жижүүрийн өрөөний шалан дээрээс улаан хүрэн өнгийн тэмдэглэлийн дэвтэр, өр бичсэн болов уу гэмээр цаас, мөнгө олж Ууганцэцэг жижүүрт өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ууганцэцэг эгч рүү залгаад та миний мөнгө, дэвтэрийг авсан юм байна гэхэд би аваагүй,тэр чинь миний мөнгө, миний дэвтэр байсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 51-р хуудас/

 

2. Гэрч Ж.Батнямын “Би сувилалд слессарь хийдэг юм. 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр ажил дээрээ байхдаа жижүүрийн хувцас сольдог өрөөнөөс ус уучихаад гарах гэтэл сейфний урд сандалын араар 20 000, 500 төгрөгийн дэвсгэртүүд улаан хүрэн өнгийн дэвтэр уначихсан байсан. Мөн нэг өр бичсэн болов уу гэмээр цаас байсан. Тэгээд би Ууганаа эгчид энэ юун мөнгө вэ гэхэд Ууганаа эгч ирээд наадах чинь миний мөнгө гээд газраас авч өгсөн дэвтэр мөнгө, цаас зэргийг базах шахуу аваад цүнхрүүгээ хийчихсэн. Намайг тэр цаасыг унших гэж байтал наадахаа аваад ир гээд авсан. Би Ууганцэцэг эгчид газраас хоёр удаа мөнгө түүж өгсөн. 20 000, 500 төгрөгийн дэвсгэртүүд нилээд их байсан. Тэгээд 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр жижүүр Эрдэнэчимэг Гантөмөр инженерт хандаж сейфнээс юм алга болоод байна гэхээр нь юу алга болсон талаар асуухад улаан хүрэн өнгийн дэвтэр, дотор нь хүнд өгөх мөнгө байсан гэсэн. Тэгэхээр нь би мөнгө дэвтэр олоод Ууганаа эгчид өгсөн гэж хэлсэн. Тэгтэл Ууганаа эгч надад уурлаад юу яриад байгаа юм бэ гээд байхаар нь андуурсан юм болов уу гэж бодоод жижүүрийн ээлж хүлээлцдэг дэвтэрийг үзэхэд Ууганаа эгчийн бичгийн хэв том, Эрдэнэчимэг эгчийн бичгийн хэв жижиг байсан. Газраас олсон цаасан дээрх бичиг Эрдэнэчимэгийн бичгийн хэв мөн байсан. Ууганаа эгчид би танд улаан хүрэн өнгийн дэвтэр олж өгсөн шүү дээ гэхэд үгүй чи энэ дэвтрийг олж өгсөн гээд шал өөр өнгийн бор дэвтэр гаргаж ирсэн” гэсэн мэдүүлэг.

 

3.Гэрч А.Энхтуяагийн “2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хамт ажилладаг Энхжаргалын хамт нэгдүгээр давхарт буугаад жижүүрийн хувцас сольдог өрөөний хажуугаар явж байтал манай слессарь Батням тэр өрөөнөөс Ууганаа эгчээ энэ юун мөнгө вэ гэж хашгирсан. Тэгэхээр нь очоод харахад манай жижүүр Ууганцэцэг тэр өрөө рүү орсон. Тэр үед Батням Ууганаад газраас 2 удаа мөнгө атгаад авч өгсөн. Тэр дотор 20 000, 500 төгрөгийн дэвсгэртүүд харагдах шиг болсон. Ууганаа тэр мөнгөнүүдийг сейфээ онгойлгож цүнхээ гаргаж ирээд хийсэн. Мөн улаан хүрэн өнгийн тэмдэглэлийн дэвтэр, юм бичсэн цаас авч өгсөн. Тэр цаасыг Батням унших гэхэд Ууганаа алив наадахаа аваад ир гээд авсан” гэсэн мэдүүлэг.

 

4. Гэрч Д.Энхжаргалын “2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хамт ажилладаг Энхтуяагийн хамт ажлаа хийж яваад нэгдүгээр давхарт буугаад жижүүрийн хувцас сольдог өрөөний хажуугаар явж байтал манай слессарь Батням тэр өрөөнд доошоо тонгойчихсон мөнгө түүгээд байсан. Тэгээд Ууганаа эгчээ энд юм уначихсан байна жижүүр Ууганцэцэг Батням дээр очоод наадах чинь миний мөнгө байна, ашгүй яаж хараваа гээд Батнямаас 20 000 төгрөгийг дэвсгэртээр мөнгө авсан. Мөн бичгийн цаасны тал хэмжээтэй шаргалдуу дэвтэр өгч байсан” гэсэн мэдүүлэг.

5. Эд зүйл таниулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургууд болон Ц.Ууганцэцэгийн мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ууганцэцэг мэдүүлэхдээ “Тэр мөнгө бол миний мөнгө. Тэр өдрийн өмнөх өдөр би гадаад байдаг хүүхдээсээ мөнгө шилжүүлж авсан байсан. Мөн улавч зарсан мөнгө байсан. Хүүхдээсээ мөнгө шилжүүлж авсан баримт нь байгаа. Би Эрдэнэчимэгийн мөнгийг аваагүй. Хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү” гэв.

Хохирогч О.Эрдэнэчимэг мэдүүлэхдээ “Эрдэнэчимэг миний мөнгйг авсныг Батням, Энхтуяа, Энхжаргал нар харсан. Сүүлд нь өөр өнгийн дэвтэр гаргаж ирээд миний дэвтэр миний мөнгө гээд байгаа. Ууганаа тэр мөнгөний хагасыг нь ч болов өгөх болов уу гэж бодож зөндөө харсан. Гэтэл одоо болтол өгөөгүй байгаа. Мөнгөө гаргуулж авмаар байна” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Оюунтуяа санал дүгнэлтдээ “Шүүгдэгч бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрчүүдийн мэдүүлэг, эд зүйл таниулах ажиллагааны тэмдэглэл зэргээр нотлогож байх тул гэм буруутай тооцож ял шийтгэл оногдуулах үндэстэй” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул “ Хохирогчиын сейфэнд мөнгө байсан эсэх, байсан бол хэдэн төгрөг байсан болохыг шалгаж тогтоогоогүй. Мөн гэрчүүдийн мэдүүлгээр тэмдэглэлийн дэвтрийн өнгө зөрүүтэй байдаг. Гэтэл шүүгдэгч охиноосоо мөнгө авсан, мөн улавч зарсан мөнгө байсан талаар мэдүүлдэг. Мөнгө шилжүүлсэн баримт нь байгаа. Иймд энэ хэргийн хувьд шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэх нотлох баримт байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Ц.Ууганцэцэг нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ий Эмнэлэг сувилалын албанд жижүүрээр ажиллаж байхдаа ажлын өрөөний шалан дээр байсан  О.Эрдэнэчимэгийн 750 000 төгрөгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч Ж.Батням, А.Энхтуяа, Д.Энхжаргал нарын “газраас мөнгө, дэвтэр, мөнгөн дүн бичсэн цаас зэргийг олж Ц.Ууганцэцэгт өгсөн, өгөхийг харсан” тухай мэдүүлгүүд, эд зүйл таниулах ажиллагааны явцад Ж.Батням, А.Энхтуяа нар улаан хүрэн өнгийн дэвтрийг таньсан тухай тэмдэглэл, гэрэл зураг болон гэрч Ж.Батнямын “газраас олсон цаасан дээрх бичиг Эрдэнэчимэгийн бичгийн хэв мөн байсан. Ууганаа эгчид би хэлэхдээ танд улаан хүрэн өнгийн дэвтэр олж өгсөн шүү дээ гэхэд үгүй чи энэ дэвтрийг олж өгсөн гээд шал өөр өнгийн бор дэвтэр гаргаж ирсэн” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Ууганцэцэг болон түүний өмгөөлөгч О.Сарантуул нар “шүүгдэгч өөрийнхөө мөнгийг унасан байсныг авсан гэж мэдүүлж байгаа боловч гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд Ж.Батнямын газраас олж өгсөн дэвтэр нь улаан хүрэн өнгийн дэвтэр байсан бөгөөд Ц.Ууганцэцэгийн сүүлд гаргаж үзүүлсэн дэвтэр нь газраас олсон дэвтэрээс өөрч дэвтэр байсан байна. Мөн мөнгө дэвтрийн хамт байсан цаасан дээр байсан бичиг нь Ц.Ууганцэцэгийн бичгийн хэв биш О.Эрдэнэчимэгийн бичгийн хэв байсан талаар гэрчүүд мэдүүлсэн байна.

 

Орхон аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

            Ц.Ууганцэцэгийн үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд тус хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д хөнгөн гэмт хэрэг үйлдснээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагад татахгүй гэж заасан байна. Иймд шүүгдэгч Ц.Ууганцэцэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Ууганцэцэгээс 750 000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Эрдэнэчимэгт олгохоор шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ  нь:

 

            1.Шүүгдэгч Боржигон овгийн Цолмонгийн Ууганцэцэгийг санамсаргүй олсон эд хөрөнгийг завшсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч Ц.Ууганцэцэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

            3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Ууганцэцэгээс 750 000 төгрөгийг гаргуулж хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн 3-19 тоотод оршин суух Онхорын Эрдэнэчимэг /РД: ФМ68041200, РД:ФМ68041200/  олгосугай.

           

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ууганцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.АЛТАНГАДАС