Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 39

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Пүрэв-Очирын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Б.Дамба, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 153/ШШ2019/00301 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн Тулгын 2-р 30 айлын орон сууцны 29 тоотод оршин суух, ПЮ85062672 тоот регистрийн дугаартай, Завар овогт Адилбишийн Пүрэв-Очирын  нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргад  холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганзориг, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/63 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Дэд бүтэц, байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй, үйлдвэрлэл хариуцсан Ховд аймгийн Засаг даргын орон тооны зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай. 

 

Нэхэмжлэлий агуулга:” Миний бие Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/33 дугаартай захирамжаар Дэд бүтэц, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл хариуцсан Ховд аймгийн Засаг даргын орон тооны зөвлөхөөр томилогдон ажилласан. Би Ховд аймгийн Засаг даргын орон тооны зөвлөхийн ажлын байранд ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилласан, төрийн үйлчилгээний ажилтан юм. Гэтэл Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Б/63 дугаартай захирамж гарган А.Пүрэв-Очир намайг ажлаас халсныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хариуцагчийн дээрх захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэж, ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах процедурыг зөрчсөн зэргээр эрх зүйн алдаатай болжээ. Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/63 дугаартай захирамжийн удиртгалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримталсан атлаа А.Пүрэв-Очир надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлээ тусгаагүй нь эрх зүйн зөрчилтэй, хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй талаар мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т тодорхой заажээ. Гэтэл Ховд аймгийн Засаг даргаас А.Пүрэв-Очир надад хөдөлмөрийн гэрээ цуцлах талаар мэдэгдээгүй атлаа гэнэтхэн л ажлаас чөлөөлсөн захирамж гаргасан нь мэдэгдэх сонсгох зарчмыг зөрчсөн. Иймд нэхэмжлэгч миний гомдлын шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсье “гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Төрийн албаны тухай хуулийн 6.4-д улс төрийн албан тушаалтан хуульд заасан үндэслэлээр уг албан тушаалаас өөрчлөгдвөл  мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.14-д заасан улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийнх нь хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтан чөлөөлөгдөхөөр заасан. Улс төрийн албан тушаалтан нь сонгуулийн томилолтын дагуу ажилладаг. Томилолтын дагуу ажиллана, нэг бол үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах үндэслэл байхгүй. Д.Галсандондог гэдэг хүний бүрэн эрхийн хугацаа дууссанаар А.Пүрэв-Очир гэдэг хүний ажиллах хугацаа дуусгавар болохыг хуульд заасан байдаг. Дараагийн Засаг дарга томилогдож бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаанд надад үйлчлэх Дэд бүтэц, байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй, үйлдвэрлэл хариуцсан Ховд аймгийн Засаг даргын орон тооны зөвлөхийн ажил үүрэг гүйцэтгэх хүн шаардлагагүй гэж үзсэн учраас А.Пүрэв-Очирыг ажлаас нь чөлөөлсөн. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар А.Пүрэв-Очирыг томилохдоо Д.Галсандондог дарга томилоод хөдөлмөрийн гэрээг нь Тамгын газар байгуулсан байна. Иймд Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд зааснаар Тамгын газар нь Засаг даргын хэрэгжүүлэгч байгууллага. Тухайн А.Пүрэв-Очирын ажиллаж байсан ажлын байр одоогоор байхгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 153/ШШ2019/00301 дугаар шийдвэрээр: “1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/63 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Пүрэв-Очирыг Дэд бүтэц, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан аймгийн Засаг даргын орон тооны зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас нэхэмжлэгч А.Пүрэв-Очирын ажилгүй байсан 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх 7 сар 15 өдөрт ногдох олговор 8,715,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Пүрэв-Очирт олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Пүрэв-Очирын ажилгүй байсан 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, түүний нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг Ховд аймгийн Засаг даргын тамгын газарт үүрэг болгосугай.4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганзоригийн нэхэмжлэгч А.Пүрэв-Очирт холбогдуулан гаргасан Ховд аймгийн засаг дарга Д.Галсандондогийн А.Пүрэв-Очиртой байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Ховд аймгийн засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/33 дугаартай захирамжуудыг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.5.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгөөс чөлөөлөгдсөн бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг тус тус баримтлан Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид нийт224,603 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн дансанд оруулсугай гэж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д зааснаар аймгийн Засаг дарга чөлөөлөгдвөл энэ хуулийн 6.1.4-д заасан ажилтан буюу Засаг даргын зөвлөх ажлаас чөлөөлөгдөхөөр заасан. Өөрөөр хэлбэл тухайн ажилтны хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгохоор зохицуулсан байна. Сөрөг нэхэмжлэлийн тухайд Ховд аймгийн Засаг дарга болон А.Пүрэв-Очир нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь талуудын хооронд үүссэн шаардлагатай холбоотой өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа тул үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдэгдэх ёстой. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

   ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

            Нэхэмжлэгч А.Пүрэв-Очир нь Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/63 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан дэд бүтэц, байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй, үйлдвэрлэл хариуцсан Ховд аймгийн Засаг даргын орон тооны зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлагыг гаргажээ.

             Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн дээрх шаардлагыг эс зөвшөөрч Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогийн А.Пүрэв-Очир байгуулсан 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/33 дугаартай захирамжуудыг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь А.Пүрэв-Очир нь Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогтой 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ   байгуулсан, мөн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/33 дугаар тушаалаар дэд бүтэц, байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй, үйлдвэрлэл хариуцсан Ховд аймгийн Засаг даргын орон тооны зөвлөхөөр томилогдон Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас цалин хөлс авч ажиллаж байгаад 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/63 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгдөж, хөдөлмөрийн гэрээ ажил олгогчийн санаачилгаар цуцлагдсан үйл баримт тогтоогджээ.

1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажил олгогчийн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан  үндэслэлийг Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д улс төрийн албан тушаалтан хуульд заасан үндэслэлээр уг албан тушаалаас өөрчлөгдвөл энэ хуулийн 6.1.14.-т заасан ажилтан чөлөөлөгдөнө гэж заасны дагуу нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарласан ба ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтуудыг тус тус үндэслэл болгожээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “талууд харилцан тохиролцсон” бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохоор, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоо цөөрүүлсэн” гэх үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар хуульд зохицуулжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тооны цомхтгол нь байгууллага татан буулгасан, ажилтны орон тоо хасагдсан, цөөрүүлсэн” гэсэн 3 агуулгаар хэрэгждэг. Ажилтны орон тоог цөөрүүлэх, хасагдах ойлголт нь өөр хоорондоо ялгаатай байдаг. Орон тоог цөөрүүлэх үед тодорхой байр /албан тушаал/-ыг үгүй болдоггүй, гагцхүү тодорхой нэг буюу хэд хэдэн төрлийн албан тушаалыг /ажлын байрыг/ тодорхойлсон орон тоог багасгаж цөөрүүлдэг. Харин “орон тоо хасагдсан” гэдэг нь тухайн байгууллагын зохион байгуулалт бүтцээс тодорхой ажил албан тушаалын ажлын байр үгүй болж хасагддаг.

Хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалт бүтцээс тодорхой ажил албан тушаалын ажлын байр үгүй болсон ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг “орон тоо хасагдсан” гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар дээрх хуульд тусгажээ.

Ажил олгогч нь хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан дээрх 3 үндэслэлийн аль үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Мөн ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д “Ажил олгогч энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх” гэж заасныг зөрчиж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй байна. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлөх тухай 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/63 дугаар захирамжийн үндэслээ хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Энэ талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2.-д заалтуудтай нийцсэн байна.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.-д зааснаар “Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй.” гэж хуульчилжээ.

Хуульд зааснаар сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг зөвхөн хариуцагч эдлэх бөгөөд сөрөг нэхэмжлэлийг зөвхөн нэхэмжлэгчид холбогдуулан гаргана.

Хэн нэгэнд холбогдуулж шаардлага гаргах эрх хүн бүрт нээлттэй байдаг бөгөөд хариуцагч нэхэмжлэгчид холбогдох шаардлагаа бие даасан нэхэмжлэлээр биш үндсэн нэхэмжлэлийн эсрэг сөрөг шаардлага болгон гаргаж байгааг нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах хэлбэрийн нэг гэж үзэх үндэстэй. Харин хариуцагчаас нэхэмжлэгчид тавьсан шаардлага бүрийг сөрөг нэхэмжлэл гэж үзэх боломжгүй.

            Дээрх хуульд зааснаар зөвхөн хоорондоо тооцогдох боломжтой шаардлагыг шүүх сөрөг нэхэмжлэлийн журмаар үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэхээр зохицуулжээ. Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан гаргаж байгаа сөрөг шаардлага нь үндсэн шаардлагатай нэг төрлийн эсхүл нэг маргаантай асуудалтай холбоотой байх учиртай. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгох боломжгүй байна. Өөрөөр хэлбэл сөрөг шаардлага нь үндсэн нэхэмжлэлтэй хамтган шийдвэрлэх харилцан хамааралтай ижил төрлийн шаардлага биш байна. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэ зөв талаас үнэлж, сөрөг шаардлагын талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талын өмгөөлөгчөөс хэргийн материалтай танилцах тухай хүсэлт гаргасныг шүүх  хүлээн авч, түүнийг хэргийн материалтай танилцах боломжит хугацаагаар шүүх хуралдааныг 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 14 цаг хүртэл хойшлуулж түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч өмгөөлөгч Н.Оюунчимэг нь шүүх хуралдаан оролцоогүй, хариуцагчийн төлөөлөгчөөс өмгөөлөгчөө шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гаргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Хуульд зааснаар хариуцагч тал нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 153/ШШ2019/00301 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,   хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3.-т зааснаар хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.НЯМБАЯР

          

                                            ШҮҮГЧИД                                  Б.ДАМБА

                     

                                                                                               Н.ТУЯА