| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 183/2022/03996/И |
| Дугаар | 183/ШШ2023/03218 |
| Огноо | 2023-10-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 183/ШШ2023/03218
| 2023 оны 10 сарын 16 өдөр | Дугаар 183/ШШ2023/03218 | Улаанбаатар хот |
М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, М овогт Д.З /РД:***/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоотод оршин суух, Б овогт Д.Ан /РД:***/-д холбогдох,
Бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай үндсэн, 36,542,016 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.З,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.З нь хариуцагч Д.Ад холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Д.З миний өөрийн өмчлөлийн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын *** улсын бүртгэлийн дугаартай газар Д.А нь өмчлөгч миний зөвшөөрөлгүй гэр барин уг газар амьдарч өмчлөгч Д.З миний өөрийн өмчлөлийн газраа, өмчлөх ашиглах эрхийг хэрэгжүүлэх боломжийг эдлүүлэхгүй байна. Д.З би удаа дараа өөрийн өмчлөлийн газраа суллаж өгөхийг Д.Агаас шаардсан боловч миний газрыг чөлөөлж өгөхгүй байгаа тул *** тоот хаягтай газрыг хууль бус өмчлөгч Д.Агаас чөлөөлүүлж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Д.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.З нь Улаанбаатар хот, Х*** тоот хаягт байршилтай газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг иргэн Д.А надад холбогдуулан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасантай танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Иргэн Д.А би өөрийн эхнэр Т.Бгийн хамт 2007 оноос **** тоот хаягт оршин сууж амьдарч, одоо ч амьдарсаар байгаа билээ. Уг газрыг Д.Сгээс тухайн үед авч байсан. Д.С нь уг газар дээрээ гэр барин 5 жил амьдарч байсан. Тэгээд надад шилжүүлж өгсөн. Тухайн үед намайг газар хайж байсныг Д.С нь манай найз Маас мэдсэн байсан. Тэгээд Д.С болон түүний гэр бүлийн хүнтэй уулзсан. Хашаа хороог янзлаад авч болно гэж, би ч зөвшөөрч авсан. Би тухайн үед хашааг нь битүүлж янзалж авсан. Мөн тогны өр буюу хуримтлагдсан байсан мөнгийг нь ч бас төлсөн. Одоо уг газар дээрээ байшин барьж, түүндээ амьдарч байна. Гэтэл Д.З гэх хүн гарч ирж газар чөлөөл, нүү гэх байдлаар дайрч давшлах болсон. Иргэн би 2007 оноос хойш 2022 оныг хүртэл 15 жил гаруй хугацаанд уг газрыг эзэмшиж, ашиглаж байна. Гэтэл энэ бүх хугацаанд огт чимээ аниргүй байж байснаа өмчлөгч гэх этгээд гарч ирснийг хүлээн зөвшөөрөхгүй, ойлгохгүй байна. Уг газар дээр газраас үл салгаж болох газарт бэхлэгдсэн миний үл хөдөх эд хөрөнгө байгаа юм. Газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хариуцагч Д.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн Д.А би өөрийн эхнэр Т.Бгийн хамт 2007 оноос хойш Улаанбаатар хот, **** тоот хаягт оршин сууж амьдарч, одоо ч амьдарч байна. Анх уг газрыг иргэн Д.Сгээс тухайн үед худалдан авч байсан. Тухайн үед намайг газар хайж байсныг Д.С нь миний найз н.Маас мэдэж, надтай холбоо барьж, би Д.С болон түүний гэр бүлийн хүнтэй уулзсан. Д.С нь хашаа хороог нь янзлаад авч болно гээд тодорхой хэмжээнд мөнгөн төлбөр тохирч авсан. Д.С нь уг газар дээрээ 5 жил амьдарч байгаа 2007 онд надад шилжүүлсэн. Би эхнэр Т.Бгийн хамт уг газарт ирээд хашаа хороог нь битүүлж, янзалсан. Мөн тогны өр буюу хуримтлагдсан байсан мөнгийг нь ч бас төлсөн. Одоо уг газар дээрээ байшин барьж амьдарч байна. Гэтэл Д.З гэх хүн нь гэнэт гарч ирээд газар чөлөөл, нүү гэсэн нэхэмжлэлийг удаа дараа шүүхэд гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэн би өөрийн гэр бүлийн хамтаар уг газарт 2007 оноос хойш 2022 оныг хүртэл 15 жил гаруй хугацаанд уг газрыг эзэмшиж, ашиглаж, засан сайжруулж амьдарч ирсэн. Гэтэл энэ бүх хугацаанд уг газарт амьдарч байгаагүй этгээд өмчлөх эрхийн гэрчилгээтэй гэх нэрийдлээр хөөж туугаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэн би 2020 оноос 2022 оныг хүртэл хугацаанд Улаанбаатар хот, **** тоот хаягт 48 м.кв амины орон сууцыг барьж бий болгосон. Уг үл хөдлөх эд хөрөнгөдөө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах гэж хандахаар газар өмчлөгчийн зөвшөөрөл хэрэгтэй гэх тайлбарыг өгсөн. Шүүхээс намайг болон миний гэр бүлийг газар чөлөөл гэх шийдвэрийг гаргавал уг эд хөрөнгөө эзэмшиж, ашиглах боломжгүй болж, Д.Зд эзэмшиж ашиглах боломж бүрдэхээр байна. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж заасан байдаг. Уг эд хөрөнгийг маань газраас салгах боломжгүй газарт бэхлэгдсэн байгаа. Түүнчлэн нэхэмжлэгч Д.З нь газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаснаараа Д.А намайг болон миний гэр бүлийг орон сууцаа эзэмшиж, ашиглах боломжийг хязгаарлаж, Д.З уг эд хөрөнгийг эзэмшиж, ашиглах боломжтой болж байгаа юм. Иргэний хуульд бусдын эд хөрөнгийг эзэмшиж, ашиглах эрхийг олж авсан этгээд үүний үнийг төлөх үүрэгтэй. Д.А миний зүгээс үл хөдлөх эд хөрөнгөө үнэлүүлж, үнэлгээ тогтоолгоход 20,160,000 төгрөгөөр үнэлсэн ба уг үнийг Д.З нь төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Иймээс Д.Згээс 20,160,000 төгрөгийг гаргуулж Д.Ад олгож өгнө үү.
Хариуцагч Д.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ... Д.А миний эд хөрөнгийг шүүхийн шинжээч 36,542,016 төгрөгөөр үнэлсэн ба уг үнийг Д.З нь төлөх үүрэгтэй гэж үзэж байна. гэв.
Нэхэмжлэгч Д.З сөрөг нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хүмүүст ямар ч зөвшөөрөл өгөөгүй байхад хууль бусаар байшин барьсныг зөвшөөрөхгүй. Надтай тохиролцоогүй. Шүүхэд өгөхөд тэнд байсан үхрийн саравчаа битүүлж байшин болгосон. гэжээ.
Нэхэмжлэгч Д.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2007 онд нүүж ирснээс нь хойш маргаан үүссэн. Өөрийнхөө өмчлөх эрхийн гэрчилгээ бүх бичиг баримтаа үзүүлэхэд надад итгэхгүй намайг хөөж байсан. Үүнээс хойш би хороо, хэсгийн дарга, төлөөлөгчтэй бүгдтэй очиж уулзаад ерөөсөө аргаа бараад 2021 онд шүүхэд хандсан. Би 2005 онд энэ газрыг худалдаж авсан. Тэгээд нийслэлийн газрын албанд бичиг баримтаа бүрдүүлж өгөөд 2006 онд гэрчилгээ гарч энэ газрыг авсан. Өмчлөх эрхийн гэрчилгээгээ 2015 онд авсан. Д.А гэж хүн ирэхээс өмнө хашаандаа хүн түрээсээр суулгаж байсан. Тэр хүнээс хамаг зүйл болсон. Тэр хүн Д.А гэж хүнд хууль бусаар зарсан. Д.Аг нүүж ирснээс нь хойш бичиг баримтаа үзүүлэхэд энэ хүмүүс итгэхгүй үл тоогоод тэгээд 2021 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд өгсөн даруйд энэ хүмүүс миний бичиг баримтыг хууль бус гэж үзээд захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн. Энэ хүмүүсийн бичиг баримт бүрдүүлсэн бүх зүйлийг шүүх үзээд миний өмчлөх эрхийн гэрчилгээ хууль ёсны байна гэж үзсэн. Байшингаа надад үнэлээд байгааг хүлээн зөвшөөрч чадахгүй. Намайг хашаандаа байгаагүй үзэгдэж байгаагүй юм шиг ярьж байна. Би өөрөө тэнд хүүхдүүддээ байшин барих гээд суурь цутгасан байсан. Д.Аг ирэхээс өмнө ийм зүйл хийсэн байсан. Сууж байсан хүн нь Д.Аг залилсан. Амьдрах гээд суурь цутгасан зүйл нь байгаа. Хууль бус эзэмшлээс Д.Аг нүүлгэх асуудал юм. Ирсэн өдрөөс нь хойш нүүхийг шаардаж байсан. Би ойр ойрхон хугацаанд байнга очиж байсан. Одоо хүртэл эдгээр хүмүүс шүүх хуралдаанд ирэхээсээ зугтааж байна. Намайг хүн гэж тоохгүй хашаанд нохой байлгаад би өөрийнхөө эзэмшлийн хашаанд орж чадахаа байсан. гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Анх 2005 онд энэ газрыг худалдаж аваад 2006 онд эзэмших эрхийн гэрчилгээ нь гарсан. Хавтаст хэрэгт авагдсан байгаа Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхээс хэдэн онд гэрчилгээ гарсан нь бүх зүйлийг хавсаргаж өгсөн. Энэ хүний тайлбарлаж байгаагаар 2007 онд анх эзэмших эрхийн гэрчилгээ гараад хүнд түрээслүүлж амьдарч байсан. Түрээсэлж байсан хүн дээр нь үргэлжлүүлж түрээсэлж суучхаад ямар нэгэн байдлаар эндээс гарахгүй байсан. Газрын албанд, дараа нь шүүхэд хандсан. Шүүхэд анх хандахад хашаанд барилга байгаагүй. Шүүхээр явж байх хооронд энэхүү барилгыг барьсан. Зөвшөөрөлгүй байшин барьчхаад их хэмжээний мөнгө нэхэж байна. 2006 онд эзэмших эрхийн гэрчилгээ нь гарсан. Танай тайлбар 2007 оноос хойш амьдарсан гэж ярьж байна. 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ, эзэмших эрхийн гэрчилгээ нь гарсан. Нэхэмжлэгч 2021 онд шүүхэд хандахад хашаанд байшин баригдаагүй байсан. Энэ байшин хэзээ баригдсан талаарх шинжээчийн дүгнэлт байхгүй. Өөрсдөө зөвшөөрөлгүй барьчхаад одоо энэ мөнгөө авъя гэж яриад байх юм. Энэ чинь боломжгүй шүү дээ. Энэ байшин чинь Д.Зд хэрэггүй. Хариуцагч талаас худлаа баримт өгөөд шүүхэд үнэн байх хууль сануулсан. 100 хувь итгэмжлэлээр орж байгаа этгээд нь худлаа яриад байгаа болохоор хэргийн явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар шаардлагатай нотлох баримт тайлбар гаргаж байсан. Иргэний хуулийн 99 дүгээр зүйлийн 99.3, 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа хангуулах хүсэлтэй байна. Энэ хүнд олгогдсон өмчлөх эрхийн гэрчилгээ болон эзэмших эрхийн гэрчилгээ нь захиргааны шүүх авч үзээд энэ нь нотлох баримтын шаардлага хангасан ямар нэгэн эрхийн зөрчилгүй, хуурамч бичиг баримт бүрдүүлээгүй, эрх мэдлээ хэтрүүлээгүй гэж тогтоосон. Өмчлөгч нь гээд тогтоогдсон учир дээрх хуулийн дөрвөн заалтад зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах боломжтой гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн тухайд манай гаргаж өгсөн хавтаст хэрэгт байгаа шүүхэд ирснээс хойш байшин барьж эхэлсэн байгаа. Хариуцагч талаас нэхэж байгаа зүйл ямар хуулийн үндэслэлээр энэ байшингийн мөнгийг нэхэж байгаа юм. Ямар нэгэн хууль зүйн үндэслэл байхгүй. Өмчлөх, эзэмших эрхтэй гэрчилгээтэй газрын үнийг өнөөдөр гаргаж ирээд үүнийг авах ёстой гэж нэхээд байгаа үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байна. Ямар нэгэн эзэмших эрхгүйг мэдсээр байж хууль бусаар барьсан зүйлийнхээ мөнгийг нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын албанд танилтай ч юм уу эсхүл нэг хүний газар дээр өөр хүн байлгаж байснаа гэрчилгээ гаргуулж аваад энэ миний газар гэдэг зүйл Газрын тухай хуульд байхгүй. Д.З гэдэг хүний хувьд 2006 оноос хойш өөрөө огт байхгүй болсон. Газрын тухай хуульд газраа 2 жил дараалан ашиглаагүй бол эзэмшүүлэхгүй байх тус тус зохицуулалт байгаа. Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож тухайн газрыг ашиглаж байгаа этгээд нэн тэргүүнд олгодог. Д.А 16 жил бараг амьдарсан. 16 жил тухайн газар дээрээ амьдраагүй хүний өмчлөх эрхийн гэрчилгээ яаж олгогдох юм. Д.А гэж хүн анх газар дээр нь амьдарч байсан н.Содхүү гэдэг хүнээс энэ газрыг худалдаж авч байсан. Тухайн үед н.Содхүү нь энэ газар дээр ямар нэгэн эрхийн гэрчилгээ байхгүй гэж хэлээд тухайн үед мөнгө шилжүүлээд худалдаж авч байсан. Гэрчилгээ нь гарсан, асуудалгүй гэрчилгээтэй байсан бол магадгүй өмнө нь яагаад шүүхэд хандаагүй юм бэ. Энэ хүнд бодитойгоор газар эзэмших гэрчилгээ байсан гэдэг нь эргэлзээтэй байна. Газраа чөлөөлүүлж авна гэж байгаа боловч бодит байдал дээр тухайн газар дээрх эд хөрөнгө байгаа. Газрын өмчлөх эрхийн гэрчилгээ гарахгүй байгааг далимдуулаад газар чөлөөлүүлж авах нэрийдлээр эд хөрөнгийг авах гэж байгаа асуудал байна. Тийм учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Маргаан бүхий газар дээр иргэн Д.А өөрөөсөө хөрөнгө мөнгө гаргаад тухайн газар дээр үл хөдлөх эд хөрөнгө босгосон. Эд хөрөнгө байгаа байдал нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, зургуудаар нотлогдож байгаа. Энэ эд хөрөнгө нь 48 м.кв талбайтай амины орон сууц бий. Өмчлөх эрхийн гэрчилгээ гарахгүй байгаа. Эд хөрөнгийн үнийг шинжээч 36 160 000 төгрөгөөр тогтоосон. Газрыг нь өөр хүн эзэмшдэг. Хэрэгт байгаа баримтыг харахад 2015 онд эзэмших эрхийн гэрчилгээгээ гаргуулсан. 2015 оноос өмнө Д.А гэдэг хүн 2007 оноос хойш байсан гэж хэлсэн. Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшүүлэх, өмчлүүлэх шийдвэр гаргахад газрыг ашиглаж байгаа этгээд газрыг нэн тэргүүнд олгоно гэж заасан. Гэтэл өнөөдөр тэр зарчим зөрчигдсөн тухай асуудал яригдаж байна. Өнөөдөр нэхэмжлэгч, хариуцагч нар нэг зүйл дээр маргахгүй байна. Яг энэ газар дээр 2007 оноос хойш н.Амартайван гэдэг хүн өнөөдөр хүртэл байгаа шүү гэдэг дээр хэн ч маргадаггүй. Гэтэл яагаад тэр газар дээр нэг ч удаа байгаагүй хүнд эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж байгаа нь сонин байна. Шүүхийн шийдвэр болон газрын гэрчилгээнд би эргэлзэж байна. 2015 онд Д.З гэдэг хүн гэрчилгээ гаргуулсан бол 2019, 2020 онд шүүхэд хандахгүй яасан юм бэ. Газар өмчлөх эрхийн гэрчилгээнд асуудал байсан учир шүүхэд хандахгүй яваад байсан байх. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг хүний толгойнд байгаа зүйлийг хэтэрхий тааж ярьж байна гэж үзэж байна. Д.Агийн хувьд энэ газар дээр би байсан юм чинь надад өмчлөх эрхийн гэрчилгээ нь олгогдох байх, хууль бусаар гаргасан бол хүчингүй болох байх гэж бодоод барилгаа барьсан гэж ойлгож байна. Гэрээний болон гэрээний бус зүйлээр иргэний харилцаа үүснэ. Газар минийх учраас газар дээрх бүх зүйл минийх гэж хандаж болохгүй. Өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй учир энэ хөрөнгө чинийх биш, чи нэхэж болохгүй гэж тайлбарлаж болохгүй. Гэрээний бус үүрэгт бусдын эд хөрөнгийг хөрөнгө дээрээ аваад хөрөнгөжиж байгаа бол тэрхүү төлбөрийг төлнө гэсэн зүйл үйлчилдэг. Иргэний хуулийн 492 дугаар зүйлээс хойш уншвал байгаа. Ямар ч зүйл нотлоогүй гэж ярьж байна. Үл хөдлөх эд хөрөнгө байгаа дээр нэхэмжлэгч, хариуцагч аль аль нь маргаагүй. Шүүх өөрөө шударга ёсыг сахиулах ёстой байгууллага. Тухайн хөрөнгийг үнийг төлөх нь шударга ёсонд нийцнэ. Нэхэмжлэгч талаас тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг гаргуулж шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн бариад байгаа хуулийн зохицуулалт нь урьдчилан шийдвэрлэлтийг зохицуулсан хуулийн заалт юм. Хэрвээ энэ хүн зөрчигдсөн эрхээ хамгаалуулах гээд шаардаад байхад эрх нь зөрчигдсөн хэвээр байгаа бол шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан. Гэтэл өнөөдөр хэрэгт авагдсан баримтын хүрээнд харахад нэхэмжлэгч би очиж байсан гэж ярьдаг. Яг хэзээ очиж байсан юм. Энэ нь нотлох баримтаар нотлогддоггүй. Нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргаад байгаа тайлбар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38.1 дэх хэсэгт зааснаар нотлогддоггүй. Сөрөг нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.Згийн оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, *** дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаартай магадлал, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ,
хариуцагчаас итгэмжлэл, Хан-Уул дүүргийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ***1, ***2 дугаартай тодорхойлолт, *** ХХК-ийн Хөрөнгө үнэлгээний тайлан, *** дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, фото зураг зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0060 дугаартай шийдвэртэй захиргааны хэргээс өмгөөлөгч Б.Бийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай албан тоот, 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, гэрч асуусан тэмдэглэлийг нотлох баримтаар гаргуулж, **** ХХК-г шинжээчээр томилж Үнэлгээний тайлан гаргуулав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.З нь хариуцагч Д.Ад холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай үндсэн, хариуцагч Д.А нэхэмжлэгчид холбогдуулан 36,542,016 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
1.Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Д.А нь өмчлөгч миний зөвшөөрөлгүй гэр барин уг газар амьдарч ирсэн. Би 2005 онд энэ газрыг худалдаж авсан. 2006 онд гэрчилгээгээ авсан. Өмчлөх эрхийн гэрчилгээгээ 2015 онд авсан. Өмнө нь хашаагаа хүнд түрээсэлдэг байсан. Тэр хүн маань газрыг минь Д.Ад зарсан. Би удаа дараа өөрийн өмчлөлийн газраа суллаж өгөхийг Д.Агаас шаардсан боловч миний газрыг чөлөөлж өгөхгүй байгаа тул *** тоот хаягтай газрыг хууль бус өмчлөгч Д.Агаас чөлөөлүүлж өгнө үү.
3.Хариуцагч Д.А нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Иргэн Д.А би өөрийн эхнэр Т.Бгийн хамт 2007 оноос **** тоот хаягт оршин сууж амьдарч, одоо ч амьдарсаар байгаа билээ. Уг газрыг тухайн газар 5 жил амьдарсан Д.Сгээс авч байсан. Би тухайн үед хашааг нь битүүлж янзалж авсан. Мөн тогны өр буюу хуримтлагдсан байсан мөнгийг нь ч бас төлсөн. Одоо уг газар дээрээ байшин барьж, түүндээ амьдарч байна. Би 2007 оноос хойш 2022 оныг хүртэл 15 жил гаруй хугацаанд уг газрыг эзэмшиж, ашиглаж байна. Газрын тухай хуульд газраа 2 жил дараалан ашиглаагүй бол эзэмшүүлэхгүй байх тус тус зохицуулалт байгаа. Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож тухайн газрыг ашиглаж байгаа этгээд нэн тэргүүнд олгодог. Д.А 16 жил амьдарсан. гэжээ.
4.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэн би 2020 оноос 2022 оныг хүртэл хугацаанд Улаанбаатар хот, **** тоот хаягт 48 м.кв амины орон сууцыг барьж бий болгосон. Уг үл хөдлөх эд хөрөнгөдөө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах гэж хандахаар газар өмчлөгчийн зөвшөөрөл хэрэгтэй гэх тайлбарыг өгсөн. Шүүхээс газар чөлөөлөх шийдвэрийг гаргавал уг эд хөрөнгөө эзэмшиж, ашиглах боломжгүй болж, Д.Зд эзэмшиж ашиглах боломж бүрдэхээр байна. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж заасан байдаг. Уг эд хөрөнгийг маань газраас салгах боломжгүй газарт бэхлэгдсэн байгаа. Түүнчлэн нэхэмжлэгч Д.З нь газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаснаараа Д.А намайг болон миний гэр бүлийг орон сууцаа эзэмшиж, ашиглах боломжийг хязгаарлаж, Д.З уг эд хөрөнгийг эзэмшиж, ашиглах боломжтой болж байгаа юм. Иргэний хуульд бусдын эд хөрөнгийг эзэмшиж, ашиглах эрхийг олж авсан этгээд үүний үнийг төлөх үүрэгтэй. Д.А миний эд хөрөнгийг шүүхийн шинжээч 36,542,016 төгрөгөөр үнэлсэн ба уг үнийг Д.З нь төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Иймээс Д.Згээс 36,542,016 төгрөгийг гаргуулж Д.А надад олгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хүмүүст ямар ч зөвшөөрөл өгөөгүй байхад хууль бусаар байшин барьсныг зөвшөөрөхгүй. Надтай тохиролцоогүй. Шүүхэд өгөхөд тэнд байсан үхрийн саравчаа битүүлж байшин болгосон. гэж няцаасан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Хариуцагч Д.А нь 2007 оноос хойш Х*** тоот хаягт байршилтай газрыг эзэмшиж байгаа талаар талууд маргаагүй.
6.Харин талууд үндсэн нэхэмжлэлийн хүрээнд тус газрыг нэхэмжлэгч Д.З өмчлөх эрхтэй эсэх, хариуцагч Д.А нь тус газрыг эзэмших эрхтэй эсэх талаар маргаж байна.
7.Нэхэмжлэгч Д.З нь Х*** тоот хаягт байршилтай газрыг 2005 онд бусдаас худалдаж авсан гэж тайлбарлаж бөгөөд тус газар нь түүний өмчлөлийнх болох нь хэрэгт авагдсан *** дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаартай магадлалаар тогтоогдож байна.
8.Талууд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаартай магадлал хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй.
9.Нэхэмжлэгч Д.З болон хариуцагч Д.А нарын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаагүй, мөн хариуцагч Д.А нь маргаан бүхий газрыг эзэмших талаар Д.Згээс зөвшөөрөл аваагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул Х*** тоот хаягт байршилтай газар дахь Д.Агийн эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.
10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т шүүх хуралдаанд гаргасан гаргасан тайлбартаа Х*** тоот хаягт байршилтай газар нь Д.Агийн эзэмшлийнх мөн гэж татгалзлаа үндэслэсэн. Д.А, эхнэр Т.Б нар нь 2007 оноос хойш тус газарт амьдарч ирсэн болох нь Х*** тоот хаягт байршилтай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай *** тоот сар оны хавар дүүргийн ГЗБА-д очиж уулзсан Шугам дайрсан энэ газарт газар олгохгүй гэж хэлсэн гэв. гэж тэмдэглэсэн Нийсэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс маргаан бүхий газар, эд зүйл, баримт материалд үзлэг хийсэн тэмдэглэл, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ***1, ***2 дугаартай тодорхойлолт зэргээр тогтоогдоно гэж тайлбарласан.
Тус маргаан бүхийн газрыг 2007 оноос хойш Д.А эзэмшиж байгаа талаар талууд маргаагүй бөгөөд Д.Агийн эзэмшилд байсан нь Д.Згийн өмчлөлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.
11.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь У.Т шүүх хуралдаанд Д.З нь газраа 2 жил дараалан ашиглаагүй тул газар өмчлөх эрхгүй гэж тайлбарласан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. гэж заасан ба тус шийдвэрийг холбогдох засаг дарга гаргахаар заажээ. Харин холбогдох дүүргийн Засаг даргаас Д.Згийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаарх баримт хэрэгт авагдаагүй.
Мөн маргаан бүхий газрыг 2007 оноос хойш Д.А тасралтгүй эзэмшиж байсан болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэгч Д.Зг газраа газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж буруутгах боломжгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. гэж зааснаар маргаан бүхий тус газрыг хариуцагч Д.Агийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үндэслэлтэй байна.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Х*** тоот хаягт байршилтай газарт 48 м.кв амины сууцыг хариуцагч Д.А барьсан болох, амины сууцны үнэлгээ 36,542,016 төгрөг болох талаар талууд маргаагүй.
Харин хариуцагч Д.А амины сууц барих эрхтэй эсэх, орон сууцыг хэзээ барьсан хугацаа, амины сууцны үнийг нэхэмжлэгч Д.З төлөх үүрэгтэй эсэх талаар талууд маргаж байна.
Хариуцагч Д.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ амины орон сууцыг 2020-2022 оны хооронд барьсан талаар тайлбарласан. Харин нэхэмжлэгч Д.З шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ газар миний өмчлөлийнх тул байшин барих зөвшөөрлийг би Д.Ад өгөөгүй. Иймд зөвшөөрөлгүйгээр барьсан байшингийн төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.
Д.А нь Х*** тоот хаягт байршилтай газрыг өөрийн эзэмшлийн гэсэн итгэл үнэмшлийн үндсэн дээр газрыг 2007 оноос хойш эзэмшиж байсан, газрын өмчлөгчийн талаарх маргаан Нийсэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байсан зэрэг нөхцөлийг харгалзан үзвэл хариуцагчийг Д.Згээс зөвшөөрөл авалгүйгээр байшин барьсан үйлдэлд буруутгах боломжгүй байна.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй: 92.1.1.хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон. гэж, 84 дүгээр зүйлийн 84.3-т Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж тус тус заасан бөгөөд Д.Агийн барьсан орон сууцыг эргүүлэн өгөх боломжгүй байх тул түүний үнийн дүн болох 36,542,016 төгрөгийг нэхэмжлэгч Д.Згээс гаргуулж, хариуцагч Д.Ад олгох үндэслэлтэй байна.
12.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар Хан-Уул дүүргийн 10-р хороо, нисэхийн 8 гудамж, 113 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, *** дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч Д.Агийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч Д.Зд олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Згээс 36,542,016 төгрөг гаргуулж, хариуцагч Д.Ад олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 498,750 төгрөгөөс 498,610 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Агаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Зд, нэхэмжлэгч Д.Згээс 498,610 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 140 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж хариуцагч Д.Ад, олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА