| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2022/01019/И |
| Дугаар | 183/ШШ2023/01631 |
| Огноо | 2023-05-16 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 183/ШШ2023/01631
| 2023 оны 05 сарын 16 өдөр | Дугаар 183/ШШ2023/01631 Улаанбаатар хот |
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: Г,
Хариуцагч: М нарт холбогдох
2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэл, 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, гэр бүлийн хэрэгцээний 448 м.кв талбайтай газрын өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан шилжүүлж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв,
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ө,
Хариуцагч М-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б,
Хариуцагч Г-н өмгөөлөгч Т.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч с нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: С миний бие 2011 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Г-тэй харилцан тохирч, 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан. Тус гэрээгээр нэг талаас Г нь 5,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар зээлүүлж, гэрээний нийт хугацааны төгсгөлд зээлийн төлбөрийг үндсэн хүүгийн хамт төлж барагдуулах үүргийг харилцан хүлээсэн. Бид ийнхүү тохирох явцад зээлдүүлэгч Г-д нь үүргийн гүйцэтгэл хангах арга болгож, тодорхой эд хөрөнгийг барьцаа болгож өгөхийг шаардсан учир миний бие өөрийн өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний 448 м.кв талбайтай газар-г барьцаалахаар болсон. Тухайн үед Г нь хөрөнгө барьцаалж байгаагийн илэрхийлэл гэж ойлгуулан, зээлийн гэрээ байгуулагдсан өдөр буюу 2011 оны 7 дугаар сарын 29-ний өдөр С миний биеэр Газар захиран зарцуулах итгэмжлэл-ийг хийлгэж, нотариатчаар батлуулж авсан. Гэтэл миний бие итгэмжлэлд гарын үсэг зурахдаа өмчлөх эрх бүхий газраа худалдан борлуулах эрхийг Г-д олгож байна гэж огт бодоогүй, харин зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангах арга болгож, газраа барьцаалуулж байна гэж л ойлгосон. Ингэж төсөөлснийхөө үндсэн дээр холбогдох итгэмжлэлд гарын үсэг зурсан. Улмаар цаг хугацааны явцад зээлээ төлж, газраа барьцаанаас чөлөөлүүлж авна гэж бодсон ч үндсэн зээлийн 5,000,000 төгрөгөөс 3,500,000 төгрөгийг нь л төлж, 1,500,000 төгрөгийг нь төлж чадаагүй. Тиймээс Г нь надад дахин хандаж, өмнөх итгэмжлэлийн хугацаа дууссан учир шинээр итгэмжлэл хийж өгөхийг хүссэн. Энэ үед би мөн л газраа барьцаалуулсан хэлцлээ сунгаж байна гэсэн ойлголттойгоор, дээрхтэй ижил агуулга бүхий итгэмжлэлд 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гарын үсэг зурсан. Гэтэл нөхцөл байдал миний бодсоноос өөрөөр эргэж, өмчлөх эрх бүхий газар маань миний зөвшөөрөлгүйгээр М гэх хүний өмчлөлд шилжсэн байна. Иймд нэн түрүүнд С болон Г нарын хооронд 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгө захиран зарцуулах итгэмжлэл-ийг хүчин төгөлдөр бусад тооцуулах хүсэлтэй байна. Дээрх төөрөгдөл бүхий итгэмжлэл хийгдсэнээс хойш хэдхэн хоногийн дараа буюу 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Г нь С миний зөвшөөрөлгүйгээр, М-тэй Газар худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, "гэр бүлийн хэрэгцээний 448 м.кв талбайтай газар-ын маань өмчлөх эрхийг шилжүүлэн авсан байна. Гэтэл би анхнаасаа газраа барьцаалуулах хүсэл зоригтой байснаас биш, худалдан борлуулах, итгэмжлэлийн үндсэн дээр хэн нэгний өмчлөлд шилжүүлэн өгөх хүсэл зориг байгаагүй. Үүн дээр нэмээд Г-с газрын өмчлөх эрхийг шилжүүлж авсан М гэгч нь түүний эхнэр буюу гэр бүлийн гишүүн байна. Улмаар маргаан бүхий газар нь М нэр дээр бүртгэгдсэн боловч, бодит байдал дээр Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т заасны дагуу Г болон М нарын хамтран өмчлөх дундын өмч болжээ. Гэтэл Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар: төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн нэрийн өмнөөс өөртэйгөө, түүнчлэн гуравдагч этгээдийн нэрээр өөрөө төлөөлүүлэгчтэй хэлцэл хийхийг хориглодог, Ийнхүү хориглосон хэм хэмжээ бүхий заалт Иргэний хуульд байсаар байхад Г нь С миний "хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн гарын үсэг зурсан /ноцтой төөрөгдсөн/ "'хүчин төгөлдөр бус итгэмжлэлийг ашиглаж, миний зөвшөөрөлгүйгээр, хууль зөрчиж өөрийн эхнэр М-тэй Газар худалдах, худалдан авах гэрээ-г нууцаар байгуулсан байна. Иймд Г болон М нарын хооронд 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан Газар худалдах, худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10 болон 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, улмаар тус хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулж маргаан бүхий газрын өмчлөх эрхийг С миний нэр рүү буцаан шилжүүлэхийг Г болон М нарт даалгаж өгнө үү, гэжээ.
Хариуцагч Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн С-ээс иргэн Г, М нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлтэй танилцаад хариуцагч Г миний бие дараахь тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн 1-р шаардлага буюу С-с Г-д 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр олгосон итгэмжлэлийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын тухайд иргэн С нь 2011 оны 7 дугаар сарын 29-ний өдөр надтай дугаартай Зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг 2012 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлсэн бөгөөд уг зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.7-д Зээлдэгч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон барьцааны гэрээ байгуулна гэж заасны дагуу мөн өдрөө буюу 2011 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс дугаартай Барьцааны гэрээ-г мөн байгуулж 448 м.кв талбайтай өмчилсөн газраа барьцаалсан. Уг барьцааны гэрээг 2011 оны 7 дугаар сарын 29-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн болно. Нэхэмжлэгч С нь энэхүү Барьцааны гэрээ-г шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүйг дурьдахыг хүсч байна. С нь зээлийн гэрээгээр тохиролцсон хүү болох сар бүр төлөх 300,000 төгрөгийн хүүгээ 2011 оны 8 дугаар сарын 29-ний өдөр, 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр, 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тус тус төлсөн бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 460,000 төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 300,000 төгрөг төлөөд түүнээс хойш огт төлөлт хийгээгүй. Ингээд 2012 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр буюу зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр С нь хүсэлт гаргасны дагуу Зээлийн хугацаа сунгах гэрээ-г байгуулсан бөгөөд 2012 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 9 сарын хугацаагаар сунгасан болно. Гэвч С мөн л огт төлөлт хийгээгүй. Зээлийн хугацаа сунгах гэрээ-ний хугацаа ч дуусаж С нь зээлээ төлөхгүй явсаар байсан бөгөөд 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр түүнтэй уулзахад тэрээр өөрийн гараар С миний бие 2011 оны 7 дугаар сарын 29-ний Г байгуулсан зээлийн хугацаа нь дуусаад одоог хүртэл зээлийн мөнгө болон хүүг төлөхгүй явж байгаа болно. Цаашид 10 хоног хугацааг сунгаж энэ хугацаанд барагдуулаагүй тохиолдолд барьцаанд тавигдсан газрыг шилжүүлэх болно гэж гарын үсгээ зураад 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гэсэн бичгийг надад хийж өгсөн бөгөөд мөн тухайн өдрөө буюу 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө захиран зарцуулах итгэмжпэлийг өөрийн хүсэл зоригийн дагуу, итгэмжлэлийн агуулга, үр дагаварыг сайтар ойлгож, уншиж танилцсаны үндсэн дээр олгосон итгэмжлэл байсан бөгөөд итгэмжлэл олгохдоо ноцтой төөрөгдсөн, ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хийсэн хэлцэл огтоосоо биш юм. С нь үүнээс өмнө нь буюу 2012 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ч гэсэн 1 жилийн хугацаатай Газар захиран зарцуулах итгэмжлэл-ийг ч надад олгож байснаа шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байсан ба эндээс дүгнэн үзэхэд газар, үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахыг зөвшөөрч, хүсэл зоригоо бүрэн илэрхийлж 2 ч удаа нотариатч дээр очиж байж дээрх итгэмжлэлүүдийг хийж өгч байсан нь харагдаж байна. 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэлийг 3 сарын хугацаатайгаар надад олгосон байсан. Энэхүү итгэмжлэлийн хүчинтэй хугацааны дотор буюу 2012 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Г миний бие иргэн М Газар худалдах, худалдан авах гэрээ байгуулж уг газрыг худалдсан бөгөөд 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр М нэр дээр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6-д Төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн этгээд төөрөгдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж заасан байдаг. Гэвч С нь би төөрөгдсөний улмаас итгэмжлэл олгочихжээ гэж надад огт мэдэгдэж байгаагүй. С нь огт ноцтой төөрөгдөөгүй, тэр бүү хэл 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр анх Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст гомдол гаргаж намайг шалгуулсан бөгөөд 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай Прокурорын хариу мэдэгдэх хуудсаар Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул иргэний журмаар шүүхээр хянан шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг авснаас хойш энэ олон жилийн дараа тухайн газар дээр Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтөөр орон сууц барих болсноос хойш л гэнэт намайг эрэн сурвалжлуулж, ноцтой төөрөлдсөн болж жүжиглэж байгааг миний бие огт хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн 2-р шаардлага буюу 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэлийн үндсэн дээр Г болон М нарын хооронд байгуулагдсан 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн газар худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1, 56.1.10 болон 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд нэхэмжпэлд дурьдсанаар П.С нь миний зөвшөөрөлгүйгээр Х.Г нь М.М-тэй газар худалдах, худалдан авах гэрээ байгуулж газар өмчлөх эрхийг шилжүүлэн авсан байна, мөн газраа барьцаалуулах хүсэл зоригтой байснаас биш худалдан борлуулах, итгэмжлэлийн үндсэн дээр хэн нэгний өмчлөлд шилжүүлэн өгөх хүсэл зоригтой байгаагүй гэжээ. 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр олгосон итгэмжлэл бол Үл хөдлөх эд хөрөнгө захиран зарцуулах гэсэн тодотгосон оноосон агуулгатай, итгэмжлэгч П.С нь тухайн 448 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө болох газрыг худалдах ... бүрэн эрхийг Х.Г надад 3 сарын хугацаагаар итгэмжлэн олгосон, үүнийгээ 344 дугаартай нотариатчаар гэрчлүүлсэн, өөрөөр хэлбэл П.Сн хүсэл зоригийн дагуу, түүний хүсэл зоригийн илэрхийллийн дагуу үйлдэгдэж олгогдсон итгэмжлэл юм. М.М бид хоёр 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Газар худалдах, худалдан авах гэрээ байгуулж байх үед бид гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан. Тухайн газар нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болсон уу гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө болсон уу гэдэг нь хэрэгт ач холбогдолтой биш гэж үзэж байна. Түүнчлэн Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан төлөөлүүлэгчийн нэрийн өмнөөс өөртэйгөө хийсэн хэлцэл ч биш, гуравдагч этгээдийн нэрээр өөрөө төлөөлүүлэгчтэй хийсэн хэлцэл ч биш юм. Ингэж Иргэний хуулийн дээрх заалтыг өөрсдөдөө ашигтайгаар буруу тайлбарлан хэрэглэж болохгүй. Ийм учраас Газар худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл биш, 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус итгэмжпэлийн үндсэн дээр хийсэн хэлцэл ч биш, 56.1,8-д заасан"... зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл бүр ч биш юм. Нэхэмжлэлийн 3-р шаардлага буюу дээрх итгэмжлэл болон гэрээнд заагдсан гэр бүлийн хэрэгцээний 448 м.кв талбайтай газрын өмчлөх эрхийг П.С-н нэр дээр буцааж шилжүүлж өгөхийг Х.Г болон М.М нарт даалгуулах шаардлагын тухайд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр иргэн М.М-н нээр дээр өмчлөх эрх нь бүртгэгдэж, түүний өмчлөлийн газар болсон дээрх газрыг буцаан шилжүүлэх эрх, мөн үүрэг хуулиар надад байхгүй юм. Иргэн М.М нь П.С-с надад олгосон 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэлийн үндсэн дээр түүнийг шалгаж, мөн Газар худалдах, худалдан авах гэрээ-г гэрчилсэн 142 дугаартай нотариатч Ч.Б ч итгэмжпэлийг нягталж, шалгасны үндсэн дээр гэрээний үнэн зөвийг баталж гэрчилсэн болно. Дээрх итгэмжлэл /нотариатчаар гэрчлүүлсэн/, газар худалдах, худалдан авах гэрээ /нотариатчаар гэрчлүүлсэн/ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасантай бүрэн нийцэж байгаа бөгөөд Иргэний хуулийн 109.1-д заасны дагуу бүртгүүлэх хүсэлт, холбогдох мэдүүлгийг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын улсын бүртгэгч ч хуулийн дагуу дахин нягталж, хянан үзэж, хууль зөрчөөгүй тул бүртгэж газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар иргэн М.М нь газар өмчлөх эрхийг шударгаар олж авсан шударга өмчлөгч мөн юм. Харин П.С-н хувьд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасны дагуу түүний өмчлөх эрх нь дуусгавар болчихсон, буцааж шилжүүлэхийг шаардах эрхгүй байна. Эцэст нь хэлэхэд П.С-н шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд П.С-н тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.
Хариуцагч М.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн 1-р шаардлага буюу П.С-с Х.Г-д 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр олгосон итгэмжлэлийг Иргэний хуулийн 58-р зүйлийн 58.2.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын тухайд иргэн С-с иргэн Ханджавын Г-д бичгээр олгосон 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө захиран зарцуулах итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг бүрэн хангасан итгэмжлэл байсан тул хүчин төгөлдөр бус байх үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-т заасан хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн бол шууд ноцтой төөрөгдсөн гэж үзнэ гэж заасан. Ноцтой төөрөгдөнө гэдэг бол П.С нь Х.Г-д итгэмжлэл олгохдоо Газраа худалдах бүрэн эрхийг олгосноо газраа барьцаалуулсан хэлцлээ л сунгаж байна гэж ойлгосон гэж хүсэл зоригоо тайлбарлах нь өөрийгөө, Х.Г ч, 344 дугаартай нотариатч Б.Ө ч, мөн давхар шүүхийг хууран мэхэлж байгаа үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй. Зээл, зээлийн хүүгээ төлж чадахгүйн улмаас газраа худалдахыг зөвшөөрч итгэмжлэл олгочихоод дараа нь би ноцтой төөрөлдсөний улмаас хэлцэл хийсэн байжээ гэж. П.С нь дээрх итгэмжлэлийг олгохоос өмнө Х.Г-той зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, барьцааны гэрээгээр өөрийн өмчлөлийн газраа барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан тул барьцааны гэрээг эрхийн зөрчилгүй гэж үзнэ. Хэдийгээр дээрх итгэмжлэл нь надад шууд хамааралгүй юм шиг боловч шууд бусаар тэрхүү итгэмжлэлээр олгосон газар худалдах бүрэн эрх-ийнхээ хүрээнд иргэн Х.Г-той 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Газар худалдах, худалдан авах гэрээ байгуулж миний бие дээрх газрыг худалдаж авсан бөгөөд 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газраас гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 448 м.кв газрын хууль ёсны өмчлөгч тул өмчлөх Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг надад олгосон. 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш дээрх газрын цорын ганц хууль ёсны өмчлөгчөөр М.М миний бие байгаа болно. Нэхэмжлэлийн 2-р шаардлага буюу 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэлийн үндсэн дээр Х.Г болон М.М нарын хооронд байгуулагдсан 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1, 56.1.10 болон 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр олгосон Итгэмжлэл бол Үл хөдлөх эд хөрөнгө захиран зарцуулах" гэсэн тодотгосон оноосон агуулгатай, итгэмжлэгч П.С нь өөрийн өмчлөлийн 448 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө болох газрыг худалдах бүрэн эрхийг Х.Г-д 3 сарын хугацаагаар итгэмжлэн олгосон, үүнийгээ 344 дугаартай нотариатчаар гэрчлүүлсэн, өөрөөр хэлбэл П.С-н сайн дурын үндсэн дээр, түүний хүсэл зориг, хүсэл зоригийн илэрхийллийн дагуу үйлдэгдэж олгогдсон итгэмжлэл байсан. Миний хувьд газар худалдах, худалдан авах гэрээ хийхдээ нэгэнт итгэмжпэл авсан хүн болох Х.Г нь өөрөө, түүнчлэн нотариатчаар гэрчлүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө захиран зарцуулах, газар худалдах эрх олгогдсон итгэмжлэл нь бичгээр байхад заавал П.С-с зөвшөөрөл авах хууль зүйн үүрэг байхгүй байсан гэж үзэж байна. Энэ үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх үндэслэлгүй. Х.Г бид хоёр 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Газар худалдах, худалдан авах гэрээ байгуулж байх үед бид гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан. Ийм учраас газар худалдах, худалдан авах гэрээ нь ямар хууль тогтоомжийн ямар заалт зөрчсөн болохоороо Иргэний хуулийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болгох гээд байгаа нь үндэслэлгүй, 56.1.1, 56.1.8-д заасныг зөрчөөгүй тул мөн хуулийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл биш юм. 56.1.8-д заасан ... зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл ч биш юм. Нэхэмжлэлийн 3-р шаардлага буюу дээрх итгэмжлэл болон гэрээнд заагдсан Н гэр бүлийн хэрэгцээний 448 м.кв талбайтай газрын өмчлөх эрхийг П.С-н нэр дээр буцааж шилжүүлж өгөхийг Х.Г болон М.М нарт даалгуулах шаардлагын тухайд дээрх газар нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр иргэн М.М миний нээр дээр өмчлөх эрх нь бүртгэгдэж, миний өмчлөлийн газар болсон бөгөөд миний хувьд өөрийн өмчлөлийн газраа П.С-д буцааж шилжүүлж өгөх хууль эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. М.М миний бие газар худалдах худалдан авах гэрээ хийхдээ Х.Г-д П.С-с олгосон 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэлийг үзэж шалгаснаас гадна мөн Газар худалдах, худалдан авах гэрээ-г гэрчилсэн 142 дугаартай нотариатч Ч.Б ч уг итгэмжлэлийг нягталж, шалгасны үндсэн дээр гэрээний үнэн зөвийг баталж гэрчилсэн болно. Дээрх итгэмжлэл /нотариатчаар гэрчлүүлсэн/, газар худалдах, худалдан авах гэрээ /нотариатчаар гэрчлүүлсэн/ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасантай бүрэн нийцэж байгаа бөгөөд Иргэний хуулийн 109.1-д заасны дагуу бүртгүүлэх хүсэлт, холбогдох мэдүүлгийг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын улсын бүртгэгч хуулийн дагуу дахин нягталж, хянан үзэж, хууль зөрчөөгүй тул бүртгэж надад газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар иргэн М.М миний бие газар өмчлөх эрхийг шударгаар олж авсан шударга өмчлөгч гэж өөрийгөө үзэж байна. Харин П.С-н хувьд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртэглийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасны дагуу түүний өмчлөх эрх нь дуусгавар болчихсон, буцааж шилжүүлэхийг шаардах эрхгүй байна. П.С нь 2013 онд болсон үйл явдлаас улбаатайгаар 2022 онд тэр тусмаа надад холбогдуулан намайг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй, миний хувьд жинхэнэ хариуцагч болох эсэх нь ч эргэлзээтэй, түүнчлэн 9 жилийн дараа ингэж шаардлага гаргах эрх байгаа эсэх, Иргэний хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь ч дууссан байх үндэслэлтэй. Иймд П.С-н тус шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.С нь 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэл, 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, , гэр бүлийн хэрэгцээний 448 м.кв талбайтай газрын өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.Г, М.М нарт холбогдуулан гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Х.Г нь П.С-тэй 2011 оны 7 дугаар сарын 29-ний өдөр дугаартай Зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар гэр бүлийн хэрэгцээний 448 м.кв талбайтай газрыг барьцаалан барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлж, зээлийн гэрээний зүйл 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн, болох нь зохигчдын тайлбар хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тус тус тогтоогдож байна. /х.х 48-49, 86, 150-151 тал/
Хэрэгт авагдсан 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэлийг П.С-с хариуцагч Х.Г-д 3 сарын хугацаатайгаар , гэр бүлийн хэрэгцээний 448 м.кв талбайтай газрыг худалдах, зээлийн барьцаанд тавин зээл авах, хөлслөх, барьцаанд бүртгүүлэх, буцаан авах, үүрэг дуусгавар болгох зэрэгт төлөөлөх, ЭХЭБХ-т үйлдэл хийх эрхийг олгожээ. /х.х-ийн 158 хуудас/
Мөн 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн итгэмжлэлийг П.С-с төлөөлөгч Х.А-д 1 сарын хугацаатайгаар гэр бүлийн хэрэгцээний 448 м.кв талбайтай газрыг захиран зарцуулах, барьцаанд тавих, хөлслөх, түрээслэх, худалдах, үүрэг дуусгавар болгох гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, ЭХЭУБА-нд бүртгүүлэх, гэрчилгээг буцаан авах үйлдэл хийх эрхийг олгожээ. /х.х-ийн 154 хуудас/
Дээрх хоёр итгэмжлэлийг үндэслэн хариуцагч Х.Г Х.А нар 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ... 2011 оны 7 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан Зээл болон барьцааны гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн тул уул гэрээг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийг үндэслэн дуусгавар болсонд тооцсон болно. Иймд үүргийн гүйцэтгэлийн барьцаанд тавигдсан газрыг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэх агуулга бүхий Үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийг хийсэн байна. /х.х-ийн 153 /
Энэхүү үүрэг дуусгавар болсон тухай гэх хэлцлийн агуулгаас үзвэл нэхэмжлэгч П.С зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн оронд барьцааны зүйл болох газрыг шилжүүлж Зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгох хүсэл зоригийн илэрхийлэл авагдаагүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. Харин зээлдэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж зээлдүүлэгч буюу Х.Г үзэж барьцаа хөрөнгийг чөлөөлж үүрэг дуусгавар болгосон байна.
Нэхэмжлэгч П.С нь ... миний бие нь 2011 он 7.29-нд Г-той байгуулсан зээлийн хугацаа нь дуусаад одоог хүртэл зээлийн мөнгө болон хүүг төлөхгүй явж байгаа болно. Цаашид 10 хоног хугацааг сунгаж энэ хугацаанд барагдуулаагүй тохиолдолд барьцаанд тавигдсан газрыг шилжүүлэх болно гэх бичгийн баримтыг хариуцагчид 2013.02.19-нд хийж өгсөн тул үүргийг сольсон гэж хариуцагч тайлбарлаж байх боловч уг хэлцэл нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т зааснаар хариуцагч өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан, сольсон агуулга байхгүй байна. /х.х-ийн 51/
Түүнчлэн үл хөдлөх хөрөнгөөр үүргийг сольж байгаа бол талууд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1-т заасантай нийцүүлж, гэрээ байгуулах хуулийн шаардлагыг мөн биелүүлээгүй байна.
Хариуцагч Х.Г маргаж буй газрыг зээлдэгч П.С-н зээлийн үүргийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан боловч 2013.02.19-ний өдөр П.С-с газар худалдах эрхийг итгэмжлэлээр авсан үйл баримт тогтоогдож байна. /х.х-151, 158/
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохоор хийгддэг болно.
Өөрөөр хэлбэл зээлийн үүргийг хангуулах зорилготой барьцааны гэрээ байгуулах хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн итгэмжлэлээр газрын өмчлөх эрхийг худалдах бүрэн эрхийг шилжүүлж авсан П.С болон Х.Г нарын хооронд байгуулагдсан 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэл дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамаарна.
Мөн зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэдэгт хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбогдсон, энэ хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор эрх зүйн үндэслэл нь үгүйсгэгдэх хэлцлийг хамааруулан ойлгодог.
Хэрэгт байгаа баримтаас үзвэл П.С-г төлөөлж Х.Г нь 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэлдийг үндэслэн эхнэр М.М-тэй 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж гэр бүлийн хэрэгцээний 448 м.кв талбайтай газрыг хариуцагч М.М-н өмчлөлд шилжүүлэхээр, М.М нь 30,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэлд мөн хамаарч байна. /х.х-ийн 42, 156, 159 /
Хариуцагч М.М нь маргаан бүхий газрыг 2013 онд худалдан авсан гэх боловч бодитоор өөрийн эзэмшилдээ газрыг шилжүүлж аваагүй, уг газрыг нэхэмжлэгч П.С 2022 оныг хүртэл эзэмшиж, амьдарч байсан болох нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. /х.х-ийн 61 /
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж зааснаар Х.Г М.М нарын хооронд байгуулсан 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болсон байх тул хариуцагч М.Мөнхцэцэгээс гэр бүлийн хэрэгцээний 448 м.кв талбайтай газрын өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан шилжүүлж өгөхийг даалгах зүйтэй байна.
Нэхэмжлэгч П.С 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Х.Г-д итгэмжлэл олгосон, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ шүүхэд 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй буюу Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т заасан Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэснийг зөрчөөгүй байна.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэл, 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, гэр бүлийн хэрэгцээний 448 м.кв талбайтай газрын өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан шилжүүлж өгөхийг хариуцагч М.Мөнхцэцэг даалгаж шийдвэрлэлээ.
Хариуцагч Х.Г зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхээ хэрэгжүүлэх, мөн хариуцагч М.М 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээнээс учирсан хохирлоо нэхэмжлэхэд уг шийдвэр саад болохгүйг тайлбарлавал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэл, 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, гэр бүлийн хэрэгцээний 448 м.кв талбайтай газрын өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан шилжүүлж өгөхийг хариуцагч М.М-т даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Г, М.М нараас улсын тэмдэгтийн хураамжид 378,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.С-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ