| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2022/04654/И |
| Дугаар | 183/ШШ2023/01632 |
| Огноо | 2023-05-16 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 183/ШШ2023/01632
| 2023 оны 05 сарын 16 өдөр | Дугаар 183/ШШ2023/01632 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У ХХК н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х ХХК -д холбогдох
Гэрээний үүргийн биелэлтэд 5,637,396 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У ХХК нь гэрээний үүргийн биелэлтэд 5,637,396 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х ХХК-д холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Нэхэмжлэгч У ХХК болон хариуцагч Х ХХК нар нь 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр дугаартай Оффисын талбайн түрээсийн гэрээ-г байгуулсан. Тус гэрээний 2.2, 3.1-т заасны дагуу нийт 83 м.кв талбайг сарын 1,896,550 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон. Талуудын хооронд байгуулсан дугаартай гэрээний 2.1-д заасны дагуу хариуцагч нь түрээсийн талбайг 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаатайгаар түрээслэхээр тохиролцсон байдаг. Хариуцагч нь түрээсийн хугацаанд нийтдээ 22,878,160 төгрөг төлөхөөс 19,119,896 төгрөг төлж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 3,758,264 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлөлгүй нэхэмжлэгч компанийг хохироож байгаа болно. дугаартай гэрээний 7.2-т Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөлгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг түрээслүүлэгчид төлнө гэж заасны дагуу 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 237 хоногийн хугацаа хэтрэлтэд нийт 4,307,469 төгрөгийн алданги тооцогдсон. Гэвч талууд гэрээгээр алдангийн дээд хэмжээг зааж өгөөгүй тул Иргэний хуулийн 232 дугаа зүйлий 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэж заасны дагуу 3,758,264 төгрөгийн 50 хувь буюу 1,879,132 төгрөгийн алдангийг нэхэмжлэгчид төлөх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай оффисын талбайн түрээсийн гэрээний 3.1, 7.2-д заасан түрээсийн төлбөрийн төлөгдөөгүй төлбөр болох 3,758,264 төгрөг, алданги 1,879,132 төгрөг нийт 5,637,396 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2021 оны 6 дугаар сарын 26-ны өдөр дугаартай түрээсийн гэрээг байгуулж, түрээсийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар 15 давхар барилгын 1511 тоотод байрлах талбайг 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаатай байгуулсан. Хариуцагч нь түрээсийн хугацаанд нийтдээ 22,878,160 төгрөгийг төлөхөөс 19,119,896 төгрөгийг төлж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 3,758,264 төгрөгийг түрээсийн төлбөрийг төлөөгүй байдаг. Талуудын гэрээний хооронд байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн хоног тутамд 0.3 хувиар алданги тооцно гэж заасны дагуу 2022 оны 2 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 237 хоногийн хугацаа хэтрүүлсэн нийт 4,307,469 төгрөгийн алданги тооцогдсон. Талуудын хооронд алдангийн дээд хэмжээг зааж өгөөгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэж заасны дагуу 3,758,264 төгрөгийг 50 хувь болох 1,879,132 төгрөгийг алдангийг нэхэмжлэгчид төлөх хууль зүй үндэслэлтэй байна. Иймд 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай Оффисын талбайн түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, түрээсийн төлбөрийн төлөгдөөгүй төлбөр болох 3,758,264 төгрөг алданги 1,879,132 төгрөг, нийт 5,637,396 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хариуцагчаас гаргуулж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч Х ХХК-д холбогдох У ХХК-иас 5,637,396 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагчийн төлөөлөгч Я.Ц-д 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 11 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг түүний шүүхэд мэдүүлсэн хаягт баталгаат шуудангаар хүргүүлж, дугаарын утсанд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, үүнтэй холбоотой холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр дугаартай Оффисын талбайн түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшилж шилжүүлж, түрээслэгч нь гэрээгээр хүлээсэн төлбөрийг түрээслүүлэгчид шилжүүлэхээр тохиролцсон ба энэ үйл баримттай маргаангүй байна. /х.х-ийн 7-19/
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд оффисын зориулалтаар буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоор талбай түрээсэлж, түрээсийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээ нь мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх бөгөөд талуудын хэн аль нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна. Иймээс түрээсийн гэрээ хэлбэрийн шаардлага хангаагүйгээс түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ болжээ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болсон бөгөөд түрээслэгч бодитоор эд хөрөнгийг эзэмшиж, ашигласан учраас уг түрээсийн мөнгөн төлбөрт нэхэмжлэгчид төлөх төлбөрөөр хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжих үндэслэлгүй тул түрээсийн төлбөрийн 3,758,264 төгрөгийг хариуцагч гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлий 232.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан бичгийн гэрээ хэлбэрийн шаардлага хангаагүйгээс түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ болсон байх тул нэхэмжлэгч анз шаардах эрхээ алдсан гэж үзнэ.
Дээрх үндэслэлээр 3,758,264 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс алданги болох 1,879,132 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас 75,082 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Х ХХК-иас 3,758,264 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,879,132 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас 75,082 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ