Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар  2021/ДШМ/857       

 

 

                                                     

 

А.Т-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайханы  2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЗ/1535 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Батсүрэнгийн бичсэн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 23 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн А.Т-од холбогдох 2109003180712 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

ял шийтгэлгүй;

Шүүгдэгч А.Т- нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Геологи 48-2-4 тоотод үйл ажиллагаа явуулах “.....” ХХК-ийн байрнаас 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2 дугаар сарын 23-ны өдрийн хооронд гагнуурын аппарат, дрилл, цахилгаан харуул, ирмэг дарагч, тасдагч, түрдэг хөрөө, уран хөрөө, зэрэг нийт 14 ширхэг багаж нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 1.323.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: А.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус баримтлан Б овогт А-йн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, яллагдагч А.Т- нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

 

Прокурор С.Батсүрэн бичсэн эсэргүүцэлдээ: “...Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж хуульчилсан. Яллагдагч А.Т-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт багтаж байна. Өөрөөр хэлбэл яллагдагч А.Т-од шүүх оногдуулсан хорих ялаас өршөөн хасах, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихоор зохицуулсан байхад шүүх эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЗ/1535 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Т- нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Геологи 48-2-4 тоотод үйл ажиллагаа явуулах “.....” ХХК-ийн байрнаас 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2 дугаар сарын 23-ны өдрийн хооронд гагнуурын аппарат, дрилл, цахилгаан харуул, ирмэг дарагч, тасдагч, түрдэг хөрөө, уран хөрөө, зэрэг нийт 14 ширхэг багаж нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 1.323.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэгт яллагдагчаар татагджээ.

 

2021 ны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан “...Энэ хуулийн ...7.1-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно. ...” гэж заасан ба яллагдагч А.Т-ын үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг нь тус Өршөөлийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заагдсан шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих гэмт хэрэг байна.  

Иймд яллагдагч А.Т-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг анхан шатны шүүх буруу хэрэглэсэн талаарх прокурорын эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнээд А.Т-од холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Харин 2021 оны Өршөөлийн хуулийн 6 дугаар 6.2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг заагаагүй тул прокурорын “...Яллагдагч А.Т-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 ...дахь хэсэгт заасан гэмт хэрэгт багтаж байгаа...” талаархи эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЗ/1535 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, А.Т-од холбогдох 2109003180712 дугаартай эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БАТЗОРИГ

              ШҮҮГЧ                                                          М.ПҮРЭВСҮРЭН

              ШҮҮГЧ                                                          Д.ОЧМАНДАХ