Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2014 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 135/ШШ2014/01009

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс 171/2012/0332/И

Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... аймгийн ... сумын ... баг Э ХХК-ийн байр, А.б /утас ..., .../-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... аймгийн ... сумын ... хороолол ... байрны ... тоотод оршин суух Б овогт Л-ын Х /регистрийн дугаар ..., утас .../-д холбогдох,

3,893,926 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагч Л.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ... тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 6,000,000 төгрөгийн бизнесийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 30,0 хувийн хүүтэйгээр зээлсэн. Гэвч зээлдэгч Л.Х нь зээл болон зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй....зээлийн гэрээний 4.2.3, 4.2.7-д заасны үндэслэн 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 13/233 тоот зээлийн гэрээг цуцлаж, зээлдэгч Л.Хаас үндсэн зээл 3,238,437 төгрөг, зээлийн хүү 574,221 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 76,768 төгрөг, нотариатын төлбөр 4,500 төгрөг, нийт 3,893,926 төгрөгийг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш зээлийн төлбөрт 1,750,000 төгрөгийг төлсөн байх тул түүнээс 2,143,847 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч Л.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

...тухайн зээлийг банкнаас Д.Б үндсэн зээлдэгчээр, би үл хөдлөх хөрөнгөө барьцаалж, хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж зээл авсан. Д.Б нь олдохгүй байгаа учраас надаас нэхэмжилж байгаа. Би энэ зээлийг төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна. Харин барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.б нь хариуцагч Л.Х-д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 3,238,437 төгрөг, зээлийн хүү 574,221 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 76,768 төгрөг, нотариатын төлбөр 4,500 төгрөг, нийт 3,893,926 төгрөг гаргуулах, шийдвэрийг эс биелүүлбэл зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дор дурьдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

А.б нь иргэн Л.Х-тай Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээ байгуулж, 24 сарын хугацаатай 6,000,000 төгрөгийн зээл олгосон, зээлийн гэрээгээр зээлийн хүүг жилийн 30,0 хувиар тооцсон, зээлийн гэрээнд зааснаар зээлдэгч Д.Б, хамтран зээлдэгч нь Л.Х нь болох нь хэрэгт авагдсан 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаар зээлийн гэрээ, барьцаат зээлийн гэрээ зээл хүсэгчийн анкет зэрэг нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч Л.Х нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооны талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүхэд нэхэмжлэл гарснаас хойш зээлийн төлбөрт 1,750,000 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбар, зээлийн дансны хуулга зэргээр тогтоогдож байгаа ба нэхэмжлэгч А.б нь хариуцагч Л.Х-аас зээлийн төлбөрийн үлдэгдэл 2,143,846 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн болно.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч А.б нь гэрээнд заасан хамтран үүрэг гүйцэтгэгч нарын нэг болох Л.Х-аас үүргийн гүйцэтгэл буюу зээлийг гэрээний үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол гэрээний нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал -ыг хохиролд тооцно гэж тус тус заасны дагуу хариуцагч Л.Х-аас зээлийн төлбөрийн үлдэгдэл 2,143,846 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.бинд олгож, 1,750,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч Л.Х нь зээлийн барьцаанд эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ бүхий ... аймгийн ... сумын ... баг ... хороолол ... тоот орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан 2012 оны 9 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаар зээлийн барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

            Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

Хариуцагч Л.Х нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргаж байгаа боловч татгалзаж буй үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд гаргаагүй болно.

Иймд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12-т Хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг тус бүрд нь ногдох хэсгээр шаардах эрхтэй гэж заасан байх тул хариуцагч Л.Х нь хамтран үүрэг гүйцэтгэгч болох Д.Б-гаас түүнд ногдох хэсгээр шаардлага гаргах эрхтэй болохыг дурьдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Х-аас зээлийн төлбөр 2,143,846 нэхэмжлэгч А.б-анд олгож, 1,750,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар хариуцагч төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны эд хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгийн ... дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн ... аймгийн ... сумын ... баг ... хороолол ... тоот 12.0 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,252 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид 77,252 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.б-анд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Давж заалдах шатны Иргэний хэргийн 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                    З.ТУНГАЛАГМАА