Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2014 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 135/ШШ2014/01011

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2014/00109/И

 

Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С аймгийн Ш сумын У ХХК-ийн захирал Д.Сын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... аймгийн ... сумын .. баг, ... тоотод оршин суух Д.Мт холбогдох 4 сая төгрөг гаргуулах тухай,

Нэхэмжлэгч Д.Мын сөрөг нэхэмжлэлтэй С аймаг Ш сум У ХХК-ийн захирал Д.Ст холбогдох сөрөг нэхэмжлэлээр 11,450,000 төгрөг гаргуулах, патентийг хуулбарлан ашигласныг тогтоолгох тухай хэргийг 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.С түүний өмгөөлөгч Н.Б, хариуцагч Д.М түүний өмгөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Тогтох нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай У ХХК нь газар тариалан эрхэлдэг. Хавар 5 дугаар сарын 10-аас өмнө будаа цэвэрлэдэг хүчин чадал сайтай цэвэрлэгч машин хэрэгтэй байсан тул ... аймгийн харъяат Д.М-т цагт 6 тонн цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэгээний машин байгаа гэхээр нь хаврын тариалангаас өмнө авъя гэж тохироод урьдчилгаа төлбөр 4.000.000 төгрөг өгтөл машинаа авчрахгүй шаардуулсаар байж тариалалт дуусаж байхад манай компанид 2 ширхэг байдаг тийм будаа цэвэрлэгч машин авчирсан юм. Манай компанийн ажилчдын дэргэд ажиллуулж үзэхэд цагд 6 тонныг биш 1 тонныг цэвэрлээд шаардлага хангаагүй юм. Хэрэв би энэ мөнгөө эргэлдүүлж байсан бол 8 сая төгрөг болох байсан, Иймд Д.М-аас 4.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Сөрөг нэхэмжлэл гаргагч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: С аймгийн Ш суманд үйл ажиллагаа явуулдаг У ХХК-аас цэвэрлэгч машины үнийн дутуу 11,000.000 төгрөг уг машиныг тээвэрлэн хүргэсний тээврийн зардал 450,000 төгрөг гаргуулах,

Нэхэмжлэлийн үндэслэлдээ: Д.С нь нэхэмжлэлдээ манай компанид 2 байдаг цэвэрлэгч машинтай адил машиныг тариалалт дуусаж байхад авчирч өгсөн. Хүчин чадалдаа хүрэхгүй тул буцаан өгөх нэхэмжлэл гаргаж байгаа нь бүтээгдэхүүний үнийг бууруулах төлбөрийг хойшлуулах арга саам юм. Иргэн Д.С нь Д-д манай хашаанд 2013 оны 4 дүгээр сарын сүүлчээр надтай ирж уулзан миний зохион бүтээсэн үр тариа ангилан ялгах цогцолбороос зөвхөн цэвэрлэх машиныг нь хоёр тээвэрлэгчийн хамт авахаар урьдчилгаанд 4.000.000 төгрөг төлж үлдэгдэл 11,000,000 төгрөгийг үр тарианы урамшууллаас 2013 оны 12 дугаар сараас 2014 оны 1 дүгээр сард багтааж төлөхөөр тохирсон.

Д.С нь 2013 оны 5 дугаар сарын 07-нд Х банкаар миний данс руу 4 сая төгрөг шилжүүлснээр 5 дугаар сарын 08-нд өөрийн тээврээр тээвэрлэн У ХХК-ийн хашаанд аваачиж ажилд оруулан хүлээлгэн өгсөн юм. Миний зохион бүтээсэн үр тариа ангилан ялгах цогцолборын хүчин чадлыг тогтоохдоо эрх бүхий байгууллагууд болох БСШУЯамны харъяа ХААТШУТ-ийн Үйлдвэрлэлийн нэгдэл ХААДС-ийн харъяа Ургамал газар тариалан сургалт, Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн шинжээчид сорилт туршилт хийн тогтоосон бөгөөд үүнийг ЗГ-ын Хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар баталгаажуулсан болно. Тоног төхөөрөмжийг цогцолбор байдлаар нь худалдан авах хэрэгтэй бөгөөд үүнд нэмэлт хорин сая төгрөг шаардлагатайг У ХХК удирдлагууд сайн мэдэж байгаа. Хэрэв уг компани нь цэвэрлэх машиныг шаардлага хангахгүй байна гэж үзээд буцаах байсан бол бүтэн 9 сарын турш ямарваа нэгэн үйлдэл хийгээгүй байсан нь зөвхөн бүтээгдэхүүний үнийг буулгах төлбөрийг хойшлуулах арга саам хийж байна гэж үзэхээр байна. Хэрэв ашигтай загвар бөгөөд уг машиныг дуурайлган хийх ашиглахдаа Патентын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17,2 т зааснаар зөвшөөрлөөр ашиглах ёстой. Иймд У ХХК-д манай зөвшөөрөлгүй гарал үүсэл нь тодорхой биш гар хийцийн 2 ширхэг машиныг хуулбарлан ашиглаж байгааг тогтоож өгнө үү.

Би иргэн Д.С-тай Үр тариа цэвэрлэх цогцолборын-ийн ... загварын машиныг хоёр тээвэрлэгчийн хамт 15 сая төгрөгөөр зарахаар тохирон урьдчилгаанд 4 сая төгрөг 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлснээр үлдэгдэл төлбөрөө намрын ургацын борлуулалтаас авахаар тохирч 2013 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Д.С-ын компани дээр тээвэрлэн хүргэж тохиргоо хийлгэн хүлээлгэн өгсөн. Д.С гомдлын шаардлага гаргалгүй ашиглаж байгаад намайг үлдэгдэл төлбөрөө нэхэхтэй зэрэгцэн шүүхэд нэхэмжлэл гаргаж миний санхүүгийн хүнд байдалд орсныг ашиглан энэ 4 сая төгрөгөөр үлдэгдэл төлбөрөө төлөлгүй хааж авахаар дарамт шахалт үзүүлж эхэлсэн энэ асуудлыг би хичнээн бичиж хэлж өгсөн ч ИХШХШТХ-ийн дагуу нотлох баримтын хэмжээнд үнэлэгдсэнгүй энэ бүгд шүүхэд өнөөдрийг хүртэл эсрэг талын нэхэмжлэл тайлбар гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдоно. Д.С нь шүүхэд өгсөн нэхэмжлэлдээ гол шалтгааныг гурван зүйлээс болж гэрээгээ цуцалж байгааг ойлгуулахаар бичсэн байна. 2013 оны 5 дугаар сарын 10-ны өмнө будаа цэвэрлэгч машин хэрэгтэй байсан намайг машинаа авчрахгүй шаардуулсаар байж тариалалт дуусаж байхад авчирсан гэжээ. Өөрөөр хэлбэл Монголын буудайн тариалалт дунджаар 6 дугаар сарын 10-ны үед дуусдаг. Би Д.С-т 6 дугаар сарын эхний 10 хоногт цэвэрлэгч машин хэрэггүй болсон үед аваачиж өгсөн болж байгаа юм.

Гэвч Д.С 5 дугаар сарын 07-нд миний дансанд урьдчилгаа 4 сая төгрөг х/х-ийн 66 тал шилжүүлснээр талбай дээр нь 5 дугаар сарын 08,09-ний хооронд буулгаж тохируулж хүлээлгэн өгсөн нь хэрэгт нотлох баримтаар оруулсан х/х-ийн 24 тал фото зургаар баталгаажсан байгаа. Цэвэрлэгч машиныг ажил эхлэхээс 2 хоногийн өмнө хүлээлгэж өгсөн байхад Д.С хүлээлгэж өгсөн өдрийг 30 гаран хоногоор хойшлуулж гүтгэх болов. Үүнийгээ намайг шүүхэд сөрөг нэхэмжлэл баримттай бичиж өгсний дараа гарцаагүй байдалд орон сөрөг нэхэмжлэлийн тайлбар гаргахдаа гүтгэснээ хүлээн хүлээн зөвшөөрсөн .

Энэ нь гомдлын шаардлага гаргах хугацаанд гомдол гаргаж байгаагүйгээ баталдаг бөгөөд гүтгэж хойшлуулсан 30 хоногооо оруулаад , хуурамчаар бичиж өгсөн он сар өдрийн хоорондох цаг хугацаа нь гомдлын шаардлага гаргах хугацаан дотор багтаж байгаагаас харж болно. Д.С нэмэмжлэлдээ Д.М цагт 6 тонн цэвэрлэдэг машин байгаа гэхээр нь авч ажиллуулахад 6 тонн биш 1 тонныг цэвэрлээд шаардлага хангаагүй гэж бичиж. Гэвч энэ машиныг Д.С худалдаж авахдаа Үр тариа цэвэрлэх цогцолбороос х/х-ийн 27 ганц машиныг нь салгаж хоёр тээвэрлэгчийн хамт 15 сая төгрөгөөр худалдан авахаар тохирч авсан байна. Энэ машин цогцолбор байдлаараа ажиллаж байж хүчин чадалдаа хүрч ажиллана гэдгийг Д.С сайн мэдэж байгаа. Гэтэл мөнгөндөө тааруулж дутуу тоноглол авчихаад 30 сая төгрөгийн үнэлгээтэй Үр тариа цэвэрлэх цогцолборын үр дүнг нэхэж байгаа нь үндэслэлгүй гүтгэлэг юм.

Ээлжит гүтгэлэгдээ намайг 3 хүнд машины хүчин чадлын талаар 3 өөрөөр ярьсан болгож гүтгэхдээ өөрийн эхнэр Д.П, компанийн жолооч Ш.Б өмгөөлөгч Н.Б нараар машиныг 7-10 тонн цэвэрлэдэг хүчин чадалтай гэснийг нь худалдан авсан гэж бодит байдлаас хэт хазайсан өндөр үзүүлэлт хэлсэн болгож гэрчийн мэдүүлэг өгүүлж бичүүлж тайлбарлаж байна. Ийм гэрчийн мэдүүлгийг би ч өгүүлж болох байсан боловч бичмэл нотлох баримтанд тулгуурлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж байна. Машины хүчин чадал тогтоохдоо хэн нэгэн дурын ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс хийгээгүй бөгөөд эрх бүхий төрийн байгууллага болох БСШУЯамны харъяа ХААТШУТехнологи үйлдвэрийн нэгдэл ХААДС-ийн харъяа УГТСЭШХүрээлэн зэрэг байгууллагууд тогтоосон болно.

Д.С нэхэмжлэлдээ будаа цэвэрлэгч машиныг шаардуулсаар байж авчрахдаа манай компанид 2 байдаг тийм машин авчирсан гэж бичсэнээс дүгнэхэд Д.С ямар машин авчрахыг мэдээгүй байсан тул илүү машин авах шаардлагагүй гэсэн санаа гаргасан байна. Гэтэл 2014 оны 7 дугаар сарын 04-нд манай ажил дээр намайг ганцаараа байхад Д.С ирж элдэв үгээр дарамтлан миний хоолойг боомилон эсэргүүцэх чадваргүй болгон баруун гарыг ар нуруунд мушгин эрх чөлөөнд халдан нэхэмжлэлээсээ татгалзахыг шаардан хүчээр зөвшөөрүүлж 4 сая төгрөгтөө миний машиныг авахаар болж өмчлөх эрхэд давхар халдсан. Энэ нотлох баримт х/х-ийн 60-р талд байгаа. Би 2014 оны 7 дугаар сарын 07-нд шүүхэд очиж болсон учир байдлыг хэлж байсан. Энэ байдлаас харахад Д.С надаас авсан будаа цэвэрлэгч машиныг 4 сая төгрөгдөө бодож авах зорилготой байсан нь нотлогдож байгаа юм. Иймд миний шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч У ХХК-ийн захирал Д.С шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Мын сөрөг нэхэмжлэлийг болон тайлбарыг нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Манай компанид өгсөн цэвэрлэгч машинаа цагт 7 тонныг цэвэрлэх хүчин чадалтай гэж тайлбарлан ойлгуулж Үтрэм дээр угсарч будаа цэвэрлүүлтэл цагт 500 кг будаа ч цэвэрлэж чадахгүй байсан учир тухайн үед Д.Мт авсан будаа цэвэрлэгч машиныг нь буцаан өгөхөөр ярилцаж, хүчин чадалдаа хүрч ажиллахгүй эрхийн доголдолтой байсан нь газар дээрээ мэдэгдсэн. Тэр үед манай компанийн 5 ажилчин байсан тул тэд гэрчилнэ. Би үүнээс өмнө Д.Маас мөнгөө авах гэж 6 удаа нааш цааш ирсэн зардал 360000 төгрөг болсон утсаар ярих гэхээр утсаа ч авдаггүй юм. Иймд тухайн үед залилуулсан 4.000.000 төгрөгөө буцаан гаргуулан авч шаардлага хангахгүй будаа цэвэрлэгч машиныг нь буцаан өгөх хүсэлтэй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь;

Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч Д.Маас авсан шаардлага хангахгүй будаа цэвэрлэгч машиныг буцаан өгч урьдчилгаанд төлсөн 4000000 төгрөгийг буцаан гаргуулж авахыг хүссэн, Д.М нь сөрөг нэхэмжлэлээр Д.Саас 11,450,000 төгрөг гаргуулж миний үйлдвэрийн патентийг хуулбарлан ашиглаж байгааг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгах буюу өөр доголдолгүй эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байна.

Зохигчдын хооронд өгч авалцсан будаа цэвэрлэгч машины хүчин чадлыг газар дээр нь шалгаж тогтоох шинжээчийг Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн улсын байцаагч, В даатгалын үнэлгээний газарт томилж хүргүүлсэн боловч хүчин чадлыг тогтоох боломжгүй гэсэн хариу ирсэн байна.

Зээлээр эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нь худалдах худалдан авах гэрээний нэг төрөл бөгөөд худалдагч Д.М нь Д.Ст будаа цэвэрлэгч машиныг урьдчилгаа төлбөрийг нь авч тодорхой хугацааны дараа үлдсэн төлбөрийг авахаар тохирч 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр газар дээр нь угсарч хүлээлгэн өгч ажиллуулж үзэхэд уг машин нь цагт 6 тонн будаа цэвэрлэх биш 1 тонн будаа цэвэрлэж хөдөлмөрийн бүтээмж удаан шаардлага хангаагүй эрхийн доголдолтой байсныг худалдагч талд хэлэхэд Д.М нь би машиныг буцаан авч урдчилгаанд төлсөн мөнгөө буцаан төлнө гэж хэлж байсан талаар гэрч Д.П Ш.Б нар шүүхэд мэдүүлснээс үзэхэд уг эд хөрөнгө нь анхнаасаа техникийн хүчин чадалдаа хүрч ажиллахгүй эрхийн доголдолтой байсан болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт зааснаар Худалдан авагч нь дараах тохиолдолд шаардлага гаргах эрхээ алдахаар заасан байна. Үүнд Эд хөрөнгө хүлээн авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан.

-Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбогдсон эд хөрөнгийг хүлээн авахдаа нэн даруй шалган хүлээж авах үүргээ биелүүлээгүй бол гэж заасан боловч худалдагч У ХХК нь будаа цэвэрлэгч төхөөрөмжийг худалдагч талыг газар дээр угсруулан шалгаж хүлээн авахад уг будаа цэвэрлэгч машин нь цагт 6 тонн будаа цэвэрлэнэ гэсэн шаардлагыг хангаагүй 1 тонн будаа ч цэвэрлэж чадахгүй техникийн хүчин чадлын шаардлага хангахгүй байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, гэрч Д.П, Ш.Б нарын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул уг будаа цэвэрлэгч машиныг техникийн хүчин чадалдаа хүрч ажиллахгүй эрхийн доголдолтой эд хөрөнгө хүлээлгэн өгсөн байна гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар Худалдагч нь худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, тухайн төрлийн эд хөрөнгө байвал ижил төрлийн хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол зардлыг төлөх үүрэгтэй гэж зааснаас үзэхэд худалдагч Д.М нь доголдолтой будаа цэвэрлэгч машиныг буцаан авч Д.Саас урьдчилгаанд авсан 4 сая төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй байна.

Сөрөг нэхэмжлэл гаргагч Д.М нь худалдан авагч талыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд талууд гэрээгээр авсан өгсөн зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй байх тул 4,000,000 төгрөгийг Д.Маас гаргуулан Д.Ст олгож_ сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилсэн 11,450,000 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, будаа цэвэрлэгч машиныг Д.Саас буцаан гаргуулж Д.Мт олгох үндэслэлтэй байна гэж үзээд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1.Монгол улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 254 дүгээр зүйлийн 254.1 256 дугаар зүйлийн 256.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Маас 40000000 төгрөгийг гаргуулж Д.Ст олгож, Д.Саас будаа цэвэрлэгч машиныг буцаан гаргуулж Д.Мт олгож түүний 11,450,000 төгрөг гаргуулах болон патенийг хуулбарлан ашигласныг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. .

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Сын Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Д.Маас 78950 төгрөгийг гаргуулж Д.Ст олгож сөрөг нэхэмжлэл гаргагч Д.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.М нь энэ шийдвэрийг сайн дураараа эс биелүүлбэл албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БАТТУЛГА