| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2014/00351/и |
| Дугаар | 135/ШШ2014/01013 |
| Огноо | 2014-11-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2014 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 135/ШШ2014/01013
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2014/0351/И
Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, шүүгч З.Тунгалагмаа, П.Баттулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг ... тоотод оршин суух Т овгийн Б-гийн Б /РД: ..., утас:.../-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ... аймаг, ... сум ... баг ... тоотод оршин суух Х овогт Г-ны П /РД: ..., Утас: ...-т холбогдох
Эмчилгээний зардал 567.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагч Г.П, иргэдийн төлөөлөгч Х.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2014 оны 09 сарын 08-ны орой ажил тараад гэр лүүгээ явахаар 18-ийн буудал дээр машинаас буугаад зам хөндлөн гарах гээд зогсож байхад хар хөх өнгийн ... ДАХ дугаартай марк-2 автомашин сигнал өгөхгүй ухарч баруун хойд талруу мөргөж унаган хөнгөн гэмтэл учруулснаас болж эмнэлгээр явж үзүүлэн шинжилгээ хийлгэж дараах бодит хохирол учирсан тул нэхэмжилж байна. Тухайн өдөр нь би Пт надад ямар нэгэн зүйл болвол цагдаад өгнө шүү гэж хэлсэн. Тэгээд маргааш нь ажил дээрээ очтол бөөлжөөд дотор эвгүйрхээд байсан. Дарга бие чинь муу байна, үзүүл гээд эгчийг дуудсан. Тэгээд эгч бид 2 цагдаа дээр очсон. Энэ гэмтлээс болж 22 хоног ажилдаа явж чадаагүй. Манай ажил хагас, бүтэн сайнгүй ажилдаг Ихэр могой дээр байрладаг хувийн цайны газар, бид нар өргөдөл өгч ажилд ордог, нийгмийн даатгал төлдөггүй, бид нарыг сайн дураараа төлөөрэй гэдэг. Энэ гэмтэлээс болж би ажлаа хийж чадаагүй учир 22 хоногийн цалин 370.000 төгрөг, бариач, эмч, эмнэлэгт үзүүлсний 150.000 төгрөг, ЭХО-д харуулсан эм уусны 47.500 төгрөг нийтдээ 567.500 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 2014 оны 09 сарын 08-ны орой 21 цагийн үед ажлынхаа машиныг унаж яваад 18-ын буудал дээр ухрах үйлдэл хийж байхад энэ эгчийг мөргөсөн. Маргааш нь цагдаагаас дуудаад уулзсан. Тэгээд С-д үзүүлнэ гээд 1.000.000 төгрөг гэсэн, би энэ их мөнгийг өгч чадахгүй, амьдрал хэцүү бүтэн өнчин дүүтэйгээ хоёулаа амьдардаг гэж хэлсэн. ...-д хэвтүүлээд өгье эргэж тойрч байя гэж хэлэхэд маргааш ярина гэж хэлчээд хэд хоног алга болсон. Би өөрөө эгчийнх нь ажил дээр очоод уулзахад бас ярина гэж хэлчээд эргэж яриагүй. Би зөвхөн эмчийн тамгатай тэр мөнгийг нь өгнө. Надад өөр өгөх мөнгө байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Г.Паас зам тээврийн ослын улмаас учирсан хохирол 567.500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасаны зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Б.Бг 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр .. сумын ... багийн нутагт ... дугаар байрны орчмын авто зогсоол дээр явганаар зорчих үед нь жолооч Г.П Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2-5-в, 7 дугаар бүлгийн 7-17 заалтуудыг зөрчиж авто зогсоол дээрээс ухрах хөдөлгөөн хийхдээ мөргөж, зам тээврийн осол гаргасан нь Эрүүгийн хэрэг үүсгэхэээс татгалзах тухай Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 976 тоот тогтоол, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байгаа, энэ талаар маргаангүй болно.
Нэхэмжлэгч нь Б.Б нь жолооч Г.П-ын жолоодож явсан ... ДАХ улсын дугаартай автомашинд мөргөгдөн зам тээврийн осолд орох үедээ ...тархи доргилт, баруун өвдөгний язарсан шарх... гэсэн гэмтэл авсан бөгөөд энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн 1074 тоот дүгнэлтээр хөнгөн гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч Б.Б нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Б.Б нь Эрүүл мэндийн тухай хууулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д заансаар эмч, эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах эрхтэй бөгөөд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар эмнэлэгийн яаралтай тусламжаас бусад эмнэлэгийн тусламжийг өрх, сум, тосгон, сум дундын эрүүл мэндийн байгууллагын ерөнхий мэргэжлийн эмчийн илгээх бичгээр авах үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч Б.Б нь ...гэмтэлээс болж би ажлаа хийж чадаагүй учир 22 хоногийн цалин 370.000 төгрөг, бариач, эмч, эмнэлэгт үзүүлсний 150.000 төгрөг, ЭХО-д харуулсан эм уусны 47.500 төгрөг... гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байгаа болно.
Нэхэмжлэгч Б.Б нь бариач, эмч, эмнэлэгт үзүүлсний 150.000 төгрөг гаргуулна гэж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснааар ...зохигч өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, нотлогдогүй байна.
Нэхэмжлэгч Б.Б нь гэмтэлээс болж би ажлаа хийж чадаагүй учир 22 хоногийн цалин 370.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад З.б ХХК-ийн 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ...Б овогтой Б нь манай компанид тогооч, 2012 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд сарын цалин 500.000 төгрөг, 2014 оны 09-р сарын 8-ны өдрөөс 2014 оны 09-р сарын 29-ны өдөр хүртэл ажиллаагүй... гэсэн тодорхойлолтыг хавсаргасан байна.
Дээрхи тодорхойлолт нь нэхэмжлэгч Б.Б-г З.б ХХК-ийн ажилтан гэдгийг шууд нотлохгүй бөгөөд ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, болон бусад санхүүгийн баримтгүй байна.
Нэхэмжлэгч Б.Б нь гэмтлийн улмаас хөдөлмөр эрхэлж чадаагүйг шууд үгүйсгэсэн нотлох баримтыг хариуцагч гаргаагүй, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т зааснаар түүний цалин, орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгөөр тооцон, Н.р ХХК-аас 6 нэрийн эмний үнэ 47.500 төгрөг нийт 239.500 төгрөгийг хариуцагч Г.П-аас гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгон 328.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 205 дугаар зүйлийн 505.2-т зааснаар 239.500 төгрөгийг хариуцагч Г.П-аас гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, 328.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-гаас 17.675 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулан, хариуцагч Г.П-аас 4.835 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11-р зүйлд зааснаар хариуцагч Г.П нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ
ШҮҮГЧИД З.ТУНГАЛАГМАА
П.БАТТУЛГА