| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2014/00312/и |
| Дугаар | 135/ШШ2014/01022 |
| Огноо | 2014-11-06 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2014 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 135/ШШ2014/01022
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2014/00312/И
Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... аймгийн ... сум ... баг ... хороолол ... байрны ... тоотод оршин суух, регистрийн дугаар ..., Ж овогт З-ын Б /утас .../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймгийн ... сумын … баг ... тоотод оршин суух, регистрийн дугаар ..., Х овогт Ё-ын М /регистрийн дугаар ..., утас .../-т холбогдох
500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э, нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Б түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... сумын ... баг ... хороолол ... байрны ... тоот 1 давхарын 2 өрөө байранд эмийн сангийн үйлчилгээг Ё.М 2014 оны 03 дугаар сарын 2-ноос 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл түрээслэн ажиллуулж байраа хүлээлгэн өгөөд 2014 оны 06 дугаар сарын түрээсийн 500,000 төгрөгийг одоо болтол өгөөгүй юм. Иймд Ё.М-ээс ... сумын ... байрны ... тоот байрны 2014 оны 06 дугаар сарын түрээсийн 500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ё.М шүүхэд гаргасан тайлбартаа:...Би энэ байрыг түрээсээр ердөө 3 сар хүрэхгүй /4,5,6 сар/ хугацаагаар ашиглаж байрыг нь суллаж өгсөн. Би 6 сарын 25-нд нөхөр Б-ыг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа зогсоосон. Би байрыг нь суллаж өгөхгүй юм шиг шүүхэд байрыг суллуулж өгнө үү гэж хандаж сүр бадруулан нэхэмжлэл гаргасанд үнэхээр дургүй хүрч байрыг нь тэр даруйд нь суллаж өгсөн. Одоо харин яагаад ямар сарын түрээс нэхээд байгааг ойлгохгүй байна. Би энэ худалч нөхөрт чадуулж энэ байрыг түрээсэлснээрээ өөртөө бөөн чирэгдэл учруулж, нэгэнт үйл ажиллагаагаа эхэлсэн болохоор худалдаж авах гэж мэрийж зүтгээд байр худалдаж авах мөнгөө бэлдсэн. Гэтэл энэ нөхөр Б зарахаа болиллоо гэж бид хоёрын хооронд наймаа хийгдээгүйгээс болж юаны хашны зөрүүнээс гарсан. 690,0 мянган төгрөгөөр хохирч хоцорсон. Ер нь түрээслэнэ гэж оруулчихаад сар болохгүй зарлаа худалдаж авба ав гэчихээд мөнгөө бэлдэнгүүт зарахаа болиллоо гэж намайг 3 сарын хугацаанд баахан самаргаж хаясанд би гомдолтой явдаг. Тэрэндээ ч би нэг сарын түрээсийн мөнгийг нь өгөхгүй гэдгээ хэлж өгөөгүй байсныг өрөө шүүхэд хандан өмнө нэхэмжилж шийдвэр нь гарсан байтал бас л дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь энэ нөхөр ямар зальтай, ичэхээ мэдэхгүй нөхөр бэ гэдэг нь хэнд ч ойлгомжтой харагдаж байна. Би үйл ажиллагаа эхлээд мэдээж 3-хан сарын хугацаанд түрээсэд 1,500,000 төгрөг мөн ажилчиддаа цалин өгөөд ашигтай ажиллаж чадаагүй, алдагдалтай ажилласан. Ер нь ямар ч бизнес удаан тогтвортой ажиллаж байж үр дүн нь харагддаг гэтэл гуравхан сар ажиллах байсан бол би энэ байранд эхэлж үйл ажиллагааявуулахгүй байсан. би энэ нөхөрийн байрыг түрээсэлснээр түрээсийн төлбөр болоод зарна гэснээс үүдэн гарсан хохирол мөн түрээсэлсэн байранд хийсэн засвар үйлчилгээ гээд нийт 2,500,000 төгрөгний хохирол амссан гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Б нь хариуцагч Ё.М-т холбогдуулан 6 дугаар сарын түрээсийн төлбөр 500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч З.Б нь хариуцагч Ё.М-тэй харилцан тохиролцож ... сумын ... баг ... хороолол ... байрны ... тоот ... өрөө байрыг сарын 500.000 төгрөгөөр түрээслэж, ашиглалтын зардал болон цахилгаан, ус, дулааны тооцоог түрээслэгч тал төлж байхаар, түрээсийн төлбөрийг сар бүрийн 5-нд төлж байхаар гэрээ байгуулжээ. / хх-6/
Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д заасан түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байх тул мөн хуулийн 318.4-д зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус байна.
Харин талууд хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр гэрээ байгуулж, нэхэмжлэгч З.Б нь хариуцагч Ё.М-ийн өмчлөлд эд хөрөнгийг шилжүүлсэн хариуцагч нь сар бүр хөлс төлж байсан зэргээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй болно.
Нэхэмжлэгч З.Б нь хариуцагч Ё.М-ээс 6 сарын төлбөр 500000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, байранд засвар хийсэн, засварын зардлаа бүрэн гаргаж чадаагүй, байраа зарна гэж З.Б нь худлаа хэлснээс болж 690,000 төгрөгөөр хохирсон учраас түрээсийн төлбөрийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хариуцагч Ё.М нь тухайн орон сууцыг 2014 оны 06 дугаар сард эзэмшиж ашиглаж байсан болох нь гэрч Н.Ш-ийн ...2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн орой Ё.М-ийн хүүхэд нь надад байрны түлхүүр өгсөн.. гэсэн мэдүүлэг /хх-ийн 43 дугаар тал/, Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 698 дугаартай шийдвэр /хх-ийн 46 дугаар тал /, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч Ё.М-ээс 6 дугаар сарын төлбөр 500,000 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй байна.
Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 698 дугаартай шийдвэрээр хариуцагч Ё.М-ийн засварын зардал, учирсан хохиролын талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т заасныг баримтлан хариуцагч Ё.М-ээс 500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Б-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч З.Баттулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,650 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ё.М-ээс улсын тэмдэгтийн хураамж 15,650 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыгдурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА