| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Гэрэлт-од |
| Хэргийн индекс | 135/2014/00309/и |
| Дугаар | 135/ШШ2014/01040 |
| Огноо | 2014-11-13 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2014 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 135/ШШ2014/01040
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2014/0309/И
Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Гэрэлт-Од би даргалж, тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... байр ... тоот... оршин суух, Б овогт Д-ийн У /РД: ..., Утас: .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймгийн засаг дарга С.Н-ад холбогдох
2014 оны 3-р сарын 11-нээс 2014 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М овогт З-гийн Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М овогт Л-ийн А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт нар оролцов.
Т...ОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... 2005 оны 10-р сараас ... цогцолбор сургуулийн захирлаар ажилласан бөгөөд миний бие ... аймаг дахь Сум дундын 7-р шүүхэд хандан ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, ... тоот тушаалыг хүчингүй болгуулах, ... цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Сум дундын 7-р шүүхийн 2014 оны 3-р сарын 11-ний өдрийн ... тоот шийдвэрээр ... аймгийн Засаг даргын тамгын газрын ... тоот тушаалыг хүчингүй болгож Д.У миний биеийг ... аймгийн ... цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 2,961,540 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч тал шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд Иргэний хэргийн давж заалдах шатны 9-р шүүхийн 2014 оны 5-р сарын 05-ны өдрийн ... тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2014 оны 06-р сарын 19-ний өдрийн … тоот тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм. Улсын дээд шүүхийн тогтоол гарснаас хойш 4 сар гаран хугацаа өнгөрсөн боловч ... аймгийн засаг дарга С.Н шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүргээ биелүүлэхгүй, иргэн намайг удаан хугацаагаар ажилгүй, цалингүй байлгаж сэтгэл санаа, эд материалын хувьд асар их хохирол учруулж байгаад гомдолтой байна ... Ажлын 136 хоногт оногдох 6,712,824 төгрөгийг нэхэмжилж байгаа болно... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Өнөөдрийн шүүх хуралд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж оролцож байна. У-г 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ... тоот ... аймгийн Засаг даргын тушаалаар Уг ажлаас үндэслэлгүйгээр халсан. Энэ талаар шүүхэд хандан 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Сум дундын 7 дугаар шүүхийн ... дугаартай шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон юм. Гэтэл хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Давж заалдах шатны Иргэний 9 дүгээр шүүхэд гомдол гаргаж 2014 оны 06 дугаар сарын 19-нд Давж заалдах шатны шүүхээс магадлал гарч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан боловч Дээд шүүхэд хяналтын журмаар хариуцагч гомдол гаргасан боловч ... дугаартай тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийг шийдвэр, магадлалыг хэвээр баталсан юм. Өнөөдөр нэхэмжлэгч маань ямар шаардлага гаргаад байгаа юм гэхээр эцсийн шийдвэр гаргаад ажилдаа орох гэтэл ажилд нь авахгүй байсан. Тийм болохоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэх ажиллагаа хийгдсэн боловч шүүхийн шийдвэр албаны үйл ажиллагааг эсэргүүцсэн. Энэ талаар цагдаагийн байгууллагад хандсан боловч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна лээ. 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ... тоот тушаалаар У-г ажилд нь эгүүлэн авсан боловч мөн өдөр ... тоот тушаалаар ажлаас нь халсан юм. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу би тооцож үзсэн. Миний тооцоолсноор ажилгүй байсан хугацаа 142 хоног байгаа юм. 3 сарын цалингийн дундаж хэмжээг тооцохоор өдөрт У 49.097 төгрөг авдаг байсан. Ингээд нийлүүлээд болохоор 6.971.774 төгрөг болж байгаа юм. Би энэ мөнгийг нэхэмжилж байна. Миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэжээ.
Хариуцагч ... аймгийн Засаг дарга С.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Д.У-г ... цогцолбор сургуулийн захирлаар буцаан томилохгүй шалтгаан нь захирлаар ажиллаж байхдаа Ч.У-ийг бага ангийн багшийн ажилд авахдаа сонгон шалгаруулалт явуулалгүйгээр 400,000 төгрөгийг сургалтын менежэр Д.Т-аар зуучлуулан авсан буруутай үйлдэлд нь Авлигатай тэмцэх газраас 2012 онд ... дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж Сум дундын 7-р шүүхийн 2014 оны 6-р сарын 18-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэр гарсан. Энэ тогтоолыг Д.У нь давж заалдаж, хүчин төгөлдөр болоогүй ч 1. Төрийн үйлчилгээний албан хаагчийн удирдах албан тушаалд ажиллах ёс зүйн хувьд зөрчилтэй, 2. Бусдаас авлига, хээл хахууль авдаг, 3. Албан тушаалын байдлаа урвуулан ашигладаг, 4.Удирдлагадаа байгаа багш, ажилчдад дарамт учруулдаг учраас Д.У-г томилохгүй байгаа ... гэжээ.
Хариуцагч ... аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг яагаад ажилд нь авахгүй байгаа юм гэхээр ашиг сонирхлын зөрчил болон ёс зүйн зөрчилтэй болохоор нь ажилд авахгүй байгаа юм. Боловсролын сайдад хүртэл гомдол гаргасан байсан. Аймгийн засаг дарга У-д санал тавьсан боловч саналыг нь хүлээн аваагүй. Миний тооцоогоор 130 хоног байгаа юм. Тэгээд бодоод үзэхээр 5.775.003 төгрөг олгоно гэж тооцоолсон гэв.
Шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.У нь Сум дундын 7-р шүүхийн 2014 оны 03-р сарын 11-ний өдрийн ... дугаар шийдвэрээр ... аймгийн ... цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоогдсон байх ба ... аймгийн засаг дарга дээрхи шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасныг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 2014 оны 6-р сарын 19-ний өдрийн ... тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 2014 оны 10-р сарын 01-ний өдөр ... аймгийн Засаг даргын ... тоот захирамжаар Д.У-г ... цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилсон байна. Мөн өдөр ... тоот захирамжаар Д.У-г үүрэгт ажлаас халжээ.
Нэхэмжлэгч Д.У нь ... аймгийн засаг даргад холбогдуулан 2014 оны 03-р сарын 11-ний өдрөөс 2014 оны 10-р сарын 01-ний өдөр хүртэл буюу ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарсан өдрөөс албан тушаалд томилогдох хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 03-р сарын 11-ний өдрийн ... тоот шийдвэрээр ажлаас халагдсан өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 2,961,540 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч 2014 оны 03-р сарын 11-ний өдрөөс 2014 оны 10-р сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааг 142 хоног гэж тооцсон ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа 130 хоногоор тооцсон байсан боловч шүүх хуралдааны явцад 142 хоног болохыг хүлээн зөвшөөрчээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36-р зүйлийн 36.1.2-т зааснаар ажил олгогч ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй ба хуулийн 69-р зүйлд зааснаар ажилтан ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг авах эрхтэй байна.
Нэхэмжлэгчийн цалингийн дунджыг Сум дундын 7-р шүүхийн 2014 оны 03-р сарын 11-ний өдрийн 186 дугаар шийдвэрт 49,359 төгрөгөөр тогтоосон байх тул цалингийн дунджыг уг хэмжээгээр тооцсоныг тэмдэглэх нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа болох ажлын 142 өдрийн цалинг нэг өдрийн дундаж цалин хөлс 49,359 төгрөгөөр тооцвол ажилгүй байсан бүх хугацаанд 7,008,978 төгрөгийг урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт гаргуулах нь үнэдслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч Д.У-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.У нь цалингийн нөхөн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргаагүй боловч дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт гаргуулж буй 7,008,978 төгрөг нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11-р зүйлийн 11.1.1-д зааснаар цалин түүнтэй адитгах бусад орлогод хамаарч байх тул уг хуулийн 17.1.1-д заасны дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд төлсөн шимтгэлийг хассан дүнгээр тооцож хүн амын орлогын албан татварыг тооцож суутгах, Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлд зааснаар ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан цалингийн дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож нэг удаа даатгалын зохих санд төвлөрүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийхийг даалгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.У-гийн ажилгүй байсан хугацаа /2014 оны 03-р сарын 11-ний өдрөөс 2014 оны 10-р сарын 01-ний өдөр хүртэл /-ны цалин 7,008,978 /долоон сая найман мянга есөн зуун далан найм/ төгрөгийг хариуцагч ... аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.2-т заасныг баримтлан 2014 оны 03-р сарын 11-ний өдрөөс 2014 оны 10-р сарын 01-ний өдөр хүртэл цалингийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ... аймгийн тамгын газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан ... аймгийн засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 127,094 төгрөг гаргуулж улсын орлог... оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД