Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2021/ДШМ/869

 

 

 

                                               

 

Б.Гт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Ариунболд,

шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, Б.Тэнгис,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/859 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Гт холбогдох 2106000000238 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

....тоотод оршин бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Б.Г нь согтуугаар ...................... тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас Т.Мтэй маргалдан улмаар цээжин тус газар нь нэг удаа хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Ц овогт Б-гийн Г-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Гт оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Гын цагдан хоригдсон 167 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ннь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Б.Гаас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Иргэний хуулийн 508 дугаар зүйлд зааснаар тэжээгчээ алдсаны тэтгэвэр болон талийгаачийн авч байсан сарын цалин хөлсний дундаж хэмжээний зөрүү болох 106.772 төгрөгийг сар бүр Б.Гаас гаргуулан ....... оны 5 дугаар сарын 20-ны өдөр төрсөн ..... настай хүү А /РД:............, ..... оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн ..... настай охин С /РД:/.... нарт тус тус 18 насанд хүртэл олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан хар өнгийн иштэй, эвхэгддэг хутга 1 ширхэг, хагас ханцуйтай хар өнгийн цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх   төлбөргүй,   түүнээс   гаргуулах   хэрэг   хянан   шийдвэрлэх   ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.   

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхийн шийдвэрт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх нөхцөл шаардлага бүрдээгүй, шүүгдэгч мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт оролцохдоо гэм буруутай эсэхдээ эргэлзсэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас хийсэн үйлдлээ санахгүй байна гэсэн байр суурьтай байна.” гэжээ. Шүүхээс миний үйлчлүүлэгчийг гэм буруутай эсэхдээ эргэлзсэн, хийсэн үйлдлээ санахгүй байгаа гэх үндэслэлээр хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж дүгнэсэн байх ба шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дутуу хийгдсэн, эргэлзээтэй ажиллагаануудыг зөвтгүүлж өгөхийг хүссэн.

Нөгөөтэйгүүр шүүх өмгөөлөгч миний шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлээр анхан шатны шүүх хуралдаанд хүсэлтийг шийдвэрлэхээр хойш тавьсан ба анхан шатны шүүх хуралдаанд ажиллагааны журам зөрчсөн, хийгдээгүй ажиллагаануудыг дахин тодруулахыг хүссэн болно.

Миний үйлчлүүлэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүхийн тогтоосон хохирлын бүрэн төлж барагдуулсан, амь хохирогчтой төрөл, садангийн холбоотой зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүх хэрэглэх боломжтой гэх өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/859 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй гарсан гэдэг нь эргэлзээтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагдсан нотолбол зохих ажиллагаанууд хууль зүйн үндэслэлтэй явагдсан бэ гэдэг нь эргэлзээтэй гэдэг байр суурьтай анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагдана. Хутган дээрх мөр, түүний хэлбэрийн асуудал яригдах ёстой. Мөн угаалгын өрөө, коридорын өрөөний хооронд талийгаачийн хэвтэж байсан газар нь түргэн тусламжаар очсон эмчийн мэдүүлэгтээ зөрүүтэй байдаг. Мөн насанд хүрээгүй гэрч болон түүний аав, ээж болох О, Б нарын мэдүүлгүүд нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдтэй эрс зөрүүтэй байдаг. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дахин явуулах шаардлагатай гэсэн байр суурьтай байсан. Анхан шатны шүүх гэм буруутай гэж дүгнэсэн. Шүүгдэгчийн хувьд анхнаасаа болсон үйл баримтын талаар сайн санахгүй байна гэж мэдүүлж байгаад Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр ирээд маргалдаж байсан талаараа санаж байгаа талаараа мэдүүлсэн. Цочрон давчидсан үйл баримт байгаа эсэх, хэрэв байгаа гэж дүгнэвэл энэ талаар Эрүүгийн хуульд заасныг хэрэглэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Э.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ямар учраас гарын мөр илрээгүй талаар дүгнэлт гаргасан шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулж асуусан. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг ямар тохиолдолд хэрэглэх талаар тодорхой дурдсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдэл, холбогдсон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрнө гэж тайлбарласан. Гэм буруугийн талаар маргаж байгаад шүүхээс гэм буруутайд тооцонгуут гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүх хуралдаанаас завсарлага авч хохиролд 22.000.000 төгрөг төлсөн. Иймд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь 8-15 жилийн хугацаагаар хорих ялтай. Шүүгдэгчид нээлттэй дэглэмтэй хорих ангид 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд хамгийн доод хэмжээгээр ял оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцсэн. Шударга ёсны зарчмын дагуу гэмт хэрэг үйлдсэн этгээд нь тодорхой ял шийтгэлийг бүрэн дүүрэн эдлэх ёстой. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. ...” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Б.Гт холбогдох 2106000000238 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй. 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Б.Г нь согтуугаар ....... тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас Т.Мтэй маргалдан улмаар цээжин тус газар нь хутгалж алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Мөнхжаргалын  “... Шөнө 03 цаг 40 минутын үед Баяраа гэдэг хамаатны эмэгтэй над руу залгаад дүү чинь унаад нүүр нь хөхрөөд, хурхираад байна гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад Нарантуул захын зүүн талд байдаг Оргилонгийн гэрт яваад очтол байшингийн үүдэн дээр цус болсон байдалтай манай дүү М байшингийн 1 давхрын коридорт дээшээ хараад хэвтэж байсан. Намайг очиход цагдаа нар ирсэн байсан. ...” /1хх 55-57/,

гэрч Ц.Баярсайханы: “...Манай нэг давхрын гал тогооны өрөөнд нөхөр, Г.Оргилон, Т.М, Б.Г 3 шилтэй архиа уугаад үлдсэн. Мөн манай охин О.Нандин-Эрдэнэ аав, ах нартаа банш жигнэж өгөх гээд үлдсэн. Намайг унтаж байхад манай охин манай аавыг яаж байгаа юм бэ гээд хашхирахаар нь би 1 давхар луу буугаад гал тогооны өрөөнд ороход манай нөхөр газар хэвтчихсэн. Охин маань аавынхаа толгойг түшчихсэн сууж байсан. Б.Г, Т.М 2 босчихсон зогсож байсан. Тэгээд нөхрийгөө босгож байтал Т.М нь чи юундаа уурлаад байгаа юм, хүний хэлснийг буруу ойлгоод байх юм, чи намайг цохихгүй юу гэтэл Б.Г уурлаад Т.Мийн хамар луу баруун гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Т.Мийн хамраас цус гараад байхаар нь салфетка авч өгөөд угаалгын өрөөнд ороод цусаа угаачих гэсэн. Тэгээд нөхрөө сугадаад 2 давхрын унтлагын өрөө рүү аваад гарсан. Т.М, Б.Г 2 муудалцаад байсан учир тэр хоёрыг унтуулах санаатай буцаад бууж ирэхэд Б.Г, Т.М 2 гал тогооны өрөөнд маргалдаад зогсож байсан. Манай охин галын өрөөнд Т.Мийн хамраас гоожсон цусыг арчаад сууж байсан. Т.М ариун цэврийн өрөө рүү орсон. Араас нь Б.Г орсон. Би охиноосоо алчуур аваад гал тогооны өрөөнд байсан цусыг арчиж байхад охин маань ээжээ Б.Г, Т.М хоёр зодолдоод байна гэсэн. Тэгэхээр нь би ариун цэврийн өрөө рүү гүйж ороод Б.Гыг тэлээнээс татаад ариун цэврийн өрөөнөөс гаргасан. Т.М ариун цэврийн өрөөнд ганцаараа үлдсэн. Б.Гыг ариун цэврийн өрөөнөөс гаргатал баруун талын эрхий хуруунаас цус гараад байсан. Намайг Б.Гын тэлээнээс татаж байхад тэлээнд нь хуйтай хутга байсан. Тэгэхээр нь Б.Гыг хутгаа өг гэж байгаад хуйнаас нь хутгыг нь авсан. Намайг хутгыг авахад голоороо эвхэгдсэн жижиг тонгорог байсан. Б.Г ахтайгаа уулзана гээд 2 давхар луу гарах гэхээр нь дахиад зодолдож магадгүй гээд 2 давхрын голын шатан дээр Б.Гын тэлээнээс татаад буулгасан. Ингэж байх явцдаа Б.Гын хутгыг 2 давхрын шат руу шидсэн. Б.Гыг буулгаад гал тогооны өрөө рүү оруулсан. Тэгтэл Б.Г угаалгын өрөө орно гээд байхаар нь гал тогооны өрөөнөөс гаргахгүй гээд хаалгыг нь таттал Б.Г гарна гээд хаалганы шилийг цохиод хагалчихсан. Хагарсан шилний зайгаар гарах гээд байхаар нь би араас нь татсан. Тэгтэл манай охин О.Нандин-Эрдэнэ Т.М ах уначихлаа ш дээ гээд уйлаад түргэн дуудсан. Б.Г гал тогооноос гарна гээд болохгүй болохоор хорьж дийлэхгүй гаргасан. Тэгтэл Б.Г гадаа гараад ойччихсон ба гараас нь их хэмжээний цус гараад байсан. ...түргэн тусламжийн эмч ирж үзээд Т.Мийг үзээд нас барчихсан байна, зүрхэн тус газар нь хутганы шарх байна гэсэн. ...” /1хх 59-62/,

насанд хүрээгүй гэрч О.Нандин-Эрдэний: “...Б.Г ах манай аав нас барахаасаа өмнө рашаанд явсан. Рашаанд явахдаа их дурамжхан байсан ба буцаж ирээд надад аав хөлсний жолооч шиг яваад ирлээ гэж хэлж байсан гээд ярьсан. Тэгтэл Т.М ах бид нартай талийгаач ах Баясгалан рашаанд явахдаа их сайхан байх шиг байсан. Тэгэхдээ рашаанд ороогүй нь үнэн гэж хэлсэн. Тэгтэл Б.Г ах миний аавд сайхан байгаагүй гээд босож ирээд Т.М ахыг заамдаад авсан. Т.М ах үгүй миний талийгаач ахад сайхан байсан гээд бас босож ирээд Б.Г ахтай заамдалцсан. Тэгээд Б.Г ах Т.М ахыг 3-4 удаа цохисон. Т.М ах Б.Г ахыг цохиогүй. Би тэгэхээр нь миний 2 ах болио гэхэд миний үгийг сонсохгүй маргалдаад  байсан. Манай аав сандал дээрээ согтчихсон сууж байсан. Тэгээд босож ирээд Т.М ах, Б.Г ах хоёрыг салгах гэж байгаад унасан. Тэгэхээр нь та 2 ахыгаа түлхээд унагачихлаа ш дээ болиоч ээ гээд орилсон. Тэгтэл Б.Г ах, Т.М ахыг түлхээд унагасан. Ээж удалгүй бууж ирээд аавыг босгож байхад Б.Г ах, Т.М ахын хамар луу гараараа цохисон. Тэгтэл Т.М ахын хамраас цус гоожсон. Ээж аавыг унтуулах гээд 2 давхар луу аваад явсан. Би Т.М ахын хамраас шалан дээр гоожсон цусыг нь арчиж байсан. Б.Г ах, Т.М ах 2 гал тогооны өрөөнд дахин маргалдаж зууралдаад коридорт гарсан. Тэгтэл Т.М ах Б.Г ахыг түлхсэн. Б.Г ах дагзаараа хана хүчтэй мөргөсөн. Тэгээд Т.М ах, Б.Г ах 2 эргээд тэврэлдэх шиг болсон. Энэ үед ээж бууж ирээд Т.М ахыг нүүрнийхээ цусыг угаа гэсэн. Т.М ах ариун цэврийн өрөө рүү орсон. Араас нь Б.Г ах орсон. Ээж надтай хамт шалан дээр байсан цусыг арчсан. Удалгүй ариун цэврийн өрөөнөөс хүчтэй чимээ гараад байсан. Тэгтэл ээж ариун цэврийн өрөөнд ороод Б.Г ахыг араас нь татаад чи хүн аллаа ш дээ гээд байсан. Б.Г ах ариун цэврийн өрөөнөөс гараад ах дээрээ очно гээд 2 давхар луу гарах гээд байсан. Ээж бид 2 аав руу Б.Г ахыг гаргахгүй гээд татсан. Ээж Б.Г ахыг гал тогооны өрөөнд оруулахаар нь ариун цэврийн өрөөнд ортол Т.М ах шалан дээр доошоо хараад уначихсан байсан. Би очоод гүрээнийх нь судас дээр дарж үзтэл судас нь бүдэг цохилж байсан. Тэгэхээр нь би яаралтай түргэн тусламж дуудсан. Удалгүй Б.Г ах гал тогооны өрөөний хаалганы шилийг цохиод хагалчихсан. Ээж араас нь татаад тайвшруулах гээд байсан. Б.Г ах гадна хаалгаар гарах гээд дотроос нь нүдээд байсан. Би гэрийнхээ хаалгыг онгойлгоход Б.Г ах миний хайртай хүн бүгд үхчихлээ, би амьд байх шаардлага алга гээд орилоод байсан. ...яаралтай түргэн тусламж ирээд Т.М ахыг үзээд нас барчихсан байна гэсэн. ...” /1хх 65-68/,

гэрч Г.Оргилонгийн: “...М, Г бид 3 архи уугаад суусан. 2021 оны 01 дүгээр сарын эхээр Б.Гын ээж нь нас барчихсан, сэтгэл санаа нь тогтворгүй байсан. Би уусан архиндаа согтоод тасарчихсан, нэг сэрэхэд би байшингийнхаа 2 давхарт унтлагын өрөөнд унтаж байсан. Б.Г нь тэлээндээ хар өнгийн хуйтай, хар өнгийн иштэй эвхэгддэг тонгорог хааяа зүүчихсэн байж харагддаг...” /1хх 76-78/,

гэрч П.Баясгалангийн: “...түргэн тусламжийн авто машинаа хашаан дотор оруулахад байшингийн гадна хашаан дотор, байшингийн хаалганаас чанх урд чигт 3 орчим метрт зүүн гарын тохооны үений дээд хэсэгт зүсэгдсэн том шархтай 40 орчим насны эрэгтэй хүн дээшээ хараад хэвтсэн байсан ба шархнаас нь их хэмжээний цус гарч газарт асгараад тогтсон байсан ба амьсгаатай амнаас нь уур гарч байсан. Ингээд уг эрэгтэй хүнийг үзээд боолт хийх гэхэд намайг хашааны хаалган дээр тоссон эмэгтэй хүн дотор ухаан алдсан хүн байгаа тэрийг нь эхлээд үзээдхээч гэхэд байшин дотор нь ороод зүүн гар тийш эргээд угаалгын өрөөн дотор хөл хэсэг нь орсон, цээж хэсэг нь угаалгын өрөөний гадна коридорт доош харсан байдалтай эрэгтэй хүн байсан ба манай жолооч Лхамжав тэр эрэгтэй хүнийг 2 суганаас нь татаад коридорт бүтэн биеийг нь гаргаж ирээд биеийг нь эргүүлж дээш харуулахад би хүүхэн харааг нь харахад 2 нүдний хүүхэн хараа нь жигд өргөссөн судсанд лугшилтгүй, амьсгалгүй, чагнуураар чагнахад зүрхний авиа үгүй, дарамт тодорхойлогдохгүй байсан ба тус эрэгтэй хүний гадуур өмссөн цамцных нь цахилгаан нь хагас доошилсон байсан ба түүний дотор талд өмссөн фудволк нь цээж хэсэгтээ хунирсан байхаар нь фудволкны задгай энгэрийг нь доошлуулаад харахад аюулхайн мөгөөрсний доор нэг удаа мэсээр хатгагдсан ‘жижиг шархтай байсан. Энэ шарх нь бага зэрэг дотогш хонхойсон байсан. Цогцсын захын хэсгээс бие нь хөрж эхэлсэн байсан. ...” /1хх 168-170/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 332 дугаартай “...Талийгаачид хамрын нурууны хатгагдаж зүсэгдсэн шарх, өвчүүний дунд хэсэгт 3, 4 дүгээр хавирганы түвшинд цээжний хөндийг урдаас хойш эгц чиглэлтэй нэвтрэн гол судасны гарах хэсгийн урд ханыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцгийн хөндийд цус алдалт, голтын зөөлөн эдийн нэвчмэл цус хуралт, хамар ясны хугарал, дээд уруулын салстад шарх, дээд уруулын зүүн тал зүүн хацар, эрүүний зүүн хэсэг, хүзүү урд хэсэг, зүүн суга, баруун бугалгад цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Хамрын нурууны хатгагдаж зүсэгдсэн шарх, өвчүүний дунд хэсэгт 3, 4 дүгээр  хавирганы түвшинд цээжний хөндийг урдаас хойш эгц чиглэлтэй нэвтрэн гол судасны гарах хэсгийн урд ханыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайлбал хутгаар үүссэн байх ба цээжний шарх 2 удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Хутганы ажлын хэсгийн өргөн 1.8 см-с багагүй, урт нь 8 см-с доошгүй хутганы чиглэл урдаас хойш чиглэлтэй байна. Талийгаач нь гол судасны гарах хэсгийн урд ханыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шархнаас үнхэлцгийн хөндийд цус алдан зүрх чихэлдсэнээс нас баржээ. Нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Хамрын нурууны хатгагдаж зүсэгдсэн шарх, хамар ясны хугарал, дээд уруулын салстын шарх, дээд уруулын зүүн тал, зүүн хацар, эрүүний зүүн хэсэг, хүзүүний урд хэсэг, зүүн суга, баруун бугалгад цус хуралт бүхий гэмтлүүд нь ир үзүүртэй ба мохоо зүйлийн тус бүрийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн, үхэлд хүргээгүй, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар нийтдээ хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. ...” /1хх 133-144/ гэсэн шинжээчийн дүгнэлт,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг /1хх 6-32, 38/,

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 33-37/,

яаралтай тусламжийн хуудас /1хх 156-157/,

түргэн тусламжийн дуудлагын хуудас /1хх 219-220/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ. 

 

Шүүгдэгч Б.Гын согтуугаар, хувийн таарамжгүй харилцааны улмаас Т.Мтэй маргалдаж, улмаар Т.М-ийн цээжин тус газар нь хутгалж алсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан ...Хүнийг алсан...” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул анхан шатны шүүхийн хэргийн талаар хийсэн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Б.Гын үйлдсэн хэргийг зүйлчилж, ял оногдуулсан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх Б.Гын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж зааснаас 8 жилийн хугацаагаар буюу доод хэмжээгээр хорих ял оногдуулсан байх ба Б.Гын үйлдсэн гэмт хэргийнх нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт үйлдлийнх нь улмаас учирсан хор уршгийн хэр хэмжээ зэргээс үзэхэд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас багасган хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Түүнчлэн, Б.Гт оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан бөгөөд тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ялыг оногдуулсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнийн гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлж  өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.  

Харин анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-ийн цалин, тэтгэмжийн зөрүү нэхэмжилсэн шаардлагыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт заасан төлбөр гаргуулах хэмжээг буруу тооцож, Б.Гаас зөрүү төлбөр гаргуулахаар шийдвэрлэжээ. Амь хохирогч Т.Мийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дундаж хэмжээ болох 783,071 төгрөгийг 5 ам бүлд нь хуваахад нэг хүнд 156,614 төгрөг ноогдож байна. Тус ам бүлийн хөдөлмөрийн чадвартай 3 хүн /амь хохирогч, эхнэр, насанд хүрсэн хүүхэд/-д оногдох хэсгийг 783,071 төгрөгөөс хасахад төлбөр авах 2 хүүхдэд оногдох хэсэг нь 313,228 төгрөг болж байна. /783,071:5=156,614. 156,614*3=469842. 798071-469842=313229/. Насанд хүрээгүй 2 хүүхэд нь 420,000 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг авдаг тул Д.Гаас гаргуулан шийдвэрлэх нөхөн төлбөр байхгүй байна. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.    

Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл нийт 63 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/859 дугаартай шийтгэх тогтоолын:

 тогтоох хэсгийн 6 дахь “...Иргэний хуулийн 508 дугаар зүйлд зааснаар тэжээгчээ алдсаны тэтгэвэр болон талийгаачийн авч байсан сарын цалин хөлсний дундаж хэмжээний зөрүү болох 106.772 төгрөгийг сар бүр Б.Гаас гаргуулан 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төрсөн 13 настай хүү Б овогт Мийн А /РД:..../, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн 4 настай охин Баатад овогт Мийн Сондор /РД:УК16311821/ нарт тус тус 18 насанд хүртэл олгосугай. ...” гэсэн заалтыг хүчингүй болгож,

тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл нийт 63 /жаран гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   О.ЧУЛУУНЦЭЦЭГ

              ШҮҮГЧ                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

              ШҮҮГЧ                                                          Д.ОЧМАНДАХ