| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2022/04895/И |
| Дугаар | 183/ШШ2023/01702 |
| Огноо | 2023-05-23 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 183/ШШ2023/01702
| 2023 оны 05 сарын 23 өдөр | Дугаар 183/ШШ2023/01702 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: У ХХКд холбогдох
Гэрээг цуцалж, 34,665,142 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ч,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.М нь гэрээг цуцалж, 34,665,142 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч У ХХК-д холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Нэхэмжлэгч Э.М нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хаан банктай Зээлийн гэрээ байгуулж өөрөө буулгагчийг, өөрөө буулгадаг чиргүүлийн хамт худалдан авах зориулалтаар 136,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 16,8 хувь, сарын 1,4 хувийн хүүтэй зээлсэн. Нэхэмжлэгч нь Уу ХХК-тай 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тоот түрээсийн гэрээ байгуулсан ба уг гэрээгээр банкны зээлээр авсан автомашинаар сарын 12,000,000 төгрөгийн төлбөртэйгээр Дарханы чиглэлийн автозамын газар шорооны ажил хийж гүйцэтгэхээр талууд харилцан тохиролцсон юм. Гэрээний дагуу нэхэмжлэгч Э.М өөрийн машинаараа 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг дуустал газар шорооны ажил хийсэн боловч түрээслэгч У ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Т нь ажил эхэлснээс хойш нэг ч төгрөг өгөөгүй буюу 68,5 хоногийн түрээсийн төлбөрийг төлж барагдуулаагүй тул цаашид ажил хийх ямар ч боломжгүй болсон. Түрээсийн гэрээний 5.3-т хугацаа 30 хоногоос дээш хоногоор хожимдуулсан бол түрээслүүлэгч гэрээг цуцалж учирсан хохирлыг шаардана гэж заасны дагуу түрээсийн дүгээр гэрээг цуцалж, 68,5 хоногийн түрээсийн төлбөр болох 27,857,142 төгрөг, банкны зээлийн 2022 оны 4, 5 дугаар саруудын үндсэн зээл 3,180,877 төгрөг, зээлийн хүү болох 3,627,123 төгрөг, гэрээний 5.2-т Түрээслэгч гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,05 хувийн /торгууль/ төлнө гэж заасны дагуу 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 30 хоног ажилласан түрээсийн төлбөр 10,857,142 төгрөгийн хугацаа хэтэрсэн хоногийн алданги 3.428 * 103 хоног = 559.124 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 41 хоног ажилласан түрээсийн түрээсийн төлбөр 17,000,000 төгрөгийн хугацаа хэтэрсэн хоногийн алданги 8,500 төгрөг * 91 хоног = 773.500 төгрөг буюу алданги 1,332,624 төгрөг, нийт төлбөр 34,665,142 төгрөгийг хариуцагчаас гаргуулж миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хэргийг шийдвэрлэже өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч У ХХК-тай 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 22/01 тоот түрээсийн гэрээ байгуулж тус гэрээгээр банкны зээлээр авсан автомашиныг сарын 12,000,000 төгрөгийн төлбөртэйгээр Дарханы авто замын чиглэлд газар шорооны ажлыг хийж гүйцэтгэхээр талууд тохиролцсон. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг дуустал газар шорооны ажил хийсэн боловч хариуцагч талаас ажил эхэлснээс хойш хугацаанд түрээсийн төлбөр болох 71 хоногийн түрээсийн төлбөрийг төлж барагдуулаагүй. Иймд цаашид ажил хийх боломжгүй болсон. Түрээсийн гэрээний төлбөрт 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хугацаа 30 хоногоос дээш хоногоор хожимдуулсан бол түрээслүүлэгч, түрээслэгч нь учруулсан хохирлоо шаардах эрхтэй гэж заасны дагуу түрээсийн гэрээг цуцлаж 71 хоногийн түрээсийн гэрээг 27,857,142 төгрөгийг банк ХХК-ийн зээлийн үндсэн зээл 3,815,077 төгрөг, зээлийн хүү болох 3,600,226 төгрөгийг гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу түрээслэгч түрээсийн гэрээнд заасан хугацаанд түрээсээ төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн үнийн үнийн 0.05 хувийн алданги төлнө гэж заасны дагуу 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 30 хоногийн ажиласан төлбөр мөнгө болох 10,867,000 төгрөг хугацаа хэтэрсэн алданги нь 559,124 төгрөгийг 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ажилласан түрээсийн төлбөрт 17,000,000 төгрөгийг, хугацаа хэтэрсэн алданги нь 773,504 төгрөгийг, 1,133,464 төгрөгийн алданги, нийт 34,665,142 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч У ХХК-д холбогдох Э.Мн гэрээг цуцалж, 34,665,142 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагчийн төлөөлөгч М.М-д 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг түүний шүүхэд мэдүүлсэн хаягт баталгаат шуудангаар хүргүүлж, дугаарын утсанд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, үүнтэй холбоотой холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд дугаартай Түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу түрээслүүлэгч нь автомашиныг түр хугацаагаар түрээслэгчийн эзэмшилд шилжүүлж, Улаанбаатар Дархан чиглэлийн автозам барилгын ажил хийж гүйцэтгэхээр тохиролцсон ба энэ үйл баримттай маргаангүй байна. /х.х-ийн 6-18/
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд оффисын зориулалтаар буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоор талбай түрээсэлж, түрээсийн гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсгүүдэд зааснаар түрээсийн зүйл болох автомашиныг хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч нь мөн хуулийн заалтад заасны дагуу урьдчилгаа төлбөрт 2,000,000 төгрөг төлж, түрээсийн зүйлийг хүлээн авч, зохих журмын дагуу ашиглажээ.
Хариуцагч нь гэрээнд заасны дагуу түрээсийн зүйлийг 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд ашигласны төлбөр нийт 27,857,142 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй гэх бөгөөд нэхэмжлэгч нь уг төлбөр дээр алданги 1,332,624 төгрөг, гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүйгээс зээлээр худалдан авсан түрээсийн зүйлийн зээлийн төлбөрт хугацаа хэтрүүлсний улмаас төлсөн хүүний хохиролд 6,808,000 төгрөг, нийт 34,665,142 төгрөг шаардсан.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцдог.
Хариуцагч түрээсийн зүйлийг 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 2 сар 10 хоног буюу 70 хоногийн хугацаанд ашигласан бөгөөд гэрээний сарын түрээсийн төлбөрийг 12,000,000 төгрөгөөр талууд тохиролцсон байна.
Үүнээс үзэхэд нэг хоногийн түрээсийн төлбөр 400,000 төгрөг бөгөөд хариуцагчийн түрээсийн зүйлийг ашигласан 70 хоногт үржүүлэхэд 28,000,000 төгрөг, урьдчилгаанд төлсөн 2,000,000 төгрөгийг хасаж тооцон 2022/01 дугаартай түрээсийн гэрээний үндсэн үүрэгт 26,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0.05 хувийн алданги төлөхөөр тохиролцсон ба гэрээг цуцалсан 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 103 хоногийн алданги 1,243,000 /10,000,000 : 0,05 х 103 хоног = 515,000 төгрөг, 16,000,000 0.05 х 91 хоног = 728,000 төгрөг, 515,000 + 728,000/ төгрөг байна.
Мөн нэхэмжлэгч нь банк ХХК-иас 136,000,000 төгрөгийг сарын 1,4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан байх бөгөөд тухайн зээлийн маргаан бүхий түрээсийн эд хөрөнгийг худалдан авахад зарцуулсан байх бөгөөд
1. 26,000,000 1.4% = 364,000 төгрөг, 364,000 х 2 сар = 728,000 төгрөг
2. 1 хоногийн хүү 12,133 х 10 хоног = 121,333
3. 728,000 + 121,333 = 849,333 төгрөгийн гарах ёсгүй зардал нэхэмжлэгчид бий болсон байна. /х.х-ийн 13-15/
Иймд хариуцагч У ХХК-иас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 26,000,000 төгрөг, алданги 1,243,000 төгрөг, хохирол 849,333 төгрөг нийт 28,092,333 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Мд олгож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 401,746 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У ХХК-иас 298,412 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.М-д олгож шийдвэрлэв.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөнд тооцсон гэдгийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч У ХХК-иас 28,092,333 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,572,809 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 401,746 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У ХХК-иас 298,412 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.М-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ