| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2023/04633/И |
| Дугаар | 184/ШШ2023/04585 |
| Огноо | 2023-11-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 184/ШШ2023/04585
2023 11 27 184/ШШ2023/04585
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* овогт *******ийн *******/РД:***/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* овогт *******гийн *******/РД:***/-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 3.381.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, мөн сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***ШТЭҮД:****/, хэлмэрч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасанхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* би Г.*******тэй 7.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Тус зээлийн гэрээнд зээлийг хугацаандаа төлсөн тохиолдолд хүү тооцохгүй, хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцохоор тохиролцсон байдаг. Хариуцагчийн зүгээс зээлийн төлөлтөө хийж байсан боловч тогтсон хугацаандаа, тогтоосон үнийн дүнгээрээ төлөлт хийдэггүй байсан. Одоогийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 2.100,000 төгрөг, алданги 1.281.000 төгрөг төлөгдөөгүй байна. Мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63.838 төгрөг, нийт 3.444.838 төгрөгийг хариуцагч Г.*******ээс гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү. Шүүхээс хариуцагч Г.*******т нэхэмжлэлийн хувийг гардуулсан байдаг. Хариуцагч нэхэмжлэлийг гардаж авснаас хойш хуульд заасан хугацаанд хариу тайлбараа гаргаж, хэргийн материалтай танилцаж, хүсэлт гаргаж түүнийгээ шийдвэрлүүлэх бүрэн эрх нь байсан. Гэтэл хариуцагч нь энэ эрхээ хэрэгжүүлэхгүйгээр хариу тайлбараа өгөөгүй, цагдаагийн байгууллагын итгэх хуудсанд шүүхээс зугтаасан байдалтай байна гэж бичигдсэн байх тул хуульд заасны дагуу хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Би гомдолтой байна. Хариуцагчаас би мөнгөө гаргуулж авмаар байна. Хуулийн дагуу Г.*******т хариуцлага тооцож өгнө үү. Би энэ мөнгийг 200.000, 300.000 гэж цувуулж авмааргүй байна. Г.******* хэлэхдээ маргааш өгнө, нөгөөдөр өгнө, дараа өгнө гэх мэтээр мессеж ирж байсан. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад сонсголын бэрхшээлтэй хүнийг хүндэтгэхгүй байгаа юм бэ. Тэр хүн нэр төр, албан тушаалаа урвуулан ашиглаж байна. Дохионы хэлмэрч хүн бид нарыг ингэж хуурч болох юм уу, би шүүхэд хэд хэдэн удаа ирсэн. Надад их чирэгдэлтэй байна. Би хэлж, ярьж чадахгүй сонсголын бэрхшээлтэй хүн. Г.******* бол хүмүүстэй уулзаж, утсаар ярьж ойлголцож чадна. Би хариуцагчаас мөнгөө гаргуулж авмаар байна. Би энэ хүнд хулхидуулж хууртагдмааргүй байна. Би гомдолтой байна. Миний хэргийг шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 300.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 400.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гэрээний дагуу мөнгөө төлөх байтал өгөөгүй, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 700.000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 30-ны өдөр мөнгөө төлөх байтал төлөөгүй, 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 200.000 төгрөг, 400.000 төгрөг нийт 600.000 төгрөг төлсөн. Гэхдээ 700.000 төгрөг төлөх ёстой байтал 100.000 төгрөг дутуу төлсөн. 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 900.000 төгрөг өгсөн. Анхнаасаа гэрээнд 700.000 төгрөгөөр төлөх ёстой байсан. Надад өгөх ёстой байсан 700.000 төгрөгөөс н.Ундраад 400.000 төгрөгийг өгөөрэй гэдгийг би хэлсэн. Би 11 дүгээр сарын 07-ны өдөр н.Ундраад дамжуулж 1.400.000 төгрөг өгсөн тул энэ мөнгийг Г.*******ээс авсанд тооцно. Хариуцагч 700.000 төгрөгөөр төлөлт хийх ёстой байтал 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 300.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 400.000 төгрөгөөр тус тус төлөлт хийсэн. Үүний зөрүү мөнгийг нэхэмжлэлдээ дурдаагүй үлдээсэн байсан. Нэхэмжлэгч нь 04 дүгээр сараас 06 дугаар сар хүртэлх сар бүрийн 700.000 төгрөгийн төлөлт болох нийт 2.100.000 төгрөгийг, алданги 1.281.000 төгрөгийн хамт нийт 3.444.838 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэл/хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/хх-2/, Нийслэлийн ******* дүүргийн татварын хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн дугаар албан бичиг/хх-3/, Д.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар болон шилжин ирсэн тухай тодорхойлолт/хх-4/, Д.*******гийн иргэний оршин суугаа хаягийн лавлагаа/хх-5/, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 0232 дугаар зээлийн гэрээ/хх-6/, дугаар Хаан банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга/хх-7-15/, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШЗ2023/12545 дугаар шүүгчийн захирамж/хх-16-17/, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Хаан банк ХК-ийн шилжүүлгийн баримт/хх-18/ зэргийг,
Хариуцагч талаас хариу тайлбар гарган өгөөгүй, Г.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа/хх-24/ зэргийг,
Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Г.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 2.100.000 төгрөг, зээлийн гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсэн алдангид 1.281.000 төгрөг, нийт 3.381.000 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж,
Хариуцагч Г.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эсэх талаар хариу тайлбар ирүүлээгүй, цагдаагийн байгууллагаар албадан ирүүлж хэргийн материал танилцуулан тов мэдэгдэх ажиллагаа гүйцэтгэхэд худал хэлэн шүүхээс зугтаж байгаа гэх илтгэх хуудас ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн шийдвэрлэсэн.
Хариуцагч Г.******* нь нэхэмжлэлд хариу тайлбар ирүүлэн мэтгэлцэн маргаагүй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш 2 сар гаруйн хугацаанд шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй юм.
Нэхэмжлэгч нь өөрийн нөхөр гэх Н.Зоригтбаатарын Хаан банкны тоот дансаар *******ийн найз гэх н.ын дугаар данс руу 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөгийг Зоригоо сараа гэх гүйлгээний утгаар, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 1.100.000 төгрөгийг Зоригоо ах гэх гүйлгээний утгаар, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 600.000 төгрөгийг Сараа эгч гэх гүйлгээний утгаар, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 1.928.000 төгрөгийг Сараа эгч гэх гүйлгээний утгаар, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1.500.000 төгрөгийг Зоригоо ах гэх гүйлгээний утгаар, 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 100.000 төгрөгийг Зоригоо ах гэх гүйлгээний утгаар, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 100.000 төгрөгийг Зоригоо ах гэх гүйлгээний утгаар, 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 280.000 төгрөгийг Сараа эгч гэх гүйлгээний утгаар, Г.*******ийн найз н.ын найзын гэх 5058362809 дугаар данс руу 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 100.000 төгрөгийг Сараа эгч гэх гүйлгээний утгаар, Г.*******ийн найз н.ын нөхрийн гэх дугаар данс руу 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 200.000 төгрөг, нийт 6.908.000 төгрөгийг зээлдүүлсэн.
Зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дугаар дансаар 300.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 400.000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 700.000 төгрөг, Г.*******ийн ээж н.ийн дансаар 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 200.000 болон 400.000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 900.000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 1.400.000 төгрөгийг тус тус авсан, зарим гүйлгээг санахгүй байна, нийт 4.900.000 төгрөгийг Г.*******ээс авсан гэх тайлбарыг гаргадаг.
Дээрх нэхэмжлэгчийн тайлбар болон банкны дансны хуулгад үндэслэн дараах үйл баримт тогтоогдов.
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Г.*******ийн гуйлт даалгавараар өөрийн нөхрийн дансыг ашиглан Г.******* болон түүний найз гэх н., н.ын нөхрийн гэх дансууд руу 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд 10 удаагийн гүйлгээгээр 6.908.000 төгрөгийг шилжүүлсэн.
Буцаан хариуцагч Г.*******ийн болон түүний ээж гэх н.ийн гэх дансуудаар дамжуулан 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд 4.900.000 төгрөгийг авсан болох нь тогтоогддог.
Шүүх нэхэмжлэгч талын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Дараах үйл баримт тогтоогдов.
Зохигч талууд тохиролцон 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 232 дугаартай Зээлийн гэрээ-г бичгээр байгуулсан байх ба тус зээлийн гэрээнд зээлдүүлэгч нь 7.000.000 төгрөгийг зээлдэгчид 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 3.800.000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 1.200.000 төгрөг бэлнээр, үлдэгдэл 2.000.000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлэн өгөхөөр, зээлдэгч нь уг мөнгийг хүүгүй 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш сар бүрийн 30-ны өдрийн дотор хэсэгчлэн 700.000 төгрөгөөр 10 сарын туршид зээлдүүлэгчийн Хаан банкны тоот дансанд буцаан төлөхөөр тохиролцсон, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцон нотариатаар баталгаажуулсан байна./ХХ 6 дугаар тал/
Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэхээр байна. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсантай ижил хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээхээр заасан.
Нэхэмжлэгчийн тайлбараас үзвэл зохигч талууд 7.000.000 төгрөгийг анх бичгийн зээлийн гэрээгүйгээр 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд хэсэгчилсэн байдлаар зээлдүүлснийг хариуцагч тал хожим хүлээн зөвшөөрч мөн оны 08 дугаар сарын 16-ны өдөр бичгээр байгуулан баталгаажуулсан гэж үзэхээр байна.
Хариуцагч зээлийн гэрээний 7.000.000 төгрөгийг үүргийг хүүгүйгээр 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс сар бүрийн 30-ны өдрийн дотор хэсэгчлэн 700.000 төгрөгөөр 10 сарын туршид зээлдүүлэгчийн Хаан банкны тоот дансанд буцаан төлөх үүргээ сүүлийн 3 сар төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч Д.******* одоо 2.100.000 төгрөгийн үлдэгдэлтэй, 2023 оны 05 дугаар сараас 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх 3 сарын 700.000 төгрөгийн төлөлт хийгдээгүй үндэслэлээр буцаан шаардаж байна.
Хариуцагч үндсэн зээлийн үлдэгдэл 2.100.000 төгрөгийг үндэслэлтэй эсэх талаар маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцсон тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар авсан мөнгөө буцаан төлөх үүрэгтэй тул уг шаардлагыг ханган шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч үндсэн зээлийн үүргээс гадна зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д заасан үндэслэлээр алданги шаардсан байх ба алдангийг үндсэн зээлийн үлдэгдэл үнийн дүн 2.100.000 төгрөгөөс 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс мөн оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх 122 хоногийн хугацаагаар өдрийн 10,500 төгрөгөөр тооцон 1.281.000 төгрөгийг нэхэмжилсэн.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д зааснаар алданги төлөхөөр бичгээр тохиролцсон байх хуулийн шаардлагыг хангасан байх тул алдангийг шаардах эрхтэй, гэвч алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр нэхэмжлэхээр хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн байна.
Иймд илүү хэмжээгээр нэхэмжилсэн үнийн дүн болох 231.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон дээрх Иргэний хуулийн заалтад нийцүүлэн 2.100.000 төгрөгийн 50 хувь болох 1.050.000 төгрөгийн хэмжээнд алдангийг гаргуулан ханган шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Г.*******ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.150.000/2.100.000+1.050.000/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 231.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63.838 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******ээс 65.350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Г.*******ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.150.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 231.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч 63.838 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******ээс 65.350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 15-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***