| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Баттулга |
| Хэргийн индекс | 135/ШШ2014/00326/и |
| Дугаар | 135/ШШ2014/01070 |
| Огноо | 2014-11-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2014 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 135/ШШ2014/01070
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2014/00326/И
Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... аймгийн ... сумын ... баг ... хороолол ... байрны ... тоотод оршин суух иргэн Д-ын О /регистрийн дугаар .../-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ... аймгийн ... сум, ... баг, ... тоотод оршин суух, Д-гийн Ц/регистрийн дугаар .../-т холбогдох 34,950,000 төгрөг гаргуулах тухай хэргийг 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, түүний өмгөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Эрдэнэцогт нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн танил Э-аар дамжуулан Д.Цтай анх танилцсан юм. Д.Ц нь би бирж дээр малгай зардаг лангуутай олон жил гадаа зогсож наймаа хийлээ одоо Номин дээр лангуу авч бизнесээ өргөжүүлмээр байна зээл өгөөч би өөрийн байраа барьцаанд тавина зээлээ найдвартай төлнө гэсэн саналыг надад удаа дараалан тавьсан юм. Тэгээд ч Э манай найз найдвартай зээл өгч туслаач гээд байхаар нь 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 30,000,000 төгрөгийн зээлийг 7 сарын хугацаатай нэг сарын 2,5 хувийн хүүтэй өгөхөөр тохиролцож, зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 30,000,000 төгрөгийг бэлнээр Д.Цт хүлээлгэн өгсөн юм. Д.Ц зээлийн гэрээгээр тохиролцсоны дагуу эхний 3 сарын хүү 2,250,000 төгрөгийг өгсөн боловч 2014 оны 7 дугаар сараас хойш хүүгээ өгөхгүй утсаа авахгүй сураг чимээгүй алга болсон, Гэтэл Д.Ц 2014 оны 9 дүгээр сард цагдаад баригдаад ирсэн байхад нь тааралдаж уулзахад мөрдөн байцаагчийн хажууд юу ч ярихгүй байсан. Үүнээс хойш хэд хэдэн удаа уулзахад зээл хүүгээ төлөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Иймд Д.Цаас үндсэн зээл 30,000,000 төгрөг 7 сарын хүү 5,250,000 төгрөг төлөх ёстойгоос 3 сарын хүү 2,250,000 төгрөг төлснийг хасаж тооцон үлдэгдэл 3,000,000 төгрөг хугацаа хэтрүүлсний алданги 4,950,000 төгрөг нийт 34,950,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гардан авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
ҮНДЭСЛЭХ НЬ;
Нэхэмжлэгч Д.О нь Д.Цтай байгуулсан зээлийн гэрээний дагуу хүү алданги тооцож бүгд 34,950,000 төгрөг гаргуулахыг хүссэн, нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр нэг тал нь бусдын өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө шилжүүлэх , нөгөө тал нь авсан эд хөрөнгөтэй ижил төрөл тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн болох нь зохигчдын хооронд 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ зэргээр нотлогдож байна.
Хариуцагч Д.Ц нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зээлийн гэрээгээр тохиролцсон хүүд 3 сарын 2,250,000 төгрөг төлснөөс өөр мөнгө төлөөгүй болох нь нэхэмжлэгч Д.Оын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зохигчдын зээлийн гэрээний талаар хийсэн баталгаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба хариуцагч Д.Ц нь нэхэмжлэлийн хувийг гардаж авснаас хойш хариу тайлбар ирүүлээгүй шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцож Д.Оын 34,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115. 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 281.4 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Д.Ц-аас 34,950,000 төгрөгийг гаргуулж Д.О-ад олгосугай.
2. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Д.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332670 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц-аас 332670 төгрөгийг гаргуулж Д.О-ад олгосугай.
3.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Ц энэ шийдвэрийг сайн дураараа эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь барьцаа хөрөнгөөс нь албадан гүйцэтгүүлэхийг шаардах эрхтэйг дурдсугай.
4..Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БАТТУЛГА