Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2023/01770

 

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 30 өдөр

              Дугаар 183/ШШ2023/01770                  Улаанбаатар хот

                  

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ХУ-д холбогдох,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн, гэрээг цуцалж 22,700,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

           Нэхэмжлэгч А.Ц,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Ц Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ш.Уд холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

А.Ц би Ш.Утой орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан  44,3 м.кв талбайтай 2 өрөө байрыг худалдан авахаар тохиролцож гэрээ хийсэн өдөр 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 30,000,000 төгрөг төлж, үлдсэн 35,000,000 төгрөгийг сарын 2,000,000 төгрөгөөр тооцон 2022 оны 4 дүгээр сард төлж дуусгах гэрээ байгуулан худалдан авсан. А.Ц би худалдан авах гэрээний үүргийн дагуу гэрээ хийсэн өдрөө Ш.У тоот дансанд 30,000,000 төгрөгийг хийж үлдсэн 35,000,000 төгрөгийг сар болгон 2,000,000 төгрөгийг хийж гэрээний 2022 оны 4 дүгээр сард тооцоо дууссан. Гэтэл Ш.У нь өнөөдрийг хүртэл надад байрыг минь шилжүүлж өгөхгүй өнөөдрийг хүрсэн. Иймээс А.Ц намайг  44,3 м.кв талбайтай 2 өрөө байрыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, уг орон сууцыг миний өмчлөлд шилжүүлж өгөхийг Ш.Уд даалгаж өгнө үү, гэжээ.

 

Нэхэмжлэгч А.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нэхэмжлэлийн шаардлага байрны гэрчилгээг шилжүүлэх нэхэмжлэлийн шаардалгыг гаргасан. Хариуцагч талтай би 2020.09.25-ны өдөр гэрээ байгуулсан. Эхлээд 2020.09.25-ны өдөр 30 000 000 төгрөгийг төлсөн үлдсэн мөнгийг 2020 оны 11 дүгээр сараас сар бүр 2 000 000 төгрөгийг төлөхөөр нийт 17 сарын хугацаанд төлж дуусгахаар тохиролцсон. 2022 оны 3 сард төлбөрөө төлж дуусгах ёстой байсан. Төлбөрөө төлөх сүүлийн 3 000 000 төгрөгийг уулзаж төлөхөөр тохиролцсон байсан. Хариуцагч мөнгөний хэрэг байна гээд 2 000 000 төгрөг өгчих гэж хэлээд үлдсэн 1 000 000 төгрөгийг уулзахаараа өгнө гэж хэлсэн. Үлдсэн 1 000 000 төгрөгийг уулзахаараа өгье гэж хэлэхэд хариуцагч манай компани бүх хөрөнгө битжүүлэгдсэн байгаа асуудал гарсан гэж хэлсэн. Эгчид нь нэг асуудал гарсан жаахан хүлээчих гэж хэлсэн. 2022 оны 09 сар хүртэл хариуцагчаас битүүмжлэл гарсан уу гэж лавлаж асуудаг байсан. Би хариуцагч талыг Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулахад хариуцагч тал Цагдаад өгөөд гээд хүний дургүй хүргэлээ ахиж битгий харьцаараа шүүх дээр уулзана гэж хэлсэн. Тиймээс би өөрийн орон сууцны өмчлөлөө шилжүүлэхээр шүүхэд хандсан. Иймд орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож өгнө үү, гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаарздлагагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Талууд хоорондоо харилцан тохиролцоод худалдах худалдах авах гэрээг хийгээд, эхний ээлжинд 30 000 000 төгрөгийг хийж 2022 оны 3 сард төлж дуусгаад төлбөрөө сар бүр 2 000 000 төгрөгийг хийж байхаар тохиролцоод, төлбөрийг төлж дууссаны дараа байрны гэрчилгээг нэр дээр нь шилжүүлэхээр тохиролцсон байсан. Гэрээний хугацаа дуусаагүй нэхэмжлэгч талаас удаа дараа байрны гэрчилгээг шилжүүлэхийг шаардаж байсан. Нэхэмжлэгч талаас байрны төлбөрөө бүрэн төлж дуусаагүй байхад Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар гомдол гаргасан байсан. Манай талаас гэрээний дагуу тухайн байрыг нэхэмжлэгчид өгөх шаардлагагүй гэж үзэж байгаа. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар гэрээний төлбөрийг хийж дууссаны дараа гэрчилгээ болон бусад зүйлийг шилжүүлэн өгнө гэж гэрээнд заасан байхад нэхэмжлэгч талаас 2022 оны 04 дүгээр сараас эхлэн төлбөрөө бүрэн төлж дуусаагүй 3 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Хариуцагч талаас 2 000 000 төгрөгийг авсан. 1 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байхад, гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн гэж нэхэмжлэл дээр дурдсан гэхдээ нэхэмжлэгч талаас одоо 1 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Гэрээнд зааснаар хугацаандаа төлөөгүй хүү алданги тооцно гэж заасан. Тийм учраас 2022 оны 4 сард төлбөрөө бүрэн төлж дуусаагүй учраас гэрээний үүргээ нэхэмжлэгч тал хугацаанд нь биелүүлээгүй гэдэг үндэслэлээр гэрээгээр цуцлаад тухайн нэхэмжлэгчид гэрчилгээг шилжүүлэхгүй түүний төлсөн мөнгийг буцаан өгч өөрийн нэр дээр байрыг шилжүүлэн авах саналтай байгаа, гэжээ.

 

Хариуцагч Ш.У шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: А.Ц нь Ш.У-той орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулан 44,3 мкв талбайтай 2 өрөө байрыг худалдан авахаар тохиролцож гэрээ хийсэн өдөр 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 30,000,000 төгрөг, үлдсэн 35,000,000 төгрөгийг сар бүр 2,000,000 төгрөг төлөхөөр тооцож 2022 оны 04 дүгээр сард төлж дуусгахаар тохиролцсон байсан. Гэтэл А.Ц нь гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж дуусаагүй байж удаа дараа байрны гэрчилгээг шилжүүл гэж өөрөө болон ах дүүсээрээ дарамталсны улмаас Баянзүрх дүүргийн цагдаагийн газар өргөдөл өгч миний нэр хүндэд халдсан. Иймд Ш.У би А.Цд дээрх орон сууцаа зарах бүхий хийсэн гэрээгээ цуцалж түүний төлсөн 64,000,000 төгрөгнөөс миний байранд амьдран суусан хугацааны төлбөр болох 1 сарын 700,000 төгрөгөөр тооцон нийт 22,700,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргаж байна, гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:  44,3 мкв талбайтай 2 өрөө байрыг худалдан авахаар тохиролцсон. Гэрээг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 30 000 000 төгрөгийг үлдсэн 35 000 000 төгрөгийг сар бүр 2 000 000 төгрөгийг төлөхөөр тооцож 2022 оны 4 сард төлж дуусахаар тохиролцсон байсан. Гэтэл нэхэмжлэгч гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж дуусгаагүй байж удаа дараа байрны гэрчилгээг шилжүүл гэж өөрөө болон ах дүү нараар дарамтлуулж, улмаас Цагдаад өргөдөл өгч миний нэр хүндэд халдсан. Иймд нэхэмжлэгчтэй хийсэн гэрээгээ цуцлаж, түүний төлсөн 64 000 000 төгрөгнөөс миний байранд амьдран суусан хугацааны төлбөр болон 1 сарын 700 000 төгрөгөөр тооцож 22 700 000 төгрөгийг тооцож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна, гэжээ.

 

Нэхэмжлэгч А.Ц шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлтэй холбоотойгоо тайлбартаа: Хариуцагчийн гэрийн хаалга үүд дээр очиж нэхсэн зүйл байхгүй. Хариуцагчийн амьдардаг хотхоны хүмүүс л хаалга үүд тогшсон гэж сонссон. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар төлбөр мөнгөө бүрэн төлж дуусаагүй гэдэг дээр тайлбар хэлье. Хариуцагч өөрөө компанийн бүх эд хөрөнгө битүүмжлэгдсэн байсан гэж хэлсэн, төлбөрийг өгөхгүй боломжгүйдээ шилжүүлээгүй зүйл байхгүй, гэрчилгээ шилжүүлэх үед өгье гэхэд өөрөө зөвшөөрсөн бусад төлбөрийн хувьд хугацаанд нь шилжүүлсэн тул сөрөг шаардлагыг хүлээн зөвшөөрөхүй гэж гэжээ.

 

 Нэхэмжлэгчээс 2020.09.25-ны өдрийн ирээдүйд эд хөрөнгө худалдах худалдан авах хэлцэл, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

 

Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг бичгийн баримтуудыг гаргаж өгсөн.  

 ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч А.Ц нь хариуцагч Ш.Уд холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч хариуцагч Ш.У нь гэрээг цуцалж, 22,700,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаас татгалзаж шийдвэрлэв.

 

1. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хариуцагч талтай би 2020.09.25-ны өдөр гэрээ байгуулсан. 2020.09.25-ны өдөр 30 000 000 төгрөг, үлдсэн мөнгийг 2020 оны 11 дүгээр сараас сар бүр 2 000 000 төгрөг төлөхөөр нийт 17 сарын хугацаанд төлж дуусгахаар тохиролцсон. 2022 оны 3 сард төлбөрөө төлж дуусгах ёстой байсан. Төлбөрийн үлдэгдэл 3 000 000 төгрөгийг уулзаж төлөхөөр тохиролцсон. Хариуцагч мөнгөний хэрэг байна гээд 2 000 000 төгрөгийг авсан, Үлдэх 1 000 000 төгрөгийг уулзахаараа өгөхөөр болсон. Орон сууцны гэрчилгээ гаргаж өгөхийг хүссэн боловч хариуцагчийн компани асуудалтай болж, надад худалдсан орон сууц битүүмжилсэн тул шилжүүэх боломжгүй гэж хэлсэн тул үлдэх 1,000,000 төгрөгийг төлөөгүй. Тэрнээс гэрчилгээ гаргаж өгсөн бол тухайн үед төлөх боломжтой байсан. Иймд орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү... гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч Ш.У-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь гэрээний дагуу төлбөрийн үлдэгдэл 1,000,000 төгрөгийг төлөөгүй, гэрээний үүргээ нэхэмжлэгч бүрэн биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ... гэж маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Зохигч талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч Ш.У нь  44,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, худалдан авагч гэрээний төлбөрт нийт 65,000,000 төгрөгийг худалдагчид төлөх үүргийг тус тус хүлээсэн байх тул зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний шинжтэй нийцэж, /хэргийн 3-4тал/

Зохигч талууд Ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах байгуулсан талаараа маргаагүй, хэн аль нь мөн хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч А.Ц нь 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу  44,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны төлбөр болох 65,000,000 төгрөгөөс нийт 64,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд худалдагчид бүрэн төлж барагдуулсан болох нь зохигчдын тайлбар,  банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус нотлогдож байна. /хэргийн 7-24 худас/

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заажээ. Шүүх 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр  дугаар захирамжийн дагуу нэхэмжлэгч А.Ц хариуцагч Ш.У нарын утсаар харилцсан мессэжинд 2023.05.30-ны өдөр үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр доорх үйл баримт тогтоогдлоо. Үүнд:

....2022 оны 3 сарын 4-ний өдөр

Хариуцагч: Хай дүү өдрийн мэнд маргааш төлөх мөнгөө өнөөдөр шилжүүлж болохуу? Эгч нь лизинг төлдөг юм гэтэл ажлын өдөр дуусах гээд өнөөдөр төл гээд байна болвол хийж өгч тус болооч баярлалаа

Нэхэмжлэгч: Аан тийм үү энэ сар өгөөд дуусах болохоор ордерын шилжүүлж уулзахаараа өгөх гээд байсан

Хариуцагч: Хөөх дуусч байгаа бил үү эгч нь гэрээгээ олж харъяа даа гэрээ байсаар байхад эгч нь өдий болтол бүх мөнгөө авчаад алга болно гэж юу байхав дээ? 1 дэх өдөр уулзая эгч нь харин сар болгоны 5-нд лизинг төлөөд байсан юмаа одоо 2,3 сар төлөөд дуусна даа. 1 дэх өдөр эгч нь гэрт нь очиж уулзъя за.

Нэхэмжлэгч: Би түгвэл 2 саяын хийчье, үлдэгдэл 1 саяын уулзахаара өгчье би тэгээд уулзах өдрөө тань руу залгая.

Хариуцагч: Аан за дүү тэгээрэй дүү баярлалаа бүр тэвдээд тулгамдаад сууж байлаа. Хамгийн сүүлд 1 сая өгч таарч байсан санагдаад ашгүй дүү минь маш их баярлалаа.

2022 оны 3 сарын 14-ны 9-цаг 27 минут:

Нэхэмжлэгч: Бичиг баримтаа шилжүүлжнэ гэсэн хүн маань ирчихлээ хэзээ уулзаж нэрээ шилжүүлэх үү

2022 оны 3 сарын 15-ны 11-цаг 7 минут:

Нэхэмжлэгч: Нөгөө хүн маань хөдөөнөөс ирсэн энэ ажлыг амжуулчвал буцах гээд та завтай болхоороо хариу хэлээрэй

2022 оны 3 сарын 15-ны 13-цаг 53 минут:

Хариуцагч:Уучлаарай эгч нь өчигдөр төрсөн өдөр болоод гадуур тэмдэглэж давхиад өнөөдөр шартаад яг үхэх гээд хэвтэж байна. Утасны цэнэглэгч муур маань зажлаад тасалцан байх юм өглөө нөхөр утас цэнэглэж өглөө. Эгч нь чамтай гэрээ хийж чамаас л сар бүр мөнгө авч байсан чамд л байр шилжүүлж өгнөө нэг хүн яриад байсан би ойлгоогүй. Чамаас мөнгө авч авчаад шал өөр хүнд өгчих дараа нь Маргаан болвол надад асуудалтай шүү дээ. Чи авчаад дараа нь хэндээ яана уу чиний л дур. Танай хамаатны хүн юмуу намайг таних ч үгүйн байж дураараа гэрт ирээд авсан байсан би тэр хүнтэй гэрээлж тэрэнд өгөх албатай бишдээ. Намайг эзгүй хойгуур 2 хүн хаалга нүдээд явсан байсан. Бие гайгүй болхоор залгая эхлээд чамтай уулзана за. Бусад хүмүүс хуулиараа надад хамаагүй. Анх уулзсан ах чинь биш биздээ тэр хүний дугаар бол надад байгаа.

Нэхэмжлэгч: Харин тиймээ би тэрийн ч мэдээгүй танай найзын найз болхоор дураараа тэгээд байх шиг байна. Би уул нь хэлсэн дээ хамт явъя гэж нөгөө хүндээ би хэлсэн байгаа ирэхээр чинь хамт явж уулзаж солиулъя гэж.

2022 оны 3 сарын 15-ны 22-цаг 41 минут:

Нэхэмжлэгч: Маргааш уулзаад шилжүүлэх боломжтой юу эгч:

2022 оны 3 сарын 16-ны 10-цаг 24 минут:

Нэхэмжлэгч: Юу болвоо хариу

Хариуцагч: Тэр хүүхэн манай найз ч биш манай байр урд нь түрээсэлж байсан хүн л дээ тэгээд мэддэг болхоор дахин дахин дураараа гэрт очоод байх юм. Би тэдний юмыг аваад зугтсан биш дураараа бүдүүлэг хүмүүс юмаа. Миний гэрээ дуусаагүй болохоор надад асуудал алга 4 сарын 5-н болтол би хөдлөхгүй шүү .

Нэхэмжлэгч: Би тэр ах руу шилжүүлэхээ больсон би өөрийнхөө нэр дээр шилжүүлнэ Эгчээ одоо 1 сая төгрөг үлдсэн 1 сая төгрөгөө одоо өгөөд би өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авъяа эгч яаралтай гэрээн дуусмагц 4 сар дотор шилжүүлж өгнө үү эгч.

2022 оны 4 сарын 01-ны 17-цаг 42 минут:

Нэхэмжлэгч: Хай, юу болж байна эгч

2022 оны 4 сарын 4-ны 11-цаг 56 минут:

Нэхэмжлэгч: Маргааш 4 сарын 5-н маргааш уулзаж шилжүүлж өгөх юм уу гялс хариу ямар нэгэн тайлбар хийхгүй юм уу?

2022 оны 4 сарын 4-ны 15-цаг 40 минут:

Нэхэмжлэгч: Маргааш 4 сарын 5-н маргааш уулзаж шилжүүлж өгөх юмуу гялс хариу ямар нэгэн тайлбар хийхгүй юм уу ? ... гэжээ

 

Үйл баримтаас дүгнэвэл нэхэмжлэгч А.Ц гэрээний үлдэгдэл төлбөр 1,000,000 төгрөгийн төлбөр төлөх үүргээ хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь А.Цн гэм буруугаас болоогүй болох нь тогтоогдож байх тул А.Цг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй бөгөөд үлдэх төлбөр 1,000,000 төгрөгийг худалдагчид шилжүүлэх, үлдэгдэл төлбөрийг төлөх боломжтой болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, гэрээний дагуу төлбөр төлсөн банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус нотлогдож байх тул гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй, шаардах эрхтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан хэлэлцэн тохиролцсон орон сууцны үнэд 64,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх 1,000,000 төгрөгийг худалдагч өөрөө хүлээн аваагүй болох нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар уг гэрээний зүйл болох орон сууцыг хариуцагч шилжүүлэх үүрэгтэй болно.

 

Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох орон сууцыг шилжүүлэн авсан боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлээгүйн улмаас Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан өмчлөгчийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь зөрчигдсөн гэсэн тайлбар нь үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Мөн Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно гэж заасан байна.

 

Иймд нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүргийг гүйцэтгэсэн, үлдэгдэл 1,000,000 төгрөгийг төлөх бүрэн боломжтой болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч А.Цг 44,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахыг даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

2. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч Ш.У нь нэхэмжлэгчид холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцалж, 22,700,000 төгрөг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэгчийн төлсөн 64,000,000 төгрөгөөс түрээсийн төлбөрт 1 сарын 700,000 төгрөгийг тооцон нэхэмжлэгчийн амьдарсан хугацааны төлбөрийг нэхэмжлэх эрхтэй гэж тайлбарласан.

 

Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй тул хариуцагч гэрээнээс татгалзаж, түрээсийн төлбөрт 22,700,000 төгрөг гаргуулахаар шаардсан сөрөг шаардлага үндэслэлгүй байх тул шүүх сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 553,150 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 271,450 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 553,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, түрээсийн төлбөрт 22,700,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч  Ц-ийг  44.3 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Цн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 553,150 төгрөг, хариуцагч Ш.Ун сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,450 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Ус 553,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Цд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Ц.ОЮУНБИЛЭГ