Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2021/ДШМ/870 

 

                                                            

 

Ц.Э, С.Э, Н.Т, Г.Ш нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Амарзаяа,

хохирогч “.....” ХХК-ийн төлөөлөгч З.Т-ийн өмгөөлөгч Ч.Атарболд, 

шүүгдэгч Ц.Э,

шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Н.Болормаа,

шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч Б.Чинбат,

шүүгдэгч Г.Ш, түүний өмгөөлөгч О.Баяраа,

  нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/701 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Шын өмгөөлөгч О.Баяраа, шүүгдэгч С.Эын өмгөөлөгч Н.Болормаа, шүүгдэгч Н.Тий өмгөөлөгч Б.Чинбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ц.Э, С.Э, Н.Т, Г.Ш нарт холбогдох 1808057770166 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.   тоотод түр оршин суух хаягтай;

2009 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, шүүхээс мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар тогтоосон;

2012 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлж, дээрх оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд нь багтаан биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар тогтоосон;

2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгэгдсэн, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ялыг биелүүлж дуусгасан, (РД:).

  1. );
  2. тоотод оршин суух хаягтай,

              2007 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан,

            2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 592 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар тогтоож байсан,);

4. тоотод оршин суух хаягтай,

2007 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 15
дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2
дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий
ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх
тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан;

2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан
шатны шүүхийн 393 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3

дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан,
(РД:);

Шүүгдэгч Ц.Э нь Ж.Б-тэй бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 03 цагаас 04 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Булгийн 20 тоот хашаанд байрлах С.Я-ийн эзэмшлийн чингэлэгт нэвтэрч 100 кг хунчир гэх эмийн ургамлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас С.Я-д 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан; үргэлжилсэн үйлдлээр С.Э, Г.Ш, Н.Т нартай бүлэглэн, үрьдаас угсэн тохиролцож 2019 оны 3 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор 22-81 УНӨ улсын дугаартай "Хьюндай Коунтери" маркийн автобус, 07-20 УНЭ улсын дугаартай "Ниссан Караван" маркийн микробус, 47-53 УБУ улсын дугаартай "Тоёота Приус 20" маркийн тээврийн хэрэгсэл зэргийг ашиглан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах аж ахуйн хашаан дахь чингэлгийн цоожийг эвдэн, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч З.Т-ийн эзэмшлийн 1 кг нь 50.000 төгрөгийн үнэ бүхий 2.214 тн дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, З.Т-д 110.700.000 төгрөгийн буюу хулгайлах гэмт хэргийн улмаас нийт 112.200.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт;

шүүгдэгч С.Э, Г.Ш, Н.Т нар нь Ц.Этэй бүлэглэн, урьдаас үгсэн тохиролцож 2019 оны 3 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор 22-81 УНӨ улсын дугаартай "Хьюндай Коунтери" маркийн автобус, 07-20 УНЭ улсын дугаартай "Ниссан Караван" маркийн микробус, 47-53 УБУ улсын дугаартай Тоёота Приус 20" маркийн тээврийн хэрэгсэл зэргийг ашиглан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах аж ахуйн хашаан дахь чингэлгийн цоожийг эвдэн, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч З.Т-ийн эзэмшлийн 1 кг нь 50.000 төгрөгийн үнэ бүхий 2.214 тн дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, З.Т-д 110.700.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт,

С.Э, Г.Ш, Н.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллагдагчаарг татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

          Шүүгдэгч Х овогт Ц-ийн Э-ийг үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн “Хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутай, шүүгдэгч Т овогт Н Т, О овогт Г-ийн Ш, Т овогт С-ын Э нарыг гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж “Хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Эийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Т, Г.Ш, С.Э нарыг тус бүрийг 2 (хоёр) жил 10 (арав) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э, Н.Т, Г.Ш, С.Э нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч цагдан хоригдсон Ц.Эийн 286 хоног, Н.Тгийн 9 хоног,  шүүгдэгч С.Э, Г.Ш нарын тус тус 7 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож,

хэрэгт шүүгдэгч нараас гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Г.Ш, Н.Т нар нь хохирогч “.....” ХХК /З./-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эээс нийт 53.369.000 (тавин гурван сая гурван зуун жаран есөн мянга) төгрөгийг гаргуулж: хохирогч “.....” ХХК (З.Т)-д 52.619.000 (тавин хоёр сая зургаан зуун арван есөн мянган) төгрөгийг, хохирогч С.Я-д 750.000 (долоон зуун тавин мянган) төгрөгийг; шүүгдэгч С.Эаас 14.000.000 (арван дөрвөн сая) төгрөгийг гаргуулж хохирогч “.....” ХХК (З.Т)-д тус тус олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эын эзэмшилд бүртгэлтэй 58-46 УНК улсын дугаартай “Toyota aqua” маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч С.Эаас хохирогч “.....” ХХК /З.Т/-нд төлөх хохирлын хэсэгт тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э, Н.Т, Г.Ш, С.Э нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Hyundai County” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 12.000.000 төгрөг, “Nissan Caravan” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10.000.000 төгрөг, “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 8.000.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн шүүгдэгч Ц.Эээс 7.500.000 төгрөгийг, шүүгдэгч С.Эаас 7.500.000 төгрөгийг, шүүгдэгч Н.Тгээс 7.500.000 төгрөгийг, шүүгдэгч Г.Шоос 7.500.000 төгрөгийг тус тус гаргуулж, улсын төсөвт шилжүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бахь нэг  ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар,

 Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсгийн 71.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Тгийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Тгийн Сондор, хүү Тгийн Тэнүүн нарт асран хамгаалагч  тогтоох асуудлыг шийдвэрлэхийг харьяалах Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж,

шүүгдэгч Ц.Э, Н.Т, Г.Ш, С.Э нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.   

Шүүгдэгч Г.Шын өмгөөлөгч О.Баяраа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Г.Ш бид 2 шүүх хуралдаан эхлэх үеэс эхлэн бусадтай бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь үнэн гэм буруугүй гэж маргахгүй шүүхийн шийдвэрээр тогтоосон хохирлыг төлж барагдуулна гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Анхан шатны шүүх гэм буруугүйн талаар маргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, шүүгдэгч нарыг өмгөөлөгч нараас гэмт хэргийг бүлэглэн үйлдэхэд өөр хүний оролцоо байгаа талаар тодорхой санал хүсэлтийг гаргаж маргаж мэтгэлцсэн тодорхой хүмүүсийг хүчээр оролцуулан, шүүх зохих ёсны шийдвэрийг гаргасан. Энэ нь үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Гэм бурууг нь шийдвэр гарсаны дараа шүүхээс тогтоосон хохирлыг хуульд заасны дагуу төлөх завсарлага авч тогтоосон хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах заалтад зааснаар шийдвэрлэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Эын өмгөөлөгч Н.Болормаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Э нь Э-ээс авсан 14.000.000 төгрөгөөр 2021.03.31-ний өдөр “Тоёота акуа” маркийн 58-46УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл худалдан авсан байсныг цагдаагийн байгууллагаас дараах байдлаар битүүмжлэн хураан авчээ. Уг тээврийн хэрэгсэл нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хашаанд байгаа бөгөөд цаашид 2019.04.23-ний өдрийн дотор Цагдаагийн Ерөнхий газрын Санхүү аж ахуйн албаны хангалт үйлчилгээний төвд хүргүүлэн хариуцуулах, хадгалах хамгаалах үүргийг хүлээлгэхээр заасан байна. Гэвч хүлээн авсан хүн байхгүй./2хх187 талд/ ...С.Эын оршин суух Сонгинохайрхан дүүргийн 26 хороо, Мандал-Овоогийн 31 гудамжны 52 тоотод битүүмжилж, хадгалалт хамгаалалтыг С.Эад хариуцуулсан ч тогтоолоо танилцуулаагүй, хүлээлгэж өгөөгүй/2хх 189 талд/. ИймээсС.Э нь автомашиныг хохиролдоо тооцуулаад өгчихсөн гэж буруу ойлгож явсан байна.Бусад шүүгдэгч нараас хэрэг гарсны дараа хураан авсан бэлэн мөнгийг хохирогчийн хохиролд тооцон хүлээлгэж өгсөн атлаа битүүмжилсэн гэх тээврийн хэрэгслийг хохирогчид өгөлгүй, хадгалалт хамгаалалтгүй орхиж хохирогчийг ч давхар хохироож байна.

Тухайн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болсны дараа шүүгдэгч С.Эаас гаргуулж “Даян трейдинг” ХХК-д төлөх хохирлын хэсэгт тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй болгож, шүүгчдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна.

...Шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслүүдийн үнэлгээгээр тогтоогдсон үнэ болох 30.000.000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулахаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл ... нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан байхад бусдын эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээгээр шүүгдэгч нараас мөнгөн хөрөнгө гаргуулж улсын орлого болгохоор зааж буй нь үндэслэлгүй хэмээн үзэж байх тул шийтгэх тогтоолын 8 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү.

Иймд 14.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн “Тоёота Акуа” маркийн 58-46УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг хохирогчийн хүсэлтийг үндэслэн хүлээлгэн өгч, шүүгдэгчийг бусдад төлбөх төлбөргүйд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгчид оногдуулсан 2 жил 10 сарын хорих ялыг багасгаж, 01 жилийн хорих ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Тий өмгөөлөгч Б.Чинбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Н.Т, Г.Ш, С.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх ялын санал, дүгнэлт гаргасныг нь Эрүүгийн хариуцлагын зорилго, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэгт нийцээгүй байх тул улсын яллагчийн санал, хүсэлтийгхүлээн авах үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн.

...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтанд "өмгөөлөх тал" гэж шүүгдэгч түүний өмгөөлөгчийг ойлгоно" гэж заасан. Шүүгдэгч нарын өмгөөлөгчид нь гэм буруугийн талаар маргаж, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах тухай дүгнэлтийг тус тус гаргаж, маргаж оролцсон. Мөн шүүгдэгч нар нь хулгайлах гэмт хэргийг 5 хүн үйлдсэн. Батмөнх хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсон гэж маргасан учир 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж хуулийн зүйл хэсэг, заалтыг буруу тайлбарлаж илтэд үндэслэлгүй шийдвэр гаргажээ.

2. Миний үйлчлүүлэгч шүүгдэгч Н.Т нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн Эрүүгийн хуулийн түсгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтанд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруугааа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтэй чин санаанаасаа гэмшиж, бусдад учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг бүрэн хангасан байхад анхан шатны шүүхээс "шүүдэгчийн өмгөөлөгч нь хэргийг дутуу шалгасан, хуулийг буруу хэрэглэсэн, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах талаар маргасан" тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-ыг хэрэглэх боломжгүй гэсэн илтэд үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохиролоо бүрэн нөхөн төлсөн ч гэсэн түүний өмгөөлөгч нь хэргийг дутуу шалгасан талаар болон хууль хэрэглээний талаар шүүхийн шатанд маргавал шүүдэгчид нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-ыг хэрэглэх боломжгүй гэж хуулийн зүйл хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

3. Миний үйлчлүүлэгч шүүгдэгч Н.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад заасан гэм хэрэгт үйлдсэн гэм буруугааа хүлээн зөвшөөрсөн боловч дээрх гэмт хэргийг 5 хүн үйлдсэн гэж мэдүүлсэн юм. Гэтэл түүнийг үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтэй гэмшихгүй байна гэж анхан шатны шүүхээс дүгнэж байгаа нь илтэд үндэслэлгүй байна.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг  буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хураан авсан орлогоос эхлээд бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөд илүү гарсаныг нь улсын төсөвт оруулахаар заасан байхад анхан шатны шүүх шууд улсын төсөвт оруулахаар хуулийн зүйл хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж илтэд үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэмт этгээдийн өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл байгаа тохиолдолд л улсын төсөвт оруулна" гэж тодорхой заасан байхад анхан шатны шүүх хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, илтэд үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Иймд гэмт хэрэгт үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэлийн үнийг шүүгдэгч түс бүрээс хувь тэнцүүлэх гаргуулж улсын төсөвт оруулахаар заасан анхан шатны шүүхийн шийдвэрийн дээрх заалтыг нь хүчингүй болгож, шүүгдэгч Н.Тгийн ар гэрийн байдал болон хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж өгнө үү. ...” гэв.  

Хохирогч “.....” ХХК-ийн төлөөлөгч З.Т-ийн өмгөөлөгч Ч.Атарболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн зүгээс тухайн ургамал надад ирэх ёсгүй зүйл байсан юм байлгүй, шүүгдэгч нар нь миний үеийн залуучууд байна, мууг нь үзээд яах вэ, хохирлоо төлчихвөл гомдол саналгүй гэдгээ мөрдөн байцаалтын шатнаас эхлээд илэрхийлж байсан. Шүүгдэгч нарын зүгээс гэм буруугийн талаар гэмшсэн, хохирол төлбөр барагдуулсан зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг мөрдөгчийн зүгээс хурааж, хохирогчид өгсөн байдаг. Анхан шатны шүүхээс гэм буруугийн асуудлыг хэлэлцэж гэм буруутай гэж тооцсоны дараа шүүгдэгч нар хохирлоо төлнө гэсэн асуудлыг ярих болсон. Тээврийн хэрэгслийг хохирол төлбөрт тооцоод шилжүүлж өгье гэсэн асуудлыг шүүгдэгч нарын зүгээс ярьж байгаагүй. Анхан шатны шүүхээс хуулийг буруу хэрэглэсэн, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан зүйл байхгүй. Гэмт хэрэгт оролцсон оролцоо, үйлдэл тус бүрт нь ялгамжтай ял оногдуулсан байдаг. Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс гэм буруугийн талаар маргаж, хэргийг мөрдөн байцаалтад буцаах талаар маргаж шүүх хуралдаанд оролцсон. Шүүгдэгч нарын хувийн байдлыг харахаар анх удаа гэмт үйлдэж байгаа биш, тухайн асуудлынхаа үр дагаврыг хангалттай сайн мэдэх хүмүүс байна. Шүүгдэгч нарын зүгээс анхнаасаа хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн бол хохирогчийн зүгээс ямар нэгэн санал гомдолгүй гэдгээ илэрхийлсэн. Хулгайлсан эд зүйл болох “жиргэвэр дэргэрүү” гэх ургамал нь нэн ховор ургамалд багтдаг. БОАЖ яамны тушаалаар жилдээ 10 гаруй аж ахуй нэгж, байгууллага түүж бэлтгэдэг. Хохирлыг барагдуулсан гэдэг боловч тухайн ургамлын зах зээл дээрх үнэ ханш буюу шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэ ханшийг барагдуулсан. Тухайн ургамлыг түүж, бэлтгэхэд 400-500 сая төгрөг зарцуулсан, уг мөнгө салхинд хийссэн. Үүнд харамсалтай байгаагаа хохирогч илэрхийлсэн. Зарим шүүгдэгч нарын зүгээс хохирол төлбөрийг барагдуулаагүй байгаа. ...” гэв.

Шүүгдэгч С.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг минь харгалзан үзэж, ялыг минь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Ш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ял аваад хоригдож байх хугацаандаа ихийг ойлгож, ухаарсан. Ар гэрийн байдал болон миний биеийн байдлыг харгалзан үзээд хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2 ихэр, 2 настай хүүхэдтэй. Хүү Т, охин С хамт өрх толгойлон амьдардаг байсан. Гэмт хэрэг хийж, хүн хохироосондоо харамсаж байна. Гэмт хэрэг үйлдэхийн хор уршгийг биеэрээ мэдэрч байна. Миний буруугааас болж миний ар гэр, ард өнчирч үлдэж байгаа 2 ихэр хүүхэд минь эрүүл мэнд, нэр хүндээрээ хохирдог гэдгийг энд сууж байх хугацаандаа сайн ойлгосон. Хохирол төлбөрийг төлсөн байдал, ар гэрийн гачигдал, гэм буруугааа хүлээсэн, гэмшиж харамсаж ухаарч байгааг минь харгалзан үзэж, үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө хичээж амьдрах боломж олгож ялыг минь хөнгөрүүлж өгнө үү гэж чин сэтгэлээсээ хүсч байна. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэргийг хийсэндээ их гэмшиж байна. ...” гэв.  

Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Энэ хэрэг нь олон жилийн хугацаанд шалгагдсан. Лхагвабаяр гэх мөрдөгчид байх хугацаанд тухайн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн. Битүүмжилсэн учраас бичиг баримтыг хурааж аваад эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдсан. Ахлах мөрдөн байцаагч Банзрагч гэх хүн энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаад шилжсэн. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч Отгонсэлэнгэд тээврийн хэрэгслийн бичиг баримт, түлхүүрийг хүлээлгэж өгсөн. Энэ асуудлыг анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн. Шүүх хуралдаан дээр хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нар яллагдагчаар татагдаад байсан хэрэг бүртгэлтийн явцад 8.500.000 төгрөг, 2.000.000 төгрөгийг төлсөн. Шүүх хуралдаанаас завсарлага аваад хохирлыг төлсөн байдаг. С.Э нь гэмт хэрэг үйлдэж олсон 14.000.000 төгрөгөөр “Тоёота акуа” маркын тээврийн хэрэгслийг авсан, уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байгаа. Шүүх хуралдааны үеэс шүүгч “тухайн үед 14.000.000 төгрөгөөр худалдан авсан тээврийн хэрэгсэл” байна гэхэд хохирогч “хохиролдоо тооцоод авъя” гэсэн зүйлийг хэлсэн. Г.Ш, С.Э, Н.Т нар мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугийн талаар маргаагүй. Бүгд 14.000.000 төгрөгийг хүлээн авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Батмөнх гэх хүний талаар гэмт хэргийг удаашруулах зорилгоор ярьсан. Гэхдээ гэм буруугийн талаар шүүх хуралдаан дээр маргаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа Болормаа өмгөөлөгчийн зүгээс Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт хүсэлт гаргасан. Уг хүсэлтдээ “тээврийн хэрэгслийн гэрчилгээг хохирогчид шилжүүлж өгөөч” гэсэн байдаг. Мөн хохирогч “.....” ХХК-ийн төлөөлөгч З.Т “уг тээврийн хэрэгслийг манай компанид шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүх хуралдаанаар хэлэлцээд шийдвэр гарсан тохиолдолд прокурор шийдвэр гаргах эрх байхгүй учраас хүсэлтийг хангахаас татгалзсан. Прокурорын зүгээс анхан шатны шүүхэд гаргасан саналыг хүлээж аваагүй, шүүгдэгч Ц.Ээд 4 жил, С.Э, Н.Т, Г.Ш нарт 2 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Хөрөнгө орлогыг хураан авах албадлагын арга хэмжээний талаар гаргасан шийдвэр нь үндэслэлтэй. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гурван тээврийн хэрэгслийг 30.000.000 төгрөгөөр үнэлсэн. Шүүгдэгч бүрээс тус бүр 7.500.000 төгрөг гаргуулж улсын орлогод хураахаар шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж заасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.  

 Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Ц.Э, С.Э, Н.Т, Г.Ш нарт холбогдох 1808057770166 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.    

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

1. Шүүгдэгч Ц.Э нь Ж.Б-тэй бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 03 цагаас 04 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Булгийн 20 тоот хашаанд байрлах С.Я-ийн эзэмшлийн чингэлэгт нэвтэрч 100 кг хунчир гэх эмийн ургамлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас С.Я-д 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            хохирогч С.Я-ийн “...өөрийн контейнер дээр очиход хаалга нь хагас онгорхой, цоожийг нь таслагчаар эвдсэн байсан. Дотор нь ороод үзэхэд ... 20 ширхэг ногоон өнгийн уутанд савласан 2016 онд хувь хүнээс 100 килограммыг 500.000 төгрөгөөр худалдаж авч байсан “Хунчир” эмийн ургамал алга болсон байсан. ...” (1хх 63-65),

Ц.Эийн хэргээ хүлээн мэдүүлсэн “... 2018 оны 12 дугаар сарын дундуур Б ах ...хамт юманд яваад ирье гэсэн. Б-ийн машинтай тахилтын уулаар даваад 61-ын гармын тэр хавьд нэг айлын гадаа хашааны үүдэнд очсон. Б өөрөө хашаа давж орсон. Дотроос нь шуудайтай эд зүйл шидээд, ...машиндаа ач гэсэн. Нийт 20 гаран шуудайтай зүйл ачсан. ...” гэх мэдүүлэг (1хх 134-136) гэсэн мэдүүлгүүд,

             хунчир эмийн ургамлыг 1.500.000 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан (1хх 98-100),

            Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Булгийн 20 тоот хашаанд байх чингэлгийн цоожийг эвдэж хулгай орсон гэх гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх 23-26) зэргээр,

2. Ц.Э, С.Э, Г.Ш, Н.Т нар нь бүлэглэн, урьдаас үгсэн тохиролцож 2019 оны 3 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор 22-81 УНӨ улсын дугаартай "Хьюндай Коунтери" маркийн автобус, 07-20 УНЭ улсын дугаартай "Ниссан Караван" маркийн микробус, 47-53 УБУ улсын дугаартай Тоёота Приус 20" маркийн тээврийн хэрэгсэл зэргийг ашиглан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах аж ахуйн хашаан дахь чингэлгийн цоожийг эвдэн, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч З.Т-ийн эзэмшлийн 1 кг нь 50.000 төгрөгийн үнэ бүхий 2.214 тн дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, З.Т-д 110.700.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь:

            2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 22-ын товчооны зам дагуу аж ахуйн нэгж байгууллагын хашаанд байх чингэлгийн цоожийг эвдэлж, дотор нь байсан дэрэвгэр жиргэрүү ургамал хулгайд алдагдсан байна гэх гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (2 хх 155), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 хх156-160, 2 хх163-177),

            хохирогч “.....” ХХК-ийн төлөөлөгч З.Т-ийн “...Би “Даяд Трейдинг’ ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай. Манай компани байгалийн ховор ургамлыг түүж бэлтгэх тусгай зөвшөөрлийг зохих журмын дагуу авч, дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг түүж бэлтгэсэн. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Ч.Р-ийн хашаанд чингэлэгт нийт 6 тонн 965 кг дэрэвгэр жиргэрүү ургамлыг буулгасан. ...2019 оны 3 дугаар сарын 28-наас 2019 оны 3 дугаар сарын 29-нд шилжих шөнө хулгай орж, манай компанийн түүж бэлтгэсэн дэрэвгэр жиргэрүү ургамал хулгайд алдагдсан. Цагдаагийн байгууллагаас хүмүүс ирж шалгахад тухайн чингэлэгт 50 кг-ын шуудайтай 24 ширхэг, том оврын тааран шуудайтай 56 ширхэг, нийт 80 ширхэг шуудайтай 2 тонн 951 кг хэмжээтэй ургамал үлдсэн байсан. ...1 килограммыг нь 55.000 төгрөгөөр үнэлэхэд нийт 121.770.000 төгрөгийн хохирол учирсан байна. ...” (3 хх15-17 ), “...бэлнээр 18.245.000 төгрөг, үүн дээр 7.336.000 төгрөг, нийт 25.581.000 төгрөгийн хохирол барагдсан. Нийт 110.700.000 төгрөгийн хохирлоос хасаад 85.119.000 төгрөгийн хохирол барагдаагүй байна. ...” гэх мэдүүлэг (6 хх158),

            гэрч Сүн Жи Жиэ /БНХАУ-ын иргэн Sun овогтой Zhijie/-ийн “...Zhang Han-ы зуучилж танилцуулснаар 2199 кг хэмжээтэй дэрэвгэр жиргэрүү гэх шар өнгийн шуудайтай, нийллэг материалтай барааг Yang Han худалдан авч, миний түрээсийн хашаанд 1-2 хоног түрээсэлж байлгаад хэдэн төгрөг өгье гэхээр нь зөвшөөрөөд тавиулсан. ...Энэ барааг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 20.00 цагийн үед улсын дугаарыг нь санахгүй байна, цэнхэр, цагаан өнгө орсон, чингэлэгтэй буюу амбаартай ачааны машин, нөгөөдөх нь жижиг суудлын цагаан өнгийн машинтай 7-8 Монгол эрэгтэй залуучууд ирж хоёр машинаас буулгаад 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Yang Han /Ян хань/ болон Li /Ли/ гэх хоёр Хятад хүн очоод авсан юм шиг байна лээ. ...2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Цагдаагийн газраас намайг дуудахаар нь очихоосоо өмнө би Yang Han /Ян хань/-ы утас руу залгаж “над руу цагдаагаас залгасан, ямар учиртайг нь мэдэхгүй байна, чиний бараа ямар нэгэн зөрчилтэй байсан юм уу” гэж асуусан чинь Yang Han /Ян хань/ “би энэ барааг хэргээр худалдаж аваагүй, санаандгүй худалдаж авсан” гэж хэлсэн. ...Нэг килограммыг нь 50.000 төгрөгөөр бодож худалдаж авсан гэж Zhang Han /Жан хань/ надад хэлсэн. ...” (3 хх 27-30, 34-36),

             гэрч Zhang Han /БНХАУ-ын иргэн/-ийн “...2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр үдээс хойш Болороо гэх эмэгтэй над руу залгаж “эмийн ургамал авах Хятад хүн байвал олж өгөөч” гэж хүсэхээр нь би энэ талаар Сүн Жи Жиэ-д хэлэхэд уг эмийн ургамлын дээжийг харах хүсэлт тавиад Болормаа нь манай ажил дээр авчирсан. Атга хэрээтэй хатсан байдалтай, модорхог эд зүйл байхаар нь зургийг нь дарж Сүн Жи Жиэ-гийн ви чатаар явуулсан. ...2019 оны 3 дугаар сарын 29-ний орой 20-21 цагийн орчимд Сүн Жи Жиэ болон Монгол Улсын иргэн Т.Гуатөгсийн Хаан банкны дансанд ургамлын мөнгийг шилжүүлсэн. Би Гуатөгсөд хандаж “Сүн Жи Жиэ-гээс явуулсан мөнгөнөөс 690.000 төгрөгийг суутгаад, үлдсэнийг нь Болормаагаас ирүүлсэн дансанд хуваагаад шилжүүлээрэй” гэж хэлэхэд Гуатөгс бүх мөнгийг шилжүүлсэн. ...” (3 хх43-45, 46-49),

            гэрч Ч.Батбаатарын “...2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр би Болд гэх залуугийн хамт “County” маркийн автомашиныг угаасан. Тус машин нь хүн тээвэрлэх зориулалттай жижиг оврын автобус байсан. Бид хоёр зөвхөн дотор талыг нь угаасан. ...Машиныг угаах явцад баруун талын цонхны доогуур нарийхан, гарын хурууны чинээ урт ургамлын үндэс шиг зүйл харагдаж байсан. Би бүгдийг нь автомашины тоос соруулагчаар соруулсан. ...” (3 хх52),

            гэрч Ч.Рэнцэнгийн “...2019 оны 3 дугаар сарын 29-ний өглөө гэртээ манаач Цэцэгээ над руу утсаар залгаж “нөгөө чингэлэгт дахин хулгайч орчихлоо” гэсний дагуу яваад очиход цагдаагийн бүрэлдэхүүн ирчихсэн үзлэг хийж байсан. Би энэ талаар уг чингэлэгт дэрэвгэр жиргэрүү ургамлыг хийж хадгалуулж байсан Тэмүүлэнд гар утсаар мэдэгдсэн. ...” гэх мэдүүлэг (3 хх60-61),

            гэрч П.Одончимэгийн “...2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр манай гэрт байхад Болормаа надад хандаж “дэрэвгэр жиргэрүү ургамал байдаг юм, энэ ургамлыг манай найз Т зарах гээд байгаа юм, би Тг Хятад иргэдэд холбон өгч дэрэвгэр жиргэрүү ургамлыг зарах гэж байгаа, энэ ажил бүтвэл найзад нь 3.000.000 төгрөг орж ирэх юм, тэр мөнгөнөөс 1.000.000 төгрөгийг чамд өгнө” гэж ярьсан. Тэгээд цаасан дээр миний 5077180918 дугаартай дансыг бичиж аваад манай гэрээс явсан. ...Болормаа гаднаас нөхөр Анхбаярын хамт орж ирээд Хаан банкны өөрийн 5063415451 дугаартай данс руу 1.900.000 төгрөг, дараа нь Т гэх нэртэй хүний 5006907812 дугаартай данс руу 22 цаг 28 минутад 10.000.000 төгрөг, 22 цаг 32  минутад 5.000.000 төгрөг, 22 цаг 34  минутад 2.000.000 төгрөг, 22 цаг 55 минутад 1.000.000 төгрөгийг тус тус хийлгэсэн. Маргааш нь дахин Т гэх хүний данс руу 750.000 төгрөгийг 10 цаг 16  минутад шилжүүлсэн. Одоо миний дансанд найз Болормаагийн үлдэгдэл мөнгө байгаа. Нөгөөдөр нь манай гэрт найз Болормааг ирэхээр нь үлдэгдэл мөнгөө авах уу гэж асуухад байж бай, дараа авна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (3 хх64-65, 67-68),         

            гэрч Ч.Баярсайханы “...Т миний төрсөн эгч Нэргүйн хүүхэд байгаа юм. Ш-ын гэр нь манай хажууханд байдаг болохоор таньдаг. 22-81 УНӨ улсын дугаартай “Hyundai County” маркийн бага оврын автобус нь миний төрсөн ах Атарсайханы эзэмшлийн автобус  юм. ...1 дүгээр хороололд гэртээ ирээд байж байхад шөнө 00 цагийн үед Т над руу залгаад “та ирээд жаахан юм зөөгөөд өгөөч, хүний юм байгаа юм, би сайн мэдэхгүй байна, хөлс мөнгийг нь өгнө, Толгойт өртөөний баруун талд шатахуун түгээх станц байгаа, тэнд хүрээд ир” гэхээр нь би автобустай яваад очтол Т “Ниссан караван” маркийн ачааны микро шиг машинтай, Э, Э гэдэг хоёр залуу нь цагаан өнгийн “Приус-20” маркийн машинтай явцгааж байсан. Цагаан өнгийн “Приус-20” маркийн автомашиныг дагаад яв гэхээр нь би араас нь дагаад явтал төв засмал замаас ертөнцийн зүгээр баруун салаад, блокон хашаа дагаж урагшаа эргээд, чигээрээ хашаагаа дагаж  яваад эргээд зогстол хашааны гадна цагаан цайвар шуудайтай зүйлс овоолсон байсан.  Э, Э, Ш, Т нар нөгөө шуудайтай зүйлүүдийг миний жолоодож явсан автобус болон Тгийн жолоодож явсан машинд ачсан. ...Т утсаар яриад “та гараад ирээч” гэхээр нь гараад очтол өчигдрийн явж өгсөн ажлын хөлс шүү гээд 500.000 төгрөг өгсөн. ...Яагаад шөнө зөөгөөд байгааг нь ойлгоогүй. Машинд багтахгүй байна, та яваад өгөөч гэхээр нь л явж өгсөн. ...” (3 хх73-75),

            гэрч Н.Б-ийн “...Би өөрийн 81-43 УНЧ улсын дугаартай “Хино ренжер” маркийн 5 тонны бүхээгтэй машинаар Саппорогийн урд талын 44 барилгын барилгын зах дээр зогсож ачаа ачдаг. 2019 оны 3 дугаар сарын 29-нд 17 цагийн үед зогсоол дээрээ ачаа ачих зорилгоор зогсож байтал “Соната-6” маркийн машин ирж зогсоод, махлаг, 27-30 орчим насны эрэгтэй хүн бууж ирээд намайг “ачаа ачих уу” гэхээр нь “хаанаас, хаашаа, ямар хэмжээтэй, юу ачих юм бэ” гэж асуусан чинь тэр залуу “100 гаруй шуудай гахайны тэжээл байгаа, Ханын материалаас ачаад Моносын уулзварын тийшээ буюу 10 буудлын тэр хавьд буулгана” гэж хэлсэн. Бид хоёр хөлсөө тохироод, 150.000 төгрөгөөр ачна гэж хэлсэн чинь миний утасны дугаарыг тэмдэглэж аваад явсан. Үүнээс хойш 1 цаг гаруйн дараа над руу залгаад “чамаар ачаагаа ачуулахаар боллоо, Ханын материалын хуучин давхар “Дүүхээ” дэлгүүрийн өмнө ирээд ярьчих” гэж хэлэхээр нь би шууд хөдлөөд оч гэсэн газар нь очоод утсаар ярьтал 10 гаруй минутын дараа надтай уулзсан залуу явган алхаж ирээд миний машинд суугаад “Дүүхээ” төвийн урд талын гудамжаар явж байгаад зүүн гар тийш эргэж эхний хаалгаар нь хойш ухарч орон амбаар шиг зүйлээс 5-6 тооны залуучууд бүдэг ногоон өнгийн нийллэг материалан шуудайтай зүйл ачсан. Би тухайн үед машин дотроо сууж байсан болохоор юу ачиж байсныг мэдэхгүй. Мөн хашаанд байсан жижиг оврын автобуснаас шуудайтай зүйл буулгаж ачаад байсан. Тэндээсээ ...Моносын уулзвараар урагш эргээд автобус-2 бааз руу эргэдэг уулзвараар баруун эргэж 200-300 метр яваад замынхаа урд талд хүрэн өнгийн гүйдэг хаалгатай хашаагаар орж, урагшаа нарийн гудамж шиг замаар яваад “Г” хэлбэрийн байшингийн өмнө зогссон. Бор өнгийн хаалганы өмнө буулгаад намайг явж бай гэсэн. ...” (3хх 77),

            гэрч Н.Ариунцэцэгийн “...”Тоёота коровн” маркийн 61-96 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. ...Би Тг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан талаар мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг (3хх 82),

            гэрч Д.Атарсайханы “...Би өөрийн 22-81 УНӨ улсын дугаартай “Хьюндай Кванты” маркийн жижиг оврын автобусыг Сайнбаяр гэх хүнээс 8.000.000 төгрөгөөр худалдаж авсан. 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр дүү Баярсайхан 15 цагийн үед манай гэрт ирээд “манай эхнэр салаад явчихлаа, би хүүхэдтэйгээ 1 дүгээр хороололд байр хөлслөх гээд нүүх хэрэгтэй байна, та автобусаа өгөөч, гэрээ нүүлгэчээд орой авчраад өгье” гэхээр нь машинаа өгөөд явуулсан. Орой 21 цагийн үед ирэхгүй байхаар нь утсаар нь ярихад “нөгөө орох байрны хүн нь ирээгүй байна” гэж хэлэхээр нь “тэгвэл маргааш өглөө эрт аваад ирээрэй” гэж хэлсэн. Миний автобусны одоогийн зах зээлийн үнэ 12.000.000 төгрөг гэж байна. ...” гэх мэдүүлэг (3хх 87-88),

            гэрч Ж.Оюунхандын “Тухайн үед Хаан банкны миний карт нөхөр Шд байсан. Ш миний картын дугаар, мобайл банкны кодыг мэддэг. Мөнгө орж ирсэн талаар надад мессэжээр мэдээлэл ирэхээр нь гайхаад хүн андуурсан байх гэж бодоод нөхөртөө хэлэхэд нөхөр дүү Төгсөөгөөс зээлж авсан гэж хэлэхээр нь би итгэсэн. ...Би гэмт хэргийн замаар мөнгө орж ирсэн гэдгийг мэдээгүй. ...” (8 хх94),

            гэрч Т.Цэцэгийн “...2019 оны 3 дугаар сарын 29-ний өглөө манай нөхөр босож гадаа гарснаа эргэж орж ирээд нөгөө өмнө нь хулгай орсон контейнерт дахиад хулгай орсон юм шиг байна, хаалга нь онгорхой байна гэхээр нь би гараад харсан чинь хашаанд байрлуулсан байсан чингэлгүүдийн ертөнцийн зүгээр баруун талаасаа хоёр дахь чингэлэгт буюу өмнө нь хулгай орсон чингэлэгт хулгай орсон байхаар нь шууд цагдаа дуудаад үзлэг хийлгэсэн. ...” (3 хх100-101),

            гэрч А.Батмөнхийн “...2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр танил болох Т гэх залуу над руу залгаад “жаахан юм зөөгөөд ажил хийгээд өгөөч” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд 18 цагийн үед гэрт нь яваад очтол Тгийн хашаанд том оврын “Хено” маркийн ачааны машин орж байсан. Соном /Ш/, Т, өөр хоёр нас тогтсон ах болон мөн Э гэж хүн байсан. Тэд нийлж байгаад Тгийн хашаанд буусан байсан ургамал мэт шар шуудайтай эд зүйл байсныг машинд ачаад бид Сонсголон захын зүг явж байгаад бор жижиг гүйдэг хаалгатай хашаа руу ороод машинаас ачсан эд зүйлсийг буулгаад хужаа нарт өгөөд байсан. ...Санзай гэх хүн надад 500.000 төгрөг өгөхөд Т “Санзай ахаа 500.000 төгрөг нэмээд өгчих” гэж хэлсэн чинь надад 500.000 төгрөг нэмж өгөөд, надад бэлэн 1.000.000 төгрөг өгсөн. Тэгээд яг буугаад явах гэж байх үед Санзай гэх хүн “ахын дүү хэл амаа мэдээрэй, урт хэл хүзүү ороох болно шүү” гээд нэлээн дарамтлах маягийн хэлсэн. Би тэр өгсөн мөнгийг ерөөсөө үрээгүй байгаа. Яагаад гэвэл надад жаахан сэжигтэй санагдсан. ...” (3 хх124-125),

            гэрч Т.Болормаагийн “...2018 оны 11 дүгээр сарын дундуур байх, БНХАУ-ын иргэн Zhang Han над руу залгаж “дэрэвгэр жиргэрүү зарж байгаа хүн байна уу, дээрх эмийн ургамал байвал над руу холбогдоорой, би авна шүү” гэж хэлэхэд нь би хүмүүсээс асууж өгье гэж хэлсэн. ...Саяхан арваад хоногийн өмнө Соном /Ш/ над руу залгаж “байгалийн ургамал болох дэрэвгэр жиргэрүү авдаг хүн чинь байгаа юу” гэж асуухаар нь орой Zhang Hang-тай холбогдож дэрэвгэр жиргэрүү авах уу гэхэд би эргээд залгая, хүнээс асууя гээд гар утсаа тасалчихсан. ...Т, Соном  нар Zhang Han-д таньдаг хятад иргэдэд 3 тонн орчим дэрэвгэр жиргэрүү хүргэж өглөө гэж ярихад Zhang Han нь надад 2 тонн 200 кг дэрэвгэр жиргэрүүг 1 кг-г 50.000 төгрөгөөр тооцож, 110.000.000 төгрөг болсон. Би дээрх мөнгийг авахаар Тгээс ирүүлсэн гурван хүний данс, дээрээс нь өөрийн үеэл эгч болох Одончимэгийн дансыг Zhang Han-д явуулсан. ...Т бид хоёр хоорондоо гар утсаараа үгсэн тохиролцож, 1 килограмм тутмыг 42.500 төгрөгөөр зарж борлуулсан гэж хэлсэн. Тэгээд зөрүү мөнгө 16.500.000 төгрөг болсноос тал мөнгө буюу 8.250.000 төгрөгийг Одончимэгийн данснаас шилжүүлсэн. Одоо үлдэгдэл мөнгө нь миний мөнгө байгаа юм. ...” (3 хх132-134, 136-138 ),

            гэрч Т.Гуатөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 29-ний орой ажил тараад харих гэж явж байхад Zhang Han над руу яриад “орой болоод банк хаасан байна, Хятадаас мөнгө авах гэсэн юм, чиний данс руу хийчих үү” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд надад нэлээд мөнгө орж ирсэн бөгөөд 30 орчим минутын дараа надад Zhang Han 4 хүний дансны дугаар мессежээр явуулаад тэнцүү 4 хувааж хийгээд үлдсэн мөнгийг нь өөртөө байлгаж байгаарай гэсэн. Тэгээд би хэлсэн мөнгийг нь АТМ-ээс дөрөв хувааж нөхрөөрөө хийлгүүлсэн. Үлдсэн мөнгийг нь маргааш нь Zhang Han өөрөө надаас шилжүүлж аваад дуусгасан. ...” (8 хх160) гэх мэдүүлгүүд,

            Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “...Дэрэвгэр Жиргэрүү (Saposhnikovia divaricata Schischkin 1951) зүйл нь ургамлын экологи-эдийн засгийн (БОАЖ-ын сайдын 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А-282 тушаалын хавсралтаар) одоогийн үнэлгээгээр 1 кг нь 50.000 төгрөг байна. /...” гэх шинжээчийн дүгнэлт (3 хх193),

            “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Ц-1269 дугаартай “...Дэрэвгэр Жиргэрүү /Saposhnikovia divaricata Schischkin/ 2214 кг хатааж боловсруулсан ургамлын үнийг 110.700.000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (3 хх200-202),             

            2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 11 шуудай 146 кг 720 гр, 20 шуудай 282 кг, 350 гр ургамлыг хохирогч З.Т-д хариуцуулахаар өгсөн тухай тэмдэглэл (2 хх239) зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.   

Шүүгдэгч Ц.Эийн Ж.Б-тэй бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан, хохирогч С.Я-ийн эзэмшлийн чингэлэгт нэвтэрч 100 кг хунчир гэх эмийн ургамлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн үргэлжилсэн үйлдлээр С.Э, Г.Ш, Н.Т нартай бүлэглэн, урьдаас үгсэн тохиролцож, тээврийн хэрэгсэл ашиглан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах аж ахуйн хашаан дахь чингэлгийн цоожийг эвдэн, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч “.....” ХХК-ийн эзэмшлийн 2.214 тн дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг хулгайлан авч 110.700.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “...тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч;...”, 2.3-т заасан “...их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж;...”, 2.4-т заасан “...учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж...” гэсэн  хүндрүүлэх шинжүүдийг,

шүүгдэгч С.Э, Г.Ш, Н.Т нарын Ц.Этэй бүлэглэн, урьдаас үгсэн тохиролцож, тээврийн хэрэгсэл ашиглан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах аж ахуйн хашаан дахь чингэлгийн цоожийг эвдэн, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч “.....” ХХК-ийн эзэмшлийн 2,214 тн дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг хулгайлан авч 110,700,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “...тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч;...”, 2.3-т заасан “...их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж;...”, 2.4-т заасан “...учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж...” гэсэн  хүндрүүлэх шинжүүдийг тус тус бүрэн агуулсан байна.

Ц.Э, С.Э, Г.Ш, Н.Т нарын үйлдлүүдийг зүйлчилсэн анхан шатны шүүхийн хэргийн зүйлчлэл зөв ба Эрүүгийн хуулийг хууль зүйн үндэслэлтэй хэрэглэсэн байна.

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан хорих ялаас:

шүүгдэгч Ц.Ээд 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний урьд гэмт хэрэг үйлдэж 4 удаа ял шийтгүүлж байсан хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршигт,

шүүгдэгч Г.Ш, Н.Т нарт тус тус 2 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь тэдний урьд гэмт хэрэг үйлдэж 2 удаа ял шийтгүүлж байсан хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь улмаас учирсан хохирол, хор уршигт,

шүүгдэгч С.Эд 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулсан нь түүний гэмт хэргийнхээ улмаас учруулсан хохирлыг арилгаагүй хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь улмаас учирсан хохирол, хор уршигт болон шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн арга, нийгмийн аюулын хэр хэмжээнд тохирсон байна. Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч нарт оногдуулах ялын хэмжээ, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн шийдэрлэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзжээ.

Иймд шүүгдэгч нарт оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.  

Хохирогч С.Я, З.Т нарт учирсан хохирлын төлбөрийг хэрэгт байгаа баримтаар үндэслэлтэй тооцож, шүүгдэгч Ц.Э, С.Э нараас гаргуулан шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл, бусад эд зүйлс зэргийг эд мөрийн баримтад тооцохоор хуульчилсан.

Гэмт хэргийн эд мөрийн баримтад хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, этгээдийг илрүүлэх, тэдгээрийн гэм бурууг нотлох, эсхүл үгүйсгэхэд ач холбогдол бүхий эд зүйлс хамаарах бөгөөд шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэхдээ эд мөрийн баримтыг хэрхэх асуудлыг шийдвэрлэдэг тул шүүхийн шүүгдэгч С.Эын гэмт хэрэг үйлдэж олсон орлогоороо худалдан авсан гэх Toyota Aqua маркийн 58-46 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг үнэлгээг тогтоон хохирогчийн хохиролд шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл болох машин механизм ашиглан үйлдэх нь тухайн гэмт хэргийг олуулаа бүлэглэн үйлдэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, эд зүйлүүдийг бусад этгээдээс нууцаар зөөж тээвэрлэх зэргээр гэмт хэргийн улмаас учрах хохирлыг ихэсгэхэд шууд нөлөөлдөг тул түүнийг таслан зогсоох, цаашид ийм аргаар гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, мөн машин механизм ашиглан гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тээврийн хэрэгслийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор, хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт  хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулахаар заасан.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Э, С.Э, Г.Ш, Н.Т нарын хулгайлах гэмт хэргийг урьдчилан тохиролцон бүлэглэн үйлдэхдээ ашиглаж, гэмт хэргийн газраас хулгайн эд зүйлсийг зөөн тээвэрлэсэн, иргэн М.Сайнбаярын өмчлөлийн “Hyundai County” маркийн, “Шинэ хотын цамхаг” ХХК-ийн өмчлөлийн “Nissan Caravan” маркийн, иргэн Ц.Цэрэндоржийн өмчлөлийн “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслүүдийн үнэлгээ болох 30,000,000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулан шийдвэрлэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний талаарх зохицуулалтыг зөв хэрэглэсэн байх ба энэ талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иймд давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Шын өмгөөлөгч О.Баяраа, шүүгдэгч С.Эын өмгөөлөгч Н.Болормаа, шүүгдэгч Н.Тий өмгөөлөгч Б.Чинбат нарын гаргасан “...шийтгэх тогтоолын 8 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1 дэх хэсэгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэн оногдуулсан ялын хэмжээг багасгаж, хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.  

Шүүгдэгч Ц.Э, С.Э, Н.Т, Г.Ш нар нь 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл нийт 99 хоног тус бүр цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/701 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Шын өмгөөлөгч О.Баяраа, шүүгдэгч С.Эын өмгөөлөгч Н.Болормаа, шүүгдэгч Н.Тий өмгөөлөгч Б.Чинбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э, С.Э, Н.Т, Г.Ш нар нь 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл тус бүр нийт 99 /ерэн ес/ хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  О.ЧУЛУУНЦЭЦЭГ

              ШҮҮГЧ                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

              ШҮҮГЧ                                                          Д.ОЧМАНДАХ