Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 0252

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

        Улсын яллагч Л.Оюунтуяа

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул         

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг

         Шүүгдэгч Х.Дэмбэрэлтүмэд нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Дэмбэрэлтүмэдэд холбогдох эрүүгийн 201714000209 тоот хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

          1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

          Монгол улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат баг Манханы 12-27 тоотод оршин суух, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнссэн хянан харгалзсан гэх Чүлтэм овогт Хуягбаатарын Дэмбэрэлтүмэд /РД: УП95120713/

 

          2.Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

          Шүүгдэгч Х.Дэмбэрэлтүмэд нь урьд нь 2017 оны 03 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн Ундрагын 9-10 тоотод оршин  суух А.Доржцэдэвийн байшингийн цонхоор нэвтрэн орж DELL маркын зөөврийн компьютер хулгайлан 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч А.Доржцэдэвийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... “Би 2017 оны 03 сарын 15-ны өдөр гэртээ байж байгаад өөрийнхөө эзэмшлийн нөтбүүкээ үзэх гэсэн чинь алга болсон байсан. Тэгээд хажуу талынхаа айлаас манай гэрээс нөтбүүк маань алга болсон байна, манай гэр орноор орж гарсан хүн амьтан байгаа юу гэсэн чинь Дэмбэрэлтүмэд гэх залуу танайхыг сураад явж байсан гэж хэлэхээр нь Дэмбэрэлтүмэдийг сэжиглэж цагдаагийн байгууллагад хандсан юм. Би Дэмбэрэлтүмэдтэй ямар нэгэн харьцаа холбоо байхгүй, Дэмбэрэлтүмэдийн гэр нь манай гэртэй ойрхон байдаг болохоор танилцсан юм” гэсэн мэдүүлэг. /х/х-н 15 хуудас/

 

2. Гэрч Г.Гансэргэлэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... “Би 2017 оны 03 сарын 18-ны өдөр гэж санаж байна. Тухайн өдөр Дэмбэрэлтүмэд нь орж ирээд зөөврийн компьютерийн цэнэглэгч байна уу надад олоод өгөөч гэхээр нь манай гэрт байхгүй байна, чи юу ч гэсэн манай гэрт үлдээчих би чамд цэнэглэгч олоод цэнэглээд өгье гэсэн чинь за гэж хэлээд үлдээсэн юм. Тэгээд би город уруудаж явахдаа цэнэглэгч хайсан боловч хайгаад олоогүй. Тэгээд Дэмбэрэлтүмдэд цэнэглэгч олдохгүй юм байна гэж хэлээд буцаагаад өгсөн юм. Тэгээд тэр өдрийн орой нь Дэмбэрэлтүмэд манай гэрт ирээд нөгөө зөөврийн компьютероо барчихсан нэг цэнэглэгчийн хамт манай гэрт орж цэнэглэсэн юм. Тэгээд би Дэмбэрэлтүмэдээс чи уг зөөврийн компьютерийн хаанаас авсан талаар нь асуусан чинь би энийг хүнээс 150 000 төгрөгөөр худалдан авсан юм гэхээр нь ахын дүү чи үүнийг ойрдоо хэрэглэхгүй юм бол надад 150 000 төгрөгөнд зарчих гэсэн чинь би ч яг 150 000 төгрөгөнд аваагүй хүмүүстэй тоглож байгаад хожиж авсан юм гэхээр нь тэгвэл чи ахдаа зарчих гэж хэлээд гуйсан чинь тэг тэг гэж хэлээд 100 000 төгрөгөнд авахаар болоод эхлээд 35 000  төгрөгийг нь бэлнээр өгсөн юм. Тэгээд байж байтал хоёр гурав хоногийн дараа миний гар утас руу цагдаагийн хүн залгаад хулгайн компьютер худалдаж авсан байна гэхээр нь цагдаа дээр очоод уулзсан юм. Тэгээд би Дэмбэрэлтүмдэд өгсөн 35 000 мянган төгрөгөө эргүүлж аваад зөөврийн компьютерийг нь буцаагаад өгсөн” гэсэн мэдүүлэг /х/х-н 18 хуудас/

 

         3. Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /х/х-н 6,13 хуудас/

 

  1. Эд зүйлийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт. /х/х-н 8-р хуудас/

 

          5. Шүүгдэгч Х.Дэмбэрэлтүмэдийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2017 оны 03 сарын 15-ны өдөр Доржцэдэв ахын хажууд байдаг айлд очоод Доржцэдэв гуайг асуухад байхгүй байгаа гэсэн. Тэгээд орой нь ирж хашааг нь давж ороод байшингийнх нь цонхоор ороод нөтбүүк авсан. Тэр нөтбүүкээ 03 дугаар сарын 18-нд Гансэргэлэн гэдэг ахад үлдээгээд гэр рүүгээ явсан. Маргааш нь Гансэргэлэн ахад 100 000 төгрөгөөр зарахаар тохирч эхэлж 35 000 төгрөг авсан. Доржцэдэв гуайг сайн танихгүй. Өөр хулгайн үйлдэл байхгүй. Намайг цэргээс ирэхэд аав маань өнгөрсөн байсан. Тэгээд би нэг хэсэг архинд орсон. Согтуу байхдаа хэрэг хийсэн байсан. Энэ айлд орохын өмнө таньдаг ахтайгаа 1 шил архи уусан байсан. Нөтбүүк зарсан 35 000 төгрөгөөр архи авч уусан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж хулгай хийхгүй” гэсэн мэдүүлэг болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоол /х/х-н 42-44-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

          Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Дэмбэрэлтүмэд “мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж, ойлгож байна” гэв.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг санал дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй. Шүүгдэгчид 2002 оны Эрүүгийн хуульд заасны дагуу ял шийтгэл оногдуулж, тус хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар өмнөх шийтгэл тогтоолоор оногуулсан ялыг багтааж эдлэх ялыг тогтоож,тэнсэж хянан харгалзах боломжтой” гэв.

 

         Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Х.Дэмбэрэлтүмэд нь 2017 оны 03 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн Ундрагын 9-10 тоотод оршин  суух А.Доржцэдэвийн байшингийн цонхоор нэвтрэн орж DELL маркын зөөврийн компьютер хулгайлан 600 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.Доржцэдэвийн мэдүүлэг, гэрч Г.Гансэргэлэнгийн мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирлын үнэлгээ, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

          Орхон аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.       

 

          Шүүгдэгч Х.Дэмбэрэлтүмэд нь тус шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд дээрх үйлдсэн гэмт хэрэг нь уг шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдэгдсэн байх тул түүнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3.т заасныг баримтлан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

          Энэ хэргийн улмаас хохирогч А.Доржцэдэвд 600.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд DELL маркийн зөөврийн компьютерийг буцаан өгсөн тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

 

          Шүүгдэгч Х.Дэмбэрэлтүмэд нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 41 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

          Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

           1.Шүүгдэгч Чүлтэм овогт Хуягбаатарын Дэмбэрэлтүмэдийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Х.Дэмбэрэлтүмэдийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар шүүгдэгч Х.Дэмбэрэлтүмэдэд оногдуулсан 2 жилийн хорих ялд Орхон аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг багтаан биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоосугай.

                       

            4.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дэмбэрэлтүмэдэд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

                       

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Дэмбэрэлтүмэдийн цагдан хоригдсон 41 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

            6. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Х.Дэмбэрэлтүмэдэд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

            7.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

           

            8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Дэмбэрэлтүмэдэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.   

 

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                               Ц.АЛТАНГАДАС