| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Гэрэлт-од |
| Хэргийн индекс | 135/2014/00356/и |
| Дугаар | 135/ШШ2014/01104 |
| Огноо | 2014-12-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2014 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 135/ШШ2014/01104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2014/00356/И
Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Гэрэлт-Од би даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... аймаг, .... сум, ... баг, ... хороолол, ... байр ... тоотод оршин суух, М овогт Ш-ийн А /РД: ..., Утас: ...-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ... аймгийн ... сумын ... баг, ... тоотод оршин суух, У овогт Х-гийн Б /РД: ..., утас: .../-д холбогдох
14,300,000 төгрөг гаргуулах, 2014 оны 9-р сарын 7-ны өдрийн Машин механизм худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.А, түүний өмгөөлөгч Д.О, хариуцагч Х.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 оны 07 сараас эхлэн иргэн Бтай хамтран ажилласан. Би 12.300.000 төгрөг нэхэмжилж байгаа юм. Бид 2 хамтран ажиллахдаа тоног төхөөрөмжүүдээ яг тэнцүү хөрөнгө мөнгөө гарган худалдаж аваад 2014 оны 11 дүгээр сар хүртэл ажиллаж байхад Тусгай зөвшөөрөл байхгүй гээд цагдаа нар ажиллуулаагүй. Тэгээд уурхайгаа хаагаад Б бүх тоног төхөөрөмжүүдээ өөртөө авч үлдсэн.Тэрнээс хойш энэ зун Б ганцаараа ажилласан. Одоо экскаваторын үлдэгдэл 3 сая төгрөг, дизель хөдөлгүүрийн тал үнэ 2.800.000 төгрөг, экскаваторын соёны тал үнэ 3.500.000 төгрөг, ковшны дугуйны үнэ 2.500.000 төгрөг, шланк, кабель, гномны тал үнэ 500.000 төгрөг нийтдээ 12.300.000 төгрөг Б-аас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. Мөн 2014 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр экскаватор миний нэр дээр байх хэрэгтэй байна гээд гэрээ хийхдээ 3.000.000 төгрөг өгнө гэж хийсэн мөртлөө энэ мөнгөө өгөөгүй тул дүр үзүүлэн хийсэн гэрээ гэж үзэж гэрээг хүчингүй болгож өгнө үү, нэхэмжлэл гаргахдаа тооцоог буруу хийснээс 14.300.000 төгрөг гээд бичсэн байна лээ, 12,300,000 төгрөг...гэв.
Хариуцагч Х.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Анх бид 2 хамтран ажиллах гээд бүх төхөөрөмжүүдээ нийлж авсан нь үнэн. Гэхдээ экскаваторыг 280.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Үлдэгдэл 60.000.000 төгрөгийг 2014 оны 04 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулна гэж тохиролцсон боловч би 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 47.300.000 төгрөгийг төлөөд дараа нь үлдэгдэл 9.700.000 төгрөгийг А-од өгсөн. Усан бууг А авсан болохоор би 2.000.000 төгрөгийг экскаваторын үнэ болгож өгсөн. Харин 1 сая төгрөгийг усан буу эвдэрсэн байхаар нь би хүнээр засуулаад хөлсөнд нь өгсөн. Би холбогдох бүх материалаа нотлох баримтаар өгсөн. Тэгээд хамт ажиллаж байхдаа олсон орлогоо яг тэнцүү хувааж авдаг байсан. Ковшны дугуйны үнэ болох 2.500.000 төгрөгийг төлөх боломжгүй. Яагаад гэвэл анхнаасаа ковш 4 дугуйтай байсан. А бид 2 ашиглаж байгаад муудахаар нь шинээр дугуй авсан. Анх ажил эхлэхэд дизель хөдөлгүүр хэвийн ажиллаж байсан, ажиллах явцад эвдэрсэн, ажилаа явуулахад зайлшгүй хэрэгтэй байсан учраас 5,5 сая төгрөгөөр худалдаж авсан, тог үүсгэгч эвдэрснийг А өөрөө мэдэж байгаа, Харин үлдсэн тоног төхөөрөмжүүдийг зарахаар нь мөнгийн хувааж авъя гэж тохиролцсон. 2 дахь гэрээг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Яагаад гэвэл өөрийн зохих үнийн дүнгээ төлсөн. Мөн бид 2 хүнээс 35.000.000 төгрөг зээлээд зээлийн хүү 15.000.000 төгрөгийг би төлсөн. Бас ажилчдын цалин хөлс гээд олон асуудал байгаа. Уг нь ийм юм ярих шаардлага байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 262-р зүйлд заасан зээлээр худалдах худалдан авах, Иргэний хуулийн 476-р зүйлд заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн болох нь тэдгээрийн хооронд 2014 оны 7-р сарын 03-ны өдөр байгуулагдсан машин механизм зээлээр худалдах худалдан авах гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ш.А нь зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 3,000,000 төгрөг, хамтран ажиллах явцад худалдан авсан, засварласан техник тоног төхөөрөмжийн үнэ: дизель хөдөлгүүрийн тал үнэ 2.800.000 төгрөг, экскаваторын соёоны тал үнэ 3.500.000 төгрөг, ковшны дугуйны тал үнэ 2.500.000 төгрөг, шланк, кабель, гномны тал үнэ 500.000 төгрөг, нийт 12,300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, талуудын хооронд 2014 оны 9-р сарын 7-ны өдөр байгуулагдсан машин механизм худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Машин механизм зээлээр худалдах, худалдан авах гэрээг зохигчид бичгээр үйлдэж гарын үсэг зурсан байх ба талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн дүүрэн тусгагдсан гэж үзэх үндэстэй байна. Уг гэрээгээр нэхэмжлэгч Ш.А нь хариуцагч Х.Б-д С-аас оруулж ирсэн ... улсын дугаартай, шар өнгийн, Хьюндэй маркийн экскаваторыг 280,000,000 төгрөгөөр худалдах, урьдчилгаа 150,000,000 төгрөгийг 2013 оны 6-р сарын 1-ний өдөр, 70,000,000 төгрөгийг 2013 оны 7-р сарын 03-ны өдөр тус тус төлсөн болохыг дурьдаж, үлдэгдэл 60,000,000 төгрөгийг 2014 оны 09-р сарын 01-ний өдөр төлөх, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа тээврийн хэрэгслийн гэрчилгээг худалдан авагчид шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. Хариуцагч Х.Б 2014 оны 09-р сарын 06-ны өдөр 47,300,000 төгрөг, мөн 9-р сард 9,700,000 төгрөг нийт 57,000,000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй, хариуцагч Х.Б экскаваторын үлдэгдэл 3,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй, усан буу худалдаж авах, засварлахад 3,000,000 төгрөг оруулсан учраас экскаваторын үнэд оруулж тооцно, төлөх үндэслэлгүй гэж маргажээ.
Хариуцагч Х.Б нь экскаваторын үнэд усан буу худалдаж авах, засварлахад 3,000,000 төгрөг төлсөн гэх боловч дээрхи төлбөрийг экскаваторын үнэд тооцох талаар холбогдох нотлох баримт ирүүлээгүй байх тул төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Талуудын хооронд 2014 оны 9-р сарын 7-ны өдөр байгуулагдсан машин механизм зээлээр худалдах худалдан авах гэрээнд дээр дурьдсан экскаваторын худалдах үнийг 10,000,000 төгрөгөөр гэж тохиролцон, төлбөрийг 2014 оны 9-р сарын 7-ны өдөр төлж барагдуулсан гэсэн боловч уг гэрээг экскаваторын эзэмшигчийн гэрчилгээг Х.Б-ы нэр дээр шилжүүлэх зорилгоор өмнөх гэрээний үргэлжлэл гэж үзэж хийсэн болох нь гэрч Б-ны мэдүүлэг, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Х.Б экскаваторын төлбөрт 257,000,000 төгрөг төлсөн, 3,000,000 төгрөгийг хамтран ажиллах хугацаанд усан буу худалдан авахад 2 сая төгрөг, усан бууг засварлахад 1 сая төгрөг оруулсан гэх боловч дээрхи төлбөрийг экскаваторын үнэд оруулан тооцсон нь тогтоогдохгүй байх тул үлдэгдэл 3 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна гэж үзэв.
Экскаваторын үнийн үлдэгдэл төлбөр 3 сая төгрөгийг Х.Б-аас гаргуулахаар шийдвэрлэж байгаа, дээрхи гэрээг үндэслэн 2014 оны 9-р сарын 8-ны өдөр экскаваторыг Х.Б-ы нэр дээр бүртгэсэн байх тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй байна.
Зохигчид 2013 оны 7-р сараас 2013 оны 11-р сар хүртэл хугацаанд алт олборлон ашиг олох зорилгоор хуулийн этгээд байгуулахгүйгээр уул уурхайн үйл ажиллагаа явуулж, үйл ажиллагаа явуулахдаа ашиг алдагдлаа тэнцүү хуваан, хамтран ажиллах гэрээ амаар байгуулан ажиллаж байхад нь уул уурхайн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй үндэслэлээр эрх бүхий байгууллагаас үйл ажиллагааг нь зогсоосон, хамтран ажиллах гэрээний харилцаа дээрхи үндэслэлээр дуусгавар болсон болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, бусад баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 476-р зүйлийн 476.2-д ... хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно гэж заасан тул зохигчид бичгээр гэрээ байгуулаагүй нь хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэл болохгүй байна.
Хамтын ажиллагааны явцад С улсаас 6,700,000 төгрөгөөр экскаваторын соёо, шланк кабель, гномыг 1,000,000 төгрөгөөр худалдан авсан нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй байна.
Дээрхи соёоны үнийг анх нэхэмжлэлд 7,000,000 төгрөг гэж тооцож байсан боловч хэрэг хэлэлцэх явцад зохигчид харилцан ярилцаад тухайн үед С улсаас соёог худалдаж авахад төлсөн үнэ болох 5,000,000 воныг тухайн үеийн ханшаар тооцон 6,700,000 төгрөгөөр худалдан авсан, уг үнээр тооцно гэж тохиролцсон тул соёоны үнийг 6,700,000 төгрөгт тооцон тал үнийг 3,350,000 төгрөг гэж тооцох үндэслэлтэй байна.
Хариуцагч Х.Б дээрхи соёо, шланк, кабель, гномыг зарж борлуулсны дараа тал үнийг Ш.А-од төлнө гэжээ. Соёо, гном, шланк кабель гэх зүйлсийн үнийг хувь тэнцүүлэн хувааж төлсөн, дээрхи зүйлсийг хамтын ажиллагааны явцад шинээр худалдан авсан, одоо соёо, гном, шланк кабель гэх зүйлс Х.Б-ы эзэмшилд байгаа нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 478-р зүйлийн 478.8-д ... ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваана гэж зааснаар соёоны тал үнэ 3,350,000 төгрөг, шланк кабель, гномны тал үнэ 500,000 төгрөгийг хариуцагч Х.Б-аас гаргуулан нэхэмжлэгч Ш.А-од олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн хамтын ажиллагааны явцад ковшны дугуй 2 ширхэгийг 5,000,000 төгрөгөөр, дизель хөдөлгүүрийн тог үүсгэгч 5,600,000 төгрөгөөр худалдаж авсан талаар зохигчид маргаагүй байх ба Х.Б-д дээрхи зүйлүүд үлдсэн үндэслэлээр тал үнэ болох 5,300,000 төгрөгийг нэхэмжилжээ. Хариуцагч Х.Б ... анхнаасаа ковш 4 дугуйтай байсан. А бид 2 ашиглаж байгаад муудахаар нь шинээр дугуй авсан. Анх ажил эхлэхэд дизель хөдөлгүүр хэвийн ажиллаж байсан, ажиллах явцад эвдэрсэн, ажилаа явуулахад зайлшгүй хэрэгтэй байсан учраас 5,5 сая төгрөгөөр худалдаж авсан, тог үүсгэгч эвдэрснийг А өөрөө мэдэж байгаа... учраас төлөх үндэслэлгүй гэж маргажээ.
Ковшыг ашиглаж эхлэх үед 4 дугуйтай байсан, дизель хөдөлгүүр хэвийн ажиллагаатай байсан,ашиглалтын явцад дугуй явцад муудсан учир 2 дугуй авсан, цахилгаан үүсгэгч хэвийн ажиллаж байгаад эвдэрч өөр хүчдэл үүсгүүр авсан нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 478-р зүйлийн 478.11-д зааснаар ... хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцахаар байна. Иймд хариуцагчаас дугуйны тал үнэ 2,500,000 төгрөг, цахилгаан үүсгүүрийн тал үнэ 2,800,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.
Дээрхи үндэслэлүүдээр 14,300,000 төгрөг гаргуулах, 2014 оны 9-р сарын 7-ны өдөр байгуулагдсан машин механизм худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаас экскаваторын үнийн үлдэгдэл 3,000,000 төгрөг, соёоны тал үнэ 3,350,000 төгрөг, шланк кабель, гномны тал үнэ 500,000 нийт 6,850,000 төгрөгийн шаардлагыг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ш.А-ын хүсэлтийн дагуу Сум дундын 7-р шүүхийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжийг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч 70,200 төгрөгийг төлөөгүй байх тул нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56.3, 262-р зүйлийн 262.1, 478-р зүйлийн 478.8, 478.11-д зааснаар Х.Б-аас 6,850,000 төгрөг гаргуулан Ш.А-од олгож, машин механизм худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах болон 5,450,000 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 229,450 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэмэгдүүлсэн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас 124,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД