Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2014 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 135/ШШ2014/01107

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс 135/2014/00379/И

Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ... аймгийн ... сумын ... баг ... байрны .. тоотод оршин суух Э овгийн Д-гийн А /РД:.../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... аймгийн Т.а.з.г-т холбогдох Ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай хэргийг 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Ягаанцэцэгийг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1988 онд ЗХУ-ын Р хотын барилгын ТМС-ийг тоног төхөөрөмжийн засварчин мэргэжлээр төгсч, 1988-1990 онд ардын цэргийн алба хааж, 1993 оны 5 дугаар сараас эхлэн улсад ... Төмөрлөгийн үйлдвэрт гагнуурчин машинист, хайлах цехэд засварчин, хайчны операторчин зэрэг ажлыг хийж байгаад 2007 оны 7 дугаар сард мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас сонсгол муудаж тахир дутуугийн групт орсон юм. 2008 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ... аймгийн Т.а.з.гт диспетчерээр ажилд орсон юм.

Би энэ ажилд орохдоо тахир дутуугийн групт байгаагаа хэлж мэдэгдэн орсон. Тус байгууллага Хөдөлмөрийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д зааснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэний авч ажиллуулна гэсэн үүргийнхээ дагуу намайг ажилд авч ажиллуулсан юм. Би тус байгууллагад ажилд орсноос хойш үүрэгт ажлаа үр бүтээлтэй гүйцэтгэж, орлогын төлөвлөгөө нормоо байнга биелүүлж ирсэн бөгөөд 2009-2010 оны ажлын үр бүтээлээрээ шалгарч байгууллагын аварга болж байсан. Мөн ... аймгийн 50 жилийн ойн медалиар шагнагдаж байсан.

Би ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн сахилгын ямар нэг арга хэмжээ авагдаж байгаагүй, миний бие хэдийгээр сонсголын бэрхшээлтэй байсан ч энэ байдал нь диспетчерийн ажлыг хийхэд саад болдоггүй байсан юм. Тус байгууллага мөн л эрүүл мэндийн шалтгаанаар 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажлаас халж Сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1472 дугаартай шийдвэрээр өмнөх байсан ажилд маань эгүүлэн тогтоосон юм.

Миний бие Шүүхийн шийдвэрийн дагуу өмнөх ажилдаа эргэн орж хөдөлмөрийн гэрээ байгуулан үүрэгт ажлаа алдаа дутагдалгүй гүйцэтгэж байтал 2014 оны 1 дүгээр сарын 06 -ны өдөр ажлаас халах мэдэгдэл өгч, 6 дугаар сарын 04-ний өдөр дахин ажлаас халах мэдэгдэл өгч улмаар 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр ... аймгийн Тээвэр, авто замын газрын даргын 44 дүгээр тушаалаар намайг ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна.

Тус байгууллага намайг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 42.1 39.2 дахь заалтуудыг үндэс болгож Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2014 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ... тоот актаар мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 65 хувь алдсан нь тогтоогдсон болон өөрөө хугацаа тохирч ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул гэсэн үндэслэл заажээ. Миний бие тус байгууллагад анх ажилд орохдоо л хөгжлийн бэрхшээлтэй тахир дутуугийн групт байсан юм. Хэрэв намайг Эрүүл мэндийн хувьд эрхэлж байгаа ажилдаа тэнцэхгүй байгаа бол хөдөлмөр магадлах комиссын эрүүл мэндийн хувьд эрхэлж байгаа диспетчерийн ажилд тэнцэхгүй гэсэн дүгнэлт гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар ажлаас чөлөөлөх байсан. Гэтэл дарга Ж.З нь өөрийн танил талын хүнээ ажилд авахын тулд элдэв шалтаг шалтгаан хайж байнга өргөдлөө өгөөд ажлаас халагд гэсэн шаардлага тавьж намайг байнга сэтгэл зүйн дарамтанд байлгаж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д зааснаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхлэх эрхтэй бөгөөд тухайн байгууллага ч ийм иргэнийг ажилд авах үүрэгтэй байдаг тул шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

...аймгийн Т.а.з.г-ын даргын 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн ... тоот тушаалыг хүчингүй болгож, намайг өмнөх диспетчерийн ажилд маань эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ажлаас халагдсан өдрөөс шүүх хурал болох хүртэл хугацаагаар тооцож Тээвэр, авто замын газраас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай үйлчлүүлэгч Д.А-ыг Т.а.з.г ажлаас буруу халсан тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өмнөх ажилд нь эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин 1.698.837 төгрөгийг гаргуулж олгож өгнө үү. Хөдөлмөрийн тухай хуульд ажлаас чөлөөлөх 2 үндэслэл байдаг ажил олгогчийн санаачилгаар, ажилтны санаачилгаар гэсэн байдаг. Гэтэл 44 дүгээр тушаал хоёрдмол санааг агуулсан хуулийн заалтыг баримталсан байна. Д.А ажлаас халагдах хүсэлтээ өргөдөлдөө дурдаж бичээгүй ажил олгогч байгууллагаас дарамт үзүүлээд байхаар нь ажилдаа ямар нэгэн зөрчил гаргавал би өөрийн биеэр хариуцна гэсэн баталгаа бичиж өгч байсан байна. Ажил олгогч байгууллагын санаачилгаар Эрүүл мэндийн хувьд ажилдаа тэнцэхгүй гэж үзвэл эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлтийг үндэслэн Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан ажлаас чөлөөлөх ёстой юм гэв.

Хариуцагч ... аймгийн Т.а.з.г-ын дарга Ж.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.А нь 2008 оны 6 дугаар сараас Т.а.з.г Б.х шалган нэвтрүүлэх товчоонд диспетчерээр анх ажилд орсон бөгөөд өөрийн нь хэлснээр Төмөрлөгийн үйлдвэрт гагнуурчнаар ажиллаж байгаад 2007 онд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас чих нь сонсголгүй болж груп тогтоолгон ажлаас чөлөөлөгдсөн байна. 2012 оны 11 дүгээр сарын 10 наас 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл өвчний улмаас эмнэлгийн магадлагаа чөлөө авсан зэрэг шалтгаанаар удаан хугацаагаар ажлаа хийгээгүй болно. Манай байгууллагын зүгээс 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Д.А нурууны мэс засал хийлгэсэн, гадаа зогсоо ажил хийдэг учир даарч гам алдахаас сэргийлж дулаан ортол өөрийн нь хүсэлтээр 1 сарын цалингүй чөлөө олгож байсан юм.

Д.А нь бие муутай, цусны даралт ажлын байран дээр удаа дараалан 200-гаас давж ихсэж байсан үүлийн үед сонсгол нь улам муудсаны улмаас жолооч иргэдтэй харилцааны соёлгүй хандаж, иргэд хөдөлмөрчдөөс дүлий хүнийг олон улсын зам дээр ажиллууллаа гэсэн гомдол амаар болон утсаар удаа дараалан ирэх болсноос ТАЗГ-ын даргын зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны хурлаар авч хэлэлцээд Д.Аын эрүүл мэндийн байдлын болон сонсголгүй байдал зам тээврийн хөдөлгөөнтэй байнга харьцдаг асуудал нь цаашид амь насанд нь аюултайгаас гадна тахир дутуу болохыг ч үгүйсгэхгүй талаар нилээд зөвлөлдөж ярилцсаны эцэст Д.А нь өөрийн эрүүл мэндийн байдлаа ойлгож 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаад ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл гаргасан нь байгууллагын бичиг хэргийн ажилтанд хадгалагдаж байгаа болно.

Ингээд ээлжийн амралт өвчний актаа дуусгасан диспетчер Д.А 2014 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгууллагын хүний нөөцийн ажилтан болоод байгууллагын даргатай ирж уулзан намайг ажлаас чөлөөлсөн биз дээ тушаал шийдвэрээ авъя цаашид хот шилжих санаатай болон биеэ эмчлүүлэх талаар ярьсан байдаг юм. Байгууллагын зүгээс Д.А-ыг ажлаас чөлөөлөх тушаал гараагүй байгааг танилцуулан тушаалыг энэ өдрөөс гаргахаар мэдэгдсэн байна. Д.А нь 2014 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын актаар хөдөлмөрийн чадвараа 65-80 хувь алдсан болохыг тогтоосон байна. Өмнөх жил хөдөлмөрийн чадвар алдалтын хувь 60 байсан бол одоо 25 хувиар өссөн нь жил ирэх тусам сонсголын чадвар муу болж байгаа нь нотлогдож байна. Д.А-ыг ажлаас чөлөөлсөн тухай 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 44 дугаартай тушаалыг хуулийн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул Д.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.А нь ажлаас чөлөөлөгдсөнөө хүлээн зөвшөөрөхгүй байсан бол байгууллагаас олгосон ажлаас халагдсаны нэг сарын дундаж цалинтай тэнцэх 448709 төгрөгийг хүлээн авахгүй тус байгууллагад учир байдлаа хэлэх байсан. Ажлаас чөлөөгдөх өргөдлөө өгсөн мөртлөө шүүхэд гомдол гаргаж байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Эрүүл мэндийн дүгнэлтийг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс эрүүл мэндийн хувьд ажилдаа тэнцэхгүй гэсэн дүгнэлтийг гаргадаггүй талаар манай байгууллагад хариу өгсөн. Тиймээс манай байгууллага хөдөлмөрийн хууль болон гэрээ, дотоод журамд заасны дагуу ажлаас чөлөөлсөн тул Д.А-ын өмнөх ажилдаа эгүүлэн тогтоолгох ажилгүй байлгасны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв

ҮНДЭСЛЭХ нь;

Нэхэмжлэгч Д.А нь ... аймгийн Т.а.з.г-т диспетчерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн гаргуулахыг хүсчээ.

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй өөртөө нь тохиролцон хүсэлтийнх нь дагуу эрүүл мэндийн байдлыг нь харгалзан ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2 удаа гардуулан өгсөн. Иймд Д.А-ыг ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад дараах байдал тогтоогдлоо.

Нэхэмжлэгч Д.А-ыг ... аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаартай шийдвэрийн дагуу Тээвэр, авто замын газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 60 дугаартай тушаалаар өмнөх диспетчерийн ажилд эгүүлэн тогтоосон байна.

Ажил олгогч болон ажилтны хооронд тодорхой нөхцөл зааж хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байна.

Нэхэмжлэгч Д.А нь ... аймгийн Т.а.з.гт диспетчерийн ажилдаа эгүүлэн тогтоолгож ажиллаж байх хугацаанд 2014 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр, мөн оны 6 дугаар сарын 04-ний өдрүүдэд Д.А-ыг ажлаас чөлөөлөх мэдэгдлүүдийг өгч 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 44 дүгээр тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. Д.А-ын хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай 44 дүгээр тушаалд хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 39 дүгээр зүйлийн 39.2-т заасныг үндэслэсэн талаар заажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар, эсвэл ажил олгогчийн санаачилгаар цуцлах 2 үндэслэлийг заажээ.

Гэтэл хариуцагч Т.а.з.г-ын даргын 44 дүгээр тушаалд Д.А-ыг мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 65 хувь алдсан нь тогтоогдсон болон өөрөө хугацаа тохирч ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон цуцалсугай гэжээ.

Д.А-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан дээрх тушаалын үндэслэлээс дүгнэлт хийж үзвэл ажил олгогч ... аймгийн Т.а.з.г-ын дарга нь Д.А-ыг Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийн хувьд сонсгол муу байгаа нь ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй байна гэсэн талаар Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын дүгнэлт гараагүй байхад ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Д.А нь сонсгол муу талаар тогтоолгосон боловч уг ажлыг 2008 оноос хийж гүйцэтгэж байсан нь тогтоогдож байна. Д.А нь Хөдөлмөрийн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т зааснаар өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан нь тогтоогдохгүй, Д.А нь ажилдаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргавал өөрийн биеэр хариуцна гэсэн баталгаа гаргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор , хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байх тул Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-ийн а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу буруу халсан буюу буруу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасны дагуу Д.Аын цалин хөлсийг хариуцагч байгууллагаас гаргуулах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл болон түүнтэй холбогдох бусад шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагч ... аймгийн Тээвэр авто, замын газраас 41500 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.А-ыг ...аймгийн Т.а.з.г-ын диспетчерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1.659.180 төгрөгийг гаргуулж Д.А-од олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар Д.А нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар ... аймгийн Тээвэр, авто замын газраас 41500 төгрөгийг гаргуулж төрийн сангийн 190000941 тоот дансанд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч байгууллага энэ шийдвэрийг сайн дураараа эс биелүүлбэл албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БАТТУЛГА