| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2014/00343/и |
| Дугаар | 135/ШШ2014/01125 |
| Огноо | 2014-12-04 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2014 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 135/ШШ2014/01125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2014/00343/И
Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... аймаг ... сум ... баг ... хороолол, ... байр ... тоотод оршин суух, М овгийн Ч-ын Т /РД..., утас .../-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ... аймаг Д-У.с ХК /утас ... /-д холбогдох Д-У.с ХК-ын гүйцэтгэх захиралын 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн ...тоот Шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ... тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, Усан хангамжийн албаны 2 дугаар өргөгчийн машинистийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О/өмгөөлөх эрхийн дугаар 0620/ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь Д-У.с ХК-д 2005 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс Усан хангамжийн албаны машинистаар орж ажиллаад 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр захирлын ... дугаартай тушаалаар 9 жил ажиллаад ажлаасаа халагдсан. Анх ажилд орохдоо би усан хангамжийн машинистын 2 дугаар зэрэгтэй ажилд орж байсан бөгөөд өнөөг хүртэл ажиллахдаа байгууллагаас зохион байгуулдаг жил бүрийн сургалтанд хамрагдаж мэргэжлээ дээшлүүлж зэргээ ахиулж ирсэн. Мөн энэ хугацаанд байгууллагаас өгсөн үндсэн ажлын болон соёл, урлаг спортын чиглэлийн үүрэг даалгаварыг цаг тухайд нь биелүүлж оноогдсон үүрэгт ажлаа алдаа дутагдалгүй гүйцэтгэж ямар нэгэн сахилгын шийтгэлгүй ажиллаж ирсэн. 2013 оны 07 дугаар сараас компаний гүйцэтгэх захирал Э солигдож Р.Э захирал болсон. Шинэ захирал Р.Э нь ажил авсанаасаа хойш Э-гийн хүмүүсийг зайлуулна гэж ярьдаг байсан бөгөөд хамт олны дунд эвгүй уур амьсгал бий болгож эхэлсэн. Энэ байдлаас болж ажилчдын дунд Э-гийн хүн, Э-ын хүн гэсэн талцал бий болж хамт олны эвсэг хамтач байдал алдагдаж, намайг Э-гийн хүн гэж гадуурхах хандлага бий болж ирсэн. 2014 оны 05 дугаар сарын 20-ны үеэр Аймгаас зохиогдсон явган аялалын тэмцээнд манай байгууллага анги салбар бүрээс баг гарган оролцуулж аялал 3 өдөр З.г-д болсон. Аялалын эхний өдрийн орой манай байгууллагын тэмцээнд оролцогчид ихэнх нь архи ууцгаасан. Би тэр орой архи уугаагүй. Маргааш нь би хоёр ажилчныхаа хамт өөр амралт руу яваад ирэхэд аялалд оролцоогүй хангамжийн инженер Э, нярав У, байцаагч О нар ирээд намайг гадуурхаж үг хэл үйл хөдлөлөөрөө доромжилсон. Тэр өдөр тэнд байсан ихэнх хүмүүс архи зохих хэмжээгээр ууцгаасан байсан. Тэнд байсан хүмүүс илтэд намайг гадуурхаж байсан учраас би хэдэн үг Б даргад хэлээд явсан. Аялалаас ирээд өөрийн ээлжиндээ гарч ажиллах байсан. Ангийн дарга инженер хоёр намайг Б даргаас хувиараа уучлалт гуйчих тэгвэл гайгүй өнгөрөөнө гэж байна гэсэн. Би 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр захирлын зөвлөлийн хурлаар орохдоо албан ёсоор зөвлөлийн гишүүдийн өмнө 3 удаа уучлалт гуйсан. Ээлжиндээ ажил үүргээ гүйцэтгэж байтал 15 цагт намайг захирлын зөвлөлийн хурлаар оруулна гэж дуудаж жижүүрийн машинтай ангийн дарга Бя ирж ажлын байрнаас авч яваад хурлаар оруулж, үндсэндээ Э-гийн хүн гэдэг утгаар хандаж, харьцаж хурлаар намайг хэлэлцсэн. Энэ хурал дээр манай албаны дарга Бя, ХАБЭА-инженер Ц.У, миний ажил байдлын талаар ярьж намайг урд өмнө нь ямар нэгэн арга хэмжээ, сахилгын шийтгэл авч байгаагүй талаар хэлж байсан үүнийг удирдлагууд авч хэлэлцэж сонсоогүй. Гэтэл намайг тэр цаг мөчөөс эхлэн ажлаас өөрчилнө гээд ажилд гаргахгүйгээр зогсохгүй, ажлын байрнаас хувцасаа авахыг хориглож аюулт дайсан байгаа мэтээр хандаж харуул хамгаалалтынханд Тыг ажлын байранд нь бүү нэвтрүүл гэсэн үүрэг өгсөн байсан. Энэнд нь би маш их эмзэглэсэн. Энэ байдлын дараа би графикийн дагуу ээлжийн амралтаа аваад 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ажилдаа орохоор очиход миний оронд өөр хүн авсан байсан. Ингээд ажил өөрчлөх болсон тухай мэдэгдлийг Б дарга надад хүүхдээрээ дамжуулан өгсөн. Би 2014 оны 07 дугаар сарын 12-ны өдөр байгууллага дээр ирэхэд дэд захирал Б мэдэгдлийн хариуг бичгээр өг гэсэн шаардлага тавиад хэрэв бичиж өгвөл үдээс хойш ирж тушаалаа ав гэсэн. Хэлсэн цагт нь очиход тушаал гаргаж өгөхгүй гэж хэл амаар доромжилж таагүй хандсан. Дараа нь миний ажлыг дахин өөрчлөх шийдвэр гарч намайг марктенгийн албаны байцаагч бол 45 хоног хот руу сургалтанд яв гэсэнд нь би өвчтэй хараагүй хөлгүй тэргэнцэртэй хүн байнгын асардаг учир олон хоногоор сургалтанд явах боломжгүй гэж хэлэхэд мөн л хүлээн аваагүй. Ажил өөрчлөх болсон тушаал нь албан ёсоор гаргахгүй байсаар 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр буюу хурал болсноос хойш нэг сарын дараа гарсан. Миний ажлын байрыг үл ялих зүйлээр шалтаглан өөрчлөх шийдвэр гарсныг би үндэслэлгүй шийдвэр гэж үзээд эс зөвшөөрч байцаагчийн ажлыг би хийхийг хүсээгүй, ингээд 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр намайг ажил тасалсан, байгууллагын гэрээ болон дотоод журам зөрчсөн гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Энэ талаар би Мэргэжлийн хяналтын газар хандсан. Мэргэжлийн хяналтын газраас шалгаад албан тоот компанид явуулж гаргасан шийдвэр нь буруу байна гэж сануулсан боловч үүнийг манай удирдлагууд авч хэлэлцээгүй. Харин цалин гэж 300.000 төгрөг данс руу хийсэн байсан. Үүнд би гомдолтой байна. Ажлаас өөрийгөө үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа ба энэ байдлаас болоод миний нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөхгүй 8 дугаар сард тасарч, үүний улмаас ажилгүйдлийн тэтгэмж авч чадахгүйд хүрч хохирч байна. Ийм учраас би ажилдаа эргүүлэн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа юм. 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл ажил олгогчийн хууль бус үйлдлээс өөрийгөө ажилгүй байсан гэж үзээд 2 сарын цалин 800.000 төгрөг үүнээс өмнө өгсөн 374.000 төгрөгийг нь хасаад 526.000 төгрөгийг ажил олгогч байгууллагаас гаргуулж авахаар нэхэмжлэл гаргаж байсан. Иймд намайг ажилд эргүүлэн томилуулж ажилгүй байсан үеийн цалин компаниас гаргуулж өгнө үү. Шүүхэд нэхэмжлэл гаргах үедээ цалинг тооцсон. Одоо шүүх хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж байна. Энэ хүртэлхи цалинаа гаргуулна.
Би ажлын байрныхаа тодорхойлолтой маш сайн уншиж танилцсан. Ажлын байрны тодорхойлолтын ... дээр ерөнхий боловсролын мэргэжлийн бэлтгэл туршлагатай болон ур чадвар болон тусгай шаардлага гэж байгаа. Миний ажлын байрны тодорхойлолт дээр бүрэн, бүрэн бус буюу тусгай мэргэжлийн сургууль төгссөн, үндсэн ажлын дадлага туршлагатай, эрүүл мэндийн хувьд зохих шаардлага хангасан хүн гэж байгаа болохоор би өөрийгөө энэ ажлын байран дээр тэнцэнэ гэж бодож байна. У.с-т ажиллаж байгаа хүмүүсийн 80 хувь нь шалгалтаа өгөөд зэргээ аваад ажиллаж байгаа. Э дарга ирснээс хойш хоёр, гурван хүн Улаанбаатар явж сургалтанд суусан байдаг. Байгууллагаас тавьж байгаа шаардлагыг намайг ажилд оруулахгүй гэж ийм шаардлага тавьж байна гэж ойлгож байгаа. Би 9 жилийн хугацаанд дор хаяж 7 удаа энэ сургалтанд хамрагдсан. 7 удаа хамрагдахдаа нэг удаа ч шалгалтандаа унаж үзээгүй. Хамгийн сүүлд 4 дүгээр зэрэг авахдаа байгуулагынхаа хамгийн өндөр оноо болох 93 оноо авсан. Миний оронд орсон хүн анх гуравдугаар зэрэгтэй орж байсан хүн жил хүрэхгүй хугацаанд 5 дугаар зэрэгтэй болчихсон байна. Тэгэхэд манай байгууллагаас нэг удаа сургалт зохион байгуулаагүй. Тэгсэн атлаа яаж энэ хүмүүст зэрэг олгоод байдаг юм бэ. Урьд нь манай байгууллага ажилласан хугацааг нь харж, өгсөн оноог нь харж байж нэг нэг зэргээр ахиулдаг байсан. Одоо манай байгууллга хүний зэрэг ахиулахаараа 2 зэрэг ахиулдаг болсон. 3 дугаар зэрэгтэй хүн шууд 5 дугаар зэрэгтэй, 2 дугаар зэрэгтэй хүн 4 дүгээр зэрэгтэй болоод ажиллаж байна.
Манай байгууллага 2010 оноос хойш Я улсын тусламжтайгаар У.сын усан хангамжинд шинэчлэлт хийсэн. Энэ шинэчлэлт хийхэд хамгийн их үр бүтээлтэй, хамгийн их ажлыг нугалж өгдөг хоёр хүний нэг нь Э, дараагийнх нь бол би. Би энэ төсөлд эхнээс нь орж, хэрэгжээд дуусах хүртэл нь ажилласан. Миний оронд орсон магистр гэж байгаа хүн бичиг үсгийн соёл тайлагдаагүй. Хөдөлмөр хамгаалалын дэвтэр дээрээ ажлаа бичиж чадахгүй хүн магистрын түвшинд байх уу. Төсөл хэрэгжиж байхад тооцоо судалгааг дандаа би гаргаж өгдөг байсан. Тэгэхээр нь би өөрийгөө энэ ажил дээр тэнцэнэ гэж бодож байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Э-гийн хүн гэдэг талаас нь хандаагүй. Манай байгууллагын дотоод журмын 7.2.1 дэх заалтаар тухайн албан тушаалтан албан тушаалын мэргэжлээр тусгай мэргэжил эзэмшсэн байна гэсэн заалт байгаа. Машинч болж байгаа хүн ийм чиглэлээр мэргэжлээ дээшлүүлж гэрчилгээг авах ёстой. Мэргэжлийн гэрчилгээ байхгүй учраас мэргэжлийн бус байна гэж үзэж байна. Дотоод журмын 10.1.9-д зааснаар тухайн хүмүүсийг сэлгэн ажилуулж болно гэж заасан. Үүний дагуу мэргэжлийнх нь дагуу машинчаар энэ хүнийг мэргэжил эзэмшээгүй гэж үзэж, ажлыг нь шилжүүлэн томилоход ажилдаа сар гаран хоног ажилдаа ирээгүй. Тэр байдлаас болж тухайн байцаагчийн ажил доголдсон. Тийм учраас бид бүхэн дотоод журмаа үндэслэн ийм шийдвэр гаргасан.
Манай 2 дугаар өргөх систем гэдэг нь хотыг усаар хангах маш хариуцлагатай газар. Үйл ажиллагаа нь Я улсын засгийн газрын тусламжаар бүрэн тоноглогдсон Дархан хотыг усаар гангаж байгаа онцгой обьект. Ийм учраас бид нар мэргэшсэн байхыг шаардаж байгаа. Ч.Т-ын оронд ажилд орсон хүн инженер, магистр хүн. Анх 4 дүгээр зэрэгтэй гэж захирлын зөвлөлөөр шийдсэн байсан. Андуурч тушаал нь гарсан учраас 3 дугаар зэрэгтэй гарсан байсныг сүүлд нь залруулж өгсөн.
Хамгийн гол нь мэргэшсэн байна. Тухайн компани ажилчдын санал хүсэлтээр байх уу. Бид нар эрх бүхий хууль тогтоомжийн дагуу асуудлыг шийдсэн. Нотлох баримт байгаа Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мэргэжлийн сургууль төгсөж сертификат авна. Ажлын байрны тодорхойлолт анхных. Төсөл хэрэгжсэнээс хойш үүнд тавигдах шаардлага арай өөр болох ёстой. Ажлын байрны тодорхойлолтонд өөрчлөлт ороогүй байна. Өмгөөлөгчийн хэлж байгаагаар энэ хүнд урьдчилж мэдэгдээгүй гэж байна. Энэ ажлыг хийнэ, хийхгүй, чи ингэж ажил гэж маргасаар байгаад энэ тушаалыг гаргасан. Мэдээгүй байхад нь тушаал өөрчилсөн асуудал байхгүй. Өөрт нь мэдэгдэж байсан гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Ч.Т нь Д-У.с ХК-ийн гүйцэтгэх захиралын 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн ...тоот Шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ... тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, Усан хангамжийн албаны 2 дугаар өргөгчийн машинистийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Д-У.с ХК-д хологдуулан гаргасаныг дараахь үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Ч.Т нь Д-У.с ХК-ийн усан хангамжийн албаны 2-р өргөгчийн машинистаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилтан байна.
Хариуцагч ажил олгогч Д-У.с ХК-ийн гүйцэтгэх захиралын 2014 оны 09 дүгээр сарын 09 -ны өдрийн ... тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40.1.4 дүгээр заалт, Компанийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.4, 10 дугаар зүйлийн 10.1.6, 10.1.9, 11 дүгээр зүйлийн 11.14-т зааснаар 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон Ч.Тыг ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.
2014 оны 09 дүгээр сарын 09 -ны өдрийн 1/125 тоот тушаалд ажилтан Ч.Тыг ажлаас чөлөөлж буй үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдлөмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн, байгууллагын дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.4 ажилтан хөдөлмөрийн сахилгыг ноцтой зөрчсөн, 11.14 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ээлжийн амралт, хувийн болон эмчийн чөлөө, завсарлагааны цагаас хэтэрсэн, чөлөө зөвшөөрөлгүй 4 цагаас дээш хугацаагаар ажилдаа ирээгүй, ажлын цагаас хожимдсон, эрт тарсан, ажлын байраа орхиж явсан, ажлын цагийг үр дүнгүй өнгөрөөсөн, зэрэг тохиолдолд ажил тасалсанд тооцно гэснийг баримтласан байна.
2014 оны 09 дүгээр сарын 09 -ны өдрийн 1/125 тоот тушаалын үндэслэл болж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор гаргасан гэх ноцтой зөрчилийг ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тухайлан нэрлэж заахыг хууль шаардах бөгөөд талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний /6 дугаар заалт/ хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл тохиолдолийг дурьдахдаа /6.9/ хөдөлмөрийн харилцаа зогсоохоор ноцтой зөрчил гаргасан гэж тусгасан ч ажлын байрны онцлог, эрхэлж буй албан тушаалтай нь холбогдуулан тусгайлан заагаагүй байхаар байна.
Мөн гэрээнд /6.11/ хулгай хийх, хийхийг завдах,үйлдэл дээрээ баригдах,ажилдаа ирэх болон ажил үүргээ гүйцэтгэж явахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ноцтой зөрчил гаргавал гэж тодорхойлсон бөгөөд ажилтан Ч.Тын хувьд дээрхи ноцтой зөрчил гаргасан эсэх нь тогтоогдохгүй байна.
Хариуцагч ажил олгогч Д-У.с ХК-ийн гүйцэтгэх захиралын 2014 оны 08 дугаар сарын 11 -ний өдрийн ...тоот Шилжүүлэн ажиллуулах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дугаар зүйлийн 24.1, 130 дугаар зүйлийн 130.1, Компанийн дотоод журмын 1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 2 дугаар зүйлийн 2.9, 3 дугаар зүйлийн 3.1, 10 дугаар зүйлийн 10.1.9-д зааснаар 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон Ч.Тыг ажлаас нь чөлөөлж, мэргэжлийн ажил болох Маркетингийн албаны байцаагчаар ажиллуулахаар томилсон байна.
Ажил олгогч ажлын байрыг өөрчилж буй үйлдэлээ хөдөлмөрийн дотоод журмын /10.1.9/ компанийн ажлын зайлшгүй шаардлагаар ажилтнуудын ажлын байрыг өөрчилөх, шилжүүлэн томилох ажлыг тушаалаар баталгаажуулан хийнэ гэсний дагуу, мэргэжлийн бус учраас үүрэгт ажлаас нь чөлөөлж мэргэжлийн дагуу ажилд томилсон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Ажил олгогч Д-У.с ХК нь ажилтан Ч.Тыг усан хангамжийн албаны 2 дугаар өргөгчийн машинистийн албан тушаалд тухайн ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон тухай тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан эсэх, тушаалд энэ талаар дүгнэлт хийн, хуулийн зохих заалтыг баримтлаагүй, энэ тохиолдолд ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцлах тухайгаа нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ ажил олгогч биелүүлээгүй байна.
Мөн ажилтны нөгөө ажлын байранд шилжүүлэн ажиллуулж байгаа боловч тушаал эрх зүйн тодорхой үр дагаварыг авчирахын хувьд уг тушаалд баримтласан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил буюу ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлтэй тохирч байх, мөн ажилтан Ч.Тыг усан хангамжийн 2 дугаар өргөгчийн машинистийн ажлын байрыг өөрчилөн маркетингийн албанд байцаагчаар ажиллуулах тохиолдолд хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл өөрчилөгдөх тул өмнөх хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж, шинэ ажлын байранд дахин хөдөлмөрийн гэрээ байгуулагдах ёстой байна. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхээ хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан хөдөлмөрийн хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна гэж үзэхээр байна.
Иймд Ч.Тыг усан хангамжийн албаны 2 дугаар өргөгчийн машинистийн албан тушаалыг өөрчилсөн, хөдөлмөрийн гэрээ цуцалсан Д-У.с ХК-ийн ерөнхий захиралын 2014 оны 09 дүгээр сарын 09 -ний өдрийн ... тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал үндэслэлгүй тул түүнийг усан хангамжийн албаны 2 дугаар өргөгчийн машинистийн албан тушаалд эгүүлэн томилж 2014 оны 08 дугаар сарын 11-нээс 2014 оны 12 дугаар сарын 04 хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 1 400 000 төгрөгөөс түүнд олгосон 300 000 хасаж тооцон 1 100 000 төгрөгийг Д-У.с ХК-аас гаргуулан олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ч.Тыг ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шийдвэрлэсэн тул ажил олгогч ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож даатгуулагчийг ажилдаа эргэж орсоноос хойш хуульд заасан хугацаанд нэг удаа даатгалын зохих санд төвлөрүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийхийг мэдэгдэж байна.
Нэхэмжлэгч Ч.Т нь ажил олгогч Д-У.с ХК-ийн гүйцэтгэх захиралын 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн ...тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дугаар зүйлийн 24.1, 130 дугаар зүйлийн 130.1, Компанийн дотоод журмын 1 дүгээр зүйлийн 1.2,1.3, 2 дугаар зүйлийн 2.9,3 дугаар зүйлийн 3.1, 10 дугаар зүйлийн 10.1,9-д зааснаар 2014 оны 08 дугаар сарын 11-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлж, мэргэжлийн ажил болох Маркетингийн албаны байцаагчаар ажиллуулах болсон тушаалын талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар ажилтан ажлаас буруу халагдсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах эрхийн дагуу шүүхэд гомдол гаргах сүүлийн хугацаа болох 9 дүгээр сарын 11-нээс өмнө ажил олгогч 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ... тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн, энэ талаархи гомдолоо шүүхэд 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан байна.
Ажлаас үндэслэлгүй халагдсан тухай нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх иргэний хэрэг, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх хуулийн зохицуулалттай тул түүний нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, Д-У.с ХК-иас нэхэмжлэлийн хангасан дүн болох 1.100.000 төгрөгт тохирох тэмдэгтийн хураамжийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулах үндэслэлтэй байна.
Иргэнийхэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасныг баримтлан Ч.Тын нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нь Д-У.с ХК-ийн гүйцэтгэх захиралын 2014 оны 08 дугаарс арын 11-ний өдрийн ...тоот Шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ... тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, Усан хангамжийн албаны 2 дугаар өргөгчийн машинистийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин 1 100 000 төгрөгийг Д-У.с ХК-аас гаргуулан Ч.Тд олгосугай.
3. Ч.Тын ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож даатгуулагчийн ажилдаа эргэж орсоноос хойш хуульд заасан хугацаанд нэг удаа даатгалын зохих санд төвлөрүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийх учрыг Д-У.с ХК-д мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Д-У.с ХК-иас тэмдэгийн хураамж 30,950 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, нэхэмжлэгч Ч.Т Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул түүний Худалдаа Хөгжлийн Банкинд 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж Ч.Тд олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ