| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2022/05703/И |
| Дугаар | 183/ШШ2023/01875 |
| Огноо | 2023-06-07 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2023/01875
| 2023 оны 06 сарын 07 өдөр | Дугаар 183/ШШ2023/01875 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э нэхэмжлэлтэй
Хариуцагч: А ХХК-д холбогдох
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, алданги 18,300,150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б,
Хариуцагчийн өмгөөлөгч О.В,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Э нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, алданги 18,300,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А ХХК-д холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Д.Э би А ХХК-ийн хэрэгжүүлж буй нутаг дэвсгэрт баригдах таун нэртэй орон сууцны хотхоноос орон сууц захиалан бариулахаар тохиролцож тус компанитай 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Орон сууц захиалгын гэрээгээр тус орон сууцны 11 давхрын 1108 тоот хаягт байрлах 36.97 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 990,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож, нийт 36,600,300 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд А ХХК-ийн Голомт банкны тоот дансанд бэлэн бусаар шилжүүлж би гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Дээрх Орон сууц захиалгын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т гүйцэтгэгч нь 1.1-д дурдсан барилгыг чанар сайтай барьж 2020 оны хоёрдугаар улирал дотор багтаан бүрэн ашиглалтад оруулснаар захиалагчид хүлээлгэн өгч, захиалагчид өмчлөх эрхийг бүрэн шилжүүлсэн байх үүрэгтэй гэж заасан хэдий ч гүйцэтгэгч А ХХК нь өнөөдрийг хүртэл орон сууцыг ашиглалтад оруулаагүй байна. Гэрээний хугацаа хэтэрснээс хойш захиалагч би гүйцэтгэгчийг гэрээнд заасан үүргээ богино хугацаанд чанартай гүйцэтгэхийг удаа дараа шаардсан ч гүйцэтгэгч компани үүргээ биелүүлээгүй болно. Улмаар гүйцэтгэгч компани нь надад 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Орон сууцны захиалгын үнэд өөрчлөлт оруулах тухай албан бичгээр ...гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулж тантай байгуулсан гэрээний 1 м.кв талбайн үнэ 990,000 төгрөгийг 800,000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 1,790,000 төгрөг болгох болсныг үүгээр мэдэгдэж байна гэх мэдэгдлийг ирүүлснийг миний бие эс зөвшөөрч бусад захиалагч нарын хамтаар гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй гэдгийг гүйцэтгэгч компанид бичгээр мэдэгдсэн. Орон сууц захиалгын гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т Монгол улсын хэмжээнд эрчим хүч, түлш, шатахуун, барилгын үндсэн материал /Жич: цемент, арматур, төмөр, тоосго, хөнгөн блок, бетон зуурмаг, сантехникийн турба, гадна ханын материал гэх мэт/-ын үнэ гэрээ байгуулах үеийнхээс 15 хувиас дээш өссөн тохиолдолд гүйцэтгэгч тал үнийн өөрчлөлтийн талаар мэдэгдэж, гэрээний үнэд өөрчлөлт оруулах эрхтэй. /энэ заалт 100 хувь бэлэн төлөлт хийсэн захиалагчид хамаарахгүй болно заасны дагуу гэрээний үнэд өөрчлөлт орох үндэслэлгүй тул гүйцэтгэгчийг гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж энэ нэхэмжлэлийг гаргаж байна. Мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т хэрэв гүйцэтгэгч гэрээний 3.1-д заасан хугацаанд захиалагч талд орон сууцыг хүлээлгэн өгч, түүнд өмчлөх эрхийг шилжүүлэн өгөөгүй тохиолдолд 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алдагийг захиалагчид төлнө гэж заасны дагуу гүйцэтгэгч компаниас алдангид 1 хоногийн 36,600 төгрөг, нийт хугацаа хэтрүүлсэн 500 хоногийн алданги 18,300,150 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Д.Э нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлага болох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, алданги болох 18,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь байрлалтай хариуцагч А ХХК-ийн хэрэгжүүлж буй барилга болох таун хотхоноос орон сууц захиалан бариулахаар харилцан тохиролцож, 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн орон сууцны захиалан бариулах гэрээг байгуулсан байдаг. Энэхүү гэрээгээр орон сууцны 11 давхарын 1108 тоотод хаягт байрлах 36.97 м.кв талбайтой 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 990,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож, нийт 36,660,300 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлсөн. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар орон сууцыг чанар стандартад нийцүүлэн 2020 оны 2 дугаар улиралд захиалгачид орон сууцыг хүлээлгэн өгөхөөр тохиролцож гэрээг байгуулсан гэтэл үүрэг гүйцэтгэгч тал энэ үүргээ биелүүлээгүй байгаа. Энэ үүргээ биелүүлээгүй атлаа 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр орон сууцны 1 м.кв талбай үнийг 800,000 төгрөгөөр нэмэгдүүлж 1,790,000 төгрөг болгохоор мэдэгдэлийг хүргүүлсэн байдаг. Манай талаас энэ мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас маргаан үүсэж шүүхэд хандсан. Орон сууц захиалгын гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар Бараа материалын үнэ өсөх юм бол гэрээнд зааснаас 15 хувиар өссөн тохиолдолд гүйцэтгэгч тал өөрчлөгдсөн талаар мэдэгдэж, гэрээнд өөрчлөлт оруулах эрхтэй, энэ заалт нь 100 хувийн эргэн төлөлт хийсэн хүмүүст хамааралгүй болно гэж заасан байдаг. Гэрээнд 100 хувийн төлөлт хийсэн гэж заасан байгаа учраас гэрээнд өөрчлөлт оруулах нь үндэслэлгүй. Мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар орон сууцны хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн бол орон сууцны хүлээлгэн өгөөгүй хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор заасан гэтэл орон сууцны өмчлөх эрхийг зохих ёсоор хүлээлгэн өгөөгүй байх тул алданги болох 18,300,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү, гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн тоот орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Манай талаас орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь тухайн орон сууцыг 2019 оны 6 дугаар сараас барилгын ажлын төслийг эхлүүлсэн. Манай талаас 7.2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн боловч 2020 оны 01 дүгээр сараас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ковид-19 цар тахал гарснаар хил хаагдаж, хорио цээрийн дэглэм тогтоож, барилгын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй болсон. Хорио цээрийн улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт ажлаа явуулахад хүнд болж, зам болон хил хаагдаж, бараа материал хомсдолд орсон. Бид нар анх тохиролцсон үнээр гэрээг хийхдээ хүнд нөхцөл байдал гарна гэж тооцлоогүй. Барилгын материалын үнийг тухайн гэрээ байгуулах үеийн ханшаар тооцсон байсан учраас гэрээнд зааснаас өөр нөхцөл байдал үүссэж, барилгын үйл ажиллагааг явуулахад материалын зардал өссөн учраас 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үнэ өсөх мэдэгдэлийг Д.Э хүргүүлсэн байгаа. Энэ мэдэгдлийг анх өгөхдөө бүх захиалагч нарын үнийг 1,790,000 төгрөгөөс дээш болгохгүйгээр 700,000-800,000 төгрөгийг нэмж, гэрээ байгуулахаар мэдэгдэл хүргүүлсэн. Манай талаас анх гэрээг байгуулахдаа орон сууцны 1 м.кв 990,000 төгрөгөөр худалдаасан бол гэрээнд өөрчлөлт оруулж, 800,000 төгрөгөөр өөрчлөлт оруулж байгаа талаар мэдэгдсэн боловч Д.Э хүлээн зөвшөөрөөгүй. Ингээд талуудад маргаан үүсэж, нэхэмжлэгчид өгсөн мэдэгдлийг манай талаас 1 м.кв үнийг 200,000 төгрөгөөр бууруулж, 7,930,000 төгрөгийг нэмээд өгвөл гэрээний үүргээ дуусгавар болгож, орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх саналыг нэхэмжлэгчид гаргасан боловч саналыг мөн хүлээн аваагүй. Иймд манай талаас нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх боломжгүй байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох алдангийг 2020 оны 1 дүгээр сард үүссэн. Ковид-19 цар тахалын нөлөө үүсэж, төрийн эрх бүхий байгуулагын шийдвэрээр сургууль цэцэрлэг болон олон нийтийн газруудыг хааж, 10 дээш хүн ажилуулахгүй байх нөхцөл байдалд шилжиж, барилгын ажлыг хугацаанд дуусгах боломжгүй болсныг батлах баримтуудыг Худалдаа аж үйлдвэрийн танхимд хүргүүлснээр 2022 онд Худалдаа аж үйлдвэрийн танхимаас гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд өртсөн байна гэж үзэж гэрчилгээг олгосон. Мөн 2023 онд Хүнд нөхцөл байдлын үнэлгээгээр нийгэм эдийн засгийн болон барилгын материалын хомсдол үүссэн байна гэдгийг нотлож гэрчилгээ олгосон. Ийм нөхцөл байдал үүссэнийг гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т, Иргэний хуулийн 222 дугаар зүйлд зааснаар алдангийг тооцох боломжгүй гэж үзэж байна, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч А ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, алданги 18,300,150 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шүүх хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 190806/01 дугаартай, орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр гүйцэтгэгч А ХХК нь Улаанбаатар хот, нутаг дэвсгэрт баригдаж буй таун нэртэй үйлчилгээтэй 128 айлын орон сууцны цогцолбор хотхоны 11 давхарт 1108 тоот хаягт байрлах 36,97 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2020 оны 02 дугаар улиралд ашиглалтад оруулж, захиалагч Д.Эн өмчлөлд шилжүүлэх, захиалагч нь 1 м.кв талбайг 990,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож, нийт 36,600,300 төгрөгийг гүйцэтгэгчид төлөхөөр харилцан тохиролцжээ.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарах ба гэрээ хүчин төгөлдөр болсон байна.
Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Нэхэмжлэгч Д.Э нь гэрээ байгуулсан өдөр буюу 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 36,600,300 гүйцэтгэгч А ХХК-нд төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /х.х -12 тал/
Гэрээний зүйл болох орон сууцны барилга нь ашиглалтад орж, хариуцагч нь нэхэмжлэгчид орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгч, нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлж хэлэлцэн тохирсон хөлсийг бүрэн төлсөн талаар маргаагүй тул хариуцагч А ХХК нь хөлсийг төлсөн нэхэмжлэгчийн өмчлөлд орон сууцыг шилжүүлэх үүрэгтэй болно.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч А ХХК-иас гэрээний үндсэн үүргийг биелүүлэхийг шаардах, улмаар үүргээ биелүүлээгүйгээс гэрээнд заасан нэмэлт үүргийг шаардах эрхтэй хэдий ч хариуцагч тал гэрээний үүргээ хугацаандаа биелүүлэх боломжгүй нөхцөл үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар болон талуудын тайлбараар тогтоогдож байна.
Тодруулбал, нутаг дэвсгэрт баригдаж буй таун-1 128 айлын орон сууцны цогцолбор хотхон нь 2020 оны 11 сард 80 хувийн гүйцэтгэлтэй баригдаж, улмаар дотоод заслын ажлыг гүйцэтгэх явцад Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдож, улс орны эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас барилгын салбар уналтад орж, хөрөнгө санхүү удааширсантай холбоотой үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, түүнчлэн дээрх нөхцөл байдал нь А ХХК-ийн үйл ажиллагаанд нөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан Монгол Улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force majeure/-ийн гэрчилгээ, Хүнд нөхцөл байдал /Hardship/-ын гэрчилгээ болон барилгын бусад компаниудаас ирүүлсэн албан бичиг зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан ба хариуцагч А ХХК-ийг буруутай гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч Д.Эн шаардсан алдангийг шүүх хэрэгсэхгүй болгох нь зүйтээ гэж дүгнэлээ.
Иймд Д.Э Улаанбаатар хот, Смарт таун-1 үйлчилгээтэй, 128 айлын орон сууцны цогцолбор хотхоны 1**** тоот хаягт байрлах 36,97 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх, алданги 18,300,150 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 590,401 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 340,951 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Эт олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар Э нутаг дэвсгэрт баригдаж буй таун нэртэй үйлчилгээтэй *** айлын орон сууцны цогцолбор хотхоны ** давхарын *** тоот хаягт байрлах 36,97 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үүргээ гүйцэтгээгүй хугацааны алданги 18,300,150 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 590,401 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 340,951 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Эт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ