Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар     2021/ДШМ/887   

 

 

                                   

             

Н.Н-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Сайнбаяр,

шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/480 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэрийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.Н-д холбогдох 2006008950434 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

......гэх газарт оршин суух бүртгэлтэй,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаа сарын 5-ны өдрийн 281 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан;

               Шүүгдэгч Н.Н нь:

2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх тус дүүргийн татварын хэлтсийн зүүн талд байрлах цайны газарт иргэн Б.О-ын хамт үйлчлүүлж байхдаа “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хэлэн, хуурч, Б.О-ын эзэмшлийн Самсунг А50 загварын гар утсыг шилжүүлэн авч, залилсны улмаас 839,000 /найман зуун гучин есөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 01 дүгээр сарын 17-ны шөнийн 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Чухаг-2 хотхоны барилгын талбайд харуулын ажил үүргээ гүйцэтгэж байсан иргэн Д.Б-д “миний гар утасны цэнэг дууссан байна, ээжтэй яриад мөнгө авах гэсэн юм, таны дансанд мөнгөө хийгээд авчихъя, та миний гар утсыг аваад үлдчих” гэж хэлэн хуурч Д.Б-ийн эзэмшлийн Луна Ти Жи Эл 800-эс /Luna TG-L 800s/ загварын гар утас болон Хаан банкны картыг авч, улмаар мөн өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кэй Эф Си /КFС/ хоолны газар дахь АТМ-ээс 5622295560 дугаартай данс бүхий уг картыг ашиглан 185,000 /нэг зуун наян таван мянга/ төгрөгийг гарган авч, залилсны улмаас нийт 440,000 /дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Дөлгөөн дон нэртэй караокены гадна П.Ц-ийн эзэмшлийн Самсунг Эс-8 /Samsung S8/ загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 280.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 9 дүгээр сарын 20-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мишээл нэртэй кафед согтуурсан байхдаа, Г.Оийн бэлэн 600,000 /зургаан зуун мянга/ төгрөг, монетон бөгж, Хуавэй 8 /Huawei-8/ загварын гар утас зэргийг хүч хэрэглэж авснаар 1.128.000 /нэг сая нэг зуун хорин найман мянга/ төгрөгийн хохирол учруулсан, Г.Оийн эд хөрөнгийг авахаар биед нь хүч хэрэглэх үедээ түүний толгой тус газарт гараараа цохиж, гараас нь чирж, түлхэж унагасны улмаас баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, дээд, доод уруул, 2 бугалга, баруун шуу, баруун даланд цус хуралт, зүүн чих, өвдөг, баруун шилбэнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

2020 оны 9 дүгээр сарын 17-ны шөнийн 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Рояал /Роуаl/ нэртэй караокеноос гараад алхаж байсан иргэн Д.Б-ийн хүзүүг гараараа боож хүч хэрэглэн, түүний монетон гинж, кулон зэргийг авч, 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвгэрт үйл ажиллагаа явуулдаг Ноёд нэртэй караокед үйлчлүүлж байсан иргэн Б.Ц-ийн эзэмшлийн Самсунг Нөт-8 /Samsung note-8/ загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 335,000 /гурван зуун гучин таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нэг цэгийн үйлчилгээний төвд иргэн Б.М-ийн Самсунг А51 /Samsung А51/ загварын гар утсыг “түр яриад өгье” гэж хэлэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, хуурч авч 949,000 /есөн зуун дөчин есөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 7 дугаар сарын 25 ны оройн 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Лавай нэртэй захын гадна Дундговь аймгийн 5380 УБЭ улсын дугаартай автобусаар хамт ирсэн Я.О-т “чи ачаагаа авчих, би цүнхийг чинь бариад зогсож байя” гэж хэлэн хуурч, Я.О-ийн цүнхтэй 1,270,000 /нэг сая хоёр зуун далан мянга/ төгрөгийг залилж аван, нийт 1,286,800 /нэг сая хоёр зуун наян зургаан мянга найман зуу/ төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 9 дүгээр сарын 02-ны оройн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10в байрны зоорьноос /подвол/ иргэн С.М-ын эзэмшлийн Самсунг Галакси А71 /Samsung galaxy А71/ загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 1,349,910 /нэг сая гурван зуун дөчин есөн мянга есөн зуун арав/ төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 5 дугаар сарын 21-ний шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг /Л/ /дабль юү/ нэртэй зочид буудлын өрөөнд иргэн Х.Алтантуяагийн хамт буудалласан байхдаа түүний эзэмшлийн Самсунг Эс-6 Эдж /Samsung S6 edge/ загварын гар утас, 1 ширхэг алтан бөгж, хос монетон ээмэг, 2 ширхэг банкны карт, бэлэн 50,000 /тавин мянга/ төгрөг зэргийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, улмаар 987.500 /есөн зуун наян долоон мянга таван зуу/ төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 9 дүгээр сарын 3-аас 4-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа Царам нэртэй зочид буудалд иргэн иргэн Т.А-ын хамт буудалласан байхдаа түүний эзэмшлийн Самсунг А11 /Samsung А11/ загварын гар утас, 1 ширхэг монетон бөгж, хос шармал ээмэг, бөгж зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 720,200 /долоон зуун хорин мянга хоёр зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.           

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Н.Нын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Д овогт Н-ийн Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч” хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж авахаар довтолж” дээрэмдэх гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг авч” залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Н.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-д оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт
зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 135 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Наас хохирлуудыг гаргуулан нэр бүхий хохирогч нарт олгохоор,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.   

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Ныг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, анхан шатны шүүхээс оногдуулсан 4 жил 6 сарын хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт өршөөлд хамрагдахын тулд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн байхыг шаардаж байгаа. Н.Нын хувьд хохирогч нарт учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Мөн өөрийн холбогдсон хэргийн гэм буруу дээр ямар нэгэн байдлаар маргадаггүй, үйлдсэн гэмт хэрэгтэй чин санаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан үзнэ үү. Н.Н урьд өршөөлд хамрагдаж байгаагүй тул 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөлийн хуулийг хэрэглэж, өршөөлд хамруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Бусдын адил ажил хөдөлмөр эрхэлж, сайн сайхан амьдрахыг хүсч байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй, эхнэр хүүхэдтэй болж, аз жаргалтай амьдрах амьдрал бэлэглээч гэж хүсч байна. ...” гэв.

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шийдвэр гарах үедээ хууль зүйн үндэслэлтэй байсан. Хэрэгт авагдсан баримт болон шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол төлбөрийг барагдуулсан талаарх баримтаар хохирол, төлбөр нь төлөгдсөн тохиолдолд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэхэд багтаж байна. Давж заалдах гомдол үндэслэлтэй байна. ...” гэв.  

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Шүүгдэгч Н.Н нь:

2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх тус дүүргийн татварын хэлтсийн зүүн талд байрлах цайны газарт иргэн Б.О-ын хамт үйлчлүүлж байхдаа “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хэлэн, хуурч, Б.О-ын эзэмшлийн Самсунг А50 загварын гар утсыг шилжүүлэн авч залилан 839,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 01 дүгээр сарын 17-ны шөнийн 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Чухаг-2 хотхоны барилгын талбайд харуулын ажил үүргээ гүйцэтгэж байсан иргэн Д.Б-д “миний гар утасны цэнэг дууссан байна, ээжтэй яриад мөнгө авах гэсэн юм, таны дансанд мөнгөө хийгээд авчихъя, та миний гар утсыг аваад үлдчих” гэж хэлэн хуурч Луна Ти Жи Эл 800-эс загварын гар утас болон Хаан банкны картыг авч, улмаар мөн өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кэй Эф Си /КFС/ хоолны газар дахь АТМ-ээс 5622295560 дугаартай данс бүхий уг картыг ашиглан 185,000 төгрөгийг гарган авч, нийт 440,000 /дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Дөлгөөн дон нэртэй караокены гадна П.Ц-ийн эзэмшлийн Самсунг Эс-8 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 280,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 9 дүгээр сарын 20-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мишээл нэртэй кафед согтуурсан байхдаа, Г.Оийн бэлэн 600,000  төгрөг, монетон бөгж, Хуавэй 8  загварын гар утас зэргийг хүч хэрэглэж авч,  нийт 1,128,000  төгрөгийн хохирол учруулсан, ингэж Г эд хөрөнгийг авахаар дээрэмдэн авахдаа Г.Оийн толгой тус газарт гараараа цохиж, гараас нь чирж, түлхэж унагасны улмаас “...баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, дээд, доод уруул, 2 бугалга, баруун шуу, баруун даланд цус хуралт, зүүн чих, өвдөг, баруун шилбэнд зулгаралт...” гэсэн хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

2020 оны 9 дүгээр сарын 17-ны шөнийн 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Рояал нэртэй караокеноос гараад алхаж байсан иргэн Д.Б-ийн хүзүүг гараараа боож хүч хэрэглэн, түүний монетон гинж, кулон зэргийг авч, 300,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвгэрт үйл ажиллагаа явуулдаг Ноёд нэртэй караокед үйлчлүүлж байсан иргэн Б.Ц-ийн эзэмшлийн Самсунг Нөт-8 загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 335,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нэг цэгийн үйлчилгээний төвд иргэн Б.М-ийн Самсунг А51 загварын гар утсыг “түр яриад өгье” гэж хэлэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, хуурч авч 949,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 7 дугаар сарын 25 ны оройн 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Лавай нэртэй захын гадна Дундговь аймгийн 5380 УБЭ улсын дугаартай автобусаар хамт ирсэн Я.О-т “чи ачаагаа авчих, би цүнхийг чинь бариад зогсож байя” гэж хэлэн хуурч, Я.О-ийн цүнхтэй 1,270,000  төгрөгийг залилж авч нийт 1,286,800 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 9 дүгээр сарын 02-ны оройн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10в байрны зоориноос иргэн С.М-ын эзэмшлийн Самсунг Галакси А71 загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 1,349,910 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 5 дугаар сарын 21-ний шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дабль юү” нэртэй зочид буудлын өрөөнд иргэн Х.Алтантуяагийн хамт буудалласан байхдаа түүний эзэмшлийн Самсунг Эс-6 Эдж загварын гар утас, 1 ширхэг алтан бөгж, хос монетон ээмэг, 2 ширхэг банкны карт, бэлэн 50,000 төгрөг зэргийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, улмаар 987,500 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 9 дүгээр сарын 3-аас 4-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа Царам нэртэй зочид буудалд иргэн иргэн Т.А-ын хамт буудалласан байхдаа түүний эзэмшлийн Самсунг А11 загварын гар утас, 1 ширхэг монетон бөгж, хос шармал ээмэг, бөгж зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 720,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

хохирогч Б.О-ын: “...хоолоо идчихээд юм яриад сууж байхад Мандах намайг гар утсаа өгч байгаач, нэг хүнд яаралтай юм өгөх ёстой, миний гар утас унтарчихлаа гэсэн. Би тэгэхээр нь гар утасныхаа кодыг гаргаад гар утсаа өгсөн. Мандах ариун цэврийн өрөөнд орж ярьж байгаад гарч ирсэн. Тэгээд чиний гар утас чинь ярьж байхад түгжигдчихээд байна, гэхээр нь гар утасныхаа дэлгэцний нууц кодыг Мандахад хэлж өгсөн. Тэгээд миний гар утсыг Мандах аваад нөгөө юм авах хүн нь гадаа ирчихсэн байна. Би өгчихөөд ороод ирье гээд миний гар утсыг аваад гарсан. Би тухайн цайны газарт 20 минут хүлээгээд араас нь гартал байхгүй байсан. ...” /1хх 19-21/,

хохирогч Д.Б-ийн: “...шөнө 00 цагийн үед гаднаас харуул байна уу гээд дуу гарахаар нь харахад нэг 30 гаруй насны эрэгтэй хүн байсан, тэгээд надаас би буяны ажилд өглөө явах гэж байгаа юм аа, машинаа тавьчихаж болох уу, гэхээр нь би үгүй гэж хэлсэн, тэр залуу машингүй явж байсан. Тэгээд надаас ...танд утас байна уу, би ээжтэй яриад мөнгө авах гэсэн юм. Таны дансанд 80,000 төгрөг хийгээд аваад ирье, манайх хажуу талын 107 дугаар байранд байдаг юм. Миний гар утасны цэнэг дууссан байна, та миний гар утсыг аваад үлдчих гэж хэлэхээр нь би өөрийн гар утсаа өгөөд бас Хаан банкны 5622295560 дугаарын данс холбогдсон байсан төлбөрийн картыг хамт өгөөд явуулсан. ...Надад үлдээсэн гар утас нь өөр байрны харуулын утас байсан. ...тэр харуулын утсыг яриад өгье гэж хэлээд авсан байсан. ...миний Хаан банкны картнаас 200,000 төгрөгийг авсан байсан. Би өөрийн картны нууц үгийг хэлээд явуулсан байсан...” /1хх 124-125/,

            хохирогч П.Ц-ийн: “...Би 00 өрөө орж бие засаад гарч иртэл миний гар утас байхгүй, манай найз байхгүй, нөгөө залуу байхгүй байхаар нь араас нь гадуур хувцсаа өмсөлгүй гартал манай найз нөгөө залуугаас зуураад өөрийнхөө бөгжийг авсан зогсч байсан. Тэгээд би ...миний гар утсыг буцаагаад өг гэж хэлэхэд зам хөндлөн гараад гүйгээд яваад өгсөн...” /2 хх 54-56/,

хохирогч Г.Оийн: “...Мандах надад туслаад 2 авдар пиво хөргөгчинд хийлцэж өгсөн. Манайх хаасны дараа Мандах хоёулаа жаахан юм ярьж сууя л даа гэсэн. ...Тэнд суугаад бид 2 мах идээд, дахиад нэг, нэг хундага виски хийж тавьсан.
...толгой эргээд ширээ дэрлээд хэсэг зүүрмэглэсэн байсан. Энэ үед миний гарыг хүн
татаад байхаар нь харахад Мандах миний зүүн гарын ядам хуруунд давхар зүүсэн
байсан 2 бөгжийг сугалж авах гээд татаад байсан. Би сэрээд түүнийг чи болиоч гэхэд
баруун гараараа миний баруун нүд рүү цохиод авсан. Дараа нь зүүн шанаа руу
гараараа цохисон. Би ёооё гээд доошоо суухад миний гараас татсан. ...баруун нүд
рүү гараараа цохиод авсан. Тэгээд миний хоолойг зүүн гараараа барьж багалзуур
шахаад сул байсан баруун гараараа миний нүүр рүү цохиод байсан, ....намайг
жорлонгоос гараас чирч гаргаад жижиг өрөөний сандал дээр түлхэж унагаасан...би
сандал дээр дээшээ хараад унахад над дээр ирээд дахиад хамар руу гараараа 2-3
удаа цохисон, ...ширээн дээр байсан гарутсаа авахад тэр над дээр хүрч ирээд миний
гар утсыг булааж аваад өмднийхөө халаасанд хийсэн. Дараа нь миний зүүн гарын
хуруунуудыг нийлүүлж бариад арагш нь өчиж дараад миний ядам хуруунд байсан 2
бөгжний урд талынх нь монетон бөгжийг сугалж авсан. ...дараа нь миний өмдний
баруун хойд халаасанд байсан орлогын бүх мөнгийг мөн аваад халаасандаа
хийсэн...” /1 хх 198-199/,

хохирогч Д.Б-ийн: “...Тэр залуу өөрийгөө Нармандах гэж танилцуулсан ба Шандад төрсөн, Улсын онцгой комисст ажилладаг гэж хэлж байсан. Бас утас нь 88108156 дугаартай. Тэндээс гараад доод талд нь байрлах караокед орсон юм. Тэр үед тооцоогоо хийх болох үед тэр залуу та хоёр хэрэггүй би хийчихье гээд шар Чингис, 3 ширхэг кола
аваад ороод ирэхээр нь бид хоёр аваагүй юм. Дахиад вино аваад ороод ирсэн тэрийг
нь бас аваагүй. Бас караокены цагийг сунгасан ба бид нар гарсан. Тооцоог нь тэр
залуу төлсөн байсан. 23 цагийн үедд тухайн газраас гараад найз Мөнхчулууныг
үүднээс нь таксинд суулгаж өгөөд явуулсан ба тухайн залуу явлаа баяртай гээд
цаашаа явсан. Би гэр ойрхон учраас гэр рүүгээ алхаад явж байтал ард чимээ
гарахаар нь юу вэ гээд эргээд харахад пабад дайлаад байсан залуу намайг боогоод
цүнх авах гэж оролдсон. Тэгээд би орилоод эсэргүүцэл үзүүлэхэд миний хүзүүнд
зүүсэн байсан монетон гинж кулоныг аваад буцаад гүйгээд яваад өгсөн.
Тэгээд би гэртээ ирсэн...” /2 хх 148-149/,

хохирогч Б.Ц-ийн: “...тэгээд караокедоо ороод байж байхад үл таних залуу ороод ирсэн...нөгөө найз утсаар ярих гээд гараад явсан байсан хойгуур нөгөө үл таних залуу миний цүнхийг ухаад гар утсыг минь аваад гараад явсан...” /2 хх 235-236/,

хохирогч Б.М-ийн: “...Нэг цэгийн үйлчилгээнээс иргэний үнэмлэхний лавлагаа авах гээд очерлоод зогсож байхад танил Мандах гэх залуу таараад утсаар чинь нэг ярьчхаад өгье гэж хэлээд миний утсыг авсан. Тэгээд гадаа гарч утсаар чинь яриад өгье гэж хэлээд би лавлагаа авчихаад гараад иртэл алга байсан...” /3 хх 18-
19/,

хохирогч Я.Отгонцэцэгийн: “...2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр би Дундговь аймаг Сайхан овоо-Улаанбаатар чиглэлийн автобуст өглөө 08 цагаас суусан. Намайг суухад миний хажууд нэг залуу суусан...надтай танилцаад юм яриад явсан. Орой 18 цагийн үед Улаанбаатар хотын Лавай авто зогсоол дээр ирсэн. Тэгээд буух болоод би буугаад автобусны доод хэсгээс ачаагаа авах гээд байж байхад тэр надтай хамт сууж ирсэн өөрийгөө Н.Н гэх залуу ...чи ачаагаа авчих, би цүнхийг чинь бариад байж байя гэсэн тэгээд би ачаагаа авчихаад эргээд харсан чинь тэр залуу алга болсон байсан. ...” /3хх 105-106/,

            хохирогч С.Мөнхжаргалын: “...гаднаас сантехникч орж ирсэн байх хооронд барилгын ажил хийхээр ирсэн залуу миний гар утсыг хулгайлж аваад явсан. ...” /3хх 166-167/,

            хохирогч Х.Алтантуяагийн: “...буудлын өрөөнд ганцаараа 09 цагийн үед сэрсэн.  ...миний гар утас, түрийвчинд байсан 2 ширхэг виза  карт,   зүүсэн  байсан  ээмэг,  бөгж,  бэлэн  50,000  төгрөг зүйлс  алдагдсан байсан. Миний Хаан банкны 5090008632 дугаартай данстай виза картнаас 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 5057 дугаартай салбараас 23 цаг 36 минутад 800,000 төгрөг, 23 цаг 38 минутад 300,000 төгрөг тус бүр уншуулж авсан байсан...” /3хх 234-235/,

хохирогч Т.А-ын: “...буудлын эгчээс асуухад чамтай хамт явсан залуу шөнийн 2 цагийн үед тамхи татна гээд гараад явсан, эргэж орж ирээгүй гэж хэлсэн. Тэгээд би эд зүйлээ бүртгэж үзтэл миний гар утас, монетон бөгж, шармал ээмэг, чигчий хурууны шармал бөгж зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” /4хх 124-126/,

иргэний нэхэмжлэгч Ж.Баяржаргалын: “...2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр манай барьцаалан зээлдүүлэх төвд Мөнхбаатар овогтой Анар РД:/ЖЕ97112403/ гэдэг хүүхэд Самсунг галакси А71 маркийн гар утсаа манайд 600.000 төгрөгөөр 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд барьцаанд тавьсан юм. Тэгээд тухайн хүүхэд барьцаанд тавьсан гар утсаа авахгүй хүлээлгийн 10 хоног хүлээгээд холбоо барихгүй болохоор бүртгүүлсэн дугаар луу залгаад тухайн гар утсаа авах эсэхийг асуухад би тухайн гар утсыг авахгүй та зар гэхээр би барьцаанд байсан тэгж байгаад урьд өмнө нь манайд гар утас барьцаанд тавьдаг ба Батсугар гээд хүүхэд 2020 оны 10 дугаар сарын 16-ний өдөр өөрийн Айфоне-11 промакс гар утсаа зарахаар манайд орж ирсэн тэгээд надаас зөрүү тохироод зарчих утас байна уу гэхээр тухайн Самсунг галакси А71 маркын гар утсыг 700.000 төгрөгөөр бодоод Батсугарын зарах гэж байсан Айфоне-11 маркийн гар утсыг 1.300.000 төгрөг бэлэн 700.000 төгрөгт нь тухайн Самсунг галакси А71 маркын гар утсыг өгөөд 2.000.000 төгрөгөөр худалдан авсан юм. Тэр өдрөөс хойш 6 хонгийн дараа юм тухайн самсунг галакси А71 маркын гар утсыг худалдан авсан. Батсугар мөнгөний хэрэг гарчихлаа гээд 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Самсунг галакси А-71 маркийн гар утсыг 600.000 төгрөгөөр барьцаанд тавьсан одоо барьцааны хугацаа 11 дүгээр сарын 5-ны өдөр дууссан...” /3хх 169-170/ гэх мэдүүлгүүд,

Н.Нын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон
шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /1хх 105, 160, 2хх 154, 193, Зхх 91-92, 109-110, 142-143, 212-213, 4хх 33, 125-128/,

Самсунг А-50 загварын гар утсыг 839000 төгрөгөөр /1 хх 26-27/, Луна тижи-эл 800-эс загварын гар утас 250,000 төгрөг, карт 5,000 төгрөгөөр /1хх 129-130/, монетон бөгж 328,000 төгрөг, хуавэй 8 загварын гар утас 200,000 төгрөгөөр /1хх 229-230/, Самсунг эс-8 гар утсыг 280,000 төгрөгөөр /2хх 66-67/, эмэгтэй хүний монетон гинжийг 156,000 төгрөгөөр /2хх 157-158/, эмэгтэй хүний монетон кулоныг  144,000 төгрөгөөр/4хх 79-80/, Самсунг Нөт-8 загварын гар утсыг 335,000 төгрөгөөр /2хх 243-244/, Самсунг А51 загварын гар утсыг 949,000 төгрөгөөр /3хх 26-29/, хар өнгийн цүнхийг 16,800 төгрөгөөр /3хх 114-115/, Самсунг А71 загварын гар утсыг 1,349,910 төгрөгөөр /3 хх 176-177/,   гар утсыг 180,000 төгрөг, алтан бөгжийг 450,000 төгрөг, монетон ээмгийг 287,500 төгрөг, 2 ширхэг виза картыг 20,000 төгрөгөөр /3хх 242-243/ үнэлсэн үнэлгээ,

            цагаан цайвар өнгийн Самсунг Галакси А-71 загварын гар утсыг хохирогч С.Мөнхжаргалд хүлээлгэн өгсөн баримт /3хх 203/,

            Хаан банкны 2020 оны 02 дугаар сарын 3-ны өдрийн 5622295560 тоот данснаас 185000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийх үеийн хяналтын камерын бичлэг 1 /1хх 139-140/,

            Хаан банкны 5090008632 данснаас 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 300.000 төгрөг, 800.000 төгрөг тус тус гарсан зарлагын гүйлгээ /4хх 23/,

            эд мөрийн баримт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “шар өнгийн куртиктэй, толгойдоо хар өнгийн юүдэн өмссөн царай төрх нь тодорхойгүй 30-35 насны эрэгтэй хүний дүрс, гэрэл зургууд” гэх тэмдэглэл /1 хх 142-143/,

Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл “2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 21 цаг 36 минутад хар өнгийн цүнхнээс гар утас авч халаасандаа хийсэн” /2хх 233/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны 10881 дугаартай “...Б.Отгонтуяагийн биед баруун зүүн нүдний дээд, доод зовхи, дээд, доод уруул, 2 бугалга, баруун шуу, баруун даланд цус хуралт, зүүн чих, 2 өвдөг, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1хх 211-212/,

хохирогч Г.Оийн “Лазер мед” эмнэлэгт томограф хийлгэсэн 150.000 төгрөгийн баримт, эм авсан 7200 төгрөгийн баримт /1хх 144-146/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Н.Нын үйлдлийг нотлож буй хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, камерийн бичлэг зэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, тэдгээрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр анхан шатны шүүх шүүгдэгч Н.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж авахаар довтолж” дээрэмдэх гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг авч” залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, түүний үйлдлийг зүйлчилсэн зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Н.Н-д холбогдох 2006008950434 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүхээс Н.Н-д оногдуулсан ял шийтгэл нь  түүний гэмт хэрэг үйлдсэн арга, үйлдсэн гэмт хэргийнх нь улмаас учирсан хохирол, хор уршигт болон гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээнд тохирсон төдийгүй хэрэгт тогтоогдсон хувийн байдалд нь бүрэн тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Мөн хохирогч Б.О, Д.Б, П.Ц, Г.О, Д.Б, Б.Ц, Б.М, Я.О, С.М, Х.А, Т.Ад, иргэний нэхэмжлэгч Ж.Баяржаргалд нарт учирсан хохирлыг үндэслэлтэй тооцсон байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж зааснаар анхан шатны шүүх Н.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсэн нь үндэслэлтэй байна.  

Давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэхээс өмнө шүүгдэгч Н.Н нь 839,000 төгрөгийг хохирогч Б.О, 400,000 төгрөгийг хохирогч Д.Б-д, 280,000 төгрөгийг хохирогч П.Ц, 1,128,000 төгрөгийг хохирогч Г.О, 300,000 төгрөгийг хохирогч Д.Б, 335,000 төгрөгийг хохирогч Б.Ц, 949,000 төгрөгийг хохирогч Б.М, 1,285,200 төгрөгийг хохирогч Я.О-т, 2,500,000 төгрөгийг хохирогч Х.А, 721,000 төгрөгийг хохирогч Т.А, 650,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ж.Б тус тус төлсөн ба энэ талаарх баримтаа давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт танилцуулан, гаргаж өгсөн тул түүнийг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэл бий болж байна.

Иймд Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулиар, шүүгдэгч Н.Нын үйлдсэн гэмт хэргүүд нь тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан өршөөл үзүүлэхгүй хэргүүдэд хамаарахгүй байх тул түүнд зохих өршөөлийг үзүүлэх нь зүйтэй.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж,   7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж тус тус зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн шүүгдэгч Н.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, өршөөлийг хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, ... ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ. Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно.” гэж зааснаар Н.Нын үйлдсэн гэмт хэрэг тус бүрт оногдуулсан ялд өршөөл үзүүлсний дараа нэмж нэгтгэх нь зүйтэй, 12.12 дахь хэсэгт “...яллагдагч, шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулна.” гэж тус тус хуульчилжээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт  зааснаар ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх шаардлагыг хангасан байх учиртай.

Шүүгдэгч Н.Н нь Дорноговь аймгийн Өргөн сумын 2 дугаар багт оршин суух байнгын хаягтай байх тул зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Н.Ныг албан ёсны хаяг болох Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүлээлгэхээр тогтов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Н.Нын энэ ял шийтгүүлж буй хэргийн улмаас 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн хүртэл цагдан хоригдсон нийт 213 хоногийг түүний эдлэх ялаас хасч тооцох нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/480 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5, 6  дахь заалтыг хүчингүй болгож,

тус шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2  дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт тус тус зааснаар Н.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1  жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсугай.

- Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэг,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Н.Нын нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар түүний нийт цагдан хоригдсон 213 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанаас хасч, эдлээгүй үлдсэн 3 жил 11 сар 01 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ныг Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дэвсгэрээс 3 жил 11 сар 01 хоног /гурван жил арван нэгэн сар нэг хоног/-ийн зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.  

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-д зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай. ...” гэсэн нэмэлт заалтуудыг оруулсугай.

2. Н.Ныг нэн даруй сулласугай.

3. Н.Н нь шийтгэх тогтоолын 7 дахь заалтад заасан хохирлыг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт бүрэн төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                                             О.ЧУЛУУНЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                                             Д.ОЧМАНДАХ