Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 0249

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүгдэгч Х.Ганзориг нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ганзоригт холбогдох эрүүгийн 1725000000031 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. .Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Чонос овгийн Хишигбаярын Ганзориг, Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, аав дүү нарын хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Шанд багийн 26-19 тоотод оршин суудаг, 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сум дундын шүүхийн 14 дүгээр шүүхийн 99 дугаартай тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.4 дүгээр зүйлээр 10 жил 1 хоногийн ялаар шийтгүүлсэн. /РД: ТА91091936/

 

2.Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Х.Ганзориг нь 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт иргэн С.Цэрэннадмидын Хаан банкны виза картыг хулгайлан 800 000 төгрөгийг авч ашиглаж хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч С.Цэрэннадмидын “2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хуурай эгч Өлзий түүний найз Нэргүй миний найз Одноо нарын хамтаар пабад баяр тэмдэглээд ганц нэг шил пиво уугаад пабаас гарч яваад бид нар ярилцаж байгаад Бүрэн бүстийн амралтын газарт очихоор болоод Одноо миний танил Ганзоригийг дуудсан. Ганзориг ирэхдээ хоёр найзынхаа хамтаар ирсэн. Тэгээд бид нар Дэнж багийн нутаг дэвсгэрт байрлах “Ундар Төгөл” дэлгүүрээс ундаа ус архи дарс авсан. Харин би өөрөө 34,000 төгрөгөнд архи дарс авсан. Уг мөнгийг би өөрийнхөө Хаан банкнаас уншуулсан. Тэгээд Одноо найз маань гэртээ харьсан. Бид нар бөөндөө Бүрэнбүстийн амралтын газар очоод архи дарсаа ууж байж байгаад нэг цаг орчимын дараа бүгдээрээ явахаар болоод Орхон аймагт ирээд бид бүгд гэр гэртээ харьцгаасан. Гэртээ хариад байж байтал орой 19 цаг 35 минутын орчим миний хаан банкны виза картнаас 800 000 төгрөгний зарлага гарсан. Тэгээд би виза картаа алдсанаа мэдээд хамт архи ууж идсэн Ганзориг руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Тэгээд би Ганзоригийн утас руу мессеж бичээд үлдээсэн чинь Ганзориг энэ талаараа хэлсэн. Миний визаны пин кодыг дэлгүүрт байхад мэдсэн байх. Ганзориг миний мөнгийг өгнө гэж хэлээд одоо болтол өгөөгүй байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 6-7-р хуудас/

 

2. Хохирогч С.Цэрэннадмидаас дахин авсан мэдүүлэгт “Миний виза картыг Ганзориг ганцаараа авсан гэдгээ хэлсэн. Миний виза карт болон 800 000 төгрөгийг бэлнээр бүрэн барагдуулсан. Одоо надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-р хуудас/

 

3. Гэрч М.Баттулгын  “тэгээд Ганзоригийн утсаар нөгөө мөнгөө алдсан эгч рүү залгаад бөөндөө байгаа дээрээ уулзаж учраа олъё бид хоёр хамаагүй гэдгээ хэлэх гээд “Эрдэнэт” буудлын хажууд уулзах үед Ганзориг тэр эгчийн виза картнаас 800 000 төгрөг авсан гэдгээ хэлсэн. Виза картнаасаа мөнгөө алдсан эгчид Ганзориг 800 000 төгрөгөө өгнө гэж тохироод би Ганзоригийг таксинд суулгаж өгөөд таксины мөнгөө өгөөд явуулсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10-р хуудас/

 

4. Гэрч Д.Жавхлантөгсийн  “Ганзориг руу залгаад хаана байгааг асуусан чинь би Цэцэг төв дээр байна гэхээр нь бид хоёр очоод Ганзоригт хандаж чи хүний визанаас 800 000 төгрөг авсан юм уу чамайг хайгаад байна гэсэн чинь тэгвэл тэр хүнтэй уулзаж учраа олъё гэхээр нь Баттулга С.Цэрэннадмид эгч рүү залгаад Ганзоригтой таарсан талаараа хэлээд удахгүй өгнө гэж хэлээд тохиролцоод салсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 11-р хуудас/ Х.Ганзоригийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, /хх 18-19-р хуудас/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 23-р хуудас/ зэргийн шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ганзориг мэдүүлэхдээ “гэм буруугаа ойлгож байна. Дахин ийм хэрэг хийхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү”                                    гэв.

 

            Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Ганзориг нь 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт С.Цэрэннадмидын Хаан банкны виза картыг хулгайлан 800 000 төгрөгийг авч ашиглан хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч С.Цэрэннадмидын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                   Орхон аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй. Шүүгдэгч нь учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Чоносбусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Ганзоригийг 245 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4-д зааснаар шүүгдэгч Х.Ганзоригт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ганзоригт авсан хувийн баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС